| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0103/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч Б.Б, З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б, З овогт З.Б нарт холбогдох эрүүгийн 1820001850100 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймагт төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 04 сарын 16-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овгийн Б.Б,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, халх, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овгийн З.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, З.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Х банкны ажилтан Э.Б-н алдаатай гүйлгээний улмаас илүү өгсөн 400,000 төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрчмийн Х банкны салбар луу явж байхад Б Х банкны ажилтан илүү 400,000 төгрөг өгсөн байна, 200,000, 200,000 төгрөгөөр хувааж авлаа шүү гэж надад хэлэхэд би мэдсэн. Тэгээд Б 200,000 төгрөгийг аваад, би 200,000 төгрөг авсан. Тухайн үед ямар нэгэн асуудал болохгүй байгаа гэсэн чинь Б зүгээрээ Х банкны ажилтан манараад илүү өгөөд явуулсан байна гэж хэлээд бид 2 салаад явсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,
- Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрийнхээ орчимд явж байгаад өөрийн танил Б.Б-тэй таарсан. Б.Б надад би данснаасаа мөнгө авч чадахгүй байна та зарлагын баримт бөглөөд өг гэж гуйхаар нь хамтдаа Замын-Үүд суманд байрлах төв Х банк руу орсон. Ингээд зарлагын баримт авч Б.Б-н хувийн мэдээллийг бөглөж мөнгөн дүн гэдэг дээр 400,000 төгрөгийг бичээд теллер эрэгтэйд зарлагын баримтын хуудсыг өгсөн. Тэгсэн теллер эрэгтэй надад 20,000 төгрөгний дэвсгэрт тоолоод өгөхөөр нь би хажууд нь тоололгүй шууд аваад Б.Б-н хамт банкнаас гараад явсан. Ингээд талбайн урд байрлах ногоон дэлгүүрийн орчимд ирээд банкнаас авсан мөнгөө тоолсон чинь нийт 800,000 төгрөг байсан ба теллер надад 400,000 төгрөгийг илүү өгсөн байсан. Тэгэхээр нь би Б.Б-д банкны теллер илүү мөнгө өгсөн байна гэж хэлээд Б.Б-н өөрийнх нь 400,000 төгрөг дээр нэмээд 200,000 төгрөг нийт 600,000 төгрөг өгсөн. Би өөрөө 200,000 төгрөгийг нь авсан. Гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Б.Б-н Х банкны данснаас гүйлгээ хийж байхдаа 20,000 төгрөгийн дэвсгэртийг 10,000 төгрөгийн дэвсгэрттэй андуурч 20,000 төгрөгийн дэвсгэртийг 40 ширхэг буюу 800,000 төгрөгийг Б.Б болон хамт ирсэн эрэгтэй хүнд андуурч өгсөн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед өдрийн цайндаа орох гээд касс дахь мөнгөө тоолтол 400,000 төгрөг дутсан, тэгээд ахлах ажилтандаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4/,
- Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: "2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хяналтын камер шүүхэд борлуулалтын үйлчилгээний ажилтан Э.Б зарлагын гүйлгээ хийж байхдаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэгийг тоолж өгч, 400,000 төгрөг илүү өгсөн байсан. Тэгээд би тухайн үед гүйлгээ хийсэн Б.Б гэдэг хүний гар утас руу залгаж, андуураад илүү мөнгө өгөөд явуулсан байна гэж хэлэхэд би илүү мөнгө аваагүй гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,
- Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1, 2-р багийн тодорхойлолт, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 30-36/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б, З.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Х банкны ажилтан Э.Б-н алдаатай гүйлгээний улмаас илүү өгсөн 400,000 төгрөгийг мэдсээр байж завшсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Б.Б, З.Б нарыг бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Х банкны ажилтан Э.Б-н алдаатай гүйлгээний улмаас илүү өгсөн 400,000 төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Б, З.Б нар нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б-н “...Би Б-н Х банкны данснаас гүйлгээ хийж байхдаа 20,000 төгрөгийг дэвсгэртийг 10,000 төгрөгийн дэвсгэрттэй андуурч 20,000 төгрөгийн дэвсгэртийг 40 ширхэг буюу 800,000 төгрөгийг Б.Батсүх болон хамт ирсэн эрэгтэй хүнд андуурч өгсөн...” гэсэн, гэрч Т.Ц-н “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хяналтын камер шүүхэд борлуулалтын үйлчилгээний ажилтан Э.Б зарлагын гүйлгээ хийж байхдаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэгийг тоолж өгч, 400,000 төгрөг илүү өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, З.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан болон шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б, З.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б, З овогт З.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.Б нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.Б нарт тус бүр оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.Б нарт тус бүр оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б, З.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, З.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н