Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/447

 

2026               04           16                                                                      2026/ДШМ/447

 Б.И-, Б.Ил- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг,  шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Арай,

шүүгдэгч Б.И- /цахим/, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч Б.Ил- /цахим/, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарын өмгөөлөгч Д.Халзан,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И-, шүүгдэгч Б.Ил-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.И-, Б.Ил- нарт холбогдох 2502003210285 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.  

           1. Б- овгийн Б-ын И-, 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин, мотоциклийн сэлбэг хэрэгслийн худалдаа, засварын үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 6, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ........тоотод оршин суух хаягтай, /РД:УБ-/,

              - Дорноговь аймгийн Замын-Yүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

              - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/983 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

           2. Б- овгийн Б-ын Ил-, 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн байцаагч мэргэжилтэй, хувиараа автомашин, мотоциклийн сэлбэг хэрэгслийн худалдаа, засварын үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:УБ-/,

            Шүүгдэгч Б.И-, Б.Ил- нар бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетаминийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 49,4984 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.И- нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “8Б- Ил- 139-1” гэсэн бичиглэлтэй ачаанд нууж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотод байрлах карго илгээмжид хүлээлгэн өгч, Монгол Улс руу илгээж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Yүд авто замын, олон улсын боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, уг карго илгээмжийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-" нэртэй карго илгээмжийн газрын хашаанаас хүлээн авч, тээвэрлэн мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Б- байрны 27 тоот орон байранд хадгалсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.И-, Б.Ил- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.И-ийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ил-ийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-, Б.Ил- нарын цагдан хоригдсон 210 хоногийг тэдгээрийн эдлэх ялаас тус тус хасч тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөриин баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “эд мөрийн баримт хадгалах уутанд улаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, №1 гэж дугаарласан улаан өнгийн соруул 1 ширхэг, мөн ууттай “мөс” гэх зүйл уутны хамт 31,4 грамм, №2 гэж дугаарласан ууттай “мөс” гэх зүйл уутны хамт 35,6 грамм, №3 гэж дугаарласан ууттай Cute гэсэн шошготой шаргал өнгийн цаас 1 ширхэг, “Oh Penguin” rэx бичиглэлтэй ногоон өнгийн цаас 1 ширхэг, “Johnson's baby” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хэлбэр хийцийг нь өөрчилсөн соруул 1 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, өнгөгүй шингэн агуулсан цахилгаан тамхины под гэх зүйл 2 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Б.И- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ах Б.Ил- нь энэ хэрэгт гар бие оролцсон оролцоо байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан дансыг миний бие ашиглаж байсан. Учир нь, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 8,000,000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд өөрийн дансаа битүүмжлүүлсэн байсан. Түүнээс хойш ахын дансыг ашиглах болсон. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн карго ачаа нь миний ачаа байсан. Иймд түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ил- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд миний дүүгийн гэрээс олдсон ачаа надад ямар ч хамаагүй. Дүү өөрөө ачаагаа Хятадаас илгээмжээр ачуулаад өөрөө тосож авсан”. Мөн тэрээр өөр хэрэгт өртэй байсан тул миний Хаан банкыг ашиглаж байсан. Дүүгийн гэрээс олдсон зүйлд намайг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, ял авсандаа харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ил-ий өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт хууль ёсны байх шаардлага хангаагүй, 2 шүүгдэгчийн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл тус бүрээр ялгаж салгаж хөдөлбөргүй нотолсон үйл баримтыг заагаагүй, шүүх дутуу үйл баримтаар хэрэг эцэслэн хууль бус шийдвэр гаргахад хүрсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахдаа яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр гэмт хэрэг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, хамтран оролцсон эсэх гэх Эрүүгийн хуулийн ерөнхий анги давхар журамласан нь ойлгомжгүй, тодорхой бус тусган ирүүлсэн, шүүхээс эцэслэн шийдэхдээ шүүгдэгч нарыг адилхан үйлдэл, оролцоотой байсан гэж дүгнэж нэг гэмт хэрэгт 2-уулаа яг ижил үйлдэл хийсэн мэтээр дүгнэн гэм буруутай гэж үзэж шийтгэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг яллах дүгнэлтээр өөрөөр тайлбарлан, харин шүүх сэргээн дүрслэх аргаар хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж хуульд байхгүй өөрөөр тайлбарлан шийдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлээс 16.11 дүгээр зүйл хүртэлх заалтууд ноцтой зөрчигдсөн байхад зөрчлийг засаагүй, процессийн зөрчилтэй шийдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлээс 22.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөнд хамаарч байхад анхаараагүй, арилгаагүй байсаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нар төрсөн ах, дүү 2 бөгөөд Б.Ил- нь төрсөн дүү Б.И-ийг ямар зүйл хаанаас авсан талаар мэдээгүй, гэрт нь очсон, дүү нь хэрэгт холбогдоод өөрийн банкнууд дахь дансаар тодорхой гүйлгээ хийх боломжгүй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлалт тогтоон, хаалгаснаас болж төрсөн ах Б.Ил-ий дансыг түр ашиглаж байсан болон гар утасны дугаараа өөрөө мэдээгүй байхдаа ашиглуулсан, орон гэрт нь хамт байснаар хэрэгт оролцоотой хангалттай тогтоогдсон гэж үзэж болохгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх талд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн саналд “8Б- Ил- 139-1” гэсэн бичиглэлтэй нөгөө талд улаан өнгийн хундагны дүрс бүхий “Fragile гэсэн бичиглэлтэй наалт наасан дотороо эд зүйл үгүй, хажуу тал нь задгай гялгар уут.... гэх Б.И-ийн орон сууцад үзлэг хийн хураан авсан тэмдэглэл, биологийн дээж авсан тэмдэглэл, сэжигтэн, гэрч нарын мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гаргаснаас хойш шүүх рүү шилжих хүртэлх бүхий л мөрдөгч, прокурорын зүгээс гаргасан шийдвэрт Ил-ий биед хадгалсан бодисгүй, илгээмж захиалсан, хүлээн авах байсан гэх үйл баримтыг тогтоосон эх сурвалжийг огт заагаагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрсөн ах, дүү 2 дундаа нэг өмгөөлөгчтэй байхад ашиг сонирхлын зөрчил үүссэн мэдүүлэг хэд хэд авагдсаар байхад Үндсэн хуульд заасан байдлаар сануулсан төдийгөөр өөрсдийг нь яллах нотлох баримт болгож мэдүүлгийг заасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан мэдүүлгээр яллахаас эхлүүлээд уг мэдүүлэг эргэлзээтэй зөрүүтэй байдлыг хэрхэн өөр эх сурвалж заасан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар шийтгэх тогтоолд тусгаагүй. Б.Ил-ий хувьд дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгч байгаагаа ч шүүхээс энэ талаар хэрхэн тайлбарлаж байгааг тогтоолд тайлбарлаагүй, өөрөө шүүгдэгчийн эрх үүргээ мэдэхгүй байсаар хийгээгүй хэргийнхээ төлөө ял аваад байна гэж гомдол гаргахад хүрсэн байна. Хэрэгт уг хориглосон бодисыг Б.И- өөрөө хэрхэн хаанаас олж авсан талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заасан, хийсэн үйлдлээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан үзлэг, тэмдэглэл, нууцын магадлагаа, гэрчүүдийн мэдүүлгээр таардаг, энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад карго илгээмжийн газраас бэхжүүлсэн үйл баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байдаг.

 Харин бодит байдал дээр И- нь Хятад улсад явж байгаад өөрөө хилээр гарч амжихгүй байх гээд хүлээн авагч дээр төрсөн ах Б.Ил-ий утасны дугаар бичсэн бичиглэлдээ эд зүйл илгээж байгаа бүх баримт байх ба Монгол Улсад ирэнгүүт өөрөө илгээмжээ хүлээн авсан байдаг нь нотлогддог ба Б.Ил-ийг дээрх илгээмжийг гартаа ч бариагүй, захиалахад ч оролцоогүй талаар огт мэдэхгүй гэж мэдүүлсээр ирсэн, энэ нь ч нотлогддог. Шүүгдэгч Б.Ил-ий шээснээс И-ийн гэрт очоод тамхи өгөхөөр нь сорсон, энэ талаар дундаа 1 өмгөөлөгчтэй учраас хууль зүйн хувьд өөрт учрах саад, гарах үр дагаварыг мэдэхгүй, өөрөө цагдан хориотой байсан тул санхүүгийн шийдэл, ар гэрийн гачигдлаас болж тус тусдаа өмгөөлөгч авахгүй байсаар ойлголцохгүй байсаар хуралд орсон. Харин өмгөөлөгч хэн нэгэнд нь ашигтайгаар шийдвэрлэх боломжгүй үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж орсныг буруутгах аргагүй юм.

Өөрөөр хэлбэл, Б.Ил- нь шээснээс бодис илэрсэн боловч биедээ хадгалаагүй гэх үйл баримт тогтоох боломжгүй талаар улсын яллагч хэрхэн тайлбарлаж байгааг шүүх хурлын тэмдэглэл, тогтоолд хаана ч тусгаагүй атлаа тогтоолын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар тодорхойлохдоо шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй тогтоогдож байна гэжээ. Уг нотлох баримтад заасан хууль бусаар нэвтрүүлж буй мэдээлэл 11хх 23 тал мөрдөгчийн тэмдэглэл, 1хх 25-27 тал, 28-29 тал болон бусад заасан эх сурвалжийг заасан нотлох баримтууд нь нууц магадлагаа зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийн заалтад нийцүүлэхгүйгээр зураг, мэдүүлэг, материалд сэргээн дүрслэх нь бодит байдалд хэр үндэслэлтэй нийцэх вэ. Үнэн хэрэгтээ дээрх заасан үйл баримтууд Б.И- нь энэ хэргийг ганцаараа үйлдэж, өөрөө үйлдсэн талаар тогтвортой мэдүүлж, бусад эх сурвалжид нийцсэн нотлох баримтуудыг зааж байхад Б.Ил-ийг “заасан, чиглэсэн” гэж мэдүүлэг өгөөгүй, нууцын магадлагааг тайлбарлаж байгаа асуудлыг “сэргээн дүрсэлж” гэж хууль хэрэглээгээр тогтоох нь хэр үндэслэлтэй болох билээ.

Тогтоолд шүүгдэгч Б.Ил-ий дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон зүйл байхгүй гэж тэмдэглээд хавтаст хэрэгт авагдсан “нэгжлэг хийсэн тэмдэглэл, гүйцэтгэх ажиллагааны магадлагаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын З0-ны өдрийн ЕГ00325/4524 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж утга агуулгыг өөрөөр буюу хоорондоо харьцсан зурвас, шээснээс илэрсэн байдлаар тогтоосон” гэжээ. Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг /эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн цагдаагийн алба хаагч, үргэлжлэн мөрдөгчид хүргэж өгсөн гэх цагдаагийн алба хаагч гэх мэт/ бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой байсан. Тийм учраас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгалгүйгээр яллах дүгнэлтээс өөрөөр тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж дээд шатны шүүхээр дахин хянуулж хэлэлцүүлэхээр хандаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл бүхэлдээ зөрчигдөж байгааг анхаарч үзнэ үү. Шүүхээс дээрх саналыг хэрэглэх боломжгүй, эсхүл боломжтой эсэх талаарх ямар нэгэн тайлбар хийгээгүй дүгнээгүй байх тул хуульд заасан үндэслэлээр өөрийн үйлчлүүлэгнийнхээ эрх ашгийн төлөө хандаж байгааг хүлээн авна уу. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Ил-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.И- гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хуульд шүүхийн шатанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголт байхгүй. Шүүхийн шатнаас Б.И- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.Ил-ий оролцоо байсан талаарх баримт нууцын магадалгаа, хэргийн материалд байхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд “Б.Ил-, Б.И- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг илгээсэн, хүлээж авсан, худалдах зорилгоор хадгалсан” гэж буруутгасан. Шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг хэргийн материалтай тулгаж харахад /1хх-102, 2 хх-20, 21, 24, 29, 74/ авагдсан баримтаар Б.И- өөрөө тухайн бодисыг авч, илгээж, хүлээж авсан болох нь камерын бичлэгт байгаа. Сэтгэцэд нөлөөт бодисыг цагаан фудволк, шорттой очиж, чемоданаа авсан. Энд Б.Ил-ий үйлдэл байхгүй. Нууц ажиллагааны магадалгаанд Б.И-, Б.Ил- нарын хоорондоо харилцсан харилцаа байдаг. Үүн дээр “эхнэрийгээ хурдлаач” гэсэн зүйл байдаг. Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан учраас айж, эмээсэн зүйл байдаг. Илгээмж дээрх утасны дугаар нь Б.И-, Б.Ил- нарын утас биш болох нь баримтаар тогтоогддог. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар ял халдааж хэрэглэж байгаа юм шиг харагдаж байна. Ял халдааж хэрэглэх байсан юм бол н.Д-г оруулж ирэхгүй яасан юм бэ, эхнэрийг нь оруулж ирэхгүй ганцхан Б.Ил-ийг оруулж ирж, бүлэглэсэн гэж үзсэн. Ямар үйлдэл дээр оролцсон, ярианы бичлэг байгаа юу, эсхүл тодорхой үйлдэл хийсэн үү гэхээр тийм баримтгүй, нууц ажиллагааны магадалгаанд мөн байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ил-ий хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгч Б.И- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарын өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатаас оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, энэ 4 хавтаст хэрэгт “Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх ямар нэг нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй. Хоорондоо ярьсан утасны бичлэгт ямар ч хар тамхины талаарх яриа байдаггүй. Яагаад ийм зүйлээр зүйлчилсэн талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьж байсан. Б.Ил- энэ хэрэгт оролцоогүй талаар Б.И- анхнаасаа мэдүүлдэг. Мансууруулах бодис хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан бэлтгэсэн, хадгалсан гэж байдаг болохоос хэрэглэсэн гэж байхгүй. Б.Ил-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Б.И- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

Прокурор А.Арай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ил-ий өмгөөлөгч Н.Нарантуяа 7 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үндэслэл тус бүр дээр тайлбар дүгнэлт хийе.

Нэгдүгээрт, “шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгамжтай байдлаар ялгаж, салган зүйлчлээгүй” гэж байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө оролцогчид хоорондоо үүргээ хуваарилж, тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэл, санаа зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг. Энэ нь гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр. Улсын Дээд шүүх “мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, яллагдагч нарын үйлдэл оролцоог тухай бүрт нь ялгаж, салгах боломжгүй нь тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тайлбарласан. Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын шатанд 2 шүүгдэгчийн үйлдэл, оролцоог хэн нь захиалсан, хэн нь очиж авах талаар тухайн бүр нь тохиролцож, хуваарилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн. Тиймээс “прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байна” гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, “яллагдагч нарыг өөрсдийнх нь мэдүүлгээр ялласан” гэж байгаа боловч яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг тусгаагүй, яллах талын нотлох баримт болгоогүй.

Гуравдугаарт, өмгөөлөгчид “шүүгдэгч Б.И- нь урьд ял шийтгүүлж, дансаа битүүмжлүүлснээс болж ахынхаа утас, дансыг ашиглаж байсан” гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй. Энэ талаар яллаагүй. Шүүгдэгч Б.И-ийг ахынхаа дансаар мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй учраас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, “шүүгдэгч Б.Ил-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалсан, илгээмж захиалсан, хүлээн авах байсан гэж яллаагүй” гэж дурдсан байна. Прокуророос энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, биедээ хадгалсан гэдэг байдлаар яллаагүй, орон байранд хадгалсан гэдэг үндэслэлээр ялласан.

Тавдугаарт, “шүүгдэгч нар хэргийн талаар харилцан эсрэг ашиг сонирхолтой байсан. Гэтэл нэг өмгөөлөгчийг оролцуулж, хууль зүйн мэдлэггүй учраас нэг нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байгаагаа мэдэхгүйгээр өдий хүрсэн” гэж давж заалдах гомдолд дурдсан байсан. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал “ах нь үйлдээгүй” гэдэг нэг байр суурьтайгаар Б.И- гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон учраас прокурорын зүгээс шүүгдэгч нар харилцан эсрэг ашиг сонирхол байхгүй гэж үзсэн. Анхан шатны шүүх мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгч Д.Халзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Төрсөн ах, дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгч байгаагаа мэдээгүй гэж дурдсан учраас яллах талын нотлох баримтад оруулаагүй, анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, дүгнээгүй.

Зургаадугаарт, Б.Ил-ийг биедээ хадгалсан гэдэг асуудлыг хөндсөн байсан. Энэ талаар сая тайлбарласан. Биедээ хадгалсан гэдэг гэмт хэргийн шинжээр яллаагүй. Өмгөөлөгч “шийтгэх тогтоолын 8 дахь талд нотлох баримтын агуулга нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхээр” гэж бичсэн байна. Шийтгэх тогтоолыг харахад “үгүйсгэхээргүй, уялдаа холбоотойгоор” гэж бичсэн байна. Энд алдаа гаргасан болов уу гэж бодож байна.

Долоодугаарт, “шүүгдэгч Б.Ил-ий дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон зүйл байхгүй гэж тэмдэглээд” гэж дурдсан байна. Үүн дээр бас алдаа гаргасан болов уу гэж бодож байна. Шийтгэх тогтоолын 10 дахь талд “шүүгдэгч гэмт хэргийг үйлдэхэд оролцсон зүйл байхгүй гэж маргаж оролцов” гээд яагаад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон бэ гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан нэгжлэг хийсэн тэмдэглэл, гүйцэтгэх ажиллагааны магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ” гэж шүүх дүгнэлт хийсэн. 

Шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч С.Болорчулуун “Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Ил-ий үйлдэл, оролцоо тогтоогддоггүй, нууц ажиллагааны магадалгаанд энэ талаар байхгүй, ямар нэг нотолсон зүйл байхгүй” гэж тайлбарлаж байна. Нууц ажиллагааны магадалгаа, 2 шүүгдэгчийн ярианаас өглөө гэрээсээ гарахдаа тохиролцоод гарсан, Б.И- очиж илгээмжээ авч, араас нь ах нь очиж авах ёстой байсан. Тухайн үед Б.И-ийн эхнэр өөр зам тээврийн осолд холбогдсоны улмаас эхнэр, ах 2 нь очиж авахгүй, хүлээлгэсэн. Б.И- ойрхон давтамжтайгаар ах руугаа залгаж, ууртайгаар “гэрээс гарахдаа ярьснаараа л байлдаа, хоёулаа тохирсон биз дээ, би ингэж яваад цагдаа нарт нухуулбал яах вэ” гэх агуулгаар ярьсан болох нь тусгагдсан. Энэ нотлох баримтаар Б.Ил-, Б.И- нар нь тухайн илгээмжид юу байсан, юу авах гэж байсан, энэ гэмт хэргийг үйлдэхэд Б.Ил-ий оролцоо байсан гэдгийг нотолж байна.

Өмгөөлөгч Д.Халзан “хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Ил-ий оролцоо байхгүй” гэж байна. Шүүгдэгч Б.И- анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Улсын хилээр оруулж ирээгүй, нотлох баримт байхгүй гэж байгаа боловч камерт үзлэг хийсэн бичлэг, каргог хүлээн авч, Монгол Улс руу авчирч байсан жолооч, каргог хүлээлгэж өгсөн гэрч нарын мэдүүлэгт тодорхой байгаа. Б.И-ийн эхнэрийн хувьд тухайн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.И-, Б.Ил- нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.И-, шүүгдэгч Б.Ил-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.И-, Б.Ил- нар бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетаминийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 49,4984 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.И- нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “8Б- Ил- 139-1” гэсэн бичиглэлтэй ачаанд нууж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотод байрлах карго илгээмжид хүлээлгэн өгч, Монгол Улс руу илгээж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Yүд авто замын, олон улсын боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, уг карго илгээмжийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-" нэртэй карго илгээмжийн газрын хашаанаас хүлээн авч, тээвэрлэн мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Б- байрны 27 тоот орон байранд хадгалсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 23/,

- нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-27/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28-29, 36-37/,

- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 30-35, 38/,

- эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /1хх 61-66, 71-74, 76-84, 85-86/,

- гэрч Б.О-ийн /О-/: “...2025 оны 6-р сарын 19-ний өдрийн 11:48 минутад над руу 8Б- дугаарын утаснаас залгаж 36 секунд ярьсан байсан. Тэгэхээр энэ дугаар над руу залгаж карго ирсэн эсэхийг асууж, карго авсан байж магадгүй, миний энэ 8О-0 утас руу карго илгээмж авах гэсэн хүмүүс л залгадаг, хувийн ажил амьдралаа ярьдаг өөр утасны дугаар надад байдаг. Мөн Улаанбаатар хотод карго илгээмжийн газар ажиллуулдаг. Монгол хүмүүс манайхаар ачаа ачуулж, Монголд ирэхээр нь авдаг газрууд бас байдаг...” /1хх 94-97/,

- гэрч Б.Т-гийн: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ачаа ачсан ачааны машин Улаанбаатар хотод ирээд Б- гэх нэртэй том хашаанд задлаад тараадаг. 2025 оны 6-р сарын 19-ний өдрийн бүртгэлээ шүүж үзэхэд тэр өдөр 1 ачааны машин бараа задраад түүнд 169 хүний бараа ирж, би бүртгэсэн. Бүртгэлийн 115 дугаарт 8Б- дугаарын утсаар 1 ширхэг, 100 юань буюу 51,000 төгрөгийн каргоны төлбөртэй ачаа ирснийг ачаа задарсан өдрөө буюу 2025 оны 6-р сарын 19-ний өдөр 8Б- дугаарын утастай хүн нь өөрөө ирж аваад гарын үсэг хэсэг дээр би бараа авсан хүнийх нь утасны дугаарыг бичиж авсан байна. Каргоны төлбөр болох 51,000 төгрөгийг миний Хаан банкны 5Т-0 тоот данс руу 2025 оны 6-р сарын 19-ний өдрийн 12 цаг 13 минутад гэсэн гүйлгээний утгатай Уламбаярын Д- гэх хүний Хаан банкны 5Т-5 тоот данснаас шилжүүлсэн байгаа учраас би төлбөрийг "дансанд" гэж тэмдэглэсэн байна. Бүртгэлээс харахад 1 ширхэг бараа байсан байна. ....Хасаа гэдэг нь БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдардаг, ачааг нэгтгэж ачааны машинд ачдаг Өвөр Монгол залуу байдаг. Энэ хүн надад дээрх камерын бичлэгийг БНХАУ-аас Wechat-aap явуулж байгаа юм. 0022139-1 гэсэн кодтой дээрээ 8Б- дугаарын гар утсыг бичсэн 1 ширхэг ачааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотоос хотод Монгол Улс руу гарах ачаанд 2025 оны 06-р сарын 11-ний өдөр ачуулсан байна. Уг ачаа нь Гуанжоу хотоос тээврээр машинтай ачаанд ачигдаад Замын-Үүдийн хилээр Монгол Улс руу орж ирээд над дээр 2025 оны 06-р сарын 19-ний өдөр ирээд би тарааж өгсөн байна. ...” /1хх 100-102/,

- гэрч Б.А-ын: “...2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр А- УАК улсын дугаартай машинтайгаа Замын-Үүдийн хилээр БНХАУ-ын Эрээн хот руу ороод Эрээн хотоос карго ачаа ачуулдаг Хасаа гэдэг Өвөрмонгол залуугийн Монгол руу ачих 44 тонн карго, ачаа барааг машиндаа ачаад 2025 оны 6 дугаар сарын 17-нд Эрээн хотоос Замын-Үүдийн хилээр Монгол руу орж ирсэн. 2025 оны 6-р сарын 19-ний өглөө “Б-” гэдэг ачаа буулгадаг хашаанд очиж Т- гэж эмэгтэйд ачааг буулгаж хүлээлгэж өгсөн. ...” /1хх 113-114/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЕГ0325/4551 дугаартай шинжээчийн: “...1.2.3.5. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд нэр хаяггүй зиплок гялгар уутанд ирүүлсэн улаан өнгийн соруул мэт зүйл, “№1 250200321 БЗД-н 16-р хороо 50A 27 тоот нэгжлэгээр хураан авсан “Мөс” гэх зүйл а/х Г.Н- 2025.06.19” гэж хаягласан зиплок гялгар ууттай улаан өнгийн соруул мэт зүйл, зиплок гялгар ууттай талст мэт зүйл, “№2 250200321 БЗД-н 16-р хороо Б--27 тоот нэгжлэг хураан авсан “Мес” гэх зүйл а/х Г.Н- 2025.06.19” гэж хаягласан зиплок гялгар ууттай талст мэт зүйл, "№3 250200321 БЗД-н 16-р хороо Б--27 тоот нэгжлэг хураан авсан “Мес” гэх зүйл а/х Г.Н- 2025.06.19" гэж хаягласан зиплок гялгар ууттай "Cute" гэсэн шошготой шаргал өнгийн цаас, “Oh penguin!” гэсэн шошготой ногоон өнгийн цаас, “gohnson's” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, өнгөгүй шингэн зүйлээр бохирлогдсон зиплок гялгар уут, өнгөгүй шингэн зүйлээр бохирлогдсон өнгөгүй гялгар уутны хэсгүүд тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. №1 гэж дугаарласан өнгөгүй шингэн агуулсан цахилгаан тамхины под гэх зүйл, №2 гэж дугаарласан өнгөгүй шингэн агуулсан цахилгаан тамхины под гэх зүйл тус бүрээс Etomidate гэх бодисын агууламж илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн “№1 250200321 БЗД-н 16-р хороо Б- 27 тоот нэгжлэгээр хураан авсан “Мес” гэх зүйл а/х Г.Н- 2025.06.19” гэж хаягласан зиплок гялгар ууттай талст мэт зүйлийн цэвэр жин нь 22.3559 грамм, "№2 250200321 БЗД-н 16-р хороо Б--27 тоот нэгжлэг хураан авсан “Мес” гэх зүйл а/х Г.Н- 2025.06.19" гэж хаягласан зиплок ууттай талст мэт зүйлийн цэвэр жин нь 27.1425 грамм, №1 гэж дугаарласан өнгөгүй шингэн агуулсан цахилгаан тамхины под гэх зүйлийн жин нь 5.9653 грамм, №2 гэж дугаарласан өнгөгүй шингэн агуулсан цахилгаан тамхины под гэх зүйлийн жин нь 5.7572 грамм байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 118-124/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0325/4524 дугаартай шинжээчийн: “...1.2.3.5. Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Ил- УБ- 19.06.2025" гэж хаягласан шээснээс метамфетамин тетрагидроканнабинол илэрсэн. “Б.И-” гэж хаягласан Шээснээс тетрагидроканнабинол болон метамфетамин илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад, илэрсэн Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад тус тус багтдаг болно. Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, биеийн жин, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул тогтоох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх 131-133/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0325/4525 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "У- овогтой Д- ИУ- 2025.6.19" гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол болон Метамфетамин илэрсэн. Тетрагидроканнабинол болон Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ-р жагсаалтад багтана. ...” гэсэн дүгнэлт /1хх 138-140/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 698 дугаар дүгнэлт “...Б.Ил- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ил- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ил- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ил- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ил- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Ил- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /1хх 146-148/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 699 дүгээр дүгнэлт “...Б.И- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.И- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.И- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.И- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.И- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.И- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /1хх 151-153/,

- шинжээч эмч Г.Золжаргалын: “...Батлагдсан стандарт ажлын зааврын дагуу шинжилгээг хийхэд тухайн бодисын задралын бүтээгдэхүүн нь биологийн дээж (шээс)-ээс илэрсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүн нь шинжилгээгээр илэрсэн бодисыг хэрэглэсэн болно. Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байгаа хүний хажууд буюу орон байр, тээврийн хэрэгсэлд хамт байсан, мансууруулах бодис хэрэглээгүй гэх хүний биологийн дээж (шээс)-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэх боломжгүй. ...Илэрсэн бодис нь НҮБ-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтуудад багтаагүй болно. ...” /1хх 155-157/,

- шүүгдэгч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хилээр оруулж ирээгүй. Өөрөө хэрэглэсэн. ...” /2хх 16-17/, “...2025 оны 6-р сарын 19-ний өдөр би өөрийн гэртээ буюу БЗД-н 16-р хороо, 72-р хотхон Б- байрны 27 тоотод байж байхад 13 цагийн үед манай ах Ил-, эхнэр Д- нар гаднаас орж ирсэн. Ах Ил-, Д- 2 өглөө нь гэрээс гарч Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт очиж урд өдрийнх нь машинтай мөргөлдсөн асуудлаараа очиж уулзчихаад ирсэн юм. Тэр 2 удалгүй буцаад автомашины зах руу тээврийн хэрэгслийн улсын дугаар авахаар гарах гээд бид 3 байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг баривчилж гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийхэд манай гэрээс 2 тусдаа гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хураагдсан, би өөрөө гаргаж өгсөн. Манай гэрээс хураагдсан мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг би 6-р сарын 18-ны өдөр grazy89.оrс гэсэн сайтаар интернэтээр компьютер тоглоомын газраас нэвтэрч Channel өгөхөөр утасныхаа телеграмм апплекшнтэй холбож долларын данс руу крипто валютаар тооцоо хийж байршил авч Баянзүрх дүүргийн тээврийн товчооны наад талд байдаг гүүрний доороос очиж хэлсэн газрыг нь ухахад хүнсний скочоор ороосон хоолны халуун сав гарч ирээд дотроос нь уг мөс гэх бодис гарч ирснийг гэртээ байлгаж байсан. Уг бодисоос би гэрийнхээ 00-н өрөөнд өөрөө зориулалтын гаанс хэлбэртэй шилэнд хийж доороос нь шатааж утааг нь соруулаар сорж хэрэглэсэн. Тухайн үед намайг 00-н өрөөнд хэрэглэж байхад ах Ил- угаалгын өрөөнд толгойгоо угааж байсан, намайг хэрэглэж байхыг хараад болиоч гэж хэлчхээд гарсан. Манай угаалгын өрөө маш жижигхэн учраас манай ах Ил-ий шээснээс мансууруулах бодис илэрсэн байх гэж бодож байна. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Намайг ийм мөс гэх нэршилтэй мансууруулах бодис олж авчирсныг, бас гэрт байсныг ах Ил-, эхнэр Д- нар мэдээгүй. Монгол Улсад ОХУ-н иргэд зарж байгаа учраас хаанаас орж ирж байгааг нь мэдэхгүй байна. Мөснөөс өөр олон төрлийн мансууруулах бодис зарж байгаа байх. Би 1000 USDT буюу крипто доллароор буюу Монгол төгрөгөөр 4 сая орчим төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрөө крипто валютаар хийсэн учраас данс, дансны гүйлгээ, хуулга гэж байхгүй. Би БНХАУ-н Гуанжу хот руу яваад буцаж Монгол руу ирэхдээ ачаагүй нислэгийн билет авсан учраас ачаагаа газрын карго илгээмжид хийж Монгол руу авчруулсан. Тэр ачааны гадна тал байгаа юм. Тэгээд дээр нь ах Ил-ий утасны дугаар, нэрийг нь бичсэн байсан. Би БНХАУ-н Гуанжу хотоос ачаагаа газрын каргонд өгч ачуулсан, тэр каргоны нэрийг нь мэдэхгүй байна. Монгол карго байсан. Би 5-р сарын дундуур ачаагаа ачуулаад Монголд 6-р сарын 17-ны өдөр ирсэн байсныг Баянзүрх дүүргийн Амгалан төмөр замын өртөөний замын эсрэг талд байдаг Б- карго илгээмжээс 6-р сарын 19-ний өдөр очиж авсан. Миний хэсэг хувцас, хүүхдэдээ авсан зөөлөвчтэй дэвсгэр, самар, виски зэргийг цагаан өнгийн чемодан дотор хийгээд ачуулсан байсан. Чемоданы гадуур тэр зөөлөвчтэй гялгар уут хийсэн байсан. Би 6-р сарын 19-ний өдөр ганцаараа мопед дугуйтай очиж авсан. Би нэг хэсэг л ачаа авсан. Ачааны төлбөрийг Гуанжугаас ачуулахдаа төлсөн байсан санагдаж байна, сайн санахгүй байна. Каргоны ажилтан нь эмэгтэй хүн байсан санагдаж байна. Түрүүлээд Монголд ирж магадгүй гэж бодоод ахынхаа нэр, утсыг бичсэн байсан. 8Б- гэсэн утасны дугаар өгч ачуулсан.  ...” /2хх 19-21, 210/,

- шүүгдэгч Б.Ил-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 19-ний өглөө цагийг нь сайн санахгүй байна, би дүү И-ийн гэрт очоод нэг шил Виски авчхаад буцаад засварын газар руугаа гарах гээд хаалгыг нь онгойлготол урдаас цагдаа нар орж ирээд бид нарыг баривчилсан. Тэгээд И-ийн гэрт нэгжлэг хийхэд гялгар ууттай 2 хэсэг хар тамхи хураагдсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна. Би И-ийн гэрт ороод 10-20 минут л болсон. И- гэртээ байсан. Д- урд өдөр машины араас машинтайгаа мөргөлдсөн. Тэгээд би Д-тэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хамт оччихоод Д- бид 2 гэрт нь ороод би виски аваад гарах гэж байсан. Тэр мансууруулах бодисын талаар огт мэдэхгүй. Өмнөх өдөр нь буюу 6-р сарын 18-ны орой гэрт байхад И- надад мансууруулах бодис байгаа талаар надад хэлсэн. Гэхдээ хэзээ, яаж, хаанаас олж авсан талаар хэлээгүй, би ч асуух зав гараагүй, би мэдэхгүй.

... 8Б- дугаарын гар утсыг И- бид 2 хамт ашиглаж байгаа, эзэмшигч нь Итгэмжлэх гэдэг хүний нэр дээр байгаа. Энэ дугаараар мотоцикл, тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж оруулж ирж худалдах зар тавихдаа ашигладаг утасны дугаар байгаа юм. Урдаас ачаа бараа тавих, авахдаа энэ гар утасны дугаараа өгч авдаг. И- урдаас ачаа бараа явуулахад Монголд хүлээж авдаг нь би байгаа юм. Тэгээд миний нэр утасны дугаар байгаа байх. Тэр бол И-ийн урдаас өөрөө явуулсан, И- өөрөө каргоноос очиж авсан, би бодохдоо дотор нь машинтай холбоотой сэлбэг байсан байх гэж бодож байна...” /2хх 28-30/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 6 дугаар  сарын 18-ны өдрийн 2-4в/4552 дугаартай албан бичиг /2хх 81-82/,

- Арилжааны банкнуудын лавлагаа /2хх 84-108, 113-120/,

- үүрэн телефоны оператор компанийн хуулагт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 122-176/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.И-д 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ил-д 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл, Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байдлыг үндэслэлтэй гэж үзэж, “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар шүүгдэгч Б.Ил-, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Н.НаранТ- нарын гаргасан гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

Хавтаст хэрэгт авагдсан нууц ажиллагааны магадалгаагаар шүүгдэгч Б.И- Б.Ил- нар нь барааг хэн, хэрхэн яаж авах талаар харилцсан зурвасууд авагдсан ба энэ нь шүүгдэгч нарын санаа зорилго нэг байсан, мөн хэн ямар оролцоотой байсан нь баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.И-, Б.Ил- нар нь бүлэглэн “мөс” гэх нэршилтэй, нийт 49,4984 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.И- нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “8Б- Ил- 139-1” гэсэн бичиглэлтэй ачаанд нууж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотод байрлах карго илгээмжид хүлээлгэн өгч, Монгол Улс руу илгээж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Yүд авто замын, олон улсын боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, уг карго илгээмжийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-" нэртэй карго илгээмжийн газрын хашаанаас хүлээн авч, тээвэрлэн мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Б- байрны 27 тоот орон байранд хадгалсан, худалдаалах зорилгоор олж авсан, илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ оюун санаа, үйлдэлээрээ нэгдэн, бие биенээ дэмжиж гэмт санаагаа хэрэгжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ил-, түүний өмгөөлөгч Н.НаранТ- нараас гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү, хамтран оролцсон хэлбэр байхгүй...” гэсэн агуулга бүхий хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр хэргийн бүрдэл хангагддаг.

Хэргээс үзвэл, шүүгдэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар ...Би БНХАУ-н Гуанжоу хотоос ачаагаа газрын каргонд өгч ачуулахдаа хүлээж авах хүнээр ахынхаа дугаарыг бичсэн. Б- карго илгээмжээс 6 дугаар сарын 19-ний өдөр очиж авсан. Миний хэсэг хувцас, хүүхдэдээ авсан зөөлөвчтэй дэвсгэр, самар, виски зэргийг цагаан өнгийн чемодан дотор хийгээд ачуулсан байсан. Чемоданы гадуур тэр зөөлөвчтэй гялгар уут хийсэн байсан...” /2хх 19-21, 210/, шүүгдэгч Б.Ил- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...6 дугаар сарын 18-ны орой гэрт байхад И- надад мансууруулах бодис байгаа талаар надад хэлсэн. Гэхдээ хэзээ, яаж, хаанаас олж авсан талаар хэлээгүй, би ч асуух зав гараагүй, би мэдэхгүй. 8Б- дугаарын гар утсыг И- бид 2 хамт ашиглаж байгаа. Урдаас ачаа бараа тавих, авахдаа энэ гар утасны дугаараа өгч авдаг. И- урдаас ачаа бараа явуулахад Монголд хүлээж авдаг нь би байгаа юм...” /2хх 28-30/ гэж тус тус мэдүүлжээ.

Гэм буруугийн асуудлаар шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэх үүрэггүй, харин хэрэгт цугларсан баримтуудыг нягт нямбай шалгаж тогтоосны үндсэн дээр шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг үндэслэлтэйгээр дүгнэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, нотолгооны хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй дүгнэсэн байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоогджээ. 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-, шүүгдэгч Б.Ил-, түүний өмгөөлөгч Н.НаранТ- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон  91 /ерэн нэг/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Б.И-, шүүгдэгч Б.Ил-, түүний өмгөөлөгч Н.НаранТ- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Ил- нарын цагдан хоригдсон  91 /ерэн нэг/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ