Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Б, 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.А,

Иргэний хариуцагч Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А.Б-д холбогдох эрүүгийн 1820001700097 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт А.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймаг Эрдэнэ сумаас Сайншанд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай А0102 засмал зам дээр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн б, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг найз нөхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэний элс амралтын газарт очиж амрахаар ярилцан тохирч 12 цагийн орчим орчим 2 машинтай явсан. Бид Бүрдэний элс амралтын газарт амарч байгаад орой 19 цагийн орчим Сайншанд сум явсан юм. Би приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан. ... Сайншандаас урагш 17-18 км-т явж байтал миний жолоодон явсан машины жолоочийн эсрэг талын урд дугуй хагарах шиг болсон. Гэнэт машины руль булаасан би тормос гишгээд машины рулийг хариулж дартал замын хажуу руу машин унаж зам тээврийн осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б.М-д 6,298,000 төгрөг өгсөн. Эмчилгээнд нь байнга анхаарч тухай бүрт нь хохирлыг төлсөн. Сая эмчилгээ хийлгээд овоо биеийн байдал сайжирч байгаа. Цаашид эмчилгээнд нь тусалж байна. Хүний машиныг гуйж явч яваад ийм зүйл болсон учраас хохирлыг би өөрөө хариуцна. Х.Э-н машиныг янзлуулахаар хот руу явуулсан байгаа 2 сая төгрөг бэлэн өгсөн. Бид яриалцаад тохиролцчихсон байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 130-131/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Манай охин Б.М одоогийн байдлаар хааяа юм яриад ярьсан зүйлээ 5 минутын дараа буцаад санахгүй, зүүн хөл гар нь мэдээгүй ямар ч ажиллагаагүй болсон. Миний охины зүүн гар зүүн хөл нь саажилттай хүүхэд шиг болоод байна. ... Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Бүрдэнэ амралтын газраас Сайншанд сум руу Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай замаар явсан. Би приус 20 маркийн автомашинд сууж явсан бөгөөд манай машиныг А.Б эгч барьж явсан машины урд талын суудалд Б.М арын суудалд Б.М, Э.Э, Г.Г бид нар сууж явсан би машинд унтаж явсан гэнэт машин дайвалзах шиг болсон тэгээд осол гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... миний нойр хүрээд үүрэглээд явж байтал гэнэт машин хазайж дайвалзах шиг болсон тэгээд л машин замын хажуу руу унаж осол болсон. Осол болсны дараа машины  дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай байсан. Би машины хаалга нээж гараад ард сууж явсан хүмүүсээ хаалгаар гаргасан тэгтэл Б.М машинд байхгүй байсан бөгөөд машинаас унаж газарт шидэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/,

- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би машины арын суудалд сууж явсан манай машиныг А.Б эгч унаж явсан би машины арын суудалд сууж явсан юм замдаа нойр хүрээд унтаад явж байтал гэнэт л машин дайвалзах шиг болсон тэгээд л осол болсон байсан. Осол болсны дараа машин засмал замын хажууд шороон дээр дөрвөн дугуй нь дээш харсан байдалтай байсан. Машины цонхоор бид нар гарсан машинд Б.М байхгүй байсан газарт ухаан алдаж унасан байсан осол болох үед л цонхоор унасан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/,

- Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө машинтай А.Б приус маркийн автомашинтай очсон бид нар амралтын газар байж байгаад орой 19:00 цагийн орчимд Сайншанд сум явсан. А.Б-н машинд Ш.О, Б.М, Б.М, Г.Г нар сууж явсан... эргээд очиход А.Б-н жолоодон явсан приус 20 маркийн машин засмал замын хажууд шороон дээр 4 дугуй нь дээш харсан байдалтай А.Б, Ш.О, Б.М, Г.Г нар машинаасаа гарчихсан хажууд нь зогсож байсан. Б.М машины хажууд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан тэгээд бид нар машиндаа Б.М-г өргөж суулгаад эмнэлэгт авчираад эргэж явж Ш.О, Б.М, Г.Г нарыг авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/,

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнгөрсөн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажилладаг хүмүүстэй Эрдэнэ сумын Бүрдэнэ амралтын газар луу өглөө 10:00 цагийн орчим явсан юм. Тэнд очиж амарч байгаад бид нар 19 цагийн орчим Сайншанд сум руу буцахаар болж би приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед А.Б эгч машиныг бариад явж байсан. ... тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Машин дээшээ харчихсан Ш.О эгч миний хойд талаас мөлхөөд гарч байсан. Тэгтэл М холгүй газар ухаангүй бололтой хэвтэж байсан. Тухайн үед Б.М-с бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй байсан ба ард явж байсан машинаа дуудаад Б.М-г суулгаад Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/,

- Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Б.М-н биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай, зүүн талын гар хөл саажилттай, гэмтлийн дараах ойгүйтэл үүссэн байгаа Б.М нь гэмтлийн гаралтай ойгүйдлийн улмаас урьд болсон үйл явдлыг санахгүй ойр дотны хүмүүсээ үе үе танихгүй сэтгэл санааны хувьд хямралын байдалтай байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Шинжээчийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 33 дугаар дүгнэлтэд:

1. Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан А.Б нь тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй.

3. Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан А.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй  байх бөгөөд осол хэргийн газарт тоормосны мөргүй байна.

4. Жолооч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

5. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан А.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

6. Шинээр нөхцөл байдал илрээгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 88/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 02/0244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2018 оны 07 сарын 12-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3756 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.М-н биед тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хүзүүний 6 дугаар нугалмын шахагдсан хугарал, духны зулгаралт, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Б.М-н биед учирсан тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, Хүзүүний 6 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Духны зулгаралт, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 78/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 7811 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “VII/12 Б“ гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 91/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд А.Б-н биед тархи доргилт баруун гарын шарх, баруун хацар, баруун гарын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. А.Б-н биед тархи доргилт баруун гарын шарх, гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацар, баруун гарын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 46/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14/138 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ш.О-н биед зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх, тохой орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн зүүн гарын шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Зүүн гарын шууны зүсэгдсэн шарх гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, тохой орчмын зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 51/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04/140 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Г-н биед нуруу зүүн мөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно.

4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 57/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04/139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.Э-н биед тархи доргилт, толгойн зүүн тал, зулай чамархай , дух хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоолоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт,  толгойн зүүн тал, зулай чамархай , дух хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийг 66/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2018 оны 07 дугаар сарын 12-ны Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3758 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.М-н биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.  Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 82/,

- А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 95-96/,

- А.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 132-135/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/,

- Осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймаг Эрдэнэ сумаас Сайншанд чиглэлд Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, машин дотор сууж явсан иргэн Б.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч А.Б-г 2018 оны 07 сарын 11-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймаг Эрдэнэ сумаас Сайншанд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай А0102 засмал зам дээр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн б, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н “... Манай охин Б.М одоогийн байдлаар хааяа юм яриад ярьсан зүйлээ 5 минутын дараа буцаад санахгүй, зүүн хөл гар нь мэдээгүй ямар ч ажиллагаагүй болсон. Миний охины зүүн гар зүүн хөл нь саажилттай хүүхэд шиг болоод байна...” гэсэн, гэрч Ш.О-н “...манай машиныг А.Б эгч барьж явсан машины урд талын суудалд Б.М арын суудалд М, Э, Г бид нар сууж явсан би машинд унтаж явсан гэнэт машин дайвалзах шиг болсон тэгээд осол гарсан” гэсэн, гэрч Б.М-н “...Би машины хаалга нээж гараад ард сууж явсан хүмүүсээ хаалгаар гаргасан тэгтэл Б.М машинд байхгүй байсан бөгөөд машинаас унаж газарт шидэгдсэн байсан...” гэсэн, гэрч Г.Г-н “... би машины арын суудалд сууж явсан манай машиныг А.Б эгч унаж явсан би машины арын суудалд сууж явсан юм замдаа нойр хүрээд унтаад явж байтал гэнэт л машин дайвалзах шиг болсон тэгээд л осол болсон байсан. Осол болсны дараа машин засмал замын хажууд шороон дээр дөрвөн дугуйн нь дээш харсан байдалтай байсан. Машины цонхоор бид нар гарсан машинд Б.М байхгүй байсан газарт ухаан алдаж унасан байсан осол болох үед л цонхоор унасан юм шиг байна...” гэсэн, гэрч Х.Н-н “...эргээд очиход А.Б-н жолоодон явсан приус 20 маркийн машин засмал замын хажууд шороон дээр 4 дугуй нь дээш харсан байдалтай Б, О, М, Г нар машинаасаа гарчихсан хажууд нь зогсож байсан М машины хажууд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн, гэрч Э.Э-н “...Тухайн үед А.Б эгч машиныг бариад явж байсан. ... тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Машин дээшээ харчихсан О эгч миний хойд талаас мөлхөөд гарч байсан. Тэгтэл М холгүй газар ухаангүй бололтой хэвтэж байсан. Тухайн үед М-с бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй байсан ба ард явж байсан машинаа дуудаад М-г суулгаад Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн...” гэсэн, гэрч Т.М-н “... Б.М-н биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай, зүүн талын гар хөл саажилттай, гэмтлийн дараах ойгүйтэл үүссэн байгаа Б.М нь гэмтлийн гаралтай ойгүйдлийн улмаас урьд болсон үйл явдлыг санахгүй ойр дотны хүмүүсээ үе үе танихгүй сэтгэл санааны хувьд хямралын байдалтай байгаа...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх боломжтой...” гэх боловч хохирогч Б.М-н биеийн байдал эдгэрээгүй байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй тул ялаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Б-н жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр  шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч одоохондоо нэхэмжлэх зүйлгүй, Б.М-н биеийн байдал бүрэн эдгэрээгүй цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас хохирлоо шүүгдэгч А.Б-с гаргуулна гэж байх ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч Х.Э, шүүгдэгч нараас тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлүүлэхээр боловч шүүгдэгч А.Б хохирлыг өөрөө хариуцна, мөн хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж байх тул хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нарыг цаашид тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн  1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г овогт А.Б-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Б-н жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

4. Хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нарыг цаашид тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.Н