Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/448

 

2026              04             16                                                                                 2026/ДШМ/448

 О.Н-, Л.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, даргалж, шүүгч Л.Одончимэг,  шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч О.Н- /цахим/, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, Э.Баярбаатар,

шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Н-, Л.Б- нарт холбогдох 2502003290341 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.  

           1. Б- овгийн О-ын Н-, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, О-гийн газрын Хан-Уул дүүргийн О-гийн хэлтэст зохицуулагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт …….. тоотод оршин суух бүртгэлтэй боловч …… тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СО-/,

2. Б- овгийн Л -ын Б-, 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникюр артист мэргэжилтэй, Д- салонд маникюр, артист ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ……. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ……. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД-/,

Шүүгдэгч О. Н- нь Тээврийн цагдаагийн албаны О-гийн газрын Хан-Уул дүүргийн О-гийн хэлтсийн Д-аар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн шинэ гүүрний орчим Д-дээр томилгоот хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэх явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох-ыг жолоочид хориглоно гэсэн заалтыг зөрчиж “Тоёота Приус 30 загварын Д- УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан Л.Б-ын “...тээврийн хэрэгслээ түр саатуулуулахгүй, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахгүй байх... гэсэн ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Л.Б-аас бэлнээр 100,000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Л.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д заасан ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж Тоёота Приус 30 загварын Д- УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан буюу Тээврийн цагдаагийн албаны О-гийн газрын Хан-Уул дүүргийн О-гийн хэлтсийн Д- О.Н-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн арга хэмжээ аваагүй, тээврийн хэрэгслийг түр саатуулаагүйн хариуд... 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн шинэ гүүрний орчим О.Н-т бэлнээр 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч О.Н-ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Б-ыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч О.Н-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-аас 100,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч О.Н- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б-ын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, нотлох баримтууд эргэлзээтэй, тогтоогдоогүй, худал дуудлага мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Түүний нөхөр Алтансүх нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний орой цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу шалгахад Алтансүх нь “би одоо ажилтай байна, одоо надад хамаагүй, та нар өөрсдөө шалга” гээд цагдаагийн байгууллагад ирж шалгуулаагүй, утсаа салгасан. 14 хоногийн дараа дахин холбогдож асуухад “гомдол саналгүй, би дуудлагаа буцааж байна” гэж мэдүүлсэн нь худал дуудлага мэдээлэл өгч, эхнэрийгээ цагдаагийн байгууллагаар шалгуулж арга хэмжээ авахуулахгүй, торгуулахгүй гэсэндээ гомдол гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно, 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, О.Н- нь 100,000 төгрөг бэлнээр авсан гэх үйл баримт бүрэн бодитой тогтоогдоогүй, Л.Б-ын мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотлож байгаа гэх нотлох баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал, Л.Б- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө нөхөр Ч.А-ийн Худалдаа хөгжлийн банкны виза картыг ашиглаж тус банкны яармагийн Номин супер маркет дахь АТМ-ээс гүйлгээ хийсэн гэж мэдүүлсэн боловч дахин мэдүүлэг өгөхдөө Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн тухайн өдөр Ч.А-ийн эзэмшлийн банкны картыг ашиглаж байсан эсэх, тухайн 100,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хаана хийгдсэн зэрэг нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй, мөн шүүгдэгч Л.Б- нь анх болсон үйл явдлын талаар гар утсан дээрээ бичлэг хийсэн гэх боловч устгасан гэж мэдүүлсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хахууль өгсөн, авсан гэх үйл баримт бүрэн бодитой тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх О.Н- нь 100,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, Л.Б- нь 100,000 төгрөгийг О.Н-т бэлнээр өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Л.Б-ын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж дүгнэж, шүүгдэгч Л.Б-ын хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтСэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн зүйлийн 8 дахь хэсэг /дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй/-ийн 8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг гэж тус тус заасныг зөрчсөн. Гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/, 3 дахь хэсэг /Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цулуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана/-т тус тус зааснаар бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар Л.Б- нь О.Н-т 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал бүрэн бодитой тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэм буруугийн зарчмыг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Э.Баярбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байхтай холбоотой дор дурдсан хууль зүйн шаардлага тавигдана. Хууль тогтоомжийн хүрээнд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо тал бүрээс нь бүрэн бодитой шалгагдаж хянагдсан нотлох баримтуудад тулгуурласан мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон цагаатгах талуудын хооронд өрнөж буй мэтгэлцээн, талуудын маргаж буй үндэслэл, тухайн үндэслэлийг бий болгож буй нотлох баримт, тэдгээрээр нотлогдож тогтоогдсон нөхцөл байдлуудад дүгнэлт өгөх, дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлах буюу нотлох баримтуудыг хооронд нь нэг нь нөгөөгөө хэрхэн үгүйсгэн няцааж байгаа, эсхүл нотлон шалгаж байгаа зэргийг харьцуулах замаар шийдвэрээ гаргах учиртай. Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 2 дугаар зүйлд шүүх хэлэлцүүлгийн үр дүнд нотлох баримт болон талуудын мэтгэлцээнийг дүгнэснийг бичгээр боловсруулах шаардлагыг тодорхой зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ба шүүхээс гарч буй аливаа шийдвэр нь шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан, тухайн баримтуудад шүүхээс дүгнэлт өгсөн байх, тэрхүү дүгнэлтдээ хэрхэн хүрсэн талаар тайлбарласан байх ёстой.

Тодруулбал, нотлох баримтын агуулга гэдгийг нотолгооны ач холбогдол бүхий байдал буюу нотолгооны хамаарал бүхий шинжийг онцлон тэмдэглэсэн зүйл гэж ойлгож байх бөгөөд мөн хууль зүйн дүгнэлт хийхтэй холбоотой аргачлалыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29-р тогтоолын 2 дугаар хавсралтаар “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.1.1-т “...шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурьдсаныг эсхүл нотлох баримтыг агуулгыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичих байдлаар бус харин тэдгээрт түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих ёстой,...” гэж, 2.1.2-т “Хэргийн үйл баримтыг тогтоон дүгнэхдээ яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн байдлаа буюу дээр дурьдсан байдлаар явагдсан танин мэдэхүйн процессыг завсрын дүгнэлтүүдийн хамт бичиж шүүгч хэрхэн эцсийн дүгнэлтэд хүрснээ дэлгэрэнгүй, эргэлзээгүй энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж бичнэ.” гэжээ. Энэ нь өөрийн итгэж үнэмшсэнийг батлан тогтоох дотогшоо чиглэсэн, бусдыг итгүүлэн үнэмшүүлэх гадаад үйлчлэлийн хүрээнд хоёр талт шинж чанартай байна. Бусдаар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтын агуулга бүхий нотлох баримтуудаас анализ дүгнэлт хийхгүйгээр шууд үйл баримтыг тодорхойлох нь нотлох баримт болон тогтоогдож буй үйл баримтын үр дүн хоёрын хамаарал холбоог тайлбарлахаас татгалзаж алгасч буй улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд ноцтойгоор нөлөөлнө. Шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлсэн, үнэлээгүй үндэслэлийг, шаардлага хангасан, хангахгүй байгаа, эсхүл нотлох чадвартай, чадваргүй, хэрэгт хамааралтай, хамааралгүй болон үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, мөн нөгөө талууд тухайн баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг шүүх зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ. Нотлох баримт нь нэгдүгээрт, хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргааны талаар нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, хоёрдугаарт, хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, гуравдугаарт, үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх, эцэст нь буюу дөрөвдүгээрт, тухайн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан эсэхийг нягтлан үзэх ёстой. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэхдээ эргэлзээ бүхий үйл баримтыг нотлогдоогүйд тооцохоос бус өөр аль нэгэн нотлогдоогүй үйл баримтыг тогтоогдсон тооцох үндэслэл болгож болохгүй. ... гэсэнтэй зөрчилдсөн байна. Дээрхийг гомдол гаргагчийн маргаж шийдвэрт авч үзвэл шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын маргасан үндэслэлийг цор ганц Л.Б-ын мэдүүлгээр няцааж байгаа гэдгээ тогтоолд тэмдэглэж бичиж тайлбарласан. Гэтэл энэ нь хангалтгүй үндэслэл муутай байна. Учир нь, хэрэв Л.Б-ын мэдүүлэг өөрөө нэгдүгээрт бусад ямар баримтуудаар давхар шалгагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай хэрхэн нийцэж байгаа нь тодорхой бус, мөн дараах нөхцөл байдлуудыг хэрхэн яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Б-ын мэдүүлгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс бүхэлд нь үгүйсгээгүй, нөгөөтэйгүүр өмгөөлөгч нарын зүгээс маргасан үндэслэлүүдийг Л.Б-ын мэдүүлгийг аль хэсэг нь хэрхэн үгүйсгэн няцааж, тухайн мэдүүлэг нь маргаж буй үндэслэлийг бүхэлд үгүйсгэн жин дарж буй нотлох баримт болж байгаагаа шүүх тайлбарлаагүйн дээр тайлбарлах ч боломжгүй юм. Шалтгаан нь маргаж буй үндэслэлийг үгүйсгэх цор ганц боломж нь хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийснээр тэрхүү үндэслэлүүд үгүйсгэгдэх учиртай байсан. Харин шүүх хавтаст хэрэг цугларсан нотлох баримт буюу яллах дүгнэлтэд тусгагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба уг зохицуулалтад захирагдан хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэбэл яллах хангалттай нотлох баримт цуглараагүй буюу олон асуултын хариулт тодорхой бус нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Энэ агуулгаараа хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон О.Н- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан. Нотолгооны чадамж, хэрэгт авагдсан бусад баримтаар шалгагдсан буюу өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэлүүдийг няцааж буй Л.Б-ын мэдүүлэг нь дараах асуумжуудад хариулт өгөх боломжгүй гэж үзэж байна.

Үүнд: 1 дүгээрт: Ч.А-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 4А-2 тоот дансны 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээний хуулга бүхий нотлох баримтаар хэдэн цагт 100,00000 /нэг зуун мянган/ төгрөгийн гүйлгээ гарсан, хаана байрших АТМ-ээс зарлага хийгдээд байгаа нь тодорхойгүй тул энэ баримтын мэдээлэл дутмаг байгаатай холбоотойгоор гэм буруутай эсэхэд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хэрэв мөрдөн шалгах ажиллагааг зохих түвшинд хийж буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхэд бодит байдал дээр Л.Б- нь хэрэг болсон гэх өдөр болох 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00:15 цагт эсхүл өглөөний 09:17 цагт буюу тухайн өдрийн өөр хэдэн цагт ч тухайн гүйлгээ хийгдсэн гэдэгтэй гомдол гаргагчийн зүгээс маргахгүй бөгөөд тухайн өдрийн хэрэг болсон гэх цагт АТМ-ээс мөнгө аваагүй бол Л.Б- худал мэдүүлж байгаа үйл баримт тогтоогдохоор байна. Гэтэл худал мэдүүлээгүй буюу Л.Б- нь түүний мэдүүлсэнчлэн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21:30-24:00 лавтай Номин сүлжээ дэлгүүрийн В1 давхарт байсан АТМ-ээс авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар баттай нотлогдож байгааг шүүх шийдвэртээ заагаагүй. Хэрэв мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн гэж шүүх итгэж үнэмшсэн бол хэрхэн яагаад түүнд итгэж байгаа буюу итгэх болсон шалтгаан болох тухайн мэдүүлгийг энд дурьдаж буй холбогдох хэсгүүд хэрэгт авагдсан тэдгээр баримтаар нотлогдож байгаагаа шийдвэртээ тэмдэглэх ёстой байсан.

2 дугаарт: Шүүгдэгч Л.Б-ын мэдүүлгээр тэрээр “...Номин дэлгүүр рүү мөнгө авахаар явахдаа өөрийн машинтай явж очоод эргэж цагдаа нар дээр ирэхдээ таксигаар ирсэн” гэх бөгөөд яллагдагчийн мэдүүлэгт “Тэгээд би такси барьж Номин дэлгүүр рүү явсан...” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн зөрүүтэй мэдүүлгийн тухайд “хүүхэд харах хүнгүй” гэж байсан ба хүүхэд халуураад байна гэж мэдүүлдэг. Мөн түүний мэдүүлэгт дурьдсан “нөгөө цагдаагийн албан хаагч цагаан өнгийн приус дотор согтуу эмэгтэйтэй хамт сууж байгаад тэр эмэгтэй гарахаар нь зөрж орж суусан гэсэн ба үүнийг О.Н-тай хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар О.Н-, О.Л.Б- нар машин дотор уулзаж байхыг хараагүй талаар мэдүүлдэг. Харин О.Н- өөрийг нь Л.Б-тай машин дотор уулзаж байгаа ба түүнийг нь гэрчлэх хүмүүс байгаа талаар мэдүүлсэн. Мөн Л.Б-ын хүүхэд халуураад ямар нэгэн байдлаар өвдсөн бол цагдаа дээр эргэж очиж гэрчилгээ авахгүйгээр хүүхэд рүүгээ яарах ёстой байсан бөгөөд хүүхэд нь халуурч өвдсөн байсан бол хүүхдийн эцэг буюу Л.Б-ын нөхөр хүүхдээ орхиод ажилдаа явж байгаа нь өөрөө логикийн хувьд алдаатай. Мөн Л.Б- мэдүүлгүүдэд машин дотор орж ирэхэд нь О.Н- машины чинь дугаар хэд билээ гэхээр машины дугаар хэлсэн” гэх боловч өөр мэдүүлэгт нь намайг машинд ороход Д-УАК улсын дугаартай автомашины жолооч уу гэж хэлсэн гэдэг. Л.Б-ын мэдүүлэгт “цагдаагийн албан хаагчид өөрийг нь хожим дарамталж болзошгүй гэж эмээсэн, мөн торгуульд 100,000 төгрөг өгсөн” гэх буюу иргэнийхээ хувьд эрх зүйн ухамсар, мэдлэг мэдээлэл харьцангуй тогтсон боловч юуны учир өөрийг нь хамгаалах бичлэгийг яагаад устгасан, мөн тухайн бичлэгийг сэргээж өөрийн гэм буруугүйг нотлох баримтыг бий болгохоос татгалзаж өнөөдрийг хүрсэн нь эргэлзээтэй буюу энэ мэтчилэн Л.Б-ын мэдүүлэгт олон худал үйл баримтууд дурьдагдаж, мэдүүлгүүд нь зөрүүтэй, тогтвортой бус байгаа тул түүний мэдүүлгийг бүхэлд нь үнэн зөв буюу бодитой гэж дүгнэх нь өрөөсгөл. Түүнчлэн тухайн өдөр согтуу эмэгтэй 21:00-22:00 цагийн хооронд хэрэг болсон газар байсан эсэхийг ч магадлаж шалгаагүй. Мөн шүүгдэгч Л.Б-ын мэдүүлгийн дагуу түүгээр мөнгө авсан цагдаагийн албан хаагч нь О.Н- мөн эсэхийг таниулж мэдүүлгийг нь шалгаж давхар нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч О.Н- болон Л.Б- нарын мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлуудын тухайд энэхүү зөрүүг тайлж гаргасан баримт хэрэгт авагдаагүй талаар буюу О.Н- бусдаас хахууль авсан үйлдлийг цагаатгах талын нотлох баримт цуглуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Тухайлбал хэрэг болсон орон газар цаг хугацаанд байсан зөрчил гаргасан эсхүл зөрчил гаргасан байж болзошгүй асуудлаар шалгагдаж байсан хүмүүс, мөн цагаан өнгийн тоёота приус маркын автомашинд сууж байсан эмэгтэй нараас мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдээгүй. Тэрхүү согтуу эмэгтэй нь О.Н-, Л.Б- нар хоёулахнаа машин дотор байсныг гэрчлэх цор ганц гэрч буюу тухайн хүний мэдүүлэг нь Л.Б-ын мэдүүлгийг шалгах цор ганц баримт байх байсан.

3 дугаарт: Хэрэв Б-ын АТМ-ээс мөнгө авсан цаг хугацааг тогтоогоод, тухайн АТМ-ийн байршил болон үүрэг гүйцэтгэж байсан байршил 2-ын хооронд зайг замын хөдөлгөөний чиглэлийнх нь дагуу тогтоож такси эсхүл өөрийнх нь машины аль нэгээр зорчих хугацааг мөн тогтоогоод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг төхөөрөмжөөр шалгасан цаг хугацаатай мөн тогтоосон бол эдгээрийг харьцуулах замаар Х.Б-ын мэдүүлэг бодитой эсэх нь боломжит хэмжээнд шалгагдах байсан. Үүнд замын хөдөлгөөний камерын бичлэгийг мөн хамаатуулж ойлгоно.

 4 дүгээрт: Хавтаст хэргийн 1-р хавтас 168-169 дүгээр хуудсанд авагдсан Ч.А-ийн гэрчийн мэдүүлгээс шийдвэрт тэмдэглэгдсэн “хэсэг хугацааны дараа манай эхнэр над руу утсаар залгаад цагдаа 100,000 төгрөг бэлнээр аваад ир гэж байна, цагдаа 100,000 төгрөг бэлнээр аваад ир, гэхдээ дарамт шахалт үзүүлээд машиныг нь журмын хашаанд хийнэ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ чи тэр цагдаагийн нэхээд байгаа 100,0000 төгрөгийг өгчих гэсэн. Тэгээд эхнэр над руу дахин утсаар яриад би цагдаагийн нэхсэн 100,000 төгрөгийг бэлнээр өглөө гэсэн. Би эхнэрийнхээ утсаар ярьсан ярианаас манай эхнэрт дарамт шахалт үзүүлсэн, 100,000 төгрөг бэлнээр авсан гэдгийг дуулаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг өөрөө Л.Б- нь О.Н-т Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн шинэ гүүрний орчим Н- дээр 2025 оны 3 дугаар сарын 24-ний орой 21 цаг 30 минутын үед Л.Б-аас бэлнээр 100,000 төгрөгийн өгч байхыг шууд нотолж буй нотлох баримт биш. Харин Л.Б- нь түүнд ярьсан гэх зүйлсийг хэрхэн мэдсэн талаар л мэдүүлж буй мэдүүлэг. Харин Л.Н-ын мэдүүлэг нь өөр бусад баримтаар хангалттай нотлогдсон тохиолдолд л түүний мэдүүлэг нь дамжмал байдлаар нотолж байж болох талтай. Хавтаст хэргийн 1-р хавтас 163-164 дүгээр хуудсанд авагдсан Ч.А-ийн Худалдаа хөгжлийн банкны 4Н-2 дугаартай данснаас 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бэлэн мөнгөний машинаас 100,000 төгрөгийн зарлага гарсан” талаарх хуулгаар хэдэн цаг хэдэн минутад гүйлгээ хийгдсэн талаар мэдээлэл тусгагдаагүй бөгөөд хаана байрлах АТМ-ээс мөнгө зарлагадсан талаарх мэдээллийг огтоос агуулаагүй. Уг баримтад огноо, теллер, зарлага, орлого, үлдэгдэл, гүйлгээний утга, харьцсан данс гэсэн багануудад мэдээлэл тусгагдсан болохоос хэдэн цаг, хэдэн минутад тухайн гүйлгээ хийгдсэн талаарх мэдээлэл огтоос байхгүй болохыг дурьдах нь зүйтэй. Хавтаст хэргийн 1-р хавтас 228 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 29/12060 дугаартай: "КА001441 терминал дугаартай АТМ1441 нь ХУД-н 4 дүгээр хороо, Номин хайпермаркет дотор байрладаг” гэсэн албан бичгээр тухайн АТМ нь Л.Б-ын мэдүүлсэн В1 давхарт байрладаг талаар, мөн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Яармагийн шинэ гүүрний орчим Д--н ... км эсхүл метр ... хугацаанд туулаад ирэх боломжтой зайд байршдаг, мөн Х.Б-ын мэдүүлсэн Номин дэлгүүр нь Номин хайпер маркет гарцаагүй мөн, тэрхүү Номин хайпермаркет нь Будда гүрү Ренбочи Манастира 2 давхар барилгад байдаг гэдгийг юугаар тогтоогоод байгаа нь ямар нэгэн бусад баримтаар нотлогдоогүй. 1-р хавтас 176-179 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ч.Б-гийн “...тэгээд намайг зам дээр зогсож хяналт шалгалтаа үргэлжлүүлж байхад нөгөө приус 30 маркын тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй замын эсрэг талаас ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь гайхаад Н-аас очиж ямар арга хэмжээ авсан талаар асуухад жолоодох эрхийн үнэмлэхгүй юм байна, гэртээ бага насны 2 хүүхдээ үлдээчихсэн, явуулчих гэж гуйгаад байхаар нь явуулчихлаа. Сая над дээр буцаж ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь Х.Б- болон О.Н- нарын хооронд мөнгө авсан болохыг харсан мэдүүлэг огт биш. Хэрэв Л.Б-ын мэдүүлэг нь хэрэг болох үед О.Н-ын машинд байсан ямар нэгэн согтуу эмэгтэй байгаагүй, байсан ч гэсэн Л.Б- нь машинд суулгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ машины цонхоор авч тэр даруйдаа явсан, Л.Б-ын мөнгө авсан АТМ нь Номин хайпермаркет бус номин супермаркет бөгөөд тэрхүү номин супермаркет нь Будда гүрү Ренбочи Манастира 2 давхар барилгад байдаггүй, мөн уг барилгад зоорийн буюу В1 давхар гэж огтоос байдаггүй, эсхүл тэрхүү барилгын В1 давхарт огтоос АТМ байдаггүй, цаашлаад эдгээртэй холбоотойгоор Л.Б-ын нөхөр тухайн 100,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 09:12 эсхүл шөнийн 23:51, 00:00 цагт хийсэн байвал Л.Б-ын мэдүүлэг бүхэлдээ үгүйсгэгдэн няцаагдаж болно. Харин үүнийг няцаах боломжгүй гэдгийг хэрэгт авагдсан баримтаар нэг мөр шалгаагүй байдаг. Дээрхийг буюу гомдол гаргагчийн маргасан аргумент буюу бүрэн гүйцэт нотлогдоогүй бүрхэг үйл баримтуудыг нотлох зайлшгүй шаардлага байхгүй гэдгийг, мөн аль хэдийн нотлогдчихсон талаар шүүх тайлбарлан дүгнээгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн тухайд Улсын Дээд шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тайлбарлахдаа: 1.2-т “... гэм буруутай эсэхэд ... гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна. 1.3-т “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ юм. Шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэйн дээр зөрүүтэй мэдүүлгээс хэнийх нь мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлж прокурор яллаж байгаа үндэслэлээ яллах дүгнэлтдээ нэг мөр тодорхой тайлбарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №16 дугаартай тогтоол буюу тайлбарт тус тус заасны дагуу тэдний мэдүүлэг шалгагдаж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц нотолгооны ач холбогдол болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй ба дан ганц эдгээр мэдүүлгээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг нотлох хууль зүйн үндэслэл байхгүй. Тайлбараас эш татвал: ...1.4-т “Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.”, 1.15-т “Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна.”, 1.8 Хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх явцад хоёр ба түүнээс дээш яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүдэд зөрүү гарвал эдгээр мэдүүлгүүдийн аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд заавал тусгана”, 1.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна” гэж, 1.15-т “Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна. ... гэсэн байна. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог гэж ойлгож байгаа бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай гэж үзэж байна. Шаардлагатай бүхий л нөхцөл байдлыг шалгаж эцэслэн тогтоох буюу хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох буюу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянана гэсэн эхний хуулийн шаардлага тавьж нэн тэргүүнд тавигдаж байх ба энэхүү шаардлагыг заавал биелүүл гэсэн чиглэлтэйгээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авах, бусад нөхцөл байдлыг эргэлзээгүй нэг мөр тогтоохыг тэдэнд үүрэг болгож байгаа юм. Дахин тодруулж хэлэхэд ийнхүү бүрэн гүйцэд шалгаж нэг мөр эргэлзээгүйгээр тогтоо гэсэн хуулийн шаардлага тавьж байгаа нь өөрөө хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэзээ ч хэн нэгний эрхэд халдахгүй байхыг эрмэлзсэн зохицуулалт гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд мөн хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал" хэргийг шийдвэрлэхдээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснээс үзэхэд хуулиар мөнхийн диалектик байдалтай нийгмийн харилцааг нэг мөр нэг дор эцэслэн зохицуулах боломжгүй нөхцөл байдлаас хамаарч бүрэн гүйцэд шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн гүйцэд нэг мөр эргэлзээгүйгээр хөдөлбөргүй нотлогдож эс чадваас бусдыг гэмт хэрэгт буруутган яллахгүй байх гэсэн агуулгаар тайлбарлагдана. Түүнчлэн дээрх зарчмын хүрээний хуулийн зохицуулалтын агуулга нь мөн хэн нэгэн этгээдэд хилсээр хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс урьдчилан сэргийлсэн шинжийг агуулна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөвхөн шүүхийн шатанд бус мөрдөн шалгах ажиллагааны үед ч хэрэглэх боломжтой зохицуулалт тул энэ утгаараа мөрдөгч, прокурор хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай буюу хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зайлшгүй нэг мөр хэрэгжүүлэх ёстой гэсэн санааг илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудтай холбоотой хуулийн зохицуулалтын мөн хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлтэй хууль хэрэглээний хувьд логик уялдаатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх..., мөн “...1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчимд нийцнэ... гэсэн агуулгаар тусгагдсан нь шүүх өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Учир нь, хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд шүүх нэн тэргүүн бодит байдлыг тогтоох ёстой болохоос урьдаас хэргийн үйл баримтын талаар тодорхой нэг дүгнэлтэд хүрчихсэн, тэрхүү дүгнэлтээ шүүгдэгч нарт тулгаж , түүнийхээ дагуу хөтөлж мэдүүлэг авах ёсгүй. Дүгнэлтийн нэгтгэл, дээрхийг нэгтгэн дүгнэсэн О.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу О.Н- нь Л.Б-аас 100,000 төгрөгийн хахууль авсан, Л.Б-ын хувьд өөртөө давуу байдал олж авах зорилгоор О.Н-т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг зохих түвшинд хангалттай шалгахад тогтоогдоогүй буюу шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр тэдэнд холбогдох эрүүгийн 2502003290341 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгоно гэж үзэж байна. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино. Гэмт хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс авч хэрэгжүүлээгүй. Дээрхээс үзэхэд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж тус тус үзэхээр байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан. “100,000 төгрөг авсан юм чинь яах вэ” гэж орхиогүй. Хууль бус үйлдэл хийсэн талаараа үнэн зөвөөр мэдүүлж, өөрийгөө илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болсон. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч хэрэглээгүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ нь төдийлөн их биш байхад арай өндөр ял оногдуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй. Тухайн хэрэг гарах үед 2 настай хүүхэдтэйгээ явж байсан. Хүүхэд нь халуурсан талаар мэдүүлсэн. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Л.Б-д их хэмжээний торгох ял оногдуулсан нь хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Миний үйлчлүүлэгч онлайн худалдаа хийдэг боловч үндсэн орлого олдог хүн нь түүний нөхөр. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Ял биелүүлэх хугацааг хойшлуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар ял тэнсэж өгнө үү. Ял тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...”  гэв.

 

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх О.Н- нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэлтэй тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, заалтаар зүйлчилж, хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт нотолж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагчаас болсон асуудлын талаар тодруулж, мэдүүлэг авахаар хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд Л.Б-ын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа талаар тодорхой дүгнэсэн. Анх дуудлага, мэдээлэл өгсөн Ч.А-ийн мэдүүлэг, дансны хуулга, мөнгө авсан АТМ-н байрлал, тээврийн хэрэгслийн лавлагаа, тухайн цаг хугацаанд хэн тээврийн хэрэгсэл жолоодож байсан, тээврийн хэрэгслийг зогсоож, шалгасан цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг зэргээр тухайн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон. Шүүгдэгч О.Н-ын мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Л.Б-ын мэдүүлгийг үнэлэх үү, О.Н-ын мэдүүлгийг үнэлэх үү гэдэг дээр шүүх дүгнэлт хийж, бусад нотлох баримтаар Л.Б-ын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байсан учраас Л.Б-ын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч О.Н-ыг ялласан. АТМ-н байршил, Хан-Уул дүүргийн 4, 24 дүгээр хорооны талаар хэлэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж байна. Анх мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татах санал гаргасан. Прокуророос хэргийг хянаж, мөнгө авч байгаа санаа, зорилго нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ хариуд мөнгө өгөхийг шаардаж, иргэнээс 100,000 төгрөгийн хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. “Хэрэгт авагдсан баримтаар мөнгө авсан цаг хугацаа тогтоогддоггүй” гэж байна. Тусгай субъектүүдээс гомдол ирэхэд дансны хуулгатай ирж, мөрдөгч гомдлыг хүлээн авсан. Мөрдөгчийн тогтоолд 21 цаг гээд минутыг нь тодорхой зааж, дансны хуулгыг нь авахаар Худалдаа хөгжлийн банк руу явуулахад тухайн цаг хугацаанд гарсан 100,000 төгрөгийн гүйлгээг гаргаж ирсэн. Хаанаас 100,000 төгрөгийн гүйлгээ бэлнээр гарсан талаарх Хаан банкны тодорхойлолт авагдсан. Мөнгө өглөө, эсхүл шөнө гарсан уу гэдэг дээр эргэлзээ байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “согтуу эмэгтэйг асуух ёстой байсан” гэж байна. Шүүгдэгч О.Н- “бүх мэдээлэл нь үлддэг. Дараа миний эрхээр орж, ийм хүн шалгасан байна, зөрчилд тооцоогүй байна гэдэг байдлаар хариуцлага тооцдог” гэж тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар хүмүүс дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэгт авагдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваагүй байсан. Тиймээс согтуу эмэгтэйг хэн байсныг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Л.Б- “машинд согтуу эмэгтэй хүнтэй инээлдээд сууж байсан” гэж мэдүүлдэг. Тухайн эмэгтэй болсон үйл явдлын талаар мэдэж байгаа гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч олддоггүй. Ямар тээврийн хэрэгсэл байсан, согтуу байсан уу, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дээр нь арга хэмжээ авсан уу гэж хайхад тухайн цаг хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй байсан. Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар Л.Б- өөрийгөө илчилсэн зүйл байхгүй. Л.Б-ын нөхөр гомдол гаргаж, Авлигатай тэмцэх газарт гомдлыг нь хүргүүлж, шалган сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулдаг, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг гээд нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй гэмт хэрэгт тооцогддог. Анхан шатны шүүх Л.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзэж, сонгох санкцтай гэмт хэрэгт торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зорилт, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Н-, Л.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг дүгнээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох, дүгнэх ажиллагааг хийх бололцоог нотлох баримтаар бүрдүүлсэн байх ёстой байдаг.  

Хэргээс үзвэл, шүүгдэгч О.Н- ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг гэж шийтгэх тогтоолд тусгагдсан. Энэ талаарх баримт болох Н-ын Н- /РД:СН-/, Н-ын А- /РД:СА-/ нарын төрсний гэрчилгээ /2хх 78/, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга А.О-ийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 919 дугаар албан бичиг “...О.Н- нь Хан-Уул дүүргийн 24-р хорооны О- О- дугаар байр 18 тоотод ам бүл 3 буюу 2 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов ...” /2хх 79/ гэсэн албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Н-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн насанд хүрээгүй 2 хүүхдийг асран хамгаалах үүрэг хэнд шилжиж, хэрхэн шийдвэрлэх талаар дүгнээгүй байна.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т “эцэг эх нь хоёулаа ... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд. ...” гэж хуульчилсан бөгөөд  шүүгдэгчийн насанд хүрээгүй гэх 14-өөс 18 хүртэлх насны хүүхдэд асран хамгаалагч тогтоох ёстой байтал энэ талаарх ажиллагаа хийсэн баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Н- хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Н-ын Н- /РД:СН-/, Н-ын А- /РД:СА-/ нарын анхаарал халамжид байх эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай.

Учир нь, Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйлд “... 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг Конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ”Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ”, мөн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй” хэмээн бататган хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн...гэм буруугийн хэлбэр...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал...-ыг нотлон тогтоохоор, мөн Монгол Улсын Их Хурлаас О-2 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжийг хуулиар олгосон болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт өгөөгүй болохыг дурдаад, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн О-6 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн О-6/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.Н-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.          

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн О-6 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн О-6/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Н-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ