Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00233

 

 

 

Истим ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Истим ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тогтмаад холбогдох, орон сууцны хөлс 2 250 000 төгрөг, алданги 544 500 төгрөг, нийт 2 794 500 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, Б.Үржинцэрэн, хариуцагч Д.Тогтмаа, түүний өмгөөлөгч Ш.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням шүүх хуралдаанд тайлбартаа: Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Оросын Холбооны Улсын /цаашид ОХУ-ын гэх/ өмчлөлийн орон сууцны зориулалттай 7 дугаар байрыг түрээслэх гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөний байгууллагатай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. 7 дугаар байрны 26 тоот, 2 өрөө орон сууцыг түрээслэх гэрээг Истим ХХК нь Б.Тогтмаатай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.2-т заасан сард төлөх түрээсийн төлбөр 450 000 төгрөг гэж заасан. Түрээслэгч нь 6, 7, 8, 9,10 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг Д.Тогтмаад удаа дараа амаар болон утсаар, бичгээр мэдэгдэж байсан. Төлбөрийг төлөхгүй бол шүүхэд хандах талаар түүний утас руу нь мессэж бичиж мэдэгдсэн. Д.Тогтмаа өөрөө нэг өрөөнд нь амьдарч нөгөө өрөөг дамжуулан түрээслэсэн. Тэрээр хууль буюу гэрээгээр тохирсон төлбөрөө төлөөгүй тул түүнээс 6-10 дугаар сарын түрээсийн төлбөрт 2 250 000 төгрөг, гэрээний 4.4-т зааснаар 0,5 хувийн алданги тооцож алдангид 544 500 төгрөг, нийт 2 794 500 төгрөг гаргуулж, Д.Тогтмаагийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Тогтмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан хугацаанд орон сууцыг түрээслэсэн нь үнэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан тул маргааныг хянан шийдвэрлэх хүртэл төлбөрийг төлөхгүй. Түрээсийн төлбөрөө төлөх ёстойг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй. Маргаантай асуудал үүсгэсэн тул 6, 7 дугаар сарын төлбөрийг төлөхгүй. Түрээсийн төлбөрөө төлж байсан. Гэтэл түрээслүүлэгч нөхцөл байдлыг хүндрүүлж, төлсөн төлбөрийг төлөөгүй гэсэн тул энэ асуудлыг албан ёсоор шийдвэрлэж түрээсийн төлбөрөө төлье гэдэг шаардлага тавьсан. Хоёр улсын гэрээгээр энэ орон сууцыг хувьчилна гэж байгаа учир үүнд хамрагдах эрхтэй тул орон сууцыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газартай гэрээ хийсэн атлаа зөвшөөрөлгүй байхдаа түрээслэгчтэй гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчид орон сууцыг түрээслэх эрх үүсээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Тогтмаагаас 2 794 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож, Д.Тогтмаагийн эзэмшлээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 792 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Тогтмаагаас 142 792 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Тогтмаа болон түүний өмгөөлөгч Ш.Чингис нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Гэрээнд оролцогч талууд харилцан ашигтай байх үндсэн зарчмыг зөрчин компанид давуу эрх олгосон. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Истим ХХК-тай байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7 дугаар байранд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр байршуулж үйлчилгээ үзүүлж төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр хийгдсэн болохоос гуравдагч этгээдэд түрээслэн төлбөр авах эрх олгоогүй. Гэтэл гэрээний хугацаа дууссан байхад түрээслэгчээс төлбөр авч төлбөр төлөх хугацаа, 5, 6 хоног хэтрүүлэхэд цахилгаан таслаж, эргэж залгуулахад 10 000 төгрөг авдаг. ОХУ-ын төлөөлөгчийн газартай гэрээтэй эсэхийг үзье гэхэд үзүүлдэггүй. ОХУ-ын төлөөлөгчийн газартай нөхөж гэрээ хийсэн гэж үзэж байна. Истим ХХК-ийн нь орон сууцны ашиглалттай холбоотой ажил үйлчилгээ эрхлэхдээ уг үйлчилгээний онцлогоос хамаарч холбогдох байгууллагуудаас үйл ажиллагаа явуулах, эрхлэх зөвшөөрөл аваагүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж иргэдээс түрээсийн төлбөр авсан. Сууц өмчлөгчид төлбөр төлж, үйлчилгээ авч байгаагийн хувьд ямар үндэслэлээр төлбөр авах болсон юунд үндэслэн төлбөрөө тогтоосныг хянах эрхтэй. Энэ талаар Истим ХХК-аас тодруулахад тайлбар өгдөггүй. Истим ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан иргэдээс түрээсийн төлбөр авахдаа хувь хүний дансаар авдаг. Оросын холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улсын Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын гэрчилгээнд "өөртөө ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан байхад Истим ХХК-тай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулан ашиг олж байна. Истим ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газартай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 94/17 тоот "Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх" гэрээ байгуулсан. Гэрээний 7.2-т "энэхүү гэрээ нь түрээс, түрээслэх бусад ижил төстэй гэрээний гэрээ биш бөгөөд захиалагчын зүгээс (Истим ХХК) объект дотор гүйцэтгэгчийн эд хөрөнгө дээр эрх үүсгэх үндэслэл биш болно" гэж заасан нь орон сууцыг цааш нь түрээслэх, эрх үүсэх үндэслэлгүй болохыг тусгасан. Истим ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчлөлийг удирдан Үйлдвэрийн газартай 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан эд хөрөнгийг актаар хүлээлцсэн бөгөөд энэ үеэс иргэн Д.Тогтмаатай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг албан ёсоор эсвэл өмнөх гэрээг шинэчлэн байгуулаагүй атал шүүхээс түрээсийн төлбөр гаргуулах, түрээсийн гэрээний дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улс дахь ОХУ-ын өмчлөлийн орон сууц нь 2 улсын хоорондын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдах ёстой гэж ойлгож байгаа учир ямар гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг, түүнд ямар нэмэлт өөрчлөлтүүд орсон талаарх материалуудыг холбогдох байгууллагаас гаргуулан авч дээрх асуудлын эргэлзээг гарган Истим ХХК-ийн Д.Тогтмаатай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус хэлцэл аль нь болохыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байхад шүүх хүлээж аваагүй нь үндэлэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Истим ХХК нь хариуцагч Д.Тогтомаад холбогдуулан орон сууцны хөлс 2 250 000 төгрөг, алданги 544 500 төгрөг, нийт 2 794 500 төгрөг гаргуулах, орон сууцыг Д.Тогтмаагийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, Истим ХХК нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7 дугаар байр, 26 тоот орон сууцыг Д.Тогтмаад хөлслөх, хөлслөгч нь орон сууц хөлсөлсний төлбөрт сар бүрийн 15-ны дотор 450 000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос дүгнэвэл Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-6-7/

 

Истим ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газартай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 94/17 дугаар байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар нь Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7 дугаар орон сууцанд захиалагчийн төлөөлөгчдийг түр байршуулах, захиалагч Истим ХХК нь үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцож, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дээрх орон сууцыг Истим ХХК-д актаар хүлээлгэн өгсөн.

 

Уг орон сууцыг нэхэмжлэгч Истим ХХК хариуцагч Т.Тогтмаад дамжуулан хөлслүүлснийг хөлслүүлэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар маргаагүй улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг гэрээг үргэлжлүүлэн байгуулжээ. Иймд орон сууцыг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээслэх эрхгүй тул орон сууц хөлсөлсний төлбөр шаардах эрхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан.

 

Талууд орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ба мөн хугацаанаас хойш хөлслөгч нь гэрээний зүйл болох орон сууцыг үргэлжүүлэн хөлслөж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг сунгасан гэж үзэх тул хариуцагч Д.Тогтмаа орон сууцны хөлс төлөх үүрэгтэй.

 

Хөлслөгч Д.Тогтмаа нь 2020 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл орон сууц хөлсөлсний төлбөр 2 250 000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй. Харин алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Талууд гэрээний 2.3-т Түрээслэгч тал сар бүрийн 15-ны дотор түрээсийн төлбөр 450 000 төгрөгийг түрээслэгч талд төлнө гэж, 4.4-т Хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн заалттай нийцжээ. Иймд хөлслөгч Истим ХХК нь нийт 5 сарын хөлс 2 250 000 төгрөг, алданги 544 500 төгрөг, нийт 2 794 500 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.5 дахь хэсэгт ... хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ хуулийн 294.3-т заасан хугацааг хугацааг баримтлах үүрэгтэй гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж тус тус заасан тул хөлслүүлэгч Истим ХХК нь орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар мэдэгдэлийг хөлслөгч талд хүлээлгэн өгснөөр дээрх хугацаа тоологдох учиртай.

 

Хэргийн 28-31, 33 дахь талд авагдсан мэдэгдлүүдийг тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлийг Д.Тогтмаа хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлах, хариуцагч Д.Тогтмаагийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхгүй. Иймээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.Тогтмаагийн хувьд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, орон сууцны төлбөрийг төлөх ёстой этгээдэд төлсөн эсэх талаар маргасан нь түүнийг орон сууцны хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 305 дугаар зүйлийн 305.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тогтмаагаас 2 794 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Тогтмаагийн эзэмшлээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Д.Тогтмаагаас 142 792 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгосугай гэснийг ... хариуцагч Д.Тогтмаагаас 59 662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 143 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БАЙГАЛМАА