Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж,  шүүгч Р.Батбаяр, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч А.Хэрлэнчимэг, С.Цэцэгмаа шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1839000000090 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний орой иргэн Г.М- гэрийн гадаа Б.М-н толгойн тус газарт модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б “Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин ярихад хэцүү байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Тэгээд М ахын гэрт ороод хоол идээд гэрийн зүүн талд манай нөхөр сууж байтал гаднаас Э.Б ганцаараа орж ирсэн, яг араас З ах гэр лүү орж ирээд  гэрийн хойгуур суусан, би З ахад хоол хийж өгсөн. Тэгсэн Э.Б манай нөхрийг “Чи хүний дугуй унаж яваад пязда чинь дураараа айлд орхилоо, яваад аваад ир” гээд уурлаад байсан, харин манай нөхөр Э.Бд “та өвөөдэй /Номин-Эрдэнэ/-г аваад манай руу явахаар чинь би дугуйг нь унаад  гэрийн чинь гадаа орхиод морио унаад ирлээ” гэж хэлсэн. Тэгтэл Э.Б гаръя гээд манай нөхрийг хоолоо идээд сууж байхад дээлнийх нь мөрөн дээрээс нь татаад гарсан. Тэгэхээр би тэр хоёрын араас нь гэрээс гарсан чинь манай нөхөр “Э.Б ах намайг толгой руу цохичихлоо, толгой эргээд байна ханиа” гэж хэлтэл бараг энэ үгээ хэлж амжаагүй байхад нь араас нь эргэж ирээд ахиад баруун гараараа ар дагз хэсэг рүү нэг удаа цохиод авсан, тэгээд би Э.Б-ыг салгах гээд  таттал өмсөж байсан куртикнийх нь малгайг  ханз татчихсан. Энэ үед З ах гэрээс гараад ирчихсэн байсан, З ахыг хэзээ гарч ирсэн гэдгийг нь мэдээгүй, мөн манай нохой Э.Б руу дайрч байхад нь З ах нохойг салгаад уях гээд хойш нь уяа руу чирээд явсан. Тэгээд гэрийн зүүн  урд байсан гадасны модыг манай нөхөр аваад хойшоогоо машины саравч руу чиглүүлээд шидсэн, тэр модыг Э.Б аваад цохичхож магадгүй гэж бодоод л өөрөөсөө холдуулж шидсэн байх гэж бодож байна. Модоо шидчихээд гэрийн зүүн урд талд байж байснаа гэнэт манай нөхөр  “аллаа” гээд хоёр гэрийн голоор гараад зүүн хойшоогоо гүйсэн, араас нь Э.Б  нэг урт мод гартаа барьчихсан далайгаад хөөхөөр нь би модыг  булааж авах гээд зүүн гараараа модон дээрээс бариад автал модоо шувт татаж аваад нөгөө модоороо миний нуруу руу нэг удаа хальт цохиж аваад манай нөхрийн араас гүйсэн. Би ч араас нь гүйсэн, тэгтэл зүүн гэрийн хойд талд манай нөхөр бүдрээд газар доошоо хараад унасан, тэгтэл Э.Б араас нь очоод толгойны ар хэсэг рүү нь нөгөө модоороо 1 удаа далайж ирээд маш хүчтэй цохиод авсан, ингэж байхдаа “алнаа чамайг” гэж хэлж байсан, тэгээд ахиад  нэг далайгаад зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд би гүйгээд очтол манай  нөхөр дээшээ хараад хэвтэж байсан, яг энэ үед  Э.Б “чамайг алж байж явна” гээд ахиад нөгөө модоороо цохих гээд далайхад нь З ах хүрч ирээд  Э.Б-ыг түлхэж холдуулаад бүснээс нь чангаагаад урагшаа авч явсан, Э.Б гартаа барьж байсан модоо саравчны баруун талд хураалттай байсан түлээний  мод руу шидэж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-32 хуу/

Гэрч Д.Ч мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн орчим манай гэр бүлийн хүн а хөдөө салхит гэх газраас утсаар яриад Э.Б нь М-г зодчихлоо гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн орчим нас барчихлаа гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 хуу/

Гэрч Ч.З-н мөрдөн байцаалтад өгсөн “...М-н  гэрт талийгаач эхнэр хүүхэдтэйгээ байсан мөн Э.Б байсан. Э.Б нь М-г хүний мотоцикль унаж айлын  гадаа хаялаа хэн чамайг Н-н мотоциклийг унаж яв гэсэн юм гэж хэлсэн. Э.Б М хоёр маргалдаад гэрээс гарсан. С, З ахаа энэ хоёр зодолдлоо гараад  ир гэж хашхирсан би гэрээс гарсан. М, Э.Б хоёр заамдалцаад зогсож байсан. Э.Б  хөсөг тэрэгний хөндөл модыг аваад М-г цохих гэсэн талийгаач М зугтаад гэрийн зүүн  хойд талд гарсан Э.Б мод бариад араас нь хөөсөн. Э.Б-ы араас манай нохой дайраад дээлний хормойноос хазсан би нохойгоо барьж аваад уяанд нь уяад эргээд хартал С аллаа гээд хашхирсан. Талийгаач газар уначихсан байсан Э.Б алнаа чамайг гээд М-г цохих гээд далайж байсан би очиж Э.Б-ыг цааш нь  түлхэж холдуулсан. Энэ үед М хэвтэж байсан, С хоёр удаа цохичихлоо гэж байсан. М ухаан алдсан хамар болон чихний нүхнээс цус гарч байсан С гэрт оруулмаар байна гэсэн би өргөж М-н гэрт М-г оруулсан. М  ямар ч хөдөлгөөнгүй байсан. Э.Б М-г цохисон модоо малын саравчны баруун талд байх модон  дотор хаясан байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Э.Б, М-г үхчихсэн байх юм бол би та нарыг бүгдийг чинь ална гэж бархирсан. Би тэгээд айгаад гэрээс баруун хойд зүгт явган Н-н хамт зугтсан. Э.Б  гэрийн гадуур  машинтай гэрлээ  тусгаж давхиж байгаад зүүн урд зүгт явсан удалгүй дахиж эргэж ирж манай гадуур гэрэлтүүлж эргэлдэж байгаад буцаад машинтай явсан” гэх мэдүүлэг. /хх-н 56-57 хуу/

Гэрч Г.Мын  мөрдөн байцаалтад өгсөн “Талийгаач дүү М маань уржигдар буюу 2018 оны 04 сарын 20-ны өдөр эхнэр хүүхдийн хамт малд туслахаар ирсэн. Тэгээд өчигдөр  буюу 2018 оны 04 сарын 21-ний өдөр 11 цагийн үед адуундаа мордсон. Орой нар жаргаад харуй бүрий болж байх үеэр Э.Б, Н хоёр Э.Б-ы машинтай нь манай хотонд ирсэн, Э.Б архи уучихсан гуйвж дайвсан байдалтай байсан, харин Н болохоор эрүүл  байсан, энэ үед гадаа талийгаачийн эхнэр С, Ч, З бид хэд ишиг хурга тавиад байж байсан. Э.Б, Н хоёр ирээд морио малын саравчнаас уяад мориныхоо эмээлийг  авч тавиад гэрлүүгээ орсон. Тэгээд хашаанаас Э.Б манай гэр лүү талийгаачийн араас орсон, хашаанд дотор Н, Ч бид 3 ишгээ хөхүүлээд үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай бэр С Мөнхжаргал ахаа гээд орилж бархирахаар юу болов гэж бодоод малын саравчнаас гүйгээд гэр лүү яваад ороход талийгаач гэрийн баруун орон дээр зүүн чихнээс цус гарчихсан, зүүн шанаа хөхөрч хавдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. С  тэр үед надад  “Э.Б модоор толгой руу цохичихлоо, Э.Б ийм болгочихлоо” гэж хэлсэн. Би Э.Б-аас “Яаж байгаа юм бэ чи” гэж асуухад тэгсэн ингэсэн гэж юу ч хэлээгүй. Тэгээд З-н гэрт нь суурин Жи мобайлын  утас байдаг болохоор З гэрлүүгээ орж түргэн дуудсан. Тэгээд би гэрээс гарч бие засчхаад  эргээд гэрлүүгээ орох гэж байхад Э.Б гэрийн үүдэнд “Ахаа би цохичихлоо” гээд уйлаад байсан. Тэгээд би ч сандраад юу хийхээ мэдэхгүй гарч ороод л байж байсан. Тэгж байх зуур Э.Б машинтайгаа хөдлөөд  явчихсан, мөн З, Н нар хаашаа явсан гэдийг мэдэхгүй, нэг мэдсэн алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 58-60 хуу/

Гэрч Ю.Ч-н  мөрдөн байцаалтад өгсөн “... Хүн алчихлаа авраарай гээд С хашхирсан. Саравчны дотор Н, М  хоёр байсан. Би юу болоод байгаа юм бэ гээд саравчнаас гарч гэрийн  зүүн хойд талд очиход Э.Б мод барьчихсан зогсож байсан. М ямар ч хөдөлгөөн байхгүй газар хэвтэж байсан. Манай хүү З нь хажууд нь зогсож байсан. С нөхрийнхөө хажууд байсан. С би нөхрийгөө гэртээ оруулмаар байна гэсэн манай хүү З, М-г өргөж М-н гэрт оруулсан. Тэгээд түргэн тусламж З дуудсан. М-н баруун хацар зулгарсан, зүүн чихнээс  цус гарсан байсан хавдсан байсан. Э.Б би хүн алчихлаа би яах юм бэ гээд орилоод байсан. Э.Б танайхан түргэн тусламж дуудаж байна түргэн тусламжтай хамт цагдаа ирнэ шүү дээ гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 61-63 хуу/

Гэрч М.Н мөрдөн байцаалтад өгсөн “...М гэрийнхээ гадаа ирж байсан би М-тай уулзаагүй. Сг хашхирсан. Ч эгч  юу болов гээд саравчнаас гарсан би хэсэг хугацааны дараа араас нь  гарсан тэгсэн чинь С  нь манай нөхрийг Э.Б нам цохичихлоо ухаангүй байна гэж байсан. М нь Мөнхжаргал ахын баруун талын орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Э.Б ах би хүн алчихлаа гээд орилоод байсан. З ах бид хоёр  айгаад явган хөдөө явж нуугдсан. Э.Б  машинаа асаагаад  гэрлүүгээ яваад өгсөн хэсэг хугацааны  дараа дахиж эргэж ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 64-66 хуу/

Гэрч Л.Алтанчулууны мөрдөн байцаалтад өгсөн “...Зын ээж Ч утсаар Э.Б энүүгээр согтуу явж байна, М-г цохичихлоо, М энд ухаагүй байна. Тэгээд буу сум яриад байна, би бууг нь аваад нуучихсан, танайх руу очиж магадгүй, урагшаа явчихлаа, буу сум ил байвал нуугаарай гэж хэлсэн ...тэгээд утсаа салгаад гэрийнхээ хойно сууж  байтал хаалга шагайгаад  намайг дуудсан, гараад очтол Э.Б нийлэн согтуу машиндаа сууж байсан, хаалгыг нээх гэсэн чинь хаалга нь гаднаасаа онгойхгүй, өөрөө дотроосоо нээсэн. Тэгээд  яаж явааг асуухад Э.Б “Дүү нь Т-г цохичихлоо” гэж хэлсэн, талийгаачийг Т гэж дууддаг юм. Яагаад  зодолдоод байгаа юм бэ? Та хоёр цуг архи уусан юм уу?  гэхэд “Тийм ээ цуг уусан, би саравчаар явахад М ах л ганцаараа хашаа руу явж байх юм, ганцаараа М ахын мал юм уу гэж хэлсэн чинь М далан дундуур  модоор цохихоор нь би зөрүүлээд цохисон чинь ойчоод ухаан алдчихсан” гэж хэлсэн. Тэгээд 1 ширхэг сум өгчих, би хүн алчихсан, би өөрийгөө ална гээд байсан ...Э.Б ер нь их л хөнгөхөн зантай сүр сар хийсэн хүн байгаа юм, бас сэргэлэн ой тогтоолт сайтай. Морь мал уядаг, малд сайн тийм л залуудаа...” гэх мэдүүлэг. /хх-ийн 67-69 хуу/

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...19 цагийн орчим Э.Б ах аавын машинтай ганцаараа гэрт ирсэн. Э.Б ахаас архи үнэртэж байсан ...Э.Б ах надад ах нь М-тай муудчихлаа, ах нь явлаа гэсэн. Буу сум байна уу гэж хэлсэн. Э.Б ах гэрээсээ гараад баруун хойд зүгт явсан, тэгэхээр нь би М--д ах танайх руу чигтэй явлаа буу сум яриад байна та очихоор нь шалгаарай гэж хэлсэн ...гэртээ байхдаа архи уугаад байдаггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 67-69 хуу/

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хүү Э.Б нь 1989 оны 12 сарын 13-ны өдөр Норовлин суманд төрсөн, манай том хүү, доороо 4 дүүтэй. Бага насандаа бол ээж аавын хамт хөдөө мал дээр өссөн, сумынхаа сургуульд 8-р ангиа 2005 онд төгсөөд Хэнтий аймгийн төвд очиж Тэмүүжин цогцолбор сургуульд 11-р ангиа 2007 онд төгсөөд Дорнод аймгийн Дорнод дээд сургуульд 4 жил суралцаж математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр 2011 онд төгссөн. Дээд сургуулиа төгсөж ирээд ямар нэгэн ажил төрөл хийгээгүй, хөдөө аав ээжийнхээ хамт мал маллаж өдийг хүртэл амьдарч байна. Зан байдлын хувьд бол миний хүү хүнтэй айхтар маргалдаж муудалцаад байдаггүй, элдэв муу зангүй. Дүү нартай халамжтай, аав ээжийнхээ үгэнд ордог хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 72-74 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 27 дугаартай

  1. Талийгаач Б.М цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн ухархайн дээд хана цөмөрч бяцарсан, зүүн ухархайн дээд хананаас суурь ясны зүүн их далавч, турк эмээл, баруун ухархайн дээд ханаар  дайраад, суурь ясны баруун их далавч хүрсэн, зүүн ухархайн дээд хананаас зүүн талын чулуулаг хүрсэн, том нүхнээс дагзны зүүн баруун хэсэг рүү үргэлжилсэн, том нүх тойрсон олон нийлмэл хугарлууд, зүүн чамархай  бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, дагз, зүүн чамархайн хэсгийн хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун хөмсөг, хацар, эрүү, хүзүү, баруун шуу, дунд хуруу, зүүн шуунд зулгаралт, зүүн шанаа, чих чамархайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Талийгаач нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
  5. Талийгаач Б.М цусанд 2,1 промили, ходоодонд 2,3 промили спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын үзүүлэлт болно.
  6. АВО системээр А (II) –р бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх-н 79-80 хуу/
  1. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 119 хуу/, хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх-н 121-122 хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 124-126 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
  2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг “Салхитын ар” гэх газарт талийгаач Б.М нь биедээ гэмтэл авч нас барсан үйл баримт болсон байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сийн “...гэрийн хойд талд манай нөхөр бүдрээд газар доошоо хараад унасан, тэгтэл Э.Б араас нь очоод толгойны ар хэсэг рүү нь нөгөө модоороо 1 удаа далайж ирээд маш хүчтэй цохиод авсан, ингэж байхдаа алнаа чамайг гэж хэлж байсан, тэгээд ахиад  нэг далайгаад зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд би гүйгээд очтол манай  нөхөр дээшээ хараад хэвтэж байсан, яг энэ үед  Э.Б чамайг алж байж явна гээд ахиад нөгөө модоороо цохих гээд далайхад нь З ах хүрч ирээд  Э.Б-ыг түлхэж холдуулаад бүснээс нь чангаагаад урагшаа авч явсан...” гэх мэдүүлэг

          Гэрч Ч.З-ын “...Талийгаач газар уначихсан байсан Э.Б алнаа чамайг гээд Мөнхтулгыг цохих гээд далайж байсан би очиж Э.Быг цааш нь  түлхэж холдуулсан. Энэ үед М хэвтэж байсан, С хоёр удаа цохичихлоо гэж байсан. М ухаан алдсан хамар болон чихний нүхнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг

          Гэрч Г.М-ын “...талийгаач гэрийн баруун орон дээр зүүн чихнээс цус гарчихсан, зүүн шанаа хөхөрч хавдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд талийгаач Б.М амь нас хохирсон шалтгаан шүүгдэгч Э.Б-ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Салхитын ар” гэх газар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр талийгаач Б.М толгойн тус газар модоор цохиж алсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, шүүгдэгчийн харгис, догшин зан авираас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Э.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

            Шүүхээс шүүгдэгч Э.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь хохиролд нийт 4.000.000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлж болохоор заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.

          Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдол бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шууд үндэслэлийг бий болгохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэний эцэст хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болно.   

 

 

          Хохирол төлбөрийн талаар:

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Г-с А.С, М.Бямба нарт тус бүр 2.000.000 төгрөг төлсөн талаарх Төрийн банкны баримт, талийгаачийн оршуулгад гурван хонь, дөрвөн ямаа хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх гараар бичсэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сийн оршуулгын зардалд шүүгдэгчийн ээж Д.Э-с 4.600.000 төгрөг хүлээн авсан тул Н.Э.Бд гомдол саналгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн баримтуудыг гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Сийг тогтоосон байхад талийгаачийн ээж М.Б гэх хүнд 2.000.000 шилжүүлсэн нь ойлгомжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сээс тус шүүхэд “надад шилжүүлсэн 2.000.000 төгрөг бол талийгаачаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн мөнгө юм. Мөн шүүгдэгчийн аав Э-н, ээж Э-г нар нь хохирлоо бүрэн төлүүлж авсан, гомдол саналгүй гэж хэлүүлж бичүүлсэн тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх хүсэлтийг /2-р хх-н 6 хуу/ ирүүлсэн, дээрхтэй утга адил баримтыг шүүгчийн туслах Л.Х үйлджээ. /2-р хх-н 5 хуу/   Мөн хохирол нэхэмжилсэн баримтад хонь, ямаа нэхэмжилсэн талаарх баримт байхгүй, дээрх хонь, ямааг хэдэн төгрөгөөр үнэлж, хохирлын дүнгээс хассан нь тодорхойгүй байна.

          Иймд хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар  зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус                                     удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Э.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бы цагдан хоригдсон 136 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мод 1 ширхэг, цусаар бохирлогдсон шороо /цаасан ууттай/, саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн куртик, юүдэн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 5.591.425  төгрөгийг  гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ст олгосугай.
  7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 М.Энхмандах 

ШҮҮГЧИД                           Р.Батбаяр

                                                Т.Энхмандах