| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2506043983170 |
| Дугаар | 2026/ДШМ/504 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/504
2026 04 24 2026/ДШМ/504
Х.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганцэцэг,
хохирогч Ш.Б-,
шүүгдэгч Х.О-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.О-т холбогдох эрүүгийн 2506043983170 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Х-ын О-, 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “Х-” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... тоотод оршин суух бүртгэлтэй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Х.О-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хорих ялаар тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 9 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 28 хоногийн хорих ялаар тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УХ-/;
Шүүгдэгч Х.О- нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ш.Б-ын эзэмшлийн Х- УНГ улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 995.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Х-ын О-ыг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.О-аас 995.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Б-од олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал хохирогч Ш.Б- нь “хохирол төлбөрөө аваагүй” гэх худал мэдүүлэг өгч, Х.О- миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. ХХХхХэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд намайг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ш.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн туслах над руу утсаар ярихад би “...995.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн...” гэдгийг хэлсэн. Миний брэндийн үнэртэй ус, бусад жижиг, сажиг зөндөө зүйлс алга болсон. Миний пүүзийг хүртэл хулгайлсан байсныг би очиж авсан. Ийм учраас миний хохирлыг гүйцэд барагдуулаагүй. За ярьшиг гээд би машинаа засуулчихаад, ээжтэй нь яриад “ийм мөнгө гарсан, үүнийг төлчихвөл би гомдол, саналгүй” гэж хэлсэн боловч сүүлдээ намайг илүү дутуу мөнгө авах зорилготой байна, худал мэдүүлж байна гээд миний нэр төрд халдаад байгаа. ...Миний автомашин Х- УНГ гэсэн улсын дугаартай байсан, сүүлд дугаарыг нь сольсон.” гэв.
Прокурор Э.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Х.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Х.О- нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүнд торгох ял оногдуулах нь биелэх боломжгүй. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.О- нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ш.Б-ын эзэмшлийн Х- УНГ улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ш.Б-ын “...зуслангийн байшин дээрээ засвар хийлгэхээр Х.О-ыг авч очсон. Засвар хийж байгаад орой 22:00 цагийн үед Х.О- “бие засчихаад ирье” гэж хэлээд гарахдаа ширээн дээр байсан миний “Приус 41” маркийн Х- УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад, машиныг унаад явчихсан байсан. ...Би машинаа гудамж болгоноор хайгаад, Х.О-ын гэр рүү нь явж байхад Хангайн 6 дугаар гудамжинд миний машинтай ижилхэн дугааргүй, хар “Приус” зогсож харагдсан. Тухайн машин дээр очиход миний машин мөн байсан ба тэр үед Х.О-ын утаснаас “...машин чинь Хангайн 6-д байгаа шүү, түлхүүр нь голын хайрцагт байгаа...” гэсэн мессэж ирүүлсэн. Машины урд крило зурагдсан, хойд буфер хагарсан, түгжээнүүд нь хугараад доошоо унжсан, багажны доод хэсэг хагарсан байсан. Урд номерыг тайлаад, дотор сандал дээр тавьсан байсан. Мөн над руу 9Х-0 дугаараас залгаад “...машин янзалж өгөхгүй юм уу?” гэхээр нь “би машинаа хулгайд алдчихсан байж байгаад сая олж аваад зогсч байна, би мэдэхгүй” гэж хэлэхэд “таныг цагдаад өглөө” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс яриад “таны машин өчигдөр машин мөргөсөн байна” гэж хэлсэн. ...” /хх 10-11, 16-17, 20/,
Х.О-ын яллагдагчаар өгсөн “...Ш.Б- ахтай Гачууртын “Хар усан тохой” гэх газарт зуслангийн байшинд засвар хийлцэж байгаад орооллоос найзыгаа авах хэрэг гараад машиныг нь өөрт нь хэлэлгүй авч явсан. Машиныг унаж явж байгаад Хорооллын эцсийн буудлын урд талын байран дунд “Приус 30” загварын автомашинтай мөргөлдсөн. Намайг осол хийхээс өмнө Ш.Б- ахыг залгахаар нь “одоо очлоо” гээд тасалсан. Ш.Б- ахын автомашиныг зөвшөөрөлгүй авч яваад, хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 79-80/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.О-ын завших зорилгогүйгээр хохирогч Ш.Б-ын эзэмшлийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.О- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд харин “хохирол төлөгдсөн тул торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ш.Б- нь 995.000 төгрөгийн хохирлоо авсан гэж байгаа хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О-т оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон байх тул “торгох ял болгон өөрчлөх” талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.О- нь 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 445.000 төгрөгийг буюу нийт 995.000 төгрөгийг хохирогч Ш.Б-ын 5Х-5 тоот дансанд шижлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.О- нь 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 445.000 төгрөг буюу нийт 995.000 төгрөгийг хохирогч Ш.Б-ын 5Х-5 тоот дансанд шижлүүлсэн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН