Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1079

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2011 оны 210079 тоот актад холбогдох 138,797,700 төгрөгийн нөхөн татвар, 40,679,900 төгрөгийн торгууль, 58,914,100 төгрөгийн алдангийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2011 оны 210079 тоот актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “МИАТ” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас “МИАТ” төрийн өмчит хувьцаат компаний 2006-2010 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2011 оны 210079 тоот актаар 21.397.605.5 мянган төгрөгийн зөрчилд 4,492,328.5 мянган  төгрөгийн   нөхөн   татвар,   1,130,727.7   мянган   төгрөгийн   торгууль, 864,702.3  мянган  төгрөгийн алданги, 119,568.1 мянган  төгрөгийн хүү, нийт 6,607,326.6  мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Компани уг актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, захиргааны шүүхэд гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамжаар 126,609, 200 төгрөгийн нөхөн татвар, 25,005,300 төгрөгийн торгууль, 16,399,600 төгрөгийн алданги, 20,377,100 төгрөгийн хүү, нийт 188,391,200 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр эцэслэн шийдвэрлээд байна.

Улсын Их Хурал 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль   болж   байнгын   ажиллагаатай парламент   байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан. 

          Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн 1.1-д " ...Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д:"... Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө" гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу “МИАТ” ХК нь 188,391.200 төгрөгийн татварын тайланг татварын байгууллагад тайлагнаад байна.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "...Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шимтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна" гэжээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 210079 дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн /1992 он/ 13 дугаар зүйл, 74 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу татварын зөрчилд торгууль, алданги, хүү тооцон хариуцлага ногдуулсан ба эдгээр зөрчил нь Татварын улсын байцаагчийн акт, шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон.

“МИАТ” ХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд АНУ-ын Боинг компаниас худалдан авсан Б-767-300ЕК агаарын хөлгийн зээлийг эргэн төлөхтэй холбоотой дээрх татварын төлбөрийг төлөхөд санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.

Татварын улсын байцаагчийн 210079 дугаар акт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу төлүүлэх төлбөр болох 126,609.200 төгрөгийн нөхөн татвар, 25,005.300 төгрөгийн торгууль, 16,399.600 төгрөгийн алданги, 20,377.100 төгрөгийн хүү, нийт 188,391.200 төгрөгийн төлбөрийг хуулийн дагуу чөлөөлөх, мөн хуулийн дагуу зөрчлийг өршөөлд хамруулж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“Улсын төсвийн орлого хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн захиргаа хууль эрх зүйн хэлтсийн татварын улсын байцаагч С.Батбилэг би “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах хариу тайлбар гаргаж байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3562 дугаар чиглэл өгөх тухай албан тоотоор 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албадад бүртгэлтэй Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт шалгалт /татвар, хүү, алданги/-ын өрөөс нөхөн татвараа төлсөн болон татвар төлөгчийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тухайн татварын албаны даргын тушаалаар актаар ногдуулсан хариуцлагыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэнэ гэжээ. “МИАТ” ХК-ийн 2001 оны 210079 тоот актыг захиргааны шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 тоот актаар “МИАТ” ХК-д шалгалтаар илэрсэн 21,397,605.5 мянган төгрөгийн зөрчилд 4,492,328.5 мянган төгрөгийн   нөхөн   татвар, 1,130,727.7   мянган   төгрөгийн   торгууль, 864,702.3  мянган  төгрөгийн алданги, 119,568.1 мянган  төгрөгийн хүү, нийт 6,607,326.6  мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан байх ба Татварын маргаан таслах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор дээрх төлбөрийн хэмжээг багасгаж, 21.397.605.5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 6,607,326.6 мянган төгрөгийн төлбөрөөс 4,187,382.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,218,347.6 мянган төгрөгийн төлбөрийг хасч 17,210,223.7 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 5,388,979.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөн тогтоожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221 дугаар шүүхийн тогтоолд зааснаар 2011 оны 210079 тоот актад холбогдох 138,797,700 төгрөгийн нөхөн татвар, 40,679,900 төгрөгийн торгууль, 58,914,100 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг тус тус баталсан байна. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилго нь ...хуулийн этгээд ...нуун дарагдуулсан .../болон/ ... олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан ...байх ба эдгээр үйл ажиллагаа нь ...хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх ...” гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т “...орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварын ...тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд .../орлогоо/ тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр ...тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ...орлогоо ...мэдүүлээгүй ...хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ...мэдүүлсэн бол ...хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд татвар төлөгч хуульд заасан хугацааны дотор “нуусан орлого”-оо сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдүүлснээр уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байна.

Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан “...138,797,700 төгрөгийн нөхөн татварт хамааралтай нуусан орлого”-ын хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “нуусан орлого”-ыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Д.Ганхуяг нар 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн (21/11) 0052 тоот томилолтын дагуу 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн тул татвар төлөгч “МИАТ” ХК-ийг “...нуусан орлогоо өөрийн сайн дураар ил болгож, татварын байгууллагад мэдүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. 

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “...учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй”, 10 дугаар зүйлийн 10.2-т “...өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ...шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх” гэж тус тус заасан байх тул татварын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 тоот акт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамжаар эцэслэн тогтоосон, татвар төлөгч “МИАТ” ХК-нд ногдуулсан захиргааны хариуцлага (шийтгэл) болох “...40,679,900 төгрөгийн торгууль, 58,914,100 төгрөгийн алданги”-ийг уг хуулийн үйлчлэлд хамруулж, өршөөн хэлтрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “МИАТ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,679,900 төгрөгийн торгууль, 58,914,100 төгрөгийн алданги, нийт 99,594,000 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, үлдэх 138,797,700 төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөл үзүүлэх хуульд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамжаар “МИАТ” ХК-аар төлүүлэхээр тогтоосон 40,679,900 төгрөгийн торгууль, 58,914,100 төгрөгийн алданги, нийт 99,594,000 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй. 

2. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 561 дүгээр захирамжаар “МИАТ” ХК-аар төлүүлэхээр тогтоосон 138,797,700 төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙСАЙХАН