| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516000000295 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-04-14 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
Д.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн 2516000000295 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
А овогт Д.С нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, *** настай, ***********, ***** боловсролтой, багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд ***** ангийн багш ажилтай, ам бүл *****, *******, *********** хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д* ********* регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2010 оны 06 дугаар сард Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багшийн сургуулийг төгссөн мэтээр D201******, бүртгэлийн 201****дугаартай “Бага ангийн багш, арга зүйч” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 1994 оны 08 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2008 оны 08 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаа гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.С-г 1994 оны 08 дугаар сараас 2003 оны 12 дугаар сард, 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сард хуурамч бичиг баримт ашиглаж Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилласан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дипломыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-д сануулж, иргэний нэхэмжлэгчийн 235,990,930 (хоёр зуун гучин таван сая есөн зуун ерэн мянга есөн зуун гуч) төгрөгийн нэхэмжлэлээс 169,916,106 (нэг зуун жаран есөн сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун зургаа) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 66,074,824 (жаран зургаан сая далан дөрвөн мянга найман зуун хорин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийн хангагдсан хэсэг буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого 169,916,106 (нэг зуун жаран есөн сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун зургаа) төгрөгийг шүүгдэгч Д.С-аас гаргуулан улсын орлогод оруулах хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бакалаврын D201****** дугаартай, бүртгэлийн 2010-***** дугаартай дипломыг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.С нь МУИС-ийн эдийн засаг, худалдааны ангийг 1988-1992 онд төгсч 1992 оны 9 дүгээр сараас Боловсролын газрын томилолтоор ******** сумын сургуульд математик физикийн багшаар томилогдон ажиллаж улмаар 1994 онд ******** сумын сургуульд бага ангийн багшаар томилогдон 2003 он хүртэл, 2008 оноос одоог хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байна. Д.С нь 2008-2010 оны хооронд МУБИС-д эчнээгээр суралцсан бөгөөд диплом олгогдсон байдаг. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч дипломыг мэдсээр байж 2010 оноос одоог хүртэл ашигласан гэх буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.С-ийн хувьд 1992-1994 онд ********** сумын сургуульд математик физикийн багш, 1994-2003, 2008 оноос одоог хүртэл ********* сумын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байгаа бөгөөд 2010 оны дипломыг ашиглан ажилд ороогүй байна. Гэтэл 2010 оноос хойш ашиглаж байгаа гэдгийг ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар тогтоож байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Д.С-ийн хувийн байдал, төрийн албан хаагчийн хувийн хэрэг материалд шалгалт ажиллагаа явуулалгүйгээр хийсвэр дүгнэлтийг хийж 2010 оноос хойш ашигласан гэж дүгнэсэн байна. Тухайн диплом нь Боловсролын яаманд яагаад бүртгэгдээгүй болох сургууль хуурамч диплом гаргасан эсэх, тухайн диплом ромбо нь 2010 онд олгосон диплом ромботой ижил эсэх эсхүл бүр огт тухайн сургуулийн диплом ромбо мөн эсэхийг огт шалгалгүйгээр хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Боловсролын газраас Д.С-ийн дипломыг хүний дипломтой давхардаж байгаа гэх боловч дугаар нь зөрүүтэй байгаа болно. Иймд хэргийн бодит байдлыг шалгаж диплом ямар учраас хуурамч гэж үзэж байгаа болохыг эргэлзээгүй шалгаж тогтоолгож өгнө үү. Улсад 34 жил ажилласан хүнийг хийсвэрээр ийнхүү дүгнэж байгаа нь сэтгэл санаа, бие махбодийн хувьд дааж чадахгүй байдалд оруулж байгаа учир энэхүү хэргийг эргэлзээгүй хөтөлбөргүй байдлаар бодит байдлыг тогтоолгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Үйл баримтын дүгнэлт: Шүүгдэгч Д.С нь 2010 оны 06 дугаар сард Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багшийн сургуулийг төгссөн мэтээр бакалаврын D201******, бүртгэлийн 201**** дугаартай “Бага ангийн багш, арга зүйч” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2010 оны 07 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан болох нь:
2.1. Хохирогч Ц.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Говь-Алтай аймгийн ********* сумд зөвлөн туслах ажлаар очсон. Би хүний нөөц, багш нартай холбоотой бичиг баримтыг шалгаж үзээд Д.С-ийн хувийн хэргийг авч үзсэн. Системд энэ багшийн диплом баталгаажаагүй байсан. Диплом нь бага ангийн багш гэсэн бүртгэл байхгүй учир баталгаажихгүй байсан. Тэгээд Д.С багшийг өөрөө дуудаж уулзаад таны диплом асуудалтай байна. Та өөрөө сурсан уу? гэхэд сурсан, миний диплом ямар ч асуудалгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд зөрчил илрүүлсэн л бол тухай бүр дээд шатны байгууллагадаа мэдэгдэх ёстой. Яам руу бичиг явуулаад хариу нь өөр хүний нэр дээр байна гэсэн албан бичиг ирсэн учраас цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээс өмнө багшийнхаа хүсэлтийг харж үзээд 5 дугаар сард шилжүүлсэн байгаа. Өөрсдийнхөө юмыг олоод ирэх байх гэж бодоод хүлээж байгаад 5 дугаар сард цагдаагийн газар руу шилжүүлсэн ... Боловсролын яам руу албан бичиг явуулсан. Дипломын асуудалтай тохиолдолд шүүдэг газар нь яам дээр л байдаг...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.2. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2010 онд МУБИС-ийн Монгол хэл Уран зохиолын багшийн ангийг төгссөн ... Миний их сургууль төгссөн бакалаврын D201******* дугаартай бүртгэлийн 2010-****** дугаартай диплом нь боловсролын мэдээллийн санд бүртгэлтэй байх ёстой. Би е-mongolia-р ороод үзэх гэхээр 2011 оноос өмнөх мэдээлэл системд бүртгэлгүй гээд байгаа ... Манай ангийн багш Г.Б, ангийн даргаар Ц.М гэх хүмүүс байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/
2.3. Иргэний нэхэмжлэгч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д.С нь 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ********* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар томилогдсон тушаал нь байгаа. Би ******** сумын ерөнхий боловсролын сургуулийн архив, ********* сумын Засаг даргын Тамгын газрын архив, нийгмийн даатгалын сангийн лавлагаа зэргээр Д.С-ийн 1994-2025 оны 08 дугаар сар хүртэлх улсаас авсан цалинг бодож гаргасан. Д.С нь 1994 онд ажилд орсон боловч цалин аваагүй ... Улсаас Д.С-д мөнгөн урамшуулал олгосон бол ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын лавлагаа дээр гарч ирдэг. Д.С нь цалингаас өөр төрлийн мөнгөн урамшуулал аваагүй. Д.С нь одоогоор ************ сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/
2.4. Монгол улсын Боловсролын яамны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1487 дугаартай “...Д овогтой С-ийн бакалаврын D201******, бүртгэлийн 2010-***** дугаартай дипломыг Монгол улсын Боловсролын их сургуулийн 2010 оны төгсөгчдийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд тус дипломын дугаар бүртгэлгүй байна. Бүртгэлийн 2010-***** дугаараар шүүж үзэхэд Б овогтой Б-д Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр бакалаврын D201********* дугаартай диплом олгогдсоноор бүртгэгдсэн байна...” гэх агуулга бүхий албан бичиг. /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/
2.5. Гэрч Б.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн “D201******* дугаартай бакалаврын диплом, түүний хавсралтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, хэл уран зохиолын анги 2006-2010 гэсэн зургийн цомгийн хуулбар гэсэн 4 хуудас баримт, тэдгээрийг хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас/
2.6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “...Монгол улсын иргэн Д овогтой С нь 2008 оноос 2010 онд Багшийн сургуульд Бага ангийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Боловсролын бакалаврын зэрэг олгов... ” гэх бичилт бүхий бакалаврын D201******, бүртгэлийн 2010-***** дугаартай 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Бакалаврын диплом гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Хууль зүйн дүгнэлт:
3.1. Шүүгдэгч Д.С-ийн бакалаврын D201******, бүртгэлийн 2010-***** дугаартай дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн ажиллахдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дипломыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
3.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-г 1994 оны 08 дугаар сараас 2003 оны 12 дугаар сард, 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сард хуурамч бичиг баримт ашиглаж Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.3. Хуурамчаар үйлдэгдсэн бакалаврын D201******, бүртгэлийн 2010-***** дугаартай дипломыг шүүгдэгчид 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон тул шүүгдэгч нь 1994 оны 08 дугаар сараас 2003 оны 12 дугаар сард, 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллах хугацаанд түүнд олгогдоогүй дипломыг ашиглах боломжгүй юм.
3.4. Шүүгдэгч Д.С “2008-2010 онд 2 жил эчнээгээр сурсан” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх мэдүүлгийн болон бичгийн баримтуудаар дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Д.С-ийн 2010 онд их сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй, харин шүүгдэгчийн ашигласан бүртгэлийн 2010-**** дугаартай диплом нь Монгол улсын Боловсролын их сургуулийг 2010 онд “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр төгссөн иргэн Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь Монгол улсын Боловсролын их сургуульд 2008-2010 онд эчнээгээр суралцаж төгссөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
3.5. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “...эхний жилээ явж суралцсан боловч хоёр дахь жил ар гэрийн шалтгаанаар очиж суралцаж чадаагүй, дүүгийн хадмын талын хүн лүү даалгавраа явуулж шалгалтаа тооцуулж яваад төгсөх болоход диплом явуулсан байсан...” гэж мэдүүлсэн боловч дээд боловсрол эзэмшихэд суралцаж, холбогдох шалгалтыг өгч шаардлага хангасан үнэлгээг авснаар сургуулийн хөтөлбөрийг төгсөж мэргэжил боловсрол эзэмшдэг байдал нь нийтэд илэрхий тогтсон ойлголт бөгөөд энэ тохиолдолд хууль бус буюу хуурамч болохыг нь мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж дүгнэснээр шүүгдэгч Д.С-ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
4. Давж заалдах гомдлын талаар:
4.1. Монгол улсын Боловсролын яамны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1487 дугаартай “...Д овогтой С-ийн бакалаврын D201******, бүртгэлийн 2010-***** дугаартай дипломыг Монгол улсын Боловсролын их сургуулийн 2010 оны төгсөгчдийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд тус дипломын дугаар бүртгэлгүй байна. Бүртгэлийн 2010-*** дугаараар шүүж үзэхэд Б овогтой Б-д Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр бакалаврын D201******* дугаартай диплом олгогдсоноор бүртгэгдсэн байна...” гэх агуулга бүхий албан бичгээр, /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ шүүгдэгч Д.С-ийн диплом нь Боловсролын яаманд бүртгэгдээгүй, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл тогтоогдож байх тул өмгөөлөгчийн шүүгдэгч Д.С-ийн гэм буруу нотлогдоогүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Хохирлын талаар:
5.1. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.С-ийн 1994 оны 08 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2008 оны 08 дугаар сараас 2025 оны 07 дугаар сард Д.С нь улсаас 235,990,930 (хоёр зуун гучин таван сая есөн зуун ерэн мянга есөн зуун гуч) төгрөгийн цалин авсныг нэхэмжилсэн, улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 176,482,327 (нэг зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун хорин долоо) төгрөгийг улсын төсөвт оруулах санал гаргасан.
5.2. Шүүгдэгч Д.С нь бакалаврын D201****** дугаартай, бүртгэлийн 2010-*** дугаартай боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2010 оны 07 дугаар сараас 2025 оны 07 дугаар сард Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллах цаг хугацаанд авсан цалин, хөлснөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тооцох үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын дээрх хугацаанд хамааралгүй хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээлээ.
5.3. Шүүгдэгч Д.С-г анхнаасаа буюу 1994 оны 08 дугаар сараас багшийн албан тушаалд ажилд авч ажиллуулсан бөгөөд түүнд тухайн ажлын байранд шаардагдах мэргэжил эзэмшсэн байх шаардлага хэзээ үүссэн талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирлыг тооцохдоо тухайн салбарын хууль тогтоомж хэм хэмжээний актаар дипломын боловсролтой багш багшлах нарийвчилсан хууль, дүрмийг холбогдох салбарын төлөөллийн оролцоотой мэтгэлцээний үндсэн дээр иргэний журмаар жич шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Боловсролын газар нь шүүгдэгч Д.С-г 2010 оны 07 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуульд хуурамч диплом ашиглан багшаар ажилласантай холбоотой төрд учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ