| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1289/э |
| Дугаар | 1382 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д,Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Батням
улсын яллагч :Д.Уянга:
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал
хохирогч : Ө.Ө
шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т овогт А Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806055671485 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт А Э, 19 оны 8 дугаар сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
А.Э нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суух Ө.Ө гэрийн хаалгыг эвдэн гэрт нь хууль бусаар нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, ДВД тоглуулагч зэргийг хулгайлан авч 403.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 20 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Дарь-эхийн хуучин эцэст барилгын ажил хийж байгаад хамт ажил хийж байсан хүмүүстэйгээ архи уусан. Тэгээд 17,00 цагийн орчимд ганцаараа харих гэж явж байгаад үл таних модон хашаатай төмөр хаалгатай айлын хашаа руу ороод хашаан дотор байсан нэг давхар үүдэндээ модон амбаартай байшингийн хаалганы цоожыг эвдэн ороод том өрөөний хоймор хэсэгт байсан ЛСД зурагт, DBD тоглуулагч хулгайлан аваад Дарь-Эхийн шинэ буудалд байдаг ломбарданд тавих гэхэд зурагтны дэлгэц нь ажиллахгүй байна гээд авахгүй байсан тул буудал өнгөрөөд машины зам дээр зогсож байтал жижиг машинтай үл таних залуу зурагтаа зарах уу гэхээр нь зарий гээд зурагт DBD хоёрыг 50,000 төгрөгөөр өгчихсөн. Уг мөнгөөрөө архи идэж уух юм аваад дуусгасан гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай гэрийхэн өглөө 07.00 цаг болж байхад тус тусынхаа ажилдаа явцгаасан. Бид нарыг ажилдаа явахад гэрт ямар нэгэн хүн үлдээгүй. Орой 22.00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орж гэрийн том өрөөнд байсан Самсунг брэндийн 32 инчийн зурагт, DBD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан юм. Алдсан зурагтаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. DBD тоглуулагчаа 100,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /хх-н 10-12/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-8/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А овогтой Э нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2001 онд танилцаад 2007 оноос нэг гэрт орж хамт амьдарч байгаа юм. Нөхөр бид хоёр 2001-2003 оны хооронд Монгол Солонгосын техникийн коллежид суралцаад тусгай дунд боловсрол эзэмшээд Солонгос авто машины засвар оношлогоо гэдэг мэргэжлээр төгссөн. Манай нөхөр уг мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Уг нь зан аашын хувьд үг дуу цөөтэй, даруухан хүн байгаа юм. Гэм нь сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон юм гэжээ. /хх-н 15/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/
2018.7.18-ны өдрийн 4452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 18-20/: Шинжилгээнд ирүүлсэн БЗД-ийн дугаар хороо Сэлбэ тоот 32 инчийн зурагт, ДВД тоглуулагч алдсан гэх хэргийн зурагт залгаатай байсан гэх цахилгааны залгуур дээрээс илрүүлж бэхжүүлсэн гэх 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэжээ.
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 21-22/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 23-24/ 32 инчийн зурагт, ДВД тоглуулагч хоёрыг нийт 403.940 төгрөгөөр үнэлсэн байна.
Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/
А.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,
А.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 35/ прокурорын тогтоол /хх-н 36-37, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 43/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/ зэрэг болно.
А.Э нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суух Ө.Ө гэрийн хаалгыг эвдэн гэрт нь хууль бусаар нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, ДВД тоглуулагч зэргийг хулгайлан авч 403.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Орой 22,00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орж гэрийн том өрөөнд байсан Самсунг брэндийн 32 инчийн зурагт, DBD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... 17,00 цагийн орчимд ганцаараа харих гэж явж байгаад үл таних модон хашаатай төмөр хаалгатай айлын хашаа руу ороод хашаан дотор байсан нэг давхар үүдэндээ модон амбаартай байшингийн хаалганы цоожыг эвдэн ороод том өрөөний хоймор хэсэгт байсан ЛСД зурагт, DBD тоглуулагч хулгайлан аваад жижиг машинтай үл таних залууд зурагт DBD хоёрыг 50,000 төгрөгөөр өгчихсөн. Уг мөнгөөрөө архи идэж уух юм аваад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
А.Э нь согтуурсан үедээ айлын байшингийн хаалгыг төмрөөр эвдэж орж эд зүйлс авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна, түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
А.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 18 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
А.Э нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүний хувьд оногдох хөрөнгөнөөс гаргуулж хохирогч Ө.Ө олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч бусдад учруулсан хохирлыг төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт А Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Э 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 18 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн дүгээр хорооны Эрдэнэтолгойн дугаар гудамжны тоотод оршин суудаг, А.Э 403.940 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн дугаар хороо Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суух /РД: Ж Ө Ө олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН