Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/350

 

 

 

  2026           03             26                                        2026/ДШМ/350

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Батпүрэв,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Б-д холбогдох 2507000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “00” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял тус тус шийтгүүлж, нийт эдлэх хорих ялыг 18 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт эдлэх 18 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 9 жилийн хугацаагаар тогтоож,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/ЗЗ дугаартай захирамжаар 1 жил, 6 сар, 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэж байсан хувийн байдалтай.

Ө.Б нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” гэх нэртэй амралтын газарт 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч У.З болон түүний найзууд өөрийнх нь найз охиныг нь хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зэвсэг буюу хутгаар хохирогч У.З-гийн хэвлийн тус газарт нь хутгалж хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ө.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 05 дугаар сарын 06-ны орой Тэрэлжид амарч байсан. ...Эгчдээ хоолны юм аваачиж өгөхөд хамт байсан хүн нь ганц 2 татах уу гэхэд нь би пиво уусан. ...Эхнэрийн хамт машиндаа унтах гээд явж байхад өөр машинд сууж явсан эмэгтэйчүүд манай эхнэрийг “... хөөрхийдөө, амралтын газар хөнжил чирээд машин дотор *аалгадаг хямдхан *нхан бэ. ...” гээд намайг бас “...эмэгтэй хүн дагуулж ирчхээд ийм газар *аадаггүй юм, эгч нь мөнгө өгөх үү. ...” зэргээр доромжилсон. ...Тэгэхээр нь би “...манай эхнэр *нхан шиг харагдаад байна уу, машин дотроо унтаж болохгүй юу. ...” гэж хэлээд маргалдахад арын машинаас 3-4 согтуу залуучууд бууж ирсэн. ...Тэгээд 1 залуу нь “...ах нь шоронгоос гарч ирээд 5 хонож байна, чамайг ална шүү. ...” гэхээр нь би зугтаасан. ...Тухайн хүмүүстэй орилж маргалдахад 1 нь миний нуруу руу цохисон. ...Би тэдэнд баригдахгүйн тулд зугтааж, хашхирч байсан. ...Гэр лүү орж эгчийг дуудаад гарч ирэхэд 1 нь манай эгчийг цохиод унагаасан. ...Тэднийг холдсоны дараа машиндаа ороод унтаж байтал машины хойно хэдэн ах бууж ирээд, гэрэл тусгаад “...мөн байна, цонхыг нь хагла, би мөнгийг нь төлье. ...” гээд юмаар машин цохиод байсан. ...Би тэдгээр хүмүүсээс айгаад машинаа онгойлгохгүй байсан юм. ...Тухайн үед хүн хутгалчихлаа гэдгээ мэдээгүй, машиндаа унтаж байсан. ...Би маш их харамсаж байна. ...Яагаад гэвэл би хүн хутгалж гэмтээсэн. ...Тухайн үед хохирогчийг хутгалсан хутгыг сүүлд цагдаа дээр очоод харуулахад нь мэдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар санаатайгаар хүн хутгална гэж бодоогүй. ...Тэр үед тухайн ах нарт алуулах байх гэж л айсан. ...Би өөрийгөө зөвтгөхгүй, би хүнийг хүнд гэмтээсэн буруутайдаа харамсаж, гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 23 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 8 жил 1 хоногоор тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Нэг: Б-д урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил, 6 сар, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жил, нийт эдлэх ялыг 18 жилээр тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж 9 жилийн хугацаагаар тогтоосон байдаг.

Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 6.3-д: “ Өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн 17.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж заасан байхад Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаар захирамжид дээрх хуулийг хэрэглээгүйгээр өнөөдрийн шийтгэх тогтоолд түүний эрх зүйн байдал дордоход хүрсэн.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Тодруулбал:

Б нь урьд өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн. 2021 оны Өршөөлийн тухай хуулиар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл анги хамрагдах ёстой байсан. Түүнд дээрх зүйл ангиар оногдуулсан 6 сарын хорих ялыг Өршөөлийн тухай хуульд зааснаар хасаж тооцох аваас Ө.Б-ий эдлээгүй үлдсэн 1 жил 1 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллах байсан байна. Тэгэхээр Ө.Б нь 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07 нд шилжих шөнө энэхүү гэмт хэргийг үйлдсэн нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсанаас хойш 1 жил 7 хоногийн дараа үйлдсэн үйлдлийг хяналтын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, дүгнэх ёсгүй юм.

Б-ий 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07 нд шилжих шөнө үйлдсэн үйлдэл холбогдлыг:

“ хяналтын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолд түүнд 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж хорих ялын хамгийн бага ял болох 5 жилийн хугацаагаар ял оногдуулж, Ө.Б нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол /9.400.000 төгрөг/ төлбөр төлсөн, анхаарал хандуулж байсныг,

Хохирогч шүүхэд бичгээр хүсэлт гаргаж хүсэлтдээ “хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах заалтыг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ..

...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 9,400,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Үүнд эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн зардлыг мөн багтаан бүрэн төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүл мэндийн даатгалд 3 гаруй сая төгрөгийг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь давхардуулсан шинжтэй байна.

Хоёр: Яллах дүгнэлтэд хохирогч, хамт явсан нийт 10 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тэгвэл яллагдагчийн ганц эгчээс л мэдүүлэг авсан байдаг.

Тухайн үед хоол унд хүргэх зорилгоор эгч дээрээ Б очиход эгчтэй нь хамт байсан хүмүүсийнхэн үг яриа таалагдахгүй байсан тул гэрээс гарч машиндаа хонох болсон 1 шалтгаан нь болсон гэдгээ миний үйлчлүүлэгч мэдүүлдэг, 2 дахь шалтгаан нь өглөө 04:30 минутад ажилтай байсан.

Миний үйлчлүүлэгчийн согтолтын зэрэг маш бага байсан ба тухайн үйл явдлын бичлэгийг харахад 6 залуустай маргалдаж буй нь хүний тооны харьцаа, тэдгээр залууст баригдахгүйн тулд тойрч гүйгээд байгаа байдлын ч харсан, яг хэрэг болсон газраасаа огт явалгүй машин дотроо унтаж байсан нь ч, машин дотор нь тэр хутга нь байсан нь хэрвээ хүн хутгалсан гэдгээ мэдэж байсан бол ядаж хутгаа хаях, хэргийн газрыг орхин зугтаах үйлдэл огт хийгээгүйн ч эргэлзээтэй байдлыг бий болгоод байгаа юм. Учир нь Б хүн хутгалснаа ч, тэр хутгыг ч цагдаагийн газарт очоод мэдсэн байдаг.

Яллах дүгнэлтэд: гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг “З болон түүний найзуудтай өөрийнх нь найз охиныг нь хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас” гэж зөв тодорхойлсон нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл төдийгүй хөнгөрүүлэх нөхцөл байдал юм.

Хутганы асуудал яригддаг. Миний үйлчлүүлэгч “миний зүрх салгалаад олон залуусаас айснаа мэдэгдэхгүйн тулд хашхирч орилон тэд нарт баригдчихгүйн тулд тэр хавиар орилж гүйсэн. Газар унахдаа гарт баригдсан зүйлээрээ савчсан. Чимээ намдахаар нь буцаад машиндаа ирээд эхнэртэйгээ унтсан” гэдэг.

Энэ үйл баримт ч нотлогдож, тогтоогдсон. Тодруулбал: Гэрэл зургийн үзүүлэлт / автомашин хаана байсан нь нотлогдоно, өөрөөр хэлбэл үйл явдал болоод дууссаны дараа ч тухайн газраасаа явалгүй машиндаа унтаж байсан байна/

Гэтэл гэрчүүд тухайн хутганы хэлбэр хэмжээ, өнгө зүс, хэрхэн ажилладаг талаар / хар өнгөтэй, жижиг саран хэлбэртэй, атгачихаар ир нь гадна талдаа гараад ирдэг хутга байсан, хар жижиг тахир хутга, хоёр талдаа цагаригтай, махир бөөрөнхий хар хутга, бариул нь төгсгөл дээрээ бөөрөнхий цагирагтай бариул нь хуруунд таарсан оромтой, ир хэсэг нь богинохон тэгээд хагас дугуй хэлбэртэй / гэж маш сайн мэдэж байгаад бас эргэлзэж байгаа. Мөн хэрэгт зарим эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Шүүгдэгч нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, согтолтын зэрэг маш бага байсан нь хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогддог. Тэрээр 6 хүний эсрэг ганцаараа байсан, зугтах оролдлого хийж байсан, мөн хэрэг гарсан газраас явалгүй машиндаа үлдсэн зэрэг нөхцөлүүд нь санаатай, урьдчилан төлөвлөсөн үйлдэл биш болохыг илтгэнэ. Мөн хэрэгт ашиглагдсан хутга нь шүүгдэгчийн машинд байсан бөгөөд тухайн үед уг хэрэгслийг хэрэглэснээ шүүгдэгч өөрөө мэдээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагад очсоны дараа мэдсэн талаар тайлбарласан. Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь хохирогч болон түүний найзууд шүүгдэгч болон түүний найз охиныг хэл амаар доромжилсонтой холбоотой болох нь хэрэгт тусгагдсан байна.

Дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд хэргээс харагддаг тул үйлчлүүлэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг 3 жил, 4 сарын хугацаагаар тогтоож хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Прокурор Э.Батпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ө.Б-ийн хувьд өмнөх ялын үлдэгдэл болох 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт ялд оруулж тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, яллагдагч Ө.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаартай захирамжаар өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэгдсэн байдаг. Мөн анхан шатны шүүхээс тогтоосноор, Ө.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор 18 жилийн хорих ял шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахин багасгаж 9 жилийн хугацаагаар тогтоосон. Уг 9 жилийн хорих ялаас 1 жил 6 сар 1 хоногийн хугацаанд хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоогдсон байна. Гэтэл яллагдагч нь уг хяналтын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн тухайн гэмт хэргийг үйлдэх үед яллагдагч нь 24 насанд хүрсэн байсан тул түүнийг өсвөр насны этгээд гэж үзэх боломжгүй. Өмгөөлөгчийн зүгээс өмнөх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлээр оногдуулсан 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хасах ёстой байсан, ингэснээр үлдэгдэл ял өөрчлөгдөж, хүндрүүлэх нөхцөл үүсэхгүй байсан гэж тайлбарлаж байна. Гэвч прокурорын зүгээс энэ байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтална гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүх нь дээрх зарчмуудыг удирдлага болгон, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Тиймээс Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б болон түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

            1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ө.Б нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” гэх нэртэй амралтын газарт 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч У.З болон түүний найзууд өөрийнх нь найз охиныг нь хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зэвсэг буюу хутгаар хохирогч У.З-гийн хэвлийн тус газарт нь хутгалж хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч У.З: “....Тухайн өдөр өөрийн найзуудтай Тэрэлжид амрахаар болсон. ...Тэгээд амралтын газрын автомашины зогсоол дээр нэг цээж нүцгэн залуу орилоод байсан. ...Би нэг найзтайгаа амрах байшингаа үзчихээд буцаад иртэл манай найзуудтай нөгөө цээж нүцгэн залуу маргалдаж байсан. ...Би найзуудыгаа, мөн тэр нүцгэн залууг болиулах гэж байтал цээж нүцгэн залуу намайг хутгалчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 17-19/,

хохирогч У.З дахин: “..Найзуудтайгаа Тэрэлж Шугуй амралтын газар очоод, би 2 найзынхаа хамт амралтын байшин үзчихээд буцаад машин дээрээ очиход цээж нүцгэн залуу манай найз нартай маргалдаад байсан. ...Тэгээд нөгөө залуу агсраад байхаар нь “...ахын дүү одоо болио, унтаж амар. ...” гэж хэлтэл нөгөө залуу миний зүүн талын бөөр рүү гараараа цохих шиг болсон. ...Гэтэл цамцаа сөхөөд үзтэл миний зүүн талын бөөр хавиас цус гарсан, намайг хутгалчихсан байсан. ...Тухайн залуу ямар ч шалтгаангүйгээр намайг хутгалсан. ...” гэх мэдүүлэг /2хх 39-40/,

гэрч Б.Б: “...Найз З, М, Э нартай хамт Тэрэлжид амрахаар очсон. ....Бид нарыг очих үед амралтын газрын зогсоол дээр нэг эрэгтэй орилж, би нар дээр ирж хэрүүл хийж, хүн бүр лүү дайрч, гартаа хутга барьчихсан айлгаад байсан. ...Тэгээд маргалдаж манай дүү Зг хутгалчихсан. ...Ө.Б нь гартаа хутга барьчихсан, хутгаа эргүүлээд байсан. ...Би Б гэх залуу Зг хутгалсныг харсан. ...” гэх мэдүүлэг /1хх 21-22/,

гэрч Б.Э: “...Найз нарын хамт Тэрэлжийн амралтын газарт очоод зогсоол дээр байж байхад нэг цээж нүцгэн залуу орилоод байсан. ...Тэгээд бид нар дээр ирж хэрүүл маргаан хийсэн. ...Гэтэл тэр залуу хутга гаргаж ирээд хүмүүс рүү дайрч айлгаад байсан. ...Улмаар манай найз З-г хутгалсан. ...Тэр залуу хойд талдаа цагаригтай, махир бөөрөнхий хар хутга барьчихсан гартаа эргүүлээд байсан. ...Бид нарыг маргалдаж байхад З дундуур орж ирээд болиулах гэж байхад нь З-г хутгалчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 24-25/,

гэрч Г.М: “...Найз нарын хамт Тэрэлжид амрахаар очиход зогсоол дээр Ө.Б гэх залуу цээж нүцгэн орилж, гартаа хар өнгийн хутга барьчихсан зүсэх гээд далайгаад байсан. ...Тэгээд З хутгалуулчихсан байсан учир түргэн болон эмнэлэг дуудсан. ...Тэгээд би Ө.Б гэх залууг тайвшруулж гэр лүү нь дагуулж ортол миний гэдэс хэсэгт хутгаараа тулгачхаад тухайн гэрийн орон дээр унтаж байсан 1 эрэгтэйг сэрээгээд “...Хөөе танай найз чинь ирчихсэн байна. ...” гэж хэлэх үед Б ах орж ирсэн чинь Ө.Б “....өө ахтай бол юм ярихгүй. ...” гээд тайвширсан. ...” гэх мэдүүлэг /1хх 28-29/,

гэрч Б.Б: “...Найз нарын хамт Тэрэлжид амрахаар очиход зогсоол дээр цээж нүцгэн залуу орилоод байсан. ....Бид нар машинаасаа буугаад З, М бид 3 байшин үзэхээр явсан. ....Байшин үзээд явж байтал З зогсоол руу явсан. ...Тэгээд би байшинг үзчихээд зогсоол руу очтол З гэдсээ бариад хэвтэж байсан. ...Ө.Б нь тайвшрахгүй манай хэдийг хутгаар айлгаж, сүрдүүлээд байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 32-33/,

гэрч С.С: “..Найз, дүү нарын хамт Тэрэлжид арахаар очиход зогсоол дээр цээж нүцгэн залуу орилоод байсан...Тэр залуу бид нар дээр хүрч ирээд “...энэ Ланд-200-гийн жолооч хаана байна. ...” гэхээр нь би “...би байна. ...” гэхэд “...би чиний машины 4 дугуйг сийчнэ. ...” гэхээр нь  “...ямар дураараа амьсгаа вэ. ...” гэж хэлсэн. ...Тэр хутгатай залуу нь бид нарыг хутгаар сүрдүүлж, хутгалахаар заналхийлж байгаад манай дүү Зг хутгалчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 36-37/,

гэрч Т.Б: “...Бид нар амралтын газарт очоод удаагүй байтал 1 залуу орилж чарлаад агсам тавиад байсан. ..Тэгээд гэнэт хутга гаргаж ирээд хүн хүн рүү очиж айлгаад байсан. ...Тэр үед З ах гэдсээ бариад доошоо тонгойгоод эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 50/,

гэрч Г.У: “..Би цагийн ажил хийдэг байсан ах нарын хамт Тэрэлжийн амралтын газрын зогсоол дээр ирэхэд нэг цээж нүцгэн залуу орилоод гартаа хутга барьчихсан манай эрэгтэйчүүдийг айлгаад байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 53-54/,

гэрч А.Б: “...Таньдаг ах нарын хамтаар Тэрэлжийн амралтын газарт очсон. ...Амралтын газрын зогсоол дээр ирэх үед нэг цээж нүцгэн эрэгтэй орилоод байсан. ...Тэр цээж нүцгэн залуу хутга барьчихсан хүн хүнийг айлгаад байсан бөгөөд тэр үед З ах гэдсэндээ хутгалуулчихсан цус алдаж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 51-52/,

иргэний нэхэмжлэгч Ж.Г: “... У.З нь Эрүүл мэндийн даатгалаас 3,186,778 төгрөгийн тусламж авсан байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /2хх 63/

хохирогч У.З-гийн биед хийсэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6580 дугаартай: “...У.З-гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /300мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /1хх 67-69/,

хохирогч У.З-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт: “...У.Згийн сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 06-ны орой үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ...Дээрх шинжүүд нь түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. ...Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 111-113/,

“Тэрэлж Шугуй” гэх амралтын газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 157-161/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 02-06/, 00-00 000 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: 10 см урттай хар өнгийн хутга гарч ирсэн /1хх 07-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Б болон түүний өмгөөлөгч Б.Болортуяа нараас гэм буруугийн талаар маргаж оролцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

4. Шүүгдэгч Б.Болортуяагаас “...Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжид Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3-т “өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэснийг хэрэглээгүй. ...” гэх гомдлыг хянахад;

Шүүгдэгч Ө.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, нийт эдлэх ялыг 18 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж, 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэж байжээ. /2хх 12-31/

Өршөөл үзүүлэх тухай хууль нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015, 2021 онуудад тус тус шинэчлэгдэн батлагдаж гарсан.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаар шүүгчийн захирамжаар: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 03 жил, 06 сарын хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.Б-д оногдуулсан нийт эдлэх 18 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 09 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар биеэр 5 жил 10 сар 08 хоног, шагналын 01 жил 07 сар 21 хоног, нийт 7 жил 05 сар 29 хоног, эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 01 хоног байна. ...” гэж дүгнэн, Ө.Б-г хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 01 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. /2хх 07-09/

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3-д: “ Өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн 17.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж заасан хэдий ч Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаар шүүгчийн захирамжаар дээрх хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх, улмаар хяналтын хугацаа дууссан байхад сүүлийн гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэх боломжгүй, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг хөндөх, өөрчлөх, хүчингүй болгох талаар ямар нэгэн эрх хэмжээ олгогдоогүй.

Учир нь, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

Өөрөөр хэлбэл, дээрх шийтгэх тогтоолоор түүний үйлдэл тус бүрт хорих ял оногдуулж, тэдгээрийн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоосон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3-т заасныг одоо хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нь бусад зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялаас тасалж Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/ЗЗ дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, 1 жил 6 сар 1 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хяналтын хугацаа тогтоосон 1 жил 06 сар 01 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтэн нийт биечлэх эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд, шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. “...Хохирогч, хамт явсан нийт 10 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тэгвэл яллагдагчийн ганц эгчээс л мэдүүлэг авсан байдаг. ...” гэх гомдлын хувьд;

Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд байсан шаардлагатай бүхий л гэрчүүдээс мэдүүлэг авч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдал, бусад зүйлсийг шалгаж тодруулсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяагаас “...хохирогчид 9,400,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Үүнд эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн зардлыг мөн багтаан бүрэн төлсөн байтал анхан шатны шүүхээс эрүүл мэндийн даатгалд 3 гаруй сая төгрөгийг дахин төлүүлэхээр давхардуулан шийдвэрлэсэн байна ...” гэж тайлбартаа дурдсан.

Шүүгдэгч Ө.Б-ийн Хаан банкны 000000000 тоот дансны хуулгаас үзэхэд хохирогч У.З-гийн 00000000 тоот данс руу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,400,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 9,400,000 төгрөгийг “Б хохирол” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх 9,400,000 төгрөгийг дан ганц хохирогчийн хохирол төлбөрт шилжүүлсэн байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн тоот дансанд огт төлөлт хийгээгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 3,186,778 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг давхардуулсан гэж үзэхгүй.

Иймд, өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

4.3. “...Хохирогч “хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. ...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгуурыг тодорхойлсон.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Ө.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй зохисгүй үг, үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 9,400,000 төгрөгийг төлсөн /2хх 136-139/, хохирогч У.З “...хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, Ө.Б-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх хүсэлтийг бичгээр гаргаж байсан /2хх 134-135/ зэрэгт үндэслэн тухайн зүйл хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргасан гомдлын үндэслэлүүдээс “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэсний дагуу шүүгдэгч Ө.Б-ийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Ө.Б-г 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Ө.Б-г 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 7 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтын “... 8 жил 1 хоног ...” гэснийг “... 6 жил 7 сар 1 хоног ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлын энэ хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийн цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ