Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1388

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Н.Анармаа

улсын яллагч: Ч.Гантулгабат

шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Энх-Эрдэнэ

хохирогч : Т.Э 

шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Х овогт А Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806001631636  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт А Б 19  оны 5 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдг, ам  бүл 1,  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:      

Холбогдсон хэргийн талаар:

          А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах Өгөөмөр захын урд төв зам дээр Т.Э маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Хохирогч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Санал гомдол байхгүй таксинд явж байгаад зогсох газраас болж  маргалдсан байгаа. Найз нь хаана зогсох уу гээд явж байсан тэгээд араас ирээд чи ямар овоо  бацаан бэ гээд намайг барьж авсан, шүд эмтэрсэн, уруул зулгарсан гомдол санал байхгүй гэв.

          Шүүгдэгч  А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 8 Шарга төвийн орчмоос найз А хамт үл таних машинд суугаад Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр лүүгээ явж байгаад Өгөөмөр захын урд манай найз бид хоёр буусан. Би жолоочид хэтэрсэн байгаа юм биш үү гэхэд намайг доромжлоод бид хоёр маргалдсан. Гэтэл жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдаж газарт унагаагаад чирсэн. Тухайн үед би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр хооронд манай найз яваад өгчихсөн байсан. Би газраас босоод хүзүүгээ үзтэл миний хүзүүнд байсан 23 граммын монетэн зүүлт алга болсон байсан. Жолооч залуу тэр үед нэг найзыгаа дуудчихсан байсан юм байлгүй нэг хүн ирсэн. Уг найз нь бид хоёр дээр ирээд наадхыгаа цагдаа дээр аваачаад хачин болго гээд байсан. Би газар гинжээ хайж байтал жолооч залуу намайг боогоод хашаа руу түлхсэн гэтэл нөгөө найз залуу нь наадхаа сайн боож байгаад нэг цохиулаад ав гээд байсан. Миний ухаан балартаж байхдаа би жолооч залууг уруулых нь дээд хэсэг рүү мөргөсөн. Бид нарыг салаад байж байтал цагдаа ирсэн. Миний гинж 2017 оны 9 дүгээр сард өөрийн ах О 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан гинж юм. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 16/

          Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн 0847 УНА улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашинтайгаа халтуур хийгээд явж байхад үл таних 2 эрэгтэй 8 шаргын тэндээс гар өргөхөөр нь аваад Өгөөмөр орох гээд явж байхад чигээрэй чигээрэй гээд байсан. Тэгээд чигээрэй явж байтал ард сууж явсан  нэг залуу нь пизда  минь чи буцаад ухар яагаад яваад байгаа юм гэхэд нөгөө урд сууж байсан найз нь би яв гэж хэлсэн юмаа гэсэн. Тэгээд нөгөө хоёр залуу буусан ба ард сууж байсан залуу миний талын хаалгыг онгойлгоод яасан муухай хардаг пизда бэ гэж хэлээд намайг өвдөглөөд татсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад яаж байнаа гэтэл намайг шууд алгадсан. Бид хоёр барьцалдаад байж байхдаа шавар дээр хальтирч унасан. Тэгснээ нөгөө залуу чи хувцас ийм болгочихлоо ш дээ ямар овоо банди бэ наадахдаа 20,000 төгрөг өгчих гээд байсан. Цагдаа дуудаад байж байхад уг залуу намайг маш олон удаа алгадсан. Тэгж байснаа уг залуу миний гинж алга байна мөн утас алга байна гээд орилоод байсан. Миний уруул язарч шүд хөндүүр болсон байсан. Миний хувьд гомдолтой байна гэжээ. / хх-н 18-23/         

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 26/

          Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 447 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1,Э биед дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4,Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 27/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/

          Эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 43-51/

          А.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 39/

          А.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/

          А.Б  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.

          А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах Өгөөмөр захын урд төв зам дээр Т.Э зогсох гараас болж маргалдан улмаар  түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний ирмэг эмтэрсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Т.Э биед дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 447 дугаартай шинжээчийн дүгнэлт

          Хохирогч Т.Э өгсөн...  миний талын хаалгыг онгойлгоод яасан муухай хардаг пизда бэ гэж хэлээд намайг өвдөглөөд татсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад яаж байнаа гэтэл намайг шууд алгадсан. Бид хоёр барьцалдаад байж байхдаа шавар дээр хальтирч унасан. Тэгснээ нөгөө залуу чи хувцас ийм болгочихлоо ш дээ ямар овоо банди бэ наадахдаа 20,000 төгрөг өгчих гээд байсан. Цагдаа дуудаад байж байхад уг залуу намайг маш олон удаа алгадсан. Тэгж байснаа уг залуу миний гинж алга байна мөн утас алга байна гээд орилоод байсан. Миний уруул язарч шүд хөндүүр болсон байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 18-23/ 

          Шүүгдэгч А.Б өгсөн ...    би жолооч залууг уруулых нь дээд хэсэг рүү мөргөсөн гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          А.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

          А.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг  харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт А Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Б   450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар                            А.Б нь торгох ялыг  гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах, хэсэгт  зааснаар  А.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.А.Б нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  А.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН