Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2022/00020

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2022/00020

 

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00580 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Гайхалсанжаад холбогдох

6x7 хэмжээтэй барих дүнзэн, 1 давхар, 1 өрөө бүхий байшингийн үнэ 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Гайхалсанжаа бид хоёр 2021 оны 02 сард гэрлэлтээ цуцлуулсан. Би гэр оронгүй болохоор 2 хүүхдээ дагуулаад аавынд, дүүгийнд амьдраад тогтвортой амьдрал байхгүй яваад байгаа болохоор хүүхдийн хичээл сурлага болон сэтгэл санааны хувьд илт өөрчлөлт орж байна. ...Иймд гэрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

...Хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах хэрэгтэй учраас барих байшингийн үнээс 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Байшин босгоход 8,500,000 төгрөгөөр бүтэн босно. Иймд 6x7 хэмжээтэй барих дүнзэн, 1 давхар, 1 өрөө бүхий байшингийн үнэ 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Гайхалсанжаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* бид хоёр 2020 онд гэр бүлээ салгуулсан. Одоо би хүүхдийн тэтгэлэг төлдөг. Салахдаа гэрийн тавилга болон унаж байсан мотоцикль бүгдийг нь нэхэмжлэгчид өгөөд салсан. Одоогоор надад өөрийн хийсэн ажил байхгүй, аав ээжийгээ асраад ажил хийж чадахгүй байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, надад 5,000,000 төгрөг гаргаж өгөх бололцоо байхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00580 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Гайхалсанжаад холбогдох, 6x7 хэмжээтэй барих дүнзэн, 1 давхар, 1 өрөө бүхий байшингийн үнэ 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдолдоо: Би Э.Гайхалсанжаагаас 6x7 хэмжээтэй 1 давхар, 1 өрөө бүхий байшингийн үнэ болох 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ...би өөрийн гэсэн гэр оронгүй, тогтвортой амьдрах газаргүй, 2 хүүхдээ дагуулаад өөрийн аавындаа болон дүүгийндээ амьдарч ирсэн. Ингэж амьдрахад хүүхдийн хичээл сурлага болон сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох болсон. Иймд би Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д эцэг эх нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж заасанчлан хариуцагч Э.Гайхалсанжаагаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан юм. Э.Гайхалсанжаа нь анх 2021 онд гэрлэлт цуцлуулах үед хүүхдүүддээ гэр барьж өгөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байсан тул дээрх нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүхээс дээрх байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ц.******* нь Э.Гайхалсанжаагаас гэрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн байх ба шүүх хуралдааны явцад 8,500,000 төгрөгөөр барих байшингийн үнээс 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч ...хүүхдийн тэтгэлэг төлдөг, гэрийн тавилга болон унаж байсан мотоцикль бүгдийг нь нэхэмжлэгчид өгсөн, ажил хийж чадахгүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед гарсан зардлыг хариуцуулахаар тэдгээрийн эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээхээр зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас байшингийн үнэ 5,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч байшин барьж, зардал гаргаснаа баримтаар нотлоогүйн дээр байшин ямар өртөг, зардлаар баригдах, хэдий хэмжээний материал орох, байшингийн үнийг юуг үндэслэн тогтоосон зэрэг нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.