| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2408000000141 |
| Дугаар | 2026/ДШМ/438 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/438
2026 04 16 2026/ДШМ/438
Э.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмон,
иргэний хариуцагч Ч.Д,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмон, иргэний хариуцагч Ч.Д нарын гаргасан давж заалдах гомдлууд, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Э.Нд холбогдох 2408000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “00” дэлгүүрийн хяналтын ажилтан ажилтай, нарын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод түр оршин суух хаягтай, /РД:00000000/,
Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Б-ыг хавсарч унагаасны улмаас пилтан гадаргатай шалан дээр дагзаараа савж унаж, улмаар “гавал тархины битүү гэмтэл” учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Миний дэлгүүр” ХХК-аас нийт 6.265.243 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-т олгохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай:
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа “...Шүүгдэгч Э.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүний амь нас хохирсон шүүгдэгчийн гэмт үйлдлийг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Н-г 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар С.Б-ы зугтаах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хавсарч унагасан болох нь тогтоогдож байна.” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач С.Б-ы цогцост зулайн ар хэсгээс суман болон титэм заадсыг дайрч духны зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүрний эдийн цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, авчилт. зүүн хөмсөгт хуучин шарх, дух, уруул, баруун хацар, зүүн хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн биед учирсан 9 өөр төрлийн гэмтлийг ганцхан удаагийн хавсарч унагах үйлдлээр учруулах боломжгүй бөгөөд шүүхээс амь хохирогчийн биед учирсан бусад гэмтлүүдийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.
Э.Н, Г.Ж нар нь амь хохирогч С.Б-ыг хяналтын камерын өрөө рүү хүчээр авч орж, бүтэн 20 минутын дараа өрөөнөөс ухаангүй байдалтай хамтдаа чирч гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Б нь Э.Н, Г.Ж нарын хяналт, эрхшээлд бүрэн орсон байсан бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн, зугтах оролдлого хийсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.
Түүнчлэн шүүгдэгч Э.Н нь “нэг л удаа хавсарч унагасан” гэх мэдүүлэг өгдөг боловч шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй, шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, дээрх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогддоггүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон байхыг шаарддаг.
Болгоомжгүй гэмт хэрэг нь эс үйлдэхүйгээр үйлдэгддэг бөгөөд өөрт нь хууль болон зүй ёсны дагуу оногдуулсан үүргийг хайнга, тоомжиргүйн улмаас зөрчсөнөөр эрүүгийн хариуцлага оногдуулах үр дагавар үүсдэг.
Эсхүл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог. Гэтэл Э.Н-гийн үйлдэлд дээрх шинжүүдийн аль нь ч байдаггүй.
Анхан шатны шүүх “...зугтаах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хавсарч унагасан...” нь болгоомжгүй үйлдэл гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, хэт ерөнхийлсөн дүгнэлт байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байхыг шаарддаг. Э.Н нь амь хохирогч С.Б руу шууд чиглэсэн, идэвхтэй, довтолсон үйлдэл хийж гэмтэл учруулсан байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг буруу тооцож шийдвэрлэсэн тухай.
Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг /550.000x30=16.500.000/ гэх аргачлалаар тооцож 16.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг гарах үе буюу 2023 оны 12 дугаар сард дагаж мөрдөж байсан 550.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь, сэтгэцэд учирсан хохирлыг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол шиг тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн үеэр дуусгаж болохгүй.
Өөрөөр хэлбэл хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол нь гэмт хэрэг гарсан үеэр төгсөхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хохирсон хэвээр байгаа тул өнөөдөр дагаж мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэж байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2718 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосон байдаг. Дээрх шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э өөрийн хүү С.Б-ыг бусдын гарт алдсаны улмаас сэтгэцэд нь хохирол учирсан нь үнэн болохыг тогтоож байгаа юм.
Хүний амь нас хохирсон буюу хүн амины хэрэгт зөвхөн шинжээчийн дүгнэлтийг баримтлах боломжгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд /792.000x150=118.800.000/ гэх аргачлалаар тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-т олгох нь зүйтэй гэж үзэж байна.
3. Хохирол төлбөрийг буруу тооцоолсон тухай.
Анхан шатны шүүх Э.Н-гийн урьд төлсөн хохирол төлбөр болох 28.800.000 төгрөгөөс 10.184.757 төгрөгийг хасаж, сэтгэцэд учирсан хохирлын төлбөрт тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэгт хамааралгүй төлбөр нэхэмжлээгүй бөгөөд амь хохирогчийн буяны ажилд зарцуулсан, нийтэд илэрхий зан үйл, шашны зардлуудыг нэхэмжилсэн байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Н нь дээрх зардлуудыг бүрэн хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Ч.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуульд заасанчлан ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээнэ гэж заасан боловч иргэний эрх зүй дэх гэм хор гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн хохирол, хор уршиг гэх ухагдахуунаар илэрхийлэгдэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан шууд буюу бодит хохирлыг тэргүүн ээлжид төлөх үүргийг ажил олгогчид хариуцуулах нь зүйтэй боловч түүний үр дагавар шууд бус хохирол болох хор уршгийг ажил олгогчоор арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Ажил олгогч байгууллагын зүгээс шууд буюу бодит хохирлыг тэргүүн ээлжид хариуцах үүргээ биелүүлж 20000000/хорин сая/ төгрөгийг төлсөн бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор авсан, оршуулгын зан үйлийн зардал 18.615.243 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд эдийн бус гэм хорыг арилгах тухай мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж ямар нэгэн салаа утгагүйгээр тодорхой хуульчилсан байтал ажил олгогч буюу иргэний хариуцагчид хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар иргэний хариуцагчаас 6.265.243 гаргуулсан хэсгийг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдлийг “хулгай хийчхээд зугтах гэлээ гэх шалтгаанаар зугтаах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хавсарч унагасан” хэмээн тодорхойлсон байна. Энэхүү дүгнэлт нь шүүгдэгч эхний ээлжинд ямар сэдэлттэй байсныг тодорхойлж байгаа боловч түүний ашигласан арга хэрэгсэл (үйлдэл) болон түүнээс гарах үр дагаварт (хор уршиг) хэрхэн хандсан бэ гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Хүнийг хавсарч унагах, өшиглөх, түлхэх, цохих зэрэг нь хүний биеийн халдашгүй байдалд халдаж буй идэвхтэй, ухамсартай, өөрийн үйлдлийн мөн чанарыг мэдэж, хүсэж хийсэн үйлдэл юм. Тиймээс шүүгдэгч Э.Н нь “үйлдэлдээ” болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй юм. Тэрээр хүн хавсарч унагааж байна гэдгээ бүрэн ухамсарлаж, зориуд хөлөөрөө хавирсан байдаг. Шүүх үйлдэл нь санаатай байсныг үгүйсгэж, бүхэлд нь болгоомжгүй гэмт хэрэг хэмээн дүгнэсэн Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ:
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” худалдааны төвд хяналтын ажилтнаар ажиллаж байсан Э.Н нь хяналтын камераар ажиглалт хийж байх үедээ амь хохирогч С.Б-ыг архины лангуунаас виски авч сугандаа хавчуулан гарах гэж байгааг илрүүлсэн.
Улмаар шүүгдэгч Э.Н нь дэлгүүрийн хаалгаар гарах гэж байсан амь хохирогчийн араас очиж, хоёр суганых нь доогуур хоёр гараа оруулан холбож ард талаас нь тэврэн өргөж, хяналтын өрөө рүү хүчээр дагуулан оруулсан байна.
Хяналтын өрөөнд хяналтын ахлах Г.Ж-ийн хамт байх хугацаанд амь хохирогч С.Б нь өөр эд зүйл хулгайлсан эсэхийг шалгах зорилгоор камер шүүх үед хяналтын өрөөнөөс зугтах оролдлого хийсэн байна.
Энэ үед шүүгдэгч Э.Н нь түүний бугалга хэсгийн куртикнээс барьж байгаад баруун хөлөөрөө хохирогчийн баруун хөлийн өсгий хэсэг рүү хавирч өшиглөх (хавсарч унагах) идэвхтэй үйлдэл хийсэн.
Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар авсан эд зүйлийг буцаан авсны дараа камер шалгах үед зугтаах үйлдэл хийсэн нь тухай этгээд рүү довтлох сэдэл болжээ. Энэхүү хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас амь хохирогч нь пилтан гадаргатай хатуу шалан дээр дагз хэсгээрээ савж унасан бөгөөд унасны дараа гинших чимээ гаргаж, бие даан босох чадваргүй болсон байна.
Улмаар ухаан алдаж, муужирсан хохирогчийг хоёр талаас нь сугадан дэлгүүрийн орлого авдаг бараа буулгах арын хаалгаар гаргаж, өвлийн хүйтэнд гадаа цасан дээр хэвтүүлэн орхиж, савхин бээлийтэй гараар цас хамж нүүрийг нь угаах зэрэг хүнлэг бус үйлдэл гаргажээ.
Хохирогч нь ухаангүй, хурхирсан байдалтай гадаа хүйтэнд удаан хугацаагаар байсны эцэст 16 цагийн орчимд цагдаа болон 103-ын эмнэлгийн байгууллагад дуудлага өгөгдсөн байна. Амь хохирогч С.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж, яаралтай мэс засалд орсон боловч гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд ...ахуйн болон мэргэжлийн үйл ажиллагааны явцад гарах аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн хайхрамжгүй, эсхүл хөнгөмсгөөр найдсан эс үйлдэхүй, эсхүл санамсар болгоомжгүй үйлдэлд хамаардаг. Шүүгдэгч Э.Н нь амь хохирогчийн хөлийг хавсарч өшиглөх үедээ хохирогч хатуу шалан дээр унаж хүнд бэртэх эрсдэлтэйг бүрэн ухамсарлах боломжтой байсан бөгөөд Эрүүгийн эрх зүйд зөвхөн сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй физиологийн рефлексийг л санамсаргүй үйлдэлд тооцдог бөгөөд бусдын хөлийг зориуд онилж хавсрах нь үр дагаврыг хүсээгүй боловч зориуд хийсэн ухамсарт үйлдэл юм. Шүүгдэгч Э.Н-гийн бусдыг хүчээр хавсарч, хатуу плитан шалан дээр унагааж байгааг санамсаргүй, болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Уг үйлдэл нь нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах боломжтойг мэдсээр байж хийсэн ухамсартай үйлдэл тул санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Тухайн хэсэгхэн хугацаанд би ийм зүйл болно гэж бодоогүй. Амь хохирогчийн ар гэр, хамаатан садан, найз нөхдөөс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Намайг үнэхээр уучлаарай. Эрхэм шүүгч, прокурор нар аа намайг ганц удаа харж үзэж боломж олгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Э.Н-гийн хувьд “Миний зах” ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс эхлүүлэн камерын хяналтын ажилтнаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан. Тухайн гэмт хэрэг ажлын байран дээр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу шинэ жил гэх ачааллын үед үйлдэгдсэн байдаг. Камерын хянагч тухайн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хулгайд алдагдахаас сэргийлэх үүрэгтэй. Тухайн үед миний үйлчлүүлэгч хулгай хийж буй этгээдийг олж тогтоогоод хулгайлсан эд зүйлийг хурааж авсан ба дахин хулгайлсан эд зүйл байна уу гэдгийг харахад хяналтын камерын бичлэгийг шалгах явцад амь хохирогч огцом зугтах үйлдэл хийсэн. Тухайн үед амь хохирогчийг хэн ч бариагүй байсан ба зугтаалгахгүйн улмаас ханцуйнаас нь барьж санамсаргүй өшиглөх үйлдэл хийсэн. Гэтэл прокурор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс алах сэдэл зорилготой байсан гэж үзэж байгаа. Э.Н амь хохирогчийг зугтаах гэснийг таслах зогсоох үйлдлийг хийсэн. Тухайн хүнийг алах ямар нэгэн сэдэл агуулаагүй. Иргэний хариуцагчийн зүгээс “манайх нийт 6 ажилтантай, тухайн хулгайлагдсан эд зүйлийг 6 ажилтан хуваагаад төлдөг” гэж тайлбарладаг. Үүнээс харахад миний үйлчлүүлэгч тухайн өдөр ажлын байран дээрээ ажлаа хийж байсан ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг барьсан. Огцом зугтаах үйлдэл хийхэд нь зугтаалгахгүйн тулд үйлдэл хийсэн болохоос тухай хүнийг алах сэдэл огт агуулаагүй. Тухайн үйл явдал маш богино хугацаанд болсон. Хавсарч унагаах гэж байгаа боловч ханцуйнаас нь бариад хөлийн өсгий хэсэг рүү нь өшиглөсөн гэж миний үйлчлүүлэгч тайлбарладаг. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч “би тухайн хүнийг бөгсөөрөө суух байх гэж бодсон боловч тархиараа саваад уначихсан” гэж мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч үйлдлээ санаатай хийсэн боловч үр дүнд санаандгүй хүргэсэн. Хүнийг болгоомжгүйгээр алсан гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэлд тохирсон. Анхан шатны шүүхээс энэ хэргийн тухайд зөв дүгнэлт хийсэн. Иргэний хариуцагчийн зүгээс хэлж буй хохирол, хор уршигтай холбоотой асуудлын тухайд шүүх хуралдааны явцад шүүгч тодорхой асуусан. Энэ үед иргэний хариуцагч талаас шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ, хохирол төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байсан боловч өнөөдрийн байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Амь хохирогчийн биед халдаж байгаа үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хүнийг санаатай болон болгоомжгүй алах гэмт хэргийн тухайд тухайн үйлдлийг хийж буй сэтгэхгүйг ялган зүйлчлэх ёстой. Харин Э.Н ажлын байран дээрээ ажлаа хийж байсан. Ажлын чиг үүргийн хувьд тухайн төрлийн зөрчлийг илрүүлэх ёстой этгээд. Мөн хулгайлсан эд зүйлийг төлүүлэх, эсхүл цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх зэрэг давхар үүрэгтэй ажилладаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмон, иргэний хариуцагч Ч.Д, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Э.Н-г 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Б-ыг хавсарч унагаасны улмаас пилтан гадаргатай шалан дээр дагзаараа савж унаж, улмаар “гавал тархины битүү гэмтэл” учруулан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Н-ийн үйлдэл холбогдлыг “Хүнийг болгоомжгүй” алсан гэж дүгнэн, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн 2026/ШЦТ/288 дугаар шийтгэх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Э.Н-ийн бусдыг хавсарч унагааж байгаа гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийн талаар ялгаа заагтай, нарийвчлан үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмонгийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
2. Урьд энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, 2026/ДШМ/342 дугаар магадлалаар: “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу амь гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэмт хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг нэг мөр тогтоох нь зүйтэй” гэж дүгнэсэн.
Бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх ашиг, зорилтод нийцэх учир энэ талаар мөн үндэслэл бүхий дүгнэлт хийж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг нэг мөр шийдвэрлэхийг дурдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмонгийн давж заалдах гомдол, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг тус тус хангаж, иргэний хариуцагч Ч.Д-ны давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан гомдол, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг тус тус хангасугай.
2. Шүүгдэгч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ