Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2022/00021

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2022/00021

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Энхбаатарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энхбаатартай 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 10 дугаар сарын 25-нд том хүү Хуягбаатар, 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бага хүү Хүрэлбаатар нар тус тус төрсөн. Б.Энхбаатар нь 2008 оноос хойш архи ууж, архи уусан үедээ гар хүрч, байнга зодож дарамталдаг байснаас 2015 оноос тусдаа амьдарч, өөр өөрийн хамтран амьдрагчтай болсон. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, 2 хүү маань миний асрамжид үлдэнэ гэж саналаа өгсөн болохоор 2 хүүгээ өөрийн асрамждаа авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.Энхбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамт амьдрах хугацаанд үзэл бодол таарахгүйн улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. 2012 оноос 2020 он хүртэл том хүү маань манай ээж Л.Базарханд бид хоёртой хамт амьдарч байсан. Том хүү Э.Хуягтбаатар нь бидэнд илүү дассан. Би өөр гэр бүлтэй болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед том хүүгээ өөрийн асрамжид авна гэж бодож байсан боловч хүү маань эхийнхээ асрамжид үлдэнэ гэж санал өгсөн болохоор 2 хүүгээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Том хүүдээ тэтгэлэг төлнө, бага хүүдээ тэтгэлэг төлөх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00516 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар регистрийн дугаар ГЖ85120903, Хард Бат-Эрдэнийн *******, регистрийн дугаар РУ83032017, Ухаан Базархандын*******нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ухаан Энхбаатарын Хуягтбаатар, 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүү Ухаан Энхбаатарын Хүрэлбаатар нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ухаан Энхбаатарын Хуягбаатар, 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүү Ухаан Энхбаатарын Хүрэлбаатар нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Энхбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхбаатараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Энхбаатар давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ эхнэр Б.******* бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Хуягтбаатар, Э.Хүрэлбаатар нарыг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Дээрх шийдвэрийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.******* бид 2014 оноос хойш тусдаа амьдарч ирсэн. Тусдаа амьдрах хугацаанд том хүү Э.Хуягбаатар минь дээрх хугацаанаас хойш миний болон миний ээжийн асрамжид байж дассан байсан. Иймд би том хүү Э.Хуягбаатараа өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүү Э.Хуягбаатар, Э.Хүрэлбаатар нарын саналыг шүүхээс авсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүхдүүдийнхээ саналтай танилцаагүй, танилцах боломж олдоогүй ба хөдөөнөөс орж ирээд шууд шүүх хуралдаанд орсон. 2 хүүхдийнхээ саналыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч уншиж өгснөөр ээжийнхээ асрамжид байя гэж санал өгсөн талаар мэдсэн. Мөн би өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байсан. Энэ талаараа би шүүх хуралдаан эхлэх гэж байхад шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаад өмгөөлөгчтэйгөө холбоо барих шаардлагатай байгаа талаараа хэлэхэд шүүх хуралдаан эхлэх цаг болсон гэж миний утсыг хураан авсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид би өмгөөлөгч авах хүсэлтэй байна, өмгөөлөгчтэйгөө утсаар холбоо барих хүсэлтэй байна гэхэд дараагийн шүүх хуралдаан эхлэх цаг болсон тул надад ийм боломж олгох боломжгүй гэж тайлбарлаад шүүх хуралдаан үргэлжилсэнд миний бие гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй доорх алдаа зөрчил гаргасан байна гэж үзлээ. Үүнд:

1.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүх Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1210 дугаартай захирамжаар Б.Энхбаатарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атал нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Зэвэгийн Бадрал гэх хүнд гардуулсан байна /хх-н 13 тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг ...орон нутагт 14 хоногийн дотор гардуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан этгээдээс өөр этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

2.Хариуцагч Б.Энхбаатарт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материал танилцуулсан атлаа 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргаж, хариуцагчийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд оролцуулсан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна /хх-н 25 тал/.

Учир нь хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх эдлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хуульчилсан.

Гэтэл хариуцагчид нэхэмжлэл гардуулсан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэрэг баримт танилцуулсан буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөө хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна /хх-н 13, 15, 17, 25 тал/.

Мөн насанд хүрээгүй буюу бага насны хүүхдээс санал авсан тухай тэмдэглэлийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр авсан байна /хх-н 19-20 тал/.

Иймд хариуцагчийн гаргасан ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүхдүүдийнхээ саналтай танилцаагүй, танилцах боломж олдоогүй ба хөдөөнөөс орж ирээд шууд шүүх хуралдаанд орсон... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн гомдолд ...шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид би өмгөөлөгч авах хүсэлтэй байна, өмгөөлөгчтэйгөө утсаар холбоо барих хүсэлтэй байна... гэж дурдсан байх боловч хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна /хх-н 27 тал/.

Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.