| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1350/э |
| Дугаар | 1403 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: :Д.Амуундарь
улсын яллагч: Г.Эрдэнэ
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт А Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806075391674 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт А Ц, 19 оны дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Б.Э хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотыг түрээслэн суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хэнтий аймаг дах сум дундын шүүхийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1236.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
А.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаа гудамжны зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус бааранд ажилладаг ба 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээр байж байхад манай ажлынхан бүгдээрээ банкны карт захиалаад байж байхад миний найз охин Б.Э ажил дээр хүрээд ирсэн. Ажил дээр ирээд надаас гар утсаа өгч бай гэхээр нь би гар утсаа өгсөн чинь гарч яваад удалгүй ороод ирсэн. Орж ирээд надад миний утасыг өгөхдөө гэрийн түлхүүрээ хамт өгсөн. Би гарч явсаныхан дараа ардаас нь гар утасруу нь залгахад Э намайг ажлын охидуудтай хардаж уурласан. Би тухайн үедээ араас нь залгахад утсаа аваагүй. Э тэр өдөр гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ унтаж байхад хаалга хүчтэй нүдээд онгойлгоход Э байсан. Э орж ирээд намайг хардсан чигээр уурлаад цохиод өшиглөөд байсан. Би 10 гаран хоног тасралтгүй ажилсан болохоор ядарсандаа уурлаад уурандаа Э биед халдсан байсан. Би маш их ядарсан байсан болохоор тухайн үед хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. / хх-н 31/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20-21 цагийн хооронд би хамтран амьдрагч болох А.Ц нь хамт ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ инээж баярлаад ажлаа хийгээгүй байж байсан. Тэгэхлээр нь би Ц бага зэрэг хардаж уурлаад ажлаас нь гараад явсан. Тэгээд би гарч яваад 5 минутын дараа буцаж А.Ц ажил руу ороод Цд гэрийнх нь түлхүүрийг өгөөд гарч явсан. Тэгээд би явган хүний замаар хэсэг алхаж байгаад Ц руу утсаар залгаад Ц хандан ойрдоо чи намайг огт тоохгүй байнга ажил руугаа яарч яваад орой ажлаасаа оройтож ирээд байдаг ажлынхаа эмэгтэйчүүдтэй алцагнаж явдаг юм байна л даа гэж хэлсэн. Тэгээд Ц надад хандан чи юу балайраад байгаа юм гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би тус өдрийн 22 цаг хүртэл очих газар байхгүй гадуур явж байгаад даараад байсан учир сансрын түнелийн ойролцоо байрлах Hotel гэх нэртэй нэг дэн буудалд орж хоносон. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өглөө 06 цагийн үед тус буудлаас гараад такси бариад гэртээ харьсан. Тэгээд намайг 06 цаг 40 минутын үед гэртээ орж ирэхэд гэрт архи уусан байдалтай Ц гэртээ унтаж байсан.Тэгээд би Ц хандан чи намайг огт анхаардаггүй юм байна гэж хэлээд түүний нүүррүү өөрийн өмсөж байсан хүрмээ шидэж мөн Ц гар утсыг хана руу авч шидсэн. Тэгээд би Ц орон дээр хэвтэж байхаар нь хөнжлийг нь авах гээд дийлэхгүй байсан учир би түүний гарлуу хөлөөрөө 3-4 өшиглөсөн. Тэгтэл Ц миний хэвлий хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би Ц өшиглүүлээд газар унаад босож ирээд түүнд хандан миний биед гар хүрдэг хэн юм гэж хэлээд би Ц гараараа цохих гэтэл Цм миний гарыг барьж аваад чи битгий давраад байгаарай яг одоо энэ гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Ц хандан би угаасаа энэ гэрээс зайллаа гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдаж байтал Ц миний нүүрний зүүн талын хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би алгадуулаад орон дээр унатал Ц миний дээрээс дарж хэвтээд миний нүүр хэсэгт гараараа олон удаа алгадсан. Тэгэхлээр нь би Ц чи намайг ингэж байхаар алчихаач гэж хэлтэл Ц миний хоолойг боогоод би чамайг алчихаад шоронд орно гэж хэлсэн.Тэгээд би үг дуугарч чадахгүй боолгож байтал Ц миний хоолойг боохоо болиод гараа авсан. Тэгэхлээр нь би надад туслаарай гэж орилсон. Тэгээд Ц бид хоёр хэсэг хэрэлдэж байгаад Ц ахиж миний хоолойг боож байгаад гэрээс гараад. Тэгээд би цагдаа дуудсан. / хх-н 4-7/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол:. /хх-н 10/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11274 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Б.Э биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун хацар, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3,Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5,Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-н 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 12-13/
А.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/
А.Ц хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/
А.Ц Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг болно.
А.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаа гудамжны 240-21 тоотод Б.Э өөрийг нь хамт ажилладаг охидуудтай хардаж, намайг огт анхаардаггүй юм байна гэж хэлээд хөлөөрөө өшиглөхөд эргүүлээд Б.Э нүүрэн тус газар нь гараараа цохисоноос зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун хацар, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Б.Э биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун хацар, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11274 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Цд хандан чи намайг огт анхаардаггүй юм байна гэж хэлээд түүний нүүр рүү өөрийн өмсөж байсан хүрмээ шидэж мөн Ц гар утсыг хана руу авч шидсэн. Тэгээд би Ц орон дээр хэвтэж байхаар нь хөнжлийг нь авах гээд дийлэхгүй байсан учир би түүний гар луу хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгтэл Ц миний хэвлий хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би Ц өшиглүүлээд газар унаад босож ирээд түүнд хандан миний биед гар хүрдэг хэн юм гэж хэлээд би Ц гараараа цохих гэтэл Цм миний гарыг барьж аваад чи битгий давраад байгаарай яг одоо энэ гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Ц хандан би угаасаа энэ гэрээс зайллаа гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдаж байтал Ц миний нүүрний зүүн талын хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би алгадуулаад орон дээр унатал Ц миний дээрээс дарж хэвтээд миний нүүр хэсэгт гараараа олон удаа алгадсан.Мөн боож ална гэж хэлээд миний хоолойг боосон гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Эн намайг ажлын охидуудтай хардаж уурласан. Би тухайн үедээ араас нь залгахад утсаа аваагүй. Э тэр өдөр гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ унтаж байхад хаалга хүчтэй нүдээд онгойлгоход Э байсан. Эа орж ирээд намайг хардсан чигээр уурлаад цохиод өшиглөөд байсан. Би 10 гаран хоног тасралтгүй ажилсан болохоор ядарсандаа уурлаад уурандаа Э биед халдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 31/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
А.Ц холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Э нь А.Ц хамтран амьдардаг бөгөөд тэд нэг хүүхэдтэй учир шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байнгын ажил эрхэлдэг зэргийг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт А Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ц 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ц нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.
5. А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН