| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2505035141513 |
| Дугаар | 2026/ДШМ/439 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/439
2026 04 16 2026/ДШМ/439
Н.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Амарзаяа,
шүүгдэгч Н.Б,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2505035141513 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хорооны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Б-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрт явж байхад нь “...81 дүгээр байрны В1 давхарт байрлах 2 гарааш худалдана. ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 00000000 тоот дансанд 15,000,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 (хоёр) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 15,000,000 (арван тав сая) төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би залилах гэмт хэрэг үйлдээгүй. Мөрдөгч хэрэгт хамааралгүй гэрчүүдээс мэдүүлэг авсан, мэдүүлгүүд зөрүүтэй. ... Анхан шатны шүүх дээр зарим гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байсан бөгөөд бодит байдалтай нийцүүлж үнэлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй. Хохирогч талаас дарамт үзүүлж, Б болон түүний нөхөр байрны ажилчдаас намайг асууж, мэдээлэл авахыг оролдсон байсан. Энэ нь Иргэний хуулийн 497.1, 510.1 дүгээр зүйлд заасан “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулахгүй байх” гэснийг зөрчсөн үйлдэл. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Б.Б, болон түүний нөхөр байрны групп, олон нийтийн сүлжээнд миний нэр хүндэд халдсан, залилан хийдэг гэх мэтээр мэдээлэл тараасан байдаг. Б.Б болон түүний нөхөр надтай уулзахдаа хараал хэлж, машинаа өг гэж дарамталсан нь Иргэний хуулийн 10.1, 10.2 болон Эрүүгийн хуулийн 12.7-д зааснаар хувийн нууц, эд хөрөнгөд халдсан. Мөн найз гэх О гэх хүнд буруу мэдээлэл тарааж хэлснээр намайг “..залилангийн балайр хүүхэн. ...” гэх мэтээр дайрсан. ...Х гэх хүнээр байрны групп-д бичүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараасан мэдээллээс болж би СӨХ-ийн дарга болон бусад ажлаасаа халагдсан. Байр зарагдахгүй байгаа учраас надад оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. ... Ажил хийхгүй бол санхүүгийн хүнд байдалд орно. ...Байр зарагдах хүртэл хохирлоос бага ч болов төлөх хүсэлтэй байна. Иймд хохирлыг дахин тооцож, хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ..” гэв.
Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн үед шүүгдэгч сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байсан гэж тайлбарладаг. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хүртэл тухайн орон сууц гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч орон сууц барьж, бусдад худалдсан зүйл огт болоогүй. Сөх-ны зүгээс орон сууц захиран зарцуулах, түүний доор байх зогсоолыг худалдан борлуулах гэрээ байгуулж шүүгдэгчтэй хамтран ажилласан зүйл байхгүй. Мөн шүүгдэгч бусдад өгөх хувийн зогсоолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл өөрийн эзэмшлийн зогсоолгүй байж хохирогчийг зогсоолтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг авсан нь гэмт хэрэг юм. Тиймээс гэмт хэргийн зүйчлэл тохирсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбар зэргээр шүүгдэгчид зогсоол байхгүй байсан гэдэг нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нөхцөл байдал мөн нотлогдон тогтоогдсон байдаг. Шүүгдэгчийн зүгээс хоёр өөр байран дээр мэдүүлэг авсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед хохирогч “Юу Лонгтой байрны доорх хоёр зогсоол” гэж мэдүүлсэн байдаг. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн. Тухайн заасан хоёр гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Б-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрт явж байхад нь “...81 дүгээр байрны В1 давхарт байрлах 2 гарааш худалдана. ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 00000000 тоот дансанд 15,000,000 төгрөг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б: “...2024.11.21-ний өдөр байрны гадаа СӨХ-н дарга Н.Б-тэй /шүүгдэгч/ яриа өрнүүлж байхад Б нь “...манай байрны хажуу талын Юу Лонгтой байрны доор 2 машины гарааш байна та авах уу, нэг нь 15,000,000 гэж байгаа, та урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгө болох 15 сая төгрөгөө 2025 оны 03 дугаар сард гэрчилгээ гарахаар өгчихгүй юу.. ...” гэж хэлсэн. ...Тэгээд орой нь нөхөртэйгөө ярилцаж Porshe загварын машинаа банк бусад тавьж байгаад авъя гэсэн. ...Тэгээд маргааш нь СӨХ-ийн дарга Б-ийн Хаанбанкны 00000000 тоот данс руу 15 сая төгрөгийг “Бэйбит-с зээлэв” гэсэн утгаар шилжүүлсэн. ... Тэгээд орой нь “...та 2 ирээд гараашаа үзэх үү. ..” гэхээр нь манай нөхөр очиж үзсэн. ..Тэгээд манай нөхөр ирэхдээ “...1, 2 гэсэн дугаартай 2 зогсоол байна. ...” гэж ярьж байсан. ...Тэгээд манай нөхөр тэр орой машинаа гараашд хийсэн. ...Тэгсэн 2-3 хоногийн дараа танихгүй дугаараас “...хүний зогсоолоо машинаа аваарай. ...” гэсэн. ...Тэгээд би Бтэй ярихад “...наадах чинь бүтэхгүй болчлоо, танайх 5, 6 гэсэн дугаартай зогсоолыг авчих. ...” гэсэн. ...Тэгээд хэд хоноод байж байсан чинь танихгүй дугаараас “...машинаа аваарай, авахгүй бол ачуулна шүү. ...” гэсэн. ...Тэгээд Б-тэй холбогдоход “...та 3 дугаар сар хүртэл хүлээчих гэрчилгээ гарахаар баталгаатай болно. ...” гэсэн. ...Тэгээд 2025 оны 04 дүгээр сар болоод Б-тэй ярихад “...гэрчилгээ гарахаа больсон 15 сая төгрөгийг чинь хүүтэй нь буцааж өгнө. ...” гэсэн. ...Тэгээд өдөр болгон мөнгөө авъя гэхэд “...хүнд гарааш зарна гээд ярьчихсан байгаа, хүнээс мөнгө орж ирэхээр өгнө. ...” гэдэг байсан. ...Тэгээд хэд хоногийн дараа нөгөө 2 хүн нь бүтэхгүй болчихлоо, Юу Лонгтой байранд 2 казак хүн байдаг юм байна, тэр 2-оос приус 41 машиныг нь аваад өгье, та дээр нь 5 сая төгрөг өгчих. ..шинэ хүн олсон тэр хүн СӨХ-ийн данс руу 10 сая төгрөг хийчихсэн байгаа. ...би хэсэг хэсгээр мөнгөө хийнэ. ...” гэж хэлсэн. ..Тэр өдрөөс хойш байнга худлаа хэлж, өөрөө огт ирэхгүй байсан. ..Энэ хүн олон хүнийг залилдаг юм шиг байна лээ. ...” /хх 07-09/,
гэрч Т.Г: “...Би 2008 онд тухайн байр анх ашиглалтад орох үе байр авахдаа зогсоолтой авч байсан. ...Манай зогсоол №2 дугаар зогсоол байгаа. ...Би зогсоолоо түрээсэлж байгаагүй, зарна гэж хүнтэй огт яриагүй. ...” /хх 15-16/,
гэрч Т.Б: “...Би тухайн байрны зоорийн давхарт №6 тоот зогсоолыг эзэмшдэг. ...Тухайн зогсоолыг 2024 онд худалдаж авч. ....Зогсоолоо зарж, түрээсэлж байгаагүй. ...” /хх 19-20/,
гэрч Р.М: “...Би тухайн байрны зоорийн давхарт №5 тоот зогсоолыг эзэмшдэг. ...Зогсоолоо зарна, түрээсэлнэ гэж зар тавьж байгаагүй. ...” /хх 23-24/,
гэрч О.П: “..Б гэх хүнийг танихгүй. ..81 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот зогсоолыг 2020 онд худалдан авч байсан. ..Дээрх 1 тоот зогсоолыг зарна, түрээслэнэ гэж зар тавьж байгаагүй. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,
1, 2, 5, 6 тоот зогсоолууд нь дээрх гэрч нарынх болохыг нотолсон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 47-50/ автозогсоолын зураг /хх 45-46/, шүүгдэгч хохирогч нарын харилцан бичсэн зурвас бичвэр /хх 51-53/, хохирогч Б.Б-с шүүгдэгч Н.Б рүү 15,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 54/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоож, яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
3. Шүүгдэгч Н.Б-ийн гаргасан “...хэрэгт хамааралгүй гэрчүүдээс мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байсан бөгөөд бодит байдалтай нийцүүлж үнэлээгүй. ...” гэх гомдлын хувьд;
Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд ямар нэгэн эргэлзээгүйгээр мэдүүлсэн, тухайн байрны зооринд байх зогсоолууд нь өөрсдийнх нь эзэмшил, өмчлөл мөн талаар тодорхой мэдүүлсэн, мөн тухайн зогсоолуудын эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авагдсан байна. Иймд шүүгдэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
3.1 Мөн “...хохирогч талаас дарамт үзүүлж, Б болон түүний нөхөр байрны ажилчдаас намайг асууж, мэдээлэл авахыг оролдсон байсан, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Б.Б, болон түүний нөхөр байрны групп, олон нийтийн сүлжээнд миний нэр хүндэд халдсан, залилан хийдэг гэх мэтээр мэдээлэл тараасан. ...” гэх гомдлын хувьд;
Шүүгдэгчийн дээрх гомдол нь энэ хэрэгт хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий биш байх тул энэ талаарх гомдлоо зохих байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтойг тэмдэглэж байна.
3.2 “...надад оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг /хорих ялыг хойшлуулах/ хойшлуулж болох талаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс “Зорчих эрх хязгаарлах ял”-ыг сонгон оногдуулсан байх тул түүнд оногдуулсан ялыг хойшлуулж болох талаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй болно.
3.3 “...хохирлыг дахин тооцож, хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Б-г “...81 дүгээр байрны В1 давхарт байрлах 2 гарааш худалдана. ...” гэж хуурч хохирогчоос өөрийн данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлж авсан нь хохирогчийн мэдүүлэг, түүний дансны хуулгаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Бийн хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 15,000,000 төгрөг байх тул хохирлыг дахин тооцох шаардлага үүсэхээргүй байна.
3.4 Мөн шүүгдэгч Н.Б нь “...би залилах гэмт хэрэг үйлдээгүй. ...” гэх гомдлын хувьд;
Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд шүүгдэгч нь өөрт байхгүй эд зүйл болох гараашийг өөрийн эзэмшлийнх мэтээр хохирогчид итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосны үндсэн дээр 15,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж залилах гэм хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга болон бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба түүнийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б нь хохирогчийг “...гэрчилгээ гарахаар баталгаатай болно, түр хүлээчих, мөнгийг чинь хүүтэй нь буцаагаад өгнө. ...” гэх зэргээр арга саам хэрэглэж, хохирогчийн мөнгийг буцаан өгөхгүй байх сэдэл, санаа зорилгыг агуулж байсан байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгуурыг тодорхойлсон.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.
Анхан шатны шүүхээс Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал /5 хүүхэдтэй/ зэргийг харгалзан үзээд, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын: “...2 жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...1 жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтын: “...2 жил. ...” гэснийг “...1 жил. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ