Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 202/МА2022/00012

 

                                                                                                                                                                                                                                                                       

 

  “Г” ХХК-ийн Замын-Үүд салбарын

   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 137/ШШ2022/00261 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: У овогт З-ын Г,

 

Хариуцагч: З овогт Х-ын Ө нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,155,249.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Х.Ө, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч З.Г, Х.Ө нар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дугаар 1915110516 тоот зээлийн гэрээ байгуулан 28,500,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дугаар 1915110516 тоот гэрээнд өөрчлөлт оруулж 1915110516-1 тоот зээлийн гэрээ байгуулан 11,400,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 39,900,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг байдлаар 267 хоног хугацаа хэтэрч байна. Иймд гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 29,624,307.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,459,163.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,778.73 төгрөг нийт 33,155,249.73 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Г, Х.Өын хувьд 2018 оны 11 сарын 02-ны өдөр банктай байгуулсан гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг учраас зээлийн хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. 2020, 2021 онуудад ковидын нөхцөл холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний хүрээнд зээл төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Мөн энэ үед зээлдэгч нартай уулзаж, зээлийг төлөх мэдэгдлийг биечлэн хүргүүлэх боломж байгаагүй, бүх зүйл хязгаарлалтай байсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г 38,239,928 төгрөгийн зээлээ төлж явж байгаад 2019 оны 10 сараас зээлийн төлөлт доголдож эхэлсэн байдаг. Гтай холбогдож чадахгүй байсан учраас Өд зээлээ төлөхийг хэлж байсан. Гын хувьд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэсэн ба зээлээс гадаад гүйлгээгээр төлдөг, гэхдээ хугацаа хэтрэлттэй байгаа учраас төлсөн мөнгө нөхөгдөөд авчихдаг. Одоогийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй  267 хоносон байна. Гын хувьд анх зээл авахад ах нь хамтран зээлдэгчээр оролцсон боловч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороход түүний эхнэр Х.Ө хамтран зээлдэгчээр оролцсон. Нэгэнт зээлдэгч Г Солонгос улсад байгаа тул бид зээлийн төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 29,624,307.53 төгрөг, хүүгийн төлбөр 3,459,163.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,778.73 төгрөг, нийт 33,155,249.73 төгрөгийг 100 хувь Х.Өаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч Х.Ө анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2018 оны хавар хариуцагч З.Г надад “би Гнаас машинаа барьцаалж зээл гаргуулах гээд байгаа юм аа. Чи өөрийгөө миний эхнэр гэж хэлээд очоод гарын үсгээ зураад өгчих, ямар ч асуудал гаргахгүй гэж хэлсэн. Зээлийн гэрээнд нэмэлтээр мөнгө гаргуулж, нэмж мөнгө авч байгааг ч мэдээгүй. Тухайн үед хүүхдийн бие муу байсан буюу нялх байсан учир хүүхдэдээ түүртээд дуудсан цагт нь очоод гарын үсгээ зурж байсан. Ийм учраас “зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч гэсэн зүйлээс татгалзаж байгааг минь хүлээн авч миний бие Х.Өыг хамтран зээлдэгч бус гэж тооцож өгөхийг хүсэж байна. Би Гтай одоо ямар нэгэн харилцаагүй. Тухайн зээлийн гэрээнд орсон байгаа “хамтран зээлдэгч” гэдэг зүйлд гарын үсгээ зурахдаа үндсэн зээл дээр нэмж авч байгааг мэдээгүй. 2020 онд над руу банкнаас 2-3 удаа ярьж, зээл төлөгдөхгүй байна гэж хэлсэн. Гыг хүүхэдтэйгээ хааяа ярихаар нь банкнаас зээл чинь нэхэгдээд байна гэж хэлэхээр төлнө гэдэг байсан. Би эхний зээлийн 28,500,00 төгрөгөөс хэрэглээгүй, энэ зээлийн батлан даагч нь Ганзориг байсан. Ганзориг, Г нарыг байлцуулж байж хэргийг шийдвэрлүүлмээр байна. Би энэ зээлийг төлөхгүй. Гыг нэмж зээл ач байгаа гэдгийг мэдээгүй, хууртсан, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан. “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй тул хамтран зээлдэгч биш гэж тооцож өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Х.Өаас үндсэн зээл 14,812,153.75 төгрөг, зээлийн хүү 1,729,581.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,889.86 төгрөг, нийт 16,577,624.84 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,577,624.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,726.25 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

 

хариуцагч Х.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдсан гомдолдоо: “...Шүүх талуудын хооронд байгуулагдсан ЗГ1915110516-1 тоот зээлийн гэрээг харилцан хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан, зээлийн гэрээний гол зорилго нөхцөлийг тохилцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн талуудыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн боловч хариуцагчийн үүргийг бүхэлд нь хангахгүй гэж үзсэн, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй болохыг дүгнээгүй. Нөгөө талаас хариуцагч Х.Ө нь хамтран үүрэг гүйцэтгэгч З.Гаас төлбөрийг гаргуулах эрх нээлттэй байгаа боломжийг харгалзаж үзээгүй. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Э.Өаас зээлийн гэрээний үүрэгт 33,155,249.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Банкны зүгээс юу гэж үзэж байгаа юм гэхээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан, нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлийн харилцаанд орж хариуцлага хүлээхээр байгаа. Тийм байхад яагаад 50 хувиар шийдсэн дээр банкны зүгээс гайхаад байгаа. Ө Гтай хамтран амьдарч байсан. Зээл авахдаа гэртээ тавилга авна гэсэн байдаг. Тухайн үед юу гэдэг юм гэхээр энэ хүн өөрөө банкны салбар дээр ирж гэрээнд гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм байхад ингэж шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэв.

 

Хариуцагч Х.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Гыг хариуцагчаар татаж авчирмаар байна. Хоёулаа хамт байж л хариуцлагаа үүрнэ шүү дээ.” гэв.

 

Хариуцагч Х.Өын өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Банк нэхэмжлэлээ хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Шүүх шийдвэрлэхдээ 50 хувь буюу тал хувийн Өаас гаргуулахаар шийдвэрлэсэн, үлдсэн хэсгийг буюу Гт холбогдох хэсгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Тийм боломж нөхцөл байгаад байхад яагаад заавал Өын эрх зүйн байдлыг дордуулж байна. Банк яагаад Г гэдэг хүнийг нэхэмжлэгчээр татаагүй вэ? энэ Г гэдэг хүн нь эрх зүйн чадамжтай, Солонгос улсад ажил хийдэг, тэндээсээ зээлээ төлөөд явж байгаа гэдэг тайлбарлаж байж яагаад зөвхөн Х.Өд холбогдуулан нэхэмжлэл гаргаад,  давж заалдаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй шийдвэрлэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн  хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

1/ Нэхэмжлэгч Г ХХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч З.Г, Х.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 29,624,307.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,459,163,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,778.73 төгрөг, нийт 33,155,249.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч З.Г, Х.Ө нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж /1хх 18/,  нэхэмжлэлийн хувийг хариуцагч З.Гт гардуулах ажиллагаа /1хх 23/ явуулахдаа шүүхийн мэдэгдэх хуудсыг түүний оршин суудаг гэж нэхэмжлэлд дурдсан “...Дорноговь, Замын-Үүд, *-р баг, Соёмбо гудамж 1** тоот”-д хүргүүлээгүй байх ба шүүхийн бичиг хүргэгчийн “...Дорноговь аймаг, Замын-Үүд сум, *-р баг, Борхойн ** тоот хаяг дээр очиход Г байхгүй, Өтай утсаар холбогдоход Г байхгүй, Солонгос яваад удаж байна гэж ярив” гэсэн тэмдэглэл /1хх 23/ үйлдсэнийг хэрэгт хавсаргажээ.

 

Энэхүү баримтаас үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаас өөр хаягт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, нэхэмжлэлийн хувийг хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хариуцагч З.Гт гардуулаагүй гэж үзнэ.

 

Мөн “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэж үзэх нөхцөл байдал бий болсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр шүүх шийдвэрлэх байсныг анхаараагүй байна. 

 

2/ Анхан шатны шүүхээс хариуцагч Х.Өд дээр дурдсан нэхэмжлэл /1хх 2/-ийн хувийг /1хх 24/ гардуулахад тэрээр “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үндсэн зээлдэгч З.Гаас бүх үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн хариу тайлбар /1хх 31/-ыг шүүхэд гаргасан байна.

 

  Шүүхээс хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /1хх 32/-д танилцуулахад тэрээр “...хамтран зээлдэгч Х.Өаас бүтэн дүн болох  33,155,249.73 төгрөг нэхэмжилж байна, хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Энэхүү тайлбарын агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хариуцагч З.Г, Х.Ө нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэл /1 хх 2/-ээ зөвхөн хариуцагч Х.Өд холбогдуулан, 33,155,249.73 төгрөг гаргуулах гэж өөрчилжээ гэж үзнэ.

 

Тиймээс  “...зөвхөн хариуцагч Х.Өаас нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг гаргуулах” тухай тайлбар /нэхэмжлэл/-ыг анхан шатны шүүхээс хариуцагч Х.Өд гардуулж танилцуулаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн буюу хариуцагч Х.Өын “...эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 267 хоног хугацаа хэтрүүлсэн гэх боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс холбогдох баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд шүүх зөвхөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх 6,8,9/-т  үндэслэн зээлдэгчийг гэрээний үүргийг аль цаг хугацаанаас эхэлж, зөрчсөнийг тогтоох боломжгүй юм.      

 

3/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /1хх 2/ нь хариуцагч З.Г, Х.Ө нарт холбогдуулан анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мөн давж заалдах гомдолдоо төлөөлөгч Б.Уэс “...Э.Өаас зээлийн гэрээний үүрэгт 33,155,249.73 төгрөг гаргуулж өгнө үү. гэж, харин төлөөлөгч Б.Эгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч З.Г, Х.Ө нараас 33,155,249.73 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын дээрх шаардлага буюу тайлбар, хүсэлтээс дүгнэхэд тэдгээрийн аль алиныг “...хариуцагч З.Гаас татгалзаж, хариуцагчийг зөвхөн Х.Өаар солих тухай хүсэлт гаргаж, хариуцагч Х.Өаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсхүл тодорхой хувиар гаргуулахаар” шаардаж байгаа эсэхэд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөх боломжгүй байх ба харин Анхан шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь “Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх бөгөөд энэ нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байна.

 

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгчид”-ийн хамтран хүлээх үүргийг хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, үүрэг гүйцэтгүүлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж түүнчлэн мөн хуулийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж  тус тус хуульчилжээ.

 

Дурдсан хуулийн агуулга, хэрэгт авагдсан “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ” /1 хх 8/-нд З.Г, Х.Ө нарыг зээлдэгч  гэж, зээлдэгч нь зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тодорхойлсон зэрэг нөхцөл байдал болон нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хариуцагч нарын хариу тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын үүрэг буюу үүрэг гүйцэтгэгч /З.Г, Х.Ө/ тус бүрийн хүлээх үүргийн талаар шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь  “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцнэ.

 

Иймд эдгээр үндэслэлээр Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,726.25 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэхдээ давж заалдах гомдлын “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 137/ШШ2022/00261 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,726.25 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА