Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/500

 

 

   2026            04            23                                        2026/ДШМ/500

Э.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сэлэнгээ,

яллагдагч Э.Ш, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлээр Э.Ш-т холбогдох 2506014062541 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Ш, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор 00 дүүргийн 00 дугаар хороо, Сургуулийн 00 тоотод түр оршин суудаг, /РД:00000000/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Яллагдагч Э.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б-тэй үл ялих зүйлийн улмаас маргалдан зодож, түүний хуйханд шарх, хамар, баруун хацар, нуруу, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 0000 тоотод байхдаа гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хохирогч Б.Б-д агсам тавьж нүүр, нуруу толгой хэсэг рүү аягаар цохих, нүүрэн толгойн хэсэгт гараараа хүчтэй цохих зэргээр зодон, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн,

хамтран амьдрагч болох хохирогч Б.Б-ийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Сан Рейсон” гэх зочид буудалд хамтран амьдрагч Б.Б-ийг утсаар холбогдон “хүрээд ир, ирэхгүй бол ална шүү” дуудан ирүүлж, хараан зүхэн, нүүрэн хэсэгт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн цаг хугацаанд хамтран амьдрагч хохирогч Б.Б-ийг Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Сан Рейсон” гэх зочид буудалд хамтран амьдрагч Б.Бийг утсаар холбогдон “хүрээд ир, ирэхгүй бол ална шүү”, мөн цонхоор унагааж ална гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй болохыг байхыг шаардан заналхийлсэн Э.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б-тэй үл ялих зүйлийн улмаас маргалдан зодож, түүний хуйханд шарх, хамар, баруун хацар, нуруу, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Прокуророос яллагдагч Э.Ш-ийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хамтран амьдрагчаа зодсон үйлдлийг тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

Гэтэл яллагдагч Э.Ш-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын мэдээллийн сан дахь Э.Ш-ийн лавлагаа /хх-ийн 42-43 дахь тал/-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх зөрчлийн мэдээлэл, шийтгэвэр авагдаагүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн байх ба яллах дүгнэлтэд уг үйлдлүүдийг нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсхүл үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Э.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Цэцэгмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нотлогдоогүй гэж үзэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан, хохирогч Б.Б-ийн “...Э.Ш нь манай гэрт хамт амьдрахаар болоод 2024 оны 05 дугаар сард нийтийн байрнаасаа гараад, манай гэрт ирсэн, 06 дугаар сараас эхлээд маргаан болохоор хэл амаар доромжлоод байдаг болсон ба “гичий, пязда минь, янхан, ал” гэх мэтээр хараагаад байдаг болсон, би яагаад намайг ингээд доромжлоод байгаа юм бэ гэж асуухаар өмнөх амьдралаа яриад “та нар муу сайн гичийнүүдийг юу гэсэн ч яадаг юм” гээд байдаг. Эрүүл, согтуу аль аль үедээ намайг хэл амаар доромжилдог байсан. Хэл амаар доромжилж байгаад сүүлдээ нэг хоёр удаа алгадаж, цохиж авдаг болохоор нь би сална гэсэн боловч уучлалт гуйгаад дахиж цохихгүй, хэрүүл маргаан хийхгүй гэдэг байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг Ш архи уучихсан гаднаас орж ирээд надад агсам тавиад гараараа нүүр, нүд хэсэг рүү удаа дараа цохисон. Тухайн үед нь би эмнэлэгт хандаж чадаагүй гэртээ хоёр хоног хэвтрийн байдалтай байж байгаад намайг Дорнод аймаг руу ээж, эгч рүүгээ аваад явсан, намайг өөрийг нь зодсон гэж хэлж болохгүй шүү, өөр хүнд зодуулсан гэж хэлээрэй гээд дагуулаад явж байсан. Дорнод аймагт байхад наадмын үеэр байсан болохоор тэндээ дахиж архи уугаад намайг зодож байхад нь ээж, эгч нар нь салгаад би гэрээс нь гарч зугтаад байшингийн ард нуугдаж байсан. Ээж, эгч нь хараад ямар аймар юм бэ гээд ийм болсон гэж бодсонгүй гээд өнгөрч байсан. 2024 оны 08 дугаар сард дахиад намайг гэрт архи ууж ирээд гараараа толгой, нүүр хэсэг рүү удаа дараа олон удаа цохиж зодсон, намайг гэрээс гаргахгүй байсан учраас би эмнэлэгт үзүүлж чадаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр архи уусан байхдаа гараараа олон удаа хэвлий хэсэгт цохиод байхаар нь би түргэн тусламж дуудаад намайг түргэний\ эмч Япон Монгол эмнэлгийн яаралтай тусламжид хүргүүлээд тэндээ шинжилгээ өгөөд өнгөрч байсан. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний толгой руу шаазан аягаар цохиж 3 аяга хагалсан. Энэнээс болоод миний толгой хагараад цус алдаад байхаар нь би гэрээсээ гарч зугтаад цагдаагийн хэлтсийн үүдэнд орж ирээд ухаан алдаад унасан. Сэрэхэд цагдаа дээр түргэн тусламж ирчихсэн, толгой дээр нь 4 ширхэг оёдол тавихаар боллоо, нилээн том хагарсан байна шүү гээд би оёдол тавиулсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй ажилтай байсан тул цагдаагаас гараад гэртээ очиход Ш тасраад уначихсан байхаар нь гэртээ бие өвдөөд хэвтээд өнжсөн. Дараа нь 2024 оны 10 дугаар сард, 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд мөн архи уусан байхдаа гараараа намайг зодож байсан, би цагдаад хандаж чаддаггүй, намайг цагдаад хандвал ална шүү, чи надаас зүгээр салж чадна гэж байхгүй шүү, алж байж санаа амарна гээд дарамтлаад байдаг учраас би зодуулах бүртээ цагдаад хандаж чаддаггүй байсан.

2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-нийг хүртэл хугацаанд Ш байнгын архи ууж намайг гэрт зодож гэрээс гаргаагүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн эгч Э руу гар утсаараа залгаад, Ш намайг алах гээд зодоод байна гэж ярьсны дараа эгч цагдаа дагуулаад манай гэрт ирж Шийг аваад гарсан. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлж цагдаад хандсан, энэнээс хойш би том эгч Эрдэнэтуяагийн гэрт амьдарч байгаад 2025 оны 02 дугаар сарын сүүлээр гэртээ харьсан. Энэ хугацаанд Ш Дорнод аймагт ээжийнхээ гэрт байсан, тэр үед ээж нь над руу Дорнод аймгаас утсаар залгаад наана учраа олоод амьдраад өгөөч, эсвэл нийтийн байр олоод өгөөч гээд байхаар нь би хамт байх боломжгүй ээ, намайг аймаар зодсон гэж хэлсэн. Тэгээд цагаан сарын үеэр Ш манай гэрт ирчихсэн байсан. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр архи уугаад шөнөжин намайг зодоод, гараараа толгой руу цохиод, хоолны ширээн дээр байсан архины болон аягануудыг миний толгойн дээр цохиод миний толгойноос цус гараад байхаар нь би цагдаад хандаж дахиад шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

- Аюулын зэргийн үнэлгээ гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1968 дугаартай шинжээчийн “..Б.Б-ийн биед тархи доргилт, доод зүүн 1, баруун 1, 2-р шүдний сулрал, дух, хамрын нуруу, нуруу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн бугалганд зулгаралт, дух, хацар, эрүү, зүүн эгэм, 2 бугалга, 2 шуу, зүүн сарвуу, хэвлий, зүүн гуя, 2 шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, Дээрх тархи доргилт, доод зүүн 1, баруун 1, 2- р шүдний сулрал, дух, хамар, нуруу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн сарвуу, зүүн бугалганд зулгаралт, дух, хацар, эрүү, зүүн эгэм, 2 бугалга, 2 шуу. зүүн сарвуу, хэвлий, зүүн гуя, 2 шилбэнд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 2025.01.15-ны Толгойн КТГ-р: Хамар ясны цөмөрсөн хуучин хугарал, таславийн хуучин мурийлт, хоёр нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэзээ үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эргүүлийн илтгэх хуудас, 2025 оны 11 дүгээр сарын 05- ны өдрийн шийтгэлийн хуудас /Хавтаст хэргийн 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн бүрэн нотлогдсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан, хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд, хуульд заасан журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагаа хамааруулан үзэх учиртай. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтэд шинжилбэл зохих нөхцөл байдлын бүрэн бодиттой шинжлэн судалсан, шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, гэм буруугийн асуудлыг шүүх тогтоох боломжтой, хангалттай, хүрэлцээтэй нотлох баримт хэрэгт цугларсан байгаа. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/1512 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Сэлэнгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор М.Сэлэнгэ би хяналтын прокурор Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцэлд дээд шатны прокурорын томилолтоор томилогдон оролцож байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэх агуулгатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-д тус тус заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогчийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байгаа нь харагддаг. Хэдийгээр шүүгчийн захирамжид Э.Ш-ийн цагдаагийн байгууллагаас авагдсан лавлагаагаар 3 удаагийн үйлдлийг хангахгүй байгаа боловч хохирогчийн мэдүүлгээр дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж үзээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эсэргүүцэл бичсэн. Э.Ш нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй тусламж авсан үйлчилгээгээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж прокурорын зүгээс үзэж эсэргүүцэл бичсэн. Э.Ш-т зодуулсан гэх цаг хугацаанд буюу хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авсан байдаг. Япон, Монголын эмнэлэгт үзүүлсэн гэх үйл баримт нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдээгүй байна гэх агуулга нь Эрүүл мэндийн даатгалын лавлагаагаар давхар нотлогдон тогтоогдож байгаа. Хавтаст хэргийн 65 дугаар талд энэ үйл баримт авагдсан. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тусламж үйлчилгээ авсан. Мөн тухайн тусламж үйлчилгээний дараа эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм авсан байдаг. Хэрэг болсон цаг хугацаанд хөнгөлөлттэй эмчилгээнүүдийг авсан нь тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн байнга гэх давтамжийг шүүгчийн захирамжид дурдахдаа үйлдэл зөрчлүүдийн нийлбэрийг гэж дүгнэсэн. Яллагдагч удаа дараагийн үйлдэл хийсэн болох нь нэгтгэсэн хоёр хэрэг болон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Эхний зодоон болсон үйл баримтын хувьд 2024 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд маргаан дэгдэж, янхан, гичий зэргээр хэлж биед нь гэмтэл учруулсан гэсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хөнгөлөлттэй эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөнгөлөлттэй эм авсан байдаг. Дараагийн үйлдэлтэй холбоотой хохирогч нь “2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нүүр хэсэгт удаа дараа цохиж, тухайн үед эмнэлэгт хандаж чадаагүй, гэртээ хэвтрийн байдалтай байсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ цаг хугацаанд мөн эмнэлгийн үйлчилгээ авч эрүүл мэндийн хөнгөлөлттэй эм авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээ, аюулгүй зэргийн нийлбэрээр тогтоогдож байгаа. Аюулгүй зэргийн үнэлгээний асуумжид “удаа дараа зодуулдаг байсан” гэж бөглөсөн байсан. Удаа дараа гэдэг үйлдлээрээ аюулгүй зэргийн үнэлгээ нь 4-7 буюу дунд зэрэг гэх агуулгад багтсан. Хүчирхийлэл үйлдэхэд хүүхэд байлцуулаагүй. Хоёр ба түүнээс дээш удаа зөрчлийн хэрэгт ял шийтгэгдэж байсан гэх асуумжид тийм гэж бөглөгдсөн. Энэ нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар нотолж байна гэж үзсэн. Мөн хохирогч “2024 оны 08 дугаар сард гэртээ байхдаа намайг зодсон” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотой зураг хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “удаа дараагийн давтамжийг агуулаагүй, Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдээгүй байна” гэж дүгнэсэн боловч хохирогчийн мэдүүлгээр удаа дараагийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. ...” гэв.

Яллагдагч Э.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг заналхийлсэн гэж тайлбарлаж байна. Хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр хохирогч надтай буудалд хоносон. Орой бага охин гэртээ ганцаараа байдаг учраас хохирогч орой гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь над руу залгаад хаана байна гэж асуухад нь би “нөгөө буудалдаа байна” гэж хэлсэн. Гэтэл хохирогч “би очлоо” гэж хэлсэн. Хаана уулзах вэ гэж асуугаад бид хоёр Чулуун овоогийн Номинд уулзахаар тохирсон. Бид хоёр Номин дэлгүүрээс хүнс бараа аваад буцаад буудал руугаа орсон. Түүнээс хойш би буудалд ирэхгүй бол ална гэсэн зүйл огт байхгүй. Бийн тухайд архины их хамааралтай. Дандаа намайг шөнийн ээлжид ажилдаа явах үед найзууд нь ирж архиддаг. Хорооны хэсгийн ахлагч хоёр цагдаа дагуулаад намайг ажлаасаа буугаад ирэхэд орж ирж байсан. Орж ирээд “яагаад дуудлага өгсөн юм” гэж асуусан. Би тухайн үед их гайхаж байсан. Ууж идэх бүрдээ миний өнгөрсөн амьдралтай холбоотой асуудлыг сөхөж муудалцдаг байсан. Үүнээс бол хэрүүл маргаан үүсдэг байсан. Аль аль нь өнгөрсөн амьдралтай байхад түүнийг сөхөж ярьдаг. Энэ хэрэг гарснаас хойш Бтэй цахимаар байнгын холбоотой байсан. Надаас мөнгө хэрэгтэй байна гэж асуухад нь би тодорхой хэмжээний мөнгө явуулдаг байсан. Хоригдож байх хугацаанд миний ар гэрээс тодорхой хэмжээний мөнгө өгсөн байна лээ. Би ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. ...” гэв.

Яллагдагч Э.Ш-ийн өмгөөлөгч Ц.Цэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ш-т холбогдох хэрэгт яллах дүгнэлтэд дурдсан 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарч байсан гэртээ хувийн маргааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх зөрчлийн баримт байхгүй. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр амьдарч байсан гэртээ зодож хөнгөн гэмтэл учруулсан. Э.Ш хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйлд ангид заасан гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, заналхийлсэн гэж үзэж яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дордуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ зөвхөн яллах талын баримтыг баримталж эсэргүүцэл бичсэн байна. Энэ хэргийг шалгаж хянахдаа хохирогчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Хэрэгт яллах болон цагаатгах талын баримтыг адил хэмжээнд цуглуулж бэхжүүлээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан. Бусад гэмт хэрэгт холбогдуулан хүндрүүлэхдээ Эрүүгийн хуульд заасан үйлдэлд өөр өөр гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруу дүгнэж болохгүй гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэгт цаг хугацаагаа заасан байдаг боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, заналхийлсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн. Дээрх үйлдлүүдтэй холбоотой миний үйлчлүүлэгчид хариуцлага хүлээлгэсэн баримт байхгүй. Сүүлийн үйлдэл болох заналхийлсэн үйлдэлд зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн арга хэмжээ авагдаж 100,000 төгрөгөөр торгосон талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Прокурорын зүгээс яллагдагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа үйлдлийн нийгэмд аюултай шинжийг бүрэн тодорхойлоогүй. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зодож цохисон гэдэг боловч энэ үйлдлээс хохирол учирсан нь эргэлзээтэй байдаг. Прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай байна. Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ж.Шт холбогдох гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 5 сар гаран буюу 167 хоног цагдан хоригдсон. Хохирогч Б-тэй уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокурорын газраас Э.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийн хянан хэлэлцээд “...яллагдагч Э.Шийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх зөрчлийн шийтгэвэр авагдаагүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үйлдлүүдийг нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсхүл үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. ...” гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой дараах үндэслэлүүд байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хохирогч Б.Б нь хаана, хэзээ, хэрхэн зодуулсан талаараа мэдүүлснээс гадна, аюулын зэргийн үнэлгээ, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эргүүлийн илтгэх хуудас, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргийг хэрэгт бэхжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт бус шүүх хуралдааны явцад, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлон тогтоохоор заасан бөгөөд энэ нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар илэрнэ.

  Анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг хамруулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэх байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа болон хуульд заасан тогтоовол зохих асуудлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр тодруулах бүрэн боломжтой юм.

2. Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үйлдлүүдийг нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсхүл үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж заасан нь хэргийг заавал прокурорт буцаах ажиллагаа биш байна.

Иймд, Э.Ш-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Э.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ