Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 202/МА2022/00013

 

          

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00261 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Е овогт Б-ийн Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ө” ХХК нь өмчлөлийн “Б” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Т” цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар иргэн Б.Бд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, тэр өдрөө түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний нэг сарын төлбөр 1,500,000 төгрөг, ...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Т” цайны газарт гал түймэр гарч ихээхэн хэмжээний хохирол учирсан. Гал гарсан үйлдэлд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар... шалгаад цайны газрын гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт байрлах хуушуурын цахилгаан зуух хэт удаан халсны улмаас буцалж үсрэн цахилгаан зуухан дээр унаж гал түймэр гарсан байна гэх шалтгаан нөхцөлийг тогтоосон. ...Засварыг шаардлагын хэмжээнд хийгээгүйгээс дахин засвар үйлчилгээ хийсэн. Ингэхдээ тэтгэврийн зээл авч хийсэн. ...Гал гарч шатсанаас гэм хор учирсан, гэм буруутай нь тогтоогдсон. Засвар үйлчилгээ хийсэн нь бүгд баримтаар тогтоогдсон, ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн, мөн тайлан бүрийг гэрээнд хавсаргасан байгаа. Гал гарсны улмаас цайны газар ажиллах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон. Үүнийг буцааж хэвийн байдалд оруулсан хугацааны түрээсийн төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 4,500,000 төгрөгөөр тооцож, нийт 45,355,829 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б худалдааны төвийн 2 давхарт байрлах “Т” цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсэлж эхэлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус цайны газарт болгоомжгүй байдлаас үүдсэн гал түймэр гарч хохирол учирсан юм. Галын шинжээчийн дүгнэлтээр цахилгаан зуух удаан халаасны улмаас гал гарсан гэж харсан юм. Хохирлын үнэлгээний тайлангаар 40,270,856 төгрөг гарсан. Манай зүгээс тус цайны газарт нэгэнт гал гарсан учраас бүрэн засвар үйлчилгээ хийсэн. Одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манайх засвар хийхдээ өмнө байснаас нь илүү тохь тухтай цэвэрхэн байхаар засвар хийсэн. Гэтэл үүнийг нэхэмжлэгч тал мэдсээр байж шүүхэд хандсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...Манайх анх орохдоо банкнаас 54 саяын зээл авч түрээсийн талбайг тохижуулсан. Одоо ч тэр зээлийг төлж байгаа. Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл, хуульд зааснаар Үл хөдлөх газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ болох ёстой. Иймээс түрээсийн төлбөрийг төлөхгүй. Гэм хор учруулахаас өмнөх байдалд бид засвар хийж гүйцэтгэсэн. Одоо ч манайх зассаар байгаа.” гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Түрээсийн гэрээ байгуулж ажиллах явцад гал гарч их хэмжээний хохирол учирсан. Засварын ажлыг хэн хийсэн, ажлын зардлыг хэн гаргасан талаар маргаан үүссэн. “...Б засварын ажлын хийсэн боловч нэхэмжлэгч тал өөрт таалагдахгүй гэж 2, 3 удаа засвар хийлгэсэн. Засварын ажилд зориулж 28,9 сая төгрөг зарцуулсан. Засварыг хийсэн гэж ойлгож гэм буруугүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Б худалдааны төв нь Бгийн зассан байдлаар одоо байгаа юм байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бгаас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, 40,855,829 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 324,729 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 86,950 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК давж заалдсан гомдолдоо: “...Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй: Нэхэмжлэгч нийт 172 хуудас нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу эх хувь болон аймгийн прокурорын газрын хуулбар үнэн тамгатайгаар гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ дурдсан боловч ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ огт үнэлэхгүйгээр шийдвэрээ гаргасан. ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар огт дурдаагүй, тэмдэглээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. ...Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Нэхэмжлэгч талаас: Чанартай, шаардлагад нийцсэн засвар хийгээгүй, дахин засвар хийсэн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй, үгүйсгэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгчээс бичгээр гаргаж өгсөн 172 хуудас нотлох баримт нь барилгын материал худалдан авсан тухай санхүүгийн баримт, төлбөр шилжүүлсэн дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримтууд байсан. ...Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд гал түймрийн улмаас эвдэрч гэмтсэн бүхнийг сэргээн засварлахтай холбоотой ажил үйлчилгээнүүд болох нь тодорхой харагдана. ...Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр зөвхөн нэг талыг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн Д.Г, Б.Ж нарын мэдүүлгийг үндэслэн учруулсан гэм хорыг арилгасан буюу гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээж зассан гэж дүгнэсэн байдаг. ...Д.Б нь хариуцагчийн эзэмшлийн хуулийн этгээдэд ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд ажил олгогч, ажилтны харилцаатай. Харин Б.Ж нь хариуцагчийн гэр бүлийн хүн буюу нөхөр нь. Тийм болохоор гэрч Д.Г, Б.Ж нар манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж, мэдүүлэг өгөх туйлын сонирхолтой. ...”Х” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар 40,270,856 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч нар гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээсэн гэх тайлбартаа 28,981,300 төгрөгийн зардал гаргасан гэдэг. Учирсан хохирлын хэмжээнээс нь бага дүнгээр хохирлыг арилгасан тайлбар нь логик зөрчилтэй бөгөөд зөвхөн “засвар хийсэн” гэх тайлбар, мэдүүлгийг шүүх үнэлсэнд гомдолтой байна. Хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримтууд нь хэн худалдан авалт хийсэн болох нь тодорхойгүй, авсан барилгын материалаа гэм хорыг арилгахад зарцуулсан гэх үйл баримтыг нотолдоггүй.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг бичгээр гаргасан. ...Гэвч энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. ...хүсэлтийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд шүүгчийн захирамжийг зохигчид танилцуулж, гомдол гаргах эрхийг хангах ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй. ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцсан. ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хувийн сонирхлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ...хуралдаан даргалагч урьд үүссэн харилцааны зөрчлийг урьтал болгож хэргийг хянан шийдвэрлэсэн гэх эргэлзээг төрүүлж байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00261 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан. Гэтэл энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн энэ зарчмыг баримтлаагүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас 172 хуудас нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж хуульчилсан. Гэтэл энэ хэргийг шийдвэрлэсэн 261 дугаартай шийдвэрийг харахаар энэ тухай юу ч байдаггүй. Яаж үнэлсэн талаар тэмдэглээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн байгаа. Хоёрдугаарт шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас шаардлагад нийцсэн засвар хийгээгүй, засвар хийсэн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй. Үгүйсгэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж тайлбарласан. 172 хуудас нотлох баримтыг сая илтгэгч шүүгчээс танилцууллаа. Түүнд юу юу байсан юм гэхээр ажил гүйцэтгэх гэрээнүүд, төлбөр төлсөн баримтууд түүнчлэн төлбөрийг шилжүүлсэн дансны хуулганууд байсан. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад баталгаажуулсан хэргийн газрын үзлэг, хөрөнгийн хохирлын үнэлгээг тодорхойлсон тайлан зэрэг нотлох баримтууд байгаа. Тухайлбал /хх 120/ хуудсанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Сэржавтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ эх хувиараа байгаа. Энэ гэрээгээр юу хийх байсан юм гэхээр барилгын дээврийн төмөр хийцийн ажлын хийж өгөх талаар л харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг мөн гар бичмэлээр хавсаргасан байгаа. Ажлын төлбөрийг хаана шилжүүлсэн юм гэхээр /хх 174/ хуудсанд авагдсан дансны хуулганаас тодорхой харагдана. Мөн 44 гөлмөн төмрийг 1,716,000 төгрөгөөр худалдан авсан тухай зарлагын баримт, и-баримт мөн дансны хуулга байгаа. Хамгийн их зардал гаргасан ажил нь дээврийн засварын ажил байгаа. Дээврийн засварын ажилд 11,959,000 төгрөгийг нэхэмжлэгч тал шилжүүлсэн баримт нь зарлагын баримт төлбөрийн баримттайгаа хамт байгаа. Ийм баримтууд байхад анхан шатны шүүх огт үнэлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээг цааш нь дурдах юм бол бүх ажил гүйцэтгэх гэрээ эх хувиараа, түүнийг гүйцэтгэсэн тухай тайлангууд нь хамт байгаа. Ийм нотлох баримтууд нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс гэрч оролцуулж мэдүүлэг авсан. Гэрч оролцуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хандаж хүсэлт гаргах эрхийг нь хангаж өгөөч гэж гаргасан. Урьдчилаад бид нарт гэрч оролцуулах тухай хүсэлтээ мэдэгдээгүй байж оролцуулсан. Гэрчээр Б, Ж гээд нийт 3 хүнийг гэрчээр асуусан. Шүүх гэрчээр асуусан гурван хүнээс Б, Ж нарын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байдаг. ...Гэрч нь тухайн хэрэгт хамааралгүй ямар нэгэн ашиг сонирхолгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Б нь хариуцагчийн эзэмшлийн компанийн нягтлан бодогч ажилтай. Өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээр ажил хийж байгаа ажилтан нь байдаг. Ажилтан хэзээ ч ажил олгогчийнхоо эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хариуцагчийн гэр бүлийн хүн Жийг гэрчээр асуусан байдаг. Энэ хүн хэзээ ч эхнэрээрээ төлбөр төлүүлэхийг хүсэхгүй. Ашиг сонирхол нь тэнд явж байгаа. Тийм учраас энэ хүмүүсийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдож байж шүүхийн үндэслэл болгох уу? үгүй юу гэдгээ шийдэх ёстой байсан. Дараа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Х” ХХК-ийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Амарын тогтоолоор томилсон. Үүнийг яагаад томилсон юм гэхээр тухайн гал түймэр гарсан учраас энэ “Ө” ХХК-ийн барилга байгууламжид хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тогтоолгохыг хүссэн. Энэ хөрөнгийн үнэлгээгээр 40,876,000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Анхан шатны шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тэр гаргаж өгсөн нотлох баримтууд дээр 29,981,300 төгрөгийн зардал гаргаж нөхөн сэргээсэн. Өөрөөр хэлбэл гэм хор гарахаас өмнөх байдалд нь оруулсан гэдэг. Үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь 40,000,000 гаруй төгрөг гээд байхад бид нар 20 хэдэн сая төгрөг зарцуулж өмнөх байдалд нь оруулсан шүү дээ гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлгүй гэж харж байгаа. Энэ нь логик зөрчилтэй. Зардлын хэмжээ нь багадаа 30 хэдэн сая төгрөг зарцуулж байж өмнөх байдал нь оруулсан гэж ярих байх. Тэгээд хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхээр дансны хуулган дээр тухайлбал 500,000 төгрөгийн зардлын хуулгыг хараад байхаар “жак сайн үйлсийн аян” гэсэн бичигтэй байгаа. Тэр бичвэр бүхий нотлох баримтыг үндэслээд хохирлыг барагдуулсан гэвэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй нэг талыг барьсан гэж хараад байгаа юм. Дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ хүсэлт нь хавтаст хэргийн 186 дугаар талд байгаа. Угтаа хэргийн оролцогчийн эрх нь байдаг. Түүнийг шийдэх эрхийг нь хуульчлаад өгсөн байдаг. Тэгэхээр хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр анхан шатны шүүх хуралдаан явсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил юм. Хоёрдугаарт анхан шатны шүүх хуралдаан дээр хүсэлт шинээр гаргаж өгөх нотлох баримтын талаар асуудаг. Үүнийг асуугаагүй байхад тэмдэглэл дээрээ бичсэн байсан. Тухайн үед хариуцагчийн өмгөөлөгч гэрч асууя гэдэг хүсэлтийг гаргаж байж гэрч асуулгасан байдаг. Ийм учраас анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнэсэнгүй, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийг тодорхойлж бичсэнгүй. Хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг хийсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хоёр засвар хийсэн гэж хэлдэг. Засвар хийхдээ зах зээл дээрх хамгийн хямд материалаар хийсэн. Хананд наасан обой нь хар бараан өнгөтэй обой байсан. Хоолны газрын обой тийм өнгөтэй байхгүй шүү дээ. Чанарын шаардлага хангаагүй манай хуучин материалаас муу материал байсан. Хоёрдугаарт засвар хийж байгаа нэртэй маш их хугацаа алдсан. Бороо их орсон, бороо орохоор нь сандраад бид нар дээвэр дээрээ гялгар уут дэвссэн. Манай дээд талын модон байшингийн хучилт нь гялгар уут тавьсан маш хөнгөн чанарын хучилт байсан. Тэр гал түймэрт гялгар уутнууд нь бүгд шатсан. Тэгээд бид нар дахиад гялгар уут авч хучиж борооноос хамгаалсан. Гал түймэр агааржуулах хоолойгоор шууд сорогдож дээвэр рүү гарсан. Дээврийн дан нуруунууд маш их шатаж нэлээд газрыг авсан байсан. Тэгээд би Бтай модны талаар ярилцаж “Улаанбаатар хотоос мод татаж чадахгүй, хоёулаа хамт модны газарт очиж үнэ хөлсийг нь тохирч авъя” гэхэд “за, та зээлээр аваад бүх юм аа хийчих би дараа нь төлнө” гэж хэлчихээд төлөх болсон чинь муриад алга болсон. Тэгээд нөхөр бид хоёр хоёулаа тэтгэврийн зээл авсан. Мөн гөлмөн төмөр авсан. Тэгээд хийж байгаа хүнийх нь хийцээс шалтгаалж төмөр нь дутаж, төмөр нэмж авсан байдаг. Дээвэр хийх хүнтэй гэрээ байгуулахад Бг байлцуулж “энэ  хүн ийм төгрөгөөр хийнэ гэнэ яах уу?” гэхэд “хийлгэ хийлгэ би төлнө” гэсэн. Тэгээд төлөх болсон утсаа салгаад алга болсон. Шатсан хаягдлуудаа гадаа гаргаж байшингийн хажууд хураасан чинь “хүмүүс хярвас үнэртээд байна гээд байна наадхаа аваачиж хая” гэж орон нутгийн засаг захиргаа хэлэхээр нь би нар цэвэрлэ гэж хэлээд сар хүлээсэн. Тэгээд хэлсэн чинь “манай нөхөр хөдөө явсан ирээд ачаад зөөчихнө” гэсэн. Тэгээд сүүлдээ бухимдаад “энийгээ гялс зөөлдөө” гэж хэлсэн чинь “та нар өөрсдөө зөөж янзлаад тэр зардалдаа тусга” гэсэн. Тэгээд зөвшөөрөл өгөхөөр нь хүн хөлсөлж, зөөж өөрийнхөө хашаанд хураалгасан. Засварын ажлуудыг дутуу хийсэн. Яаж хийсэн гэхээр та нар ороод үзэж болно. 1000 барааны дэлгүүрийн дээд талын таазанд хийсэн затирка нь хуураад унасан. Тэрийг нэмж засварлаагүй яагаад гэхээр баримт нь байж байг гэж бодсон. Коридорт наасан хуулга нь хуураад унасан. Гал тогооны гал гарсан хэсэг дээр эдний хүүхдүүд ламперия хийнэ гэхээр нь би голоод ийм чанаргүй ламперия хийхгүй, галд тэсвэртэй хуучин байсныг хий гэж хэлсэн. Би илүү зүйл хүсээгүй, хуучин байсан юм аа л шаардсан. Гал гарч маш их хэмжээний ус хийсэн болохоор модон тааз нь бүгд далжийсан. Тэгээд прүүсээр тогтоож байж ламперин тааз тогтоох шаардлагатай болсон. Эдний хоёр хүүхэд шууд тэр дээр нь тогтооно гэсэн. Тэгэхээр нь би “ийм чанарын шаардлага хангахгүй засвар хийлгэхгүй” гэж хэлсэн. Тэгээд огт ирэхээ байсан, утасдахаар утсаа авахгүй, хүнээр хэлүүлсэн ч ирэхгүй. Сүүлдээ арга тасраад бид нар нөгөөхийг нь хүн гуйж хийлгэсэн. Тэр гэрээ зэрэг нь бүгд байгаа. Маш их ус асгасан учир гал тогооны бүх плита бүгд хуурч ойчсон. Тэр плитануудыг бид нар дахиад хүн хөлсөлж зөөлгөсөн. Эд нар шатсан хулдаасаа ч гаргаж хаяаагүй, гал тогооны шатсан бохирдлуудаа гаргаж хаяаагүй. Бид нар дандаа хүн хөлсөлж цэвэрлэсэн. Мөн дээврийн модыг өөрөө болно гэж авхуулчихаад мөнгөө өгөхгүй. Нөгөө модны захын хүн гэрчилнэ. Бид хоёр тэтгэврийн зээл аваад өгчихсөн байгаа. Тэгээд манай гэрийн асуудал туйлын хэцүү болсон. Зун байсан болохоор баруун хашаандаа байж байсан чинь гал гарлаа гэсэн. Тэгээд галын машин ирээд гадна талд байсан мансаартны цонхыг хагалах гээд болохгүй болохоор нь шууд гэрээр орсон. Тэгээд хоёр том гал командын машин ус асгасан. Гэрийн затирка бүх юм будаа болсон. Энийг Б ч мэднэ, нөхөр нь мэднэ. Манай дэвсгэр тэр чигтээ затирка, ус шавар шавхай болсон. Тэгээд янзлуулах гэсэн хатаах хэрэгтэй болсон. Тэгээд янзлуулах хүн олдохгүй, танай эндээс хярвас үнэртээд байна, хуучин юм янзлахгүй. Та энийгээ тэг тэрийгээ тэг гээд засаж өгөх хүн олдохгүй маш их хугацаа алдсан. Хоёрдугаарт эд нар яаж байна гэж нэг ч хэлээгүй. Би бүр ойлгохгүй байгаа. Манай хана туурга тэр чигтээ хагарал үүссэн. Байшингийн тааз гажчихсан байна лээ. Тэгээд гипс авч доторлосон. Хүмүүс хүртэл “манай бараа дээр энэ затирка унаад байна” гэсэн. Тэгэхээр нь би “шүүх шийдэх хүртэл та нар хүлээж бай” гэсэн. Бодит байдлыг ард түмэн харж байгаа шүү дээ. Тэр хог цэвэрлэх ажлаа би өөрөө гардаж хийсэн. Маш их сэтгэл санаа биеийн хүч шаардсан. Тэгээд тэрнээс хойш би цочролд орж миний сонсгол муудсан. Одоо сонсохгүй өмгөөлөгчөө чанга яриарай гээд байгаа. Тэгэхдээ би хийсэн хөдөлмөрийг нь нэхэмжлээгүй. Өвөл болж халаалт тавигдсан. Дорноговийн засварчид хийж өгөхгүй болохоор нь нэг хүн гуйж байж засвараа хийлгэсэн. Тухай бүрд нь засвар хийлгэхдээ энэ хүмүүсээс дандаа зөвшөөрөл авч хийлгэсэн. Тэгэхэд дандаа болно оо болно гэж хариу өгч байсан. Тэгээд бүх ажлаа хийлгэсний дараа тэр хамаагүй бид нар бүгдийг нь төлсөн гэдэг. Зарим засвар нь дуусаагүй байгаа. Шатсан хэсэгт нь будаг тогтохгүй, дээврийн хувьд арга тасраад би хоёр мансаарттай байсныг нь “больё та нарын материалыг хэмнэе гээд нэг мансаарттай болгосон. Тэгээд завсар хийхэд маш их хярвас үнэртсэн. Тэр бүх ажлаа би л гардаж хийсэн. Яагаад тэгж их хярвас үнэртээд байна гэхээр манайх анх байшингаа барихдаа хонины ноосоор дулаалга хийсэн. Тэгээд маш их хярвас үнэртээд байсан. Өвөл болох гэж байхад засвар нь дуусаагүй бид хоёр их сандарсан. Мөн цонхнууд нь гажаад хэрэглэх боломжгүй болохоор нь сольсон. Бүгд гажаад хайлчихсан байсан. Манай хашаанд баримтаараа байж л байгаа. Дээд талын засварын ажил дээр дам нуруунууд их сольсон. Зарим дутуу зүйлүүдээ нэхэмжлээгүй, гол шаардлага хангаагүй, баримттай гэсэн зүйлүүдийг л нэхэмжилсэн. Миний гомдлыг авч хэлэлцэж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр гэрээний дагуу ажилласан. Гэвч гал гардаг өдөр тогоочийн буруугаас болж гал гарсан байсан. Тухайн гал гарах үед бид өөрийн биеэр байгаагүй. Бид нар энэ айлыг ямар ч байсан хохиролгүй болгоно гэж чадах чинээгээрээ тусалсан. Э гуайн өөрийнх нь хэлж байгаагаар би нар мэргэжлийн чанартай хүнээр хийлгэнэ гэж байсан. Бид хоёр Дорноговьд ирээд 5 жил болж байгаа болохоор сайн хүн мэдэхгүй учир нэг бригад авчирч хийлгэе гэсэн чинь “наад хүмүүс чинь бүтэхгүй хулгайч хүүхдүүд, би өөр чанартай хийдэг хүмүүс олно” гэсэн. Э гуай ч өөрөө хэлж байсан. Заавал хэдүүлээ шүүх цагдаа гээд яах уу? одоо бороо орлоо намрын улирал эхэллээ. Хэдүүлээ хэл амаа ололцоод хурдан түргэн хохиролгүй болгож ажиллая гэхэд нь авсан шигээ өгөхийн тулд бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүний өмнөөс буруу хүлээж байгаа болохоор дотроо гонсгор л байсан. Дээврийн асуудал дээр мэргэжлийн хүнээр хэмжээг нь гаргаж өгсөн. Тэр хүмүүс нь 200 ширхэг төмөр хангалттай гэж хэлсэн. Анхнаасаа 240 ширхэг гэсэн бол тэр хэмжээгээр нь л авчирч өгөх байсан. Бид нар галын дүгнэлт гараагүй байхад нь засвар хийж байсан. Ямар ч байсан айлыг хохиролгүй болгоё гэж хийсэн. Тэгээд төмөртөө яаралтай явъя гээд хот явсан. Очоод “төмрөө ачуулчихлаа, бид нар дотор засалд юу юу авах вэ” гэж асуухад “өнөөдөр ажил ярьдаг өдөр биш” гээд утсаа тасалсан. Тухайн үедээ би асуугаагүй байж болно. Хотод очоод асуухад өөрөө утсаа тасалсан. Тэгээд бид нар сайн чанартай гоё юм болов уу гэснээ л авчирсан. Таалагдахгүй байна гэхээр нь бид нар хүлээн зөвшөөрч хуулсан. Тэр хуулсан материал нь тэр чигтээ хаягдсан. Тэгээд хотоос ирсэн бараанууд дандаа хаягдаж байсан болохоор нь бид нар дандаа эндээс материалаа авч байсан. ...Солонгос эмульс орно гэхээр нь өөрсдийн нь хэлснээр л авч хийж байсан. Тэгээд л бид нарыг тийм ч байна ийм ч байна гэж загнаж зандарч байсан. Аргагүй хөрөнгөө шатаалгасан хүмүүсийн занг бид нар ойлгохгүй биш ойлгоно. Тэгээд ойлголцож ярилцах гэхээр ярилцаж зөвшилцөлд хүрч чадахгүй байсан. Манай нөхөр бид 4 сууж байхад манайх хохирол учруулсан 70/30 хувиар нь хуваая гэж хэлсэн. Эд нар гал гаргасан гэх шалтгаанаар 100% манайд дээврээ даалгаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Дээврийн төмрийг манайх мөн л адил 11,000,000 гаруй төгрөгөөр авчирсан байгаа. Тэгээд 70/30 гэсэн манай нөхрийн санаа гарахад нь би “50/50 хувиараа хийе” гэхэд “үгүй хийдгээрээ хий сүүлд нь шүүх хурлаар шийдье, хэнд нь хэдэн төгрөг гарах нь шийдэгдэнэ биз” гэсэн. Энэ хэргээс ганц эднийх биш манайх ч гэсэн хохирсон. Намайг модны зах дээр аваачиж “энэ баримт дээр гарын үсэг зур” гэхэд нь би “зураагүй”. Манай нөхөр залгаж хэдүүлээ хэлцэлд хүрэхгүй байгаа юм чинь шүүх хурлаараа л шийдье чи битгий гарын үсэг зураарай гэсэн. Шүүхэд эднийх нэхэмжлэл өглөө гэхэд нь л би өмгөөлөгч авсан. Би Э гуайд 100 хувь төлнө гэж амлаагүй ээ. Болохоос нь болохгүй хүртэл болгох гэж л хийсэн. Тэгээд би эргэж эндээ үйл ажиллагаагаа явуулъя, уучлалт гуйя уулзъя гэхэд уулзахгүй гэдэг. Дараа нь над руу залгаад “та нар хөгшин настай хүмүүсийг гэр оронгүй болголоо, өнгөтэй өөдтэй явахыг чинь харна аа” гээд 30, 40 минут намайг загнаж байхад нь би тэвчээртэй чагнаж байсан. Манайх өөрсдийн буруугаас биш өрөөлийн буруугаас болж ийм хохирол учирсныг энэ хүн ойлгохгүй байгаа. Тэгээд “бид нарын байшинг шатаачихаад ард түмнээс хандив авч шоудлаа” гэж загнасан. Ард түмэн гэдэг нь миний найз нөхөд, хамт олон нутгийн танихгүй хүмүүс хүртэл тусалж байсан. Тэр 11,000,000 төгрөг дансаар орж ирсэн. Бүгд л энэ байшинд зарцуулагдсан. Баримтаар гаргаж өгсөн байгаа. Дээрээс нь дээврийн модны хөлс болох 5,000,000 төгрөгийг өг гэсэн тэгээд би өгсөн. Дээврийг 100% манайхаас гаргана гээд байгаа дээр л зөвшөөрөхгүй байгаа. Яагаад 50 хувь гэсэн бэ гэхээр эднийх модоо даалгах байсан. Үнэндээ дээврийн төмөр нь шатаагүй байсан. Гэрийн засвар дээр манай нөхөр татгалзсан. Тухайн үед бид хоёр орж харах нь харсан. Гэхдээ хуучин бороо гоождог дээвэр байсан гэж хүмүүс ярьдаг л юм байна лээ. Б гэж энд ирээд танилцсан манай найз байдаг. Сая өмгөөлөгч нь манай дээр ажилладаг, ажилтан, ажил олгогч гэж хэлж байгаа дээр нь би гайхлаа. Би үүнийг үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Манайд ямар ч нягтлан байхгүй. Тэгээд энэ найз маань гал гарснаас хойш л бүх ажилд гар бие оролцож ирсэн. Би хот явахдаа арын ажлаа даалгаж хариуцуулж үлдээсэн. Болсон зүйлийг мэдэж байгаа учраас энэ хүнийг гэрчээр оруулах хүсэлтийг өмгөөлөгчдөө хэлсэн. Манайд нягтлан хийдэг хүн огт биш. Бид нарын дунд тийм гэрээ байхгүй. Дээврийн төмрийг нэг компаниас манайх авдаг гээд утасны дугаарыг нь өгөхөөр нь тэр компаниас нь л очиж авсан. Энэ хүний хэлснээр л аваад хийгээд өгөх гэхээр авахгүй. Бид нар хөдөлмөрлөхгүй л бол энэ айлын эрсдэлийн ард гарч чадахгүй. Тэгээд өмгөөлөгч болон хүмүүсээс зөвлөгөө авахад тэр дүгнэлт үнэлгээ зэргийг хар, айл хийгээд л байвал хийлгээд л байна гэсэн. Үнэхээр бид нар засвараа хийж дуусгаад өгье гэвч Э гуай авахгүй байсан, аваа ч үгүй. Би тэгж бодоод байна. Энэ өчнөөн жил болсон дээвэр мараалын элэгдэл болсон л байдаг байлгүй. Миний сонссоноор 25-30 жил болсон байр гэдэг юм байна лээ. Тэгээд манайх дээврийн засвар дээр мод авсан төмөр авч өгсөн гээд 50 хувьтай оролцсон гэж үзэж байгаа. Дотор засвар нь нэмж засвар хийсэн гэх ч манай хийсэн засвар хэвээрээ байна лээ. Тэгээд ямар ч байсан бид нар чадлынхаа хэрээр хийсэн гэж үзэж байгаа. Бид нар ч гэсэн 50,000,000 төгрөгийн зээл аваад бүтэн жил болоход энэ санхүүгийн хямралаасаа гарч чадаагүй. Энэ хохирол цэвэр тогоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Тэглээ гээд бид нар энэ айлыг л хохиролгүй болгочих юмсан гэж л явсан. Хэл амаа ололцохгүй болохоор нь шүүхээс нь явсан нь дээр юм байна гэсэн өмгөөлөгчийн үгээр эргэж холбогдоогүй. Нэг удаа зориг гаргаж уулзъя гэж утасдахад ажилтай завгүй гэж уулзаагүй.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ болон хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг шүүх үнэлээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Хэрэгт нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ болон засвар хийсэн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээг харахаар үнэхээр тухайн ажил хийсэн хүн нь тухайн гэрээг байгуулсан юм уу? гээд харахаар эргэлзээ төрөхүйц, өөрөөр хэлбэл яг нэг хүний гарын хэвээр хийгдсэн байдаг. Тухайн ажил гүйцэтгэх гэрээг хийсэн этгээдийн иргэний үнэмлэх, биеийн байцаалт нотлох баримт авагдаагүй тэгэхээр тухайн ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм бурууг хариуцагч учруулсан. Гэм хор учруулсан эдгээд гэм хор учруулсан эд хөрөнгөө өмнөх байдалд сэргээх үүрэг хүлээдэг. Шүүх хуралдаан дээр манай талын хүсэлтээр гэрч асуулгасан. Гэрчүүд өмнөх байдалд нь сэргээсэн гэдгийг бүрэн мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгч тал нь хариуцагчийн хийж орхисноор үйл ажиллагаа явуулж байгаа. Нэмж засвар хийсэн гэдгээ нотлоогүй. Хариуцагчийн хүлээлгэсэн өгсөн хэвээр нь өөр хүнд түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байдлаараа нэхэмжлэгч талын эд хөрөнгийг өмнөх байдалд нь сэргээсэн юм байна гэдэг байдал нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан зурган нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Шатсаны дараа хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг.  Хөрөнгийн үнэлгээгээр 40,000,000 хэдэн сая гэж гарсан. Гэхдээ яг энэ үнэлгээний дүнгийн дагуу тэгж хийж ёстой гэсэн зохицуулалт байхгүй шүү дээ. Эд хөрөнгийг өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй. Өмнөх байдалд нь сэргээсэн. Өмнөх байдалд нь сэргээх явцад нэхэмжлэгч тал 3 удаа хариуцагчийн хийсэн засварыг хуулж авсан үйл баримт тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогддог. Сая өөрөө ч хэлж байна. Өмнөх байдалд нь оруулаад байхад нь хуулж аваад байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн хувийн байдлаас болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч объектод бүрэн засвар хийсэн нь нотлогдож байгаа. Мөн хариуцагч анх энэ объектод орохдоо 50,000,000 төгрөгийн зээл авч бүрэн тохижуулж үйл ажиллагаагаа явуулаад гэм хор учирч шатсан. Ингээд зээл авсан, засвар хийсэн гээд маш их санхүүгийн дарамтад орсон байгаа. Одоо нэхэмжлэгчийн сэтгэл ханамжийн дагуу хуулж аваад буцаж сэргээсэн нь засварыг бүрэн хийсэн гэж үзэхээр байна. Сая хариуцагч бас ямар ямар засвар яаж хийсэн талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан. Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн хянаж үзээд нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна. Түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Ө” ХХК-иас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр Дорноговь аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00261 дугаар бүхий шийдвэртэй иргэний хэргийг  бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

                Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар иргэн Б.Б нь “Ө” ХХК-ийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ Зууны 106-1 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрыг 2021 оны 07 дугаар сарын 01-нээс нэг жилийн хугацаатайгаар хоол үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байх явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 31-ны өдөр гал түймэр гарсан үйл баримт болсон ба “Ө” ХХК  иргэн Б.Бд холбогдуулж 40.270856.000 төгрөгийн зардал гаргаж үйлчилгээний зориулалтын байр болон өөрийн гэрийг засварласан  гэж уг хохирлыг гаргуулах,  мөн 2021 оны 08 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны байрны түрээсийн төлбөр болох 4.500.000 төгрөг төлөгдөөгүй тул түрээсийн төлбөр болон гэм хорын хохиролд нийт 45.355829.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

 

                Хариуцагч Б.Б “... манайх өмнө байснаас илүү тохь тухтай цэвэрхэн байхаар засвар хийсэн,  үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хууль ёсны дагуу биш болсон тул түрээсийн төлбөрийг төлөхгүй,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр маргасан.

 

                Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... хариуцагч чанартай шаардлагад нийцсэн засвар хийгээгүйгээс нэхэмжлэгч дахин засвар хийсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч тал гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж зассан гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн галын аюулын гэм хор учруулснаас учирсан хохирол болох 40.855829 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэлийн зарим хэсэг болох гэрээ ёсоор төлөгдөх байсан түрээсийн төлбөр 4.500000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж нэхэмжлэгчид олгох”-оор  шийдвэрлэсэн.

 

                Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж үзлээ. Учир нь:

 

                1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Б.Бтай байгуулсан үйлчилгээний зориулалтын байрыг 2021 оны 07 дугаар сарын 01-нээс нэг жилийн хугацаатай түрээсэлсэн түрээсийн гэрээ, гэрээ ёсоор ашиглуулахаар хүлээлгэн өгсөн үйлчилгээний зориулалт бүхий ажлын байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд, гал гарсны улмаас Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгалтын ажиллагаа явуулсан баримтууд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол,  иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд зааснаар “Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил гаргасан гэж нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгосон тухай Цагдаагийн эрх бүхий ажилтны шийтгэлийн хуудас, үйлчилгээний зориулалтын байрны дотор болон дээврийг шинэчлэн засварласны болон уг байранд байрлах өөрийн гэр гал унтраах зорилгоор их хэмжээний ус цацагдсанаас болж байр болон эд хөрөнгөнд хохирол учирсныг засч сайжруулахаар хийсэн засварын зардлын баримтууд болон төлбөр төлсөн тухай төлбөрийн баримтууд, засвар хийхийн тулд эхнэр, нөхөр хоёулаа банкнаас зээл авч зарцуулсан тухай банкны харилцах дансны хуулгууд, засварын ажил гүйцэтгүүлэхээр бусадтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болон ажлын гүйцэтгэлийн тайлан зэрэг баримтууд /1-р хх-ийн 8-174/-ад үндэслэсэн,

 

                Хариуцагч Б.Бгийн зүгээс “ ...28.981300 төгрөг зарцуулж бүрэн засвар хийсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзсан үндэслэлээ  “Ө” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ,  уг үйлчилгээний зориулалттай байрыг хоол үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахын тулд тохижуулах зорилгоор банкнаас 56.250.000 төгрөгийн зээл авсан тухай зээлийн гэрээ,  засварын зардал гаргасныг нотлох иргэн Б.Бгийн ХААН банкны дансны хуулга, засварын материал худалдан авсан тухай зардлын баримтууд, гал түймэр гарсны улмаас Зөрчлийн хуульд зааснаар шийтгүүлсэн тухай шийтгэлийн хуудас, үйлчилгээний зориулалт бүхий “Ө” ХХК-ийн байрыг тохижуулж үйл ажиллагаа эхэлсэн үеийн болон байрны дээврийн гал түймэр гарахаас өмнөх болон гал гарсны дараа засвар хийсний дараах үеийн гэрэл зураг, дээврийн гал түймрийн улмаас шатаж гэмтсэн үеийн, үйлчилгээний зориулалттай байранд засвар хийж байх үеийн болон хийсний дараах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 209-250, 2-р хх-ийн 1-9/ зэрэгт тус тус үндэслэж, шүүхэд гаргаж өгчээ.

 

                Хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч өөрийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлаа үндэслэж тус тус хэргийн бодит байдлыг тогтоолгохоор мэтгэлцсэн гэж үзнэ.

 

                Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн  эдгээр нотлох баримтуудыг үнэлэх ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

                 Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу  шүүх хуралдааны шатанд оролцсон гэрч Д.Б, Б.Ж нарын “...засвар хийсэн” гэх мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгож, “ ...хариуцагчийн хариу тайлбар, түүнээс гаргаж өгсөн фото зураг, зарлагын баримтуудаар тогтоогдож байна” гэж  зөвхөн дурдаж, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудын талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байгаа нь  анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх” журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

                Өөрөөр хэлбэл: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх,  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”  гэсэн шүүхээс нотлох баримтыг үнэлэх зарчмуудыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна.

 

                Тодруулбал: Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтад
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гал гарсан талаарх Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны ¹04 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” /1-р хх-ийн 42/,  хохирлын үнэлгээний талаарх хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-ийн “Хохирол үнэлгээний тайлан” /1-р хх-ийн 43-50/ тус тус хэрэгт авагдсан ба эдгээрт гал түймрийн улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Т” цайны газарт гал түймэр гарч тухайн цайны газрын гал тогооны өрөө болон дээврийн хэсэгт гал гарч гал тогооны өрөөний эд хогшил, дээврийн хөндийн мод шатсан, галыг унтраах гэж гал командын машинаар ус их хэмжээгээр цацсаны улмаас 1, 2 дугаар давхрын ханын обой норж шарласан, таазны замаска ховхорч хууларсан зэргээр хохирол учирсан талбайн хэмжээг тодорхойлж, хохирол учирсан талбайг үнэлгээчин “ 1. Дээвэр, 2. 2-р давхар /Аажуугийн гэр/,  том өрөөний тагт, коридор, шатны хонгил 3. 1-р давхрын коридор, 4. 2-р давхрын рестораны заал, хувцас солих дамжлагын өрөө, гал тогоо бэлтгэлийн өрөө, үүдний коридор” гэж дөрвөн хэсэгт зааж, хэсэг тус бүрээр нь засварын ажлын хөлс, материалын зардлын тооцоог гаргасан байгааг  анхан шатны шүүх анхаараагүй буюу хариуцагч Б.Б нь шинжээчийн дүгнэлт болон хохирлын үнэлгээний тайлангийн дагуу засварыг бүрэн хийсэн эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

 

                Мөн нэхэмжлэгч талаас 40.270.856 төгрөгийн засвар хийсэн, хариуцагч талаас 28.981300 төгрөгийн засвар хийсэн гэж хэргийн оролцогчдоос тус тус гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судалж бодит байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хийсэн засварын ажил давхацсан буюу 1 засварыг дахин хийсэн эсэх, хариуцагч талаас хийх ёстой засвараас чанаргүй хийгдсэн, эсхүл дутуу хийгдсэн, эсхүл огт хийгдээгүй орхисон засвар байсан зэрэг нөхцөл байдлуудын талаар шалгаж, тодруулаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

 

                2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа  “... хариуцагч чанартай шаардлагад нийцсэн засвар хийгээгүйгээс нэхэмжлэгч дахин засвар хийсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч тал гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж зассан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус буруу тайлбарлаж хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс мөн үзсэн.

 

                Учир нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэм хор учирсны хохирол болох 40.270.85.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “ хариуцагч гэм хор учруулахаас өмнөх байдалд  сэргээж зассан” гэж дүгнэсэн дүгнэлт нь  хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, энэ талаар дүгнээгүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн байрны “өмнөх байдал” гэдгийг хэрэгт авагдсан ямар нотлох баримтад яаж үндэслэснээ шийдвэртээ тодорхойлоогүй байж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан  “өмнөх байдалд нь сэргээсэн”  гэж дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

 

                Шүүхийн шийдвэрийн энэ дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дүгээр зүйлийн 118.4-д заасан шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т “... хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

                Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа “нотлох баримт үнэлэх” болон  “шүүхийн шийдвэр гаргах” журмуудыг тус тус  зөрчсөн, шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна.

 

                Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан “ ... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн” тухай давж заалдсан гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оаас нэхэмжлэлийн үнийн дүн 45.355.829 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Б.Бгийн эд хөрөнгийг  битүүмжлүүлэн шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг шүүгч хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргах байтал гаргаагүй нь буруу болсон байна.

 

           Мөн анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ “...Б засварын ажлыг хийсэн боловч нэхэмжлэгч тал өөрт таалагдахгүй гэж 2, 3 удаа засвар хийлгэсэн. Засварын ажилд зориулж 28,9 сая төгрөг зарцуулсан. Засварыг хийсэн гэж ойлгож гэм буруугүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Б худалдааны төв Бгийн зассан байдлаар одоо байгаа юм байна. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсан ...гэм буруугүй гэж үзэж байна... гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй ба дүгнэлтийн бусад хэсгийг үндэслэлтэй гэж дүгнэлээ” гэсэн нь бүтэц, агуулгын хувьд ойлгомжгүй, Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00261 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362.229 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС