Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2023/00001

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2022/00471 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ***-0***од оршин суух, ***Б.Д   -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ***Ч. Г   -д холбогдох,  

 

81,486,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Х нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э/зайнаас цахимаар/, Ю.Н /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “1.1. ...2014 оны 12 сард Ч.Г нь намайг Сайншанд суманд 3 өрөө орон сууц худалдан авч байхыг мэдэж байсан учир "Д эгчээ байрны үл хөдлөхийн гэрчилгээ чинь гарсан бол та надад 2 сарын хугацаатай зээлийн барьцаанд тавиулаач, би К банкны захирал Нтэй яриад тохирчихлоо миний худалдан авч байгаа байрны үл хөдлөхийн гэрчилгээ 2 сарын дараа гарна тэгэхээр нь солиод тавьж болох юм байна. Дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж гуйсан. Тэгэхээр нь би түүнд итгэн таньдаг, нэг дор ажилладаг юм чинь тус болох үүднээс зөвшөөрч үл хөдлөхийн гэрчилгээ гарсан өдөр нь нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн өмчлөлийн Сайншанд сумын *** Энхтайван гудамжны ***од байрлах 79,8 мкв 3 өрөө орон сууцыг Ч.Гын нэрлүү шилжүүлж өгсөн.

1.2. Ч.Г нь миний өмчлөлийн үл хөдлөхийн гэрчилгээг барьцаанд тавин 2015 оны 01 сард К банктай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Ч.Г нь зээлээ авснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ суллаж өгөхгүй таг болсон учир би өөрөө К банктай очиж уулзаж Г зээлийн төлж байгаа эсэх, барьцаа хөрөнгийг сольж болох эсэх талаар тодруулж асуухад банк боломжгүй гэрээний үүрэг дууссаны дараа барьцаа чөлөөлөгдөнө гэсэн хариуг өгсөн. Миний бие өөрийн үл хөдлөхийг зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд Гыг зээлээ төлөхийг шахаж шаардаж, зарим үед өөрөө хүртэл зээлийн төлөлтийг төлж өгч байсан. 2016 оноос К банкнаас надруу яриад Г зээлээ төлөхгүй байна, таны байрыг зарж борлуулж зээлийг хаах асуудал яригдаж байна гэж хэлсэн. ...Миний бие өөрийн үл хөдлөхийг зээлийн барьцаанд алдах маш хүнд нөхцөл байдал үүссэн байсан учир Гын нэр дээрх бүртгэлтэй өөрийн үл хөдлөхийг бусдад худалдаж байгаа нэрийдлээр өөрийн танил хэн нэгэн хүн дээр орон сууцны зээл гаргах нь зөв юм байна гэж бид ярилцаж шийдсэн.

1.3. Г бид 2 ...мөн Хамрын хийдэд гэр буудал ажиллуулдаг танил Б.Т, түүний эхнэр Б.Б нартай уулзаж, учир байдлаа ярьтал Б.Т би өөрийнхөө нэр дээр Год орон сууцны зээл аваад өгье бидэнд бас 5,000,000 төгрөгийн хэрэгцээ байна. Зээл дээрээ нэмээд 5 сая төгрөг нэмж аваад Г, бид 2 өөрсдөө зээлээ төлөөд явъя гэсэн. Ингээд миний өмчлөлийн Сайншанд сумын *** ***од байрлах 79,8 мкв 3 өрөө орон сууцыг Ч.Гоос Б.Т худалдан авч байгаа дүр үзүүлэн К банкнаас Ч.Тын нэр дээр 15 жилийн хугацаатай, 49,000,000 төгрөгийн зээлийг гаргуулж, Ч.Г нь 35,000,000 төгрөгийг зээлийг 44,500,000 төгрөгөөр хааж, үлдэх 4,500,000 төгрөг Ч.Т авсан. Б.Тын нэр дээрх орон сууцны зээлийг Ч.Г зээлийн графикийн дагуу төлөөд явах ёстой атал шаардуулж байж зарим үед төлөлт хийнэ зарим үед хийхгүй, зээлээ төлөхгүй үед миний бие байраа алдахгүйн тулд зээлийн төлбөрийг төлсөөр 2018 оны 10 сар хүргэсэн. ... Гтой очиж уулзаж зээлээ хаа байрныхаа үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлж авмаар байгаа тухайгаа хэлтэл Ч.Г нь "би таньруу өөрийнхөө байрыг шилжүүлж өгье тэрийг тавиад зээлээ авчих өөр арга байхгүй байна гэсэн. Ингээд О гэх эмэгтэйтэй худалдах, худалдан авах гэрээ хийн Ч.Гын 3 өрөө орон сууцны ул хөдлөхийг өөрийнхөө нэр дээр болгосон. Ингээд дээрх үл хөдлөхийг барьцаалж, 2018 оны 09 сарын 17-ны өдөр *** ХХК-иас 40,800,000 төгрөгийн зээл, И.Цгаас 7,000,000 төгрөгийг хүүтэй, өөрөөсөө 1,028,000 төгрөгийг тус тус гарган авч нийт 48,828,000 төгрөгөөр Б .Гын нэрийн өмнөөс Ч.Тын нэр дээрх орон сууцны зээлийг бүрэн төлж хаасан.

1.4. Мөн Б.Г нь Алтаа, У гэх хүмүүст нийт 7,500,000 төгрөгийн төлбөртэй гэх шалтгаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Гын өмчлөлийн Үл хөдлөхийг худалдан борлуулах эрхийг хаасан байсан учир Б.Гын өмнөөс Шүүхийн шийдвэр дээр дээрх хүмүүсийнх нь төлбөрийг төлж хаасан.  Миний бие Б.Гын зээлийг хааж, өөрийн үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлж авахын тулд түүний зээлийн төлөлтийг хийж, худалдах, худалдан авах гэрээ хийгдэх бүрт нотариатын зардал, татвар, үл хөдлөхийн гэрчилгээ шилжүүлсний хураамж, *** ХХК-иас хүүтэй мөнгө, хувь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн зэрэг маш их зардлыг гаргаж хохироод байна.

Иймд дээрх зардлууд болох зээлийн төлбөрт төлсөн 11,750,000 төгрөг, нотариатын зардал 575,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж 40,000 төгрөг, татварт 1,680,000 төгрөг, Ч.Тын нэр дээрх Б.Гын зээлийг хаасан нийт 48,828,000 төгрөг, *** ХХК-д төлсөн хүү 3,955,600 төгрөг, ШШГГазарт Б.Гын өрийг төлсөн 7,500,000 төгрөг, хувь хүнээс зээл хаахад авсан 7,000,000 төгрөгийн хүү болох 1,837,500 төгрөг, нийт 81,486, 100 төгрөгийг Б.Гоос гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн нэхэмжлэлийн агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг нэг бүрчлэн тайлбарлая. Үүнд Ч.Г, Б.Т нарын зээлд төлсөн 10,076,500 төгрөг, нотариатын зардал 235,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээний хураамж 40,000 төгрөг, Б.Тын нэр дээрх Ч.Гын зээлийг хаасан 48,828,000 төгрөг, “***” ХХК-д төлсөн зээлийн хүү, торгуульд төлсөн 4,185,700 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд Уд төлсөн 3,406,000 төгрөг, Ад төлсөн 3,835,000 төгрөг,  татварын газарт 1,680,000 төгрөг, нийт  72,286,200 төгрөг болсон. ...” гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Гын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “... Б.Д бид ярилцаад түүний орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авах, тус тусдаа авсан зээл зээлийн хүүгээ төлж барагдуулахаар тохиролцсон. Б.Д ч уг зээлнээс авсан. Би ч авсан гэтэл надад мэдэгдэлгүйгээр Б.Ттой тохиролцон түрүүнд авсан зээл дээрээ нэмж зээл гаргуулж авсан тул зээлийн үлдэгдэл их болсон. Бүх зээлээ надаар төлүүлэх гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Б.Дгийн нэхэмжилж байгаа 81,486,100 хүлээн зөвшөөрөхгүй. Бид нарын дунд мөнгө төгрөгийн өгөө аваа байгаа түүнийг би уулзаж тооцож байж төлөх эсэхээ шийднэ. Мөн банкнаас холбогдох баримтуудаа гаргуулж шүүхэд өгөх болно. Мөн хэн зээл авахаар банкны хүмүүстэй уулзаж, зохицуулж байсныг гэрчлэх хүмүүс ч байгаа. Банканд зээлийн үлдэгдэл байж магадгүй түүнээс Б.Дд 81 сая төгрөг төлөх асуудал байхгүй.  Энэ зээлнээс болж манай дүүгийн 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд алдаж 7-8 ам бүл гудамжинд гарах дээрээ тулаад байгааг Б.Д мэдэж байгаа...” гэжээ.     

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56.5 дахь хэсэг, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ***Ч. Г   -оос 44,793,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***Б.Д   -д олгож, 27,492,465 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гоос 381,919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “5.1.  ... Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Б.Д Ч.Г нарын болон Т нарын хооронд орон сууц худалдан авах гэрээний тухай болон 35 сая төгрөгийн зээлийн талаар дурдсан байна. Ингэхдээ Ч.Гоос Уд төлөх 3,406,000 төгрөг, Ад 3,835,000 төгрөг. *** ХХКомпанаас зээлсэн 4,185,700 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт энэ тухай ямар нэг нотлох баримт байхгүй зөвхөн нэхэмжлэгчийн ярьснаар төлбөрийг хариуцуулсан байна. Учир нь Ч.Г нь У, А нарт төлөх төлбөрөө аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар өөрөө төлж барагдуулсан байна. *** ХХК-нд Гын зүгээс ямар нэг мөнгө төгрөг зээлсэн асуудал үгүй тул хариуцан төлөх үндэслэлгүй болно. Харин Б.Д нь бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх боловч К банкнаас Гын зээлсэн зээлийн үлдэгдлийг хаахдаа нэмж зээл авч хааснаас 40 гаруй сая болсныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна.

5.2. Шүүх Ч.Г нь 2015.1.12- 2016.12.2 өдрийг хүртэл зээл 35 сая, хүү 15,620,000 төгрөг нийт 50,620,652 төлөх байсан байна гээд 50,620,652 дээр огт төлөх үндэслэлгүй 21,984,500 нэмээд 72,605,152 төгрөг гаргаад үүнээс Ч .Гын 35 саяын зээлтэй байх үед төлсөн 16,293,000 төгрөг, Т, Б.Д нарын зээлд төлсөн 11,199,465 төгрөг нийт Ч.Гэрэл-Одын төлсөн 27,492,465 төгрөгийг хасч тооцоод 44,793,735 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б Дгээс Тын зээлд төлсөн 8,566,800 төгрөг, / Ч.Год ямар нэг үүрэг үүсэхгүй/, У, А нарын төлбөр 7,241,000 төгрөгийг Б.Дгээр төлүүлээгүй /, Гэрчилгээ солиулахад гарсан зардал 40,000 төгрөгийг нэхэмжлэх эрх байхгүй. /өөр хүн төлсөн байдаг/, *** ХХК-наас 4,185,700 төгрөгийг Ч.Г зээлж аваагүй тул төлөх үүрэг үүсэхгүй, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад төлсөн татвар 1,680,000 төгрөг хэний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хөрөнгө болох нь тодорхойгүй, гэх мэт хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөнгө тус бүр тооцоог гаргалгүй Б. Дд 21,984,500 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаад гомдолтой байна.

5.3. ... Анхан шатны шүүх дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хэлцэл хийсэн буруутай хүн хохирлыг хариуцна гэж дүгнээд цаашид гарсан зардлуудыг нэмж нэгтгээд Ч.Год хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. ... Эндээс ямар дүгнэлт өгөх вэ гэхээр Ч.Г нь Б.Дгийн өмнө хэдэн төгрөг хариуцах юм бэ гэсэн асуудал үүсэж байгаа юм. ... Ч.Г нь Б.Дгийн орон сууцыг барьцаалж, К банкнаас зээлээр авсан 35 сая төгрөгийн хүрээнд хариуцлага үүснэ. Гэтэл Ч.Гоос Тт шилжсэнээс хойш Б.Дгийн төлсөн гэх 8,566,800 төгрөг У, А нарын 7,241,000 төгрөг, татвар төлсөн 1,680,000 төгрөг гэрчилгээ солиулахад төлсөн 40,000 төгрөг нийт 17,527,800 төгрөгийг Ч.Гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хасуулахаар гомдол гаргав. Харин нотариатын зардал 235,000 төгрөг, татварт төлсөн 1,680,000 төгрөгийг шүүх төлөх үндэслэлтэй гэж үзвэл Б.Д, Б.Т нартай хуваах төлөх боломжтой гэж үзэв.

5.4. Анх авсан 35,000,000 төгрөгийн хувьд маргаан байхгүй. Ямар нэгэн “Би аваагүй, чи аваагүй гэсэн зүйл байхгүй. Б.Дд 5,000,000 төгрөг өгсөн гэдэг. Б.Д аваагүй гэдэг. Энэ зүйл дээр цаашид маргаан үүсгэхгүй гэж Ч.Г явж байгаа. Тэгээд энэ 35,000,000 төгрөгийг Ч.Г аваад хэрэв банкинд төлөөд явж байсан бол 64,392,000 төгрөг болж энэ зээлийг хаах байсан юм байна лээ. Хэрэгт Б.Дгийн мэдүүлгээс харах юм бол “банкных нь барьцаанд хураагдах гээд байна” гэдэг. Тийм учраас эрсдэлээс гарахын тулд Тын нэр дээр байраа шилжүүлээд зээл гаргаж авсан юм гэдэг байдлаар тайлбарладаг юм. Энэ дээр дүгнэлт хийгээд үзэх юм бол үнэхээр банкинд хариуцуулах ёстой байсан. Цаашдаа Тын нэр дээр зээл гарах ямар ч тийм боломжгүй нөхцөл байдал үүсэх боломжтой байсан юм. Энэ дээр ямар учраас Тын нэр дээр зээл гараад байгааг харахаар Тын нэр дээр байраа шилжүүлээд зээл авахдаа дандаа өсгөөд авсан байдаг. Энэ дээр өөр сонирхол харагдаад байгаа гэж хардаад байгаа юм. Мөнгөө дахин өсгөж аваад, мөн дээрээс нь Тт 4,500,000 төгрөг төлж байгаа нь мөнгөө өсгөж, зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлж аваад ашиг олоод байгаа байдал юм шиг харагддаг юм. ...Анхан шатны шүүх ... хойшид үүссэн янз бүрийн зардлуудыг дүр үзүүлэн хийсэн хэлцлээс үүссэн хохирол байна. Энийг Ч.Г хариуцах юм байна гээд ... хэн нь буруутай гэдгийг тогтоогоогүй байж ганцхан Ч.Г буруутай учраас энэ зардлуудыг хариуцна гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцах хэмжээг нь  багасгаж өгөөч гэсэн хүсэлт байгаа. гэв.

 

6. Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Энарын бичгээр гаргасан давж заалдсан гомдлын агуулга: “... Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Гын зээл хаахад төлсөн 16,293,000 төгрөг/xx-146/, зээл төлсөн 7,744,115 төгрөг, 3,455,350 төгрөг, нийт 27,492,465 төгрөгийг Ч.Гыг төлсөн гэж тооцон нэхэмжлэлийн шаардлагаас хасч үндэслэлгүй шийдвэрлэсэн. Ч.Гын зээлийг хаахад төлсөн гэж дүгнэсэн 16,293,000 төгрөгийг хариуцагч Ч.Г өөрийн мөнгөөр төлж зээл хаагаагүй бөгөөд энэ нь Ч.Гоос К банкин дахь зээлээ төлж чадахгүй байсны улмаас 2016 оны 11 сарын 15-ны өдөр Ч.Гын нэр дээрх зээлийг хаах зорилгоор, Ч.Гын нэр дээрх Б.Дгийн орон сууцыг Т, Б нарын нэр дээр шилжүүлэн Орон сууц худалдан авах зээлийн гэрээг К банктай байгуулан тухайн өдөр Т, Б нарт К банкнаас 49,000,000 төгрөгийн зээл олгогдож /хх 12-19/, уг зээлийн мөнгөнөөс Ч.Гын үлдэгдэл үндсэн зээл, үндсэн хүү, түүний өр гээд нийт 37,245,997.4 төгрөгийг зээл хааж төлж зээлийг бүрэн хаасан /xx-56-57/ атал дээрх 16,293,000 төгрөгийг Г өөрөө төлсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний анх авсан 35,000,000 төгрөгийн зээл 38,000,000 төгрөгийн зээл болж хаагдсан гэж зээл хаагдсан дүнгийн талаар тайлбарладаг. Гэвч Б.Т, Б нарын нэр дээрх зээлийг Ч.Г төлөөгүйн улмаас уг зээлийг би бүрэн төлж хаасан. Анхан шатны шүүх Б.Т, Б нарын нэр дээр гарсан зээлийн мөнгөөр төлөгдсөн хариуцагчийн зээлийн 16,293,950 төгрөгийг хариуцагчийг өөрийн мөнгөөр төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. шаардлагаас үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгосон 16,293,950 төгрөгийг хариуцагч Ч.Гоос гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 72,286,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг юм. ... Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Гын зээл хаахад төлсөн 16,293,000 төгрөгийг хариуцагч Ч.Гыг өөрөө төлсөн байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл 16,293,000 төгрөгийг Ч.Гын нэр дээрх зээлийг хаахын тулд Т нэр дээр зээл аваад уг зээлийн мөнгөнөөс уг төлбөрийг хаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг. ...Ч.Г энэ зээлийг хаахдаа хаанаас мөнгөний эх үүсвэрээ олж хаасан нь тодорхойгүй. Мөн тэр зээлийг хаахад надад тийм их мөнгө байгаагүй гэдгээ шүүх хуралдаанаар мэдүүлж байхад шүүх анхаарч үзээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар энэ төлбөрийг гаргаж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байгаа” гэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... С.Эөмгөөлөгч түрүүнд хэлж байна. Манайд бол Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг шаардлага тус бүрээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж шаардсан байгаа. Шүүхийн хассан дүн үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанаар Ч.Гын зээл төлөгдсөн гэж 16,293,000 төгрөгийг хассан байдаг. Уг нь бид нар энэ 16,293,000 төгрөгийг Тын нэр дээр 01 дүгээр сарын 16-ны өдөр зээл аваад хаагдсан юм гэдгийг тайлбарласан боловч энэ 16,293,000 төгрөгийг Г гэсэн төлбөрөөр орсон байна гэж дүгнэсний үүднээс асууж тодруулаад байдаг. Г ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Энийг бол би төлөөгүй гэдэг. 16,293,000 төгрөгийг хэн төлсөн бэ гэж асуугаад байдаг. Энэ дээр Г хэлсэн анхан шатны шүүхийн тайлбарт бас байдаг. ...Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлттэй гомдлыг гаргаж байгаа” гэв.

 

9. Нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Миний нэхэмжилсэн мөнгөнөөс бид нар өөрсдөө 9,199,000 төгрөгийг яагаад хорогдуулж нэхэмжилсэн бэ гэхээр энд бид нарт нотлох баримт байхгүй, баримтгүйгээр Ч.Год өгсөн мөнгө байсан. Тэрийг би хасаад 72,286,200 төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн байдаг. Ч.Г К банкаар 35,000,000 төгрөгийн зээл аваад хаахдаа ... Тын нэр дээр шилжсэн ч гэсэн энэ уг гарал нь Ч.Гын зээл явж байгаа юм. Гэтэл К банканд төлсөн зээлийн баримтыг үндэслээд К банканд төлсөн мөнгийг миний нэхэмжилсэн хохирлоос хассан байгаад би гомдолтой байна. ...Тэр баримтууд нь Ч.Г өөрийнхөө зээлийг төлсөн баримтууд байгаа болохоос миний хохирлоос хорогдуулсан нэг төгрөг ч байхгүй. Гэтэл К банканд төлсөн баримтыг хараад миний хохирлоос хасчихсан. Шууд автоматаар 27,492,465 төгрөгийг шууд надаас хасчихсан. Яагаад Тын нэр дээр очсон бэ гэхээр Ч.Г зээлээ төлөхгүй байсан учраас юм. ... Энэ зээл хаасан мөнгө эргээд Тын зээлээс гараад би зээлүүлсэн хүмүүстээ өгсөн учраас энэ ямар ч төлөлт биш юм. Гэтэл энийг төлөлт гээд анхан шатны шүүх 17,000,000 төгрөгийг тэр хүний банкандаа төлсөн төлөлтийг миний хохирлоос хассан явдалд би гомдолтой байгаа” гэв.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “10.1. ... 35,000,000 төгрөгийн зээл аваад Ч.Г 27,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс цааш Т руу шилжсэнээс хойш Ч.Г эрх зүйн болон хууль зүйн ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Яагаад гэхээр Б.Д Ттой яриад зээлийг авахдаа нэмээд авчихсан зээлийн талаар энд огт яригдахгүй байгаад байгаа. 38,000,000 төгрөгийг 40,000,000 гаруй төгрөг болгож төлж байгаа байдал нь Дгийн ярьж байгаагаар бол 4,500,000 төгрөгийг Т авсан юм гэж хэлдэг. Энэ мөнгөө Т төлсөн юм уу. ...Г 38,000,000 төгрөгийн зээл аваад төлөөд явж байсан. Тэр зээлийн хугацаа дуусах болоогүй байсан. Байр хураагдах асуудал огт яригдаагүй. Тэрийг Д өөрөө л тэгж яриад байгаа болохоос биш тийм юм яригдаагүй. Т руу шилжих үед Д гэдэг хүн Ч.Гын дүүгийн хамтын өмчлөлөөр байсан 79,3 мкв, 3 өрөө байрыг өөр дээрээ шилжүүлээд авчихсан байсан. Одоо ч гэсэн тэр байрыг нь Д хууль бус гэрээ гэж яваад барьцаанд тавьчихсан.

10.2. ... Татгалзаад байгаа гол үндэслэл нь юу вэ гэхээр ... Энэ мөнгийг Гын зээлд төлсөн гэсэн баталгаа байхгүй. ... Яг нотлох баримтуудаас хараад үзэх юм бол Ч.Гын зээл, Тын нэр дээр шилжсэн зээлүүдэд 5-6 хүний нэр байна. Ц, Долгоржав, Т, гэсэн нэрс байна. ... Б.Д энийг К банкнаас тооцоог нь гаргаж ирэхдээ бүхий л зээлийн доторх 8,566,800 төгрөгийг Б.Д төлсөн байна гэж гаргаж ирсэн. Ч.Гоос К банкинд төлж байгаа зээл нь өөрийнхөө зээл болон Тын зээл юм. Тэгээд 21,000,000 төгрөгийг хасуулахаар гомдол гаргаад байгаа юм. Юун 21,000,000 төгрөг юм бэ гэхээр задалж яръя. Б.Дгээс Тын зээлд төлсөн гэх 8,566,800 төгрөг байгаа юм. Д Гын зээлд энийг төлсөн болохоос биш Гын хууль ёсны гэрээ хийсэн, зээл авсан хоног, цаг хугацаанаас төлөгдсөн мөнгө. ... Энийг шүүх анхаарч үзэхгүй Гын 27,000,000 төгрөгийг 72,000,000 төгрөгөөс хасаад 44,000,000 төгрөгийг гаргаж ирээд тавьсан байгаа юм. Энд хууль зүйн дүгнэлт болон бусад хууль, өөр хуулийн зохицуулалтаар гаргаж ирэх ёстой, өөр нотлох баримтаар нотлогдох ёстой, гэрч юм уу, бусад бичгийн нотлох баримтаар батлагдаж байгаа эсэхийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.

10.3. Мөн нотариатын 235,000 төгрөг байдаг. Тын зээлийг авахад нотариатаар батлуулсан 235,000 төгрөг байдаг. Энийг Г хариуцах ёстой юм уу. Эсвэл хувааж хариуцах ёстой юм уу. Хуваавал болно гээд байгаа юм. 235,000 төгрөгийг хуваавал нэг хүнд 78,000 төгрөг гарч байгаа байх. Т, Д, Г гуравт хуваавал 78,000 төгрөг гарч байгаа. Яахаараа Г дангаараа энийг хариуцдаг юм бэ. Энэ зүйлээс Д, Т нар ашиг хүртсэн байгаа. 4,5000,000 төгрөгийн хүү, алданги гэх мөнгө гарах байлгүй дээ. Банкны салбараар явж байгаа юм чинь. Энийг төлөх үндэслэл байхгүй. Төлбөл хуваая гэж байгаа юм. Мөн гэрээ солиулах үл хөрөнгийн газар төлсөн 40,000 төгрөг гэж байгаа. Д үүнийг төлөөгүй.... *** ББСБ-аас 4,185,000 төгрөгийг зээлсэн. Ч.Г энийг мэдэхгүй гэж байна. Д энийг нэхэмжлэх эрх байхгүй.... У, Алдармаа нарын мөнгийг төлсөн гэдэг. Ер нь бол Угаас авсан мөнгөний хүү нэлээд өсөөд байсан. Хэн авсан бэ гэхээр Д энэ мөнгийг авсан. Энийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн баримтууд нь байгаа. Яах гэж төлсөн гэхээр 3 өрөө байрыг нь авах гэсэн чинь Д өөрийнхөө байрыг барьцаалсан байдаг. Гэхдээ Гын 3 өрөө байрыг авахын тулд Г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зээлтэй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 3 өрөө байрыг нь битүүмжилсэн байдаг юм. Тэгээд 3 өрөө байрыг цаашдаа зээлд тавих гээд байсан чинь боломж гарахгүй байсан учраас энийгээ хурдан төл гэсэн яриа үүсгэсэн. Тэгээд Б.Д Год мөнгө өгсөн зүйл байхгүй. Чи Дгээр төлүүлсэн юм уу гэхээр үгүй ээ би өөрөө төлсөн гэдэг. Удаа дараа Шүүхийн шийдвэр дээр очиж, дүүтэйгээ нийлж байгаад энэ мөнгийг төлсөн юм. ...11,500,000 төгрөгийн шүүхийн шийдвэр анх гарсан. Тэгээд яагаад 7,241,000 төгрөг яагаад болсон гэдгийг мэдэхгүй байгаа юм. ... Ингээд 21,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр Ч.Гыг төлөхөөр гаргаад ирсэн юм. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсанд 1,680,000 төгрөгийн татвар төлсөн байдаг. Гоос авахдаа 20,000 төгрөгөөр авсан. Энэ 1,680,000 төгрөгийн татвар хаанаас, яаж гарч ирсэн юм бэ. Аль үл хөдлөх хөрөнгийн татвар болоод ийм юм гарсан юм бэ. Тодорхойгүй ийм зүйл байгаад байгаа. 21,984,500 төгрөгийг төлөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь гарахдаа хууль зүйн үндэслэл бүхий гараагүй. ... 21,000,000 төгрөгийг хасуулъя гэсэн тайлбартай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Х нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2022/00471 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энарын давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Хы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Дгээс хариуцагч Ч.Год холбогдуулан Ч.Гын гуйлтаар өөрийн орон сууцаа түүний нэр дээр шилжүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулж К банкнаас 35,000,000 төгрөгийн зээл авахад нь тусалсны улмаас зээлийн төлбөрт нь төлсөн 11,750,000 төгрөгийг , нотариатын зардалд 575,000 төгрөг,  үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн тухай Улсын бүртгэлийн газарт төлсөн хураамж 40,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 1,680,000 төгрөг, Ч.Тын нэр дээрх Б.Гын зээлийг хаасан нийт 48,828,000 төгрөг, ”***” ХХК-нд төлсөн хүү 3,955,600 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ч.Гын өрийг төлсөн 7,500,000 төгрөг, хувь хүнээс зээл хаахад авсан 7,000,000 төгрөгийн хүү болох 1,837,500 төгрөг, нийт 82,486,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа “ ...Ч.Г, Б.Т нарын зээлд төлсөн 10,076,500 төгрөг, нотариатын зардал 235,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээний хураамж 40,000 төгрөг, Б.Тын нэр дээрх Ч.Гын зээлийг хаасан 48,828,000 төгрөг, “***” ХХК-д төлсөн зээлийн хүү, торгуульд төлсөн 4,185,700 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд Уд төлсөн 3,406,000 төгрөг, Ад төлсөн 3,835,000 төгрөг, хөрөнгө борлуулсны татварт төлсөн 1,680,000 төгрөг гэж нотлох баримтуудад үндэслэн 72,286,200 төгрөг” гэж багасгаж нэхэмжилсэн.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаа Б.Д, Ч.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, К банк, Ч.Г нарын хооронд байгуулагдсан №3021-2015/05 дугаартай зээлийн гэрээ, Ч.Г, Б.Т нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, К банк, Б.Т, Б.Б нарын хооронд байгуулагдсан №3021/2016/120 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, Б.Т, Б.Д нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** 79.8 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Дг бүртгэсэн Ү-0713004588 дугаартай гэрчилгээ, К банк зээлдэгч Б.Т зээлийн дансны хуулга, зээлийг Б.Д төлж барагдуулсан гэсэн тухай Б.Бгээс гаргаж өгсөн тодорхойлолт, Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** 79.8 мкв орон сууцны улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны татвар төлсөн тухай баримт, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт төлсөн хураамжийн тухай баримт, “***” ХХК-ны албан бичиг, ХААН банк Б.Д нэртэй депозит дансны дэлгэрэнгүй хуулга, И.Цгаас Б.Тын зээлд төлөлт хийсэн тухай төлбөрийн баримт, 41,828,998.82 төгрөгийн Б.Тын зээлийг хаасан тухай К банкны орлогын мэдүүлэг, Б.Тын зээлд Б.Дгээс төлөлт хийсэн тухай орлогын мэдүүлэг, нотариатын үйлчилгээнд төлбөр төлсөн тухай баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ч.Гын өмнөөс А, У нарт Б.Дгээс төлбөрийг төлсөн тухай баримтууд, К банкнаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Ч.Г, Б.Т нарын зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг гаргуулсан тухай баримтууд  /1-р хх-ийн 4-30, 54-92, 95-113, 138-250/ зэрэгт тус тус үндэслэсэн.

 

3. Хариуцагч Ч.Гын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүхийн журмаар гаргуулсан К банкнаас Ч.Г, Б.Т, Б.Б нарын зээлийн гэрээ, түүнтэй холбоотой баримтуудад үндэслэсэн.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ...2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийсэн нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ч.Г нарын Сайншанд сумын ***, *** 79.8 мкв 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлэн хийсэн” хэлцэл гэж дүгнээд, ... 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №3021-2015/05 дугаартай хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний үр дагавар нь 15,620,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 35,000,000 төгрөг, нийт 50,620,652 төгрөг гэж үзсэн ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэнд үндэслэн Дгээс зээлд төлсөн 8,566,800 төгрөг, нотариатын зардал 235,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг солиулахад гаргасан зардал 40,000 төгрөг, *** ХХК-нд төлсөн 4,185,700 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Угийн төлбөр 3,406,000 төгрөг, Агийн төлбөр 3,835,000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 1,680,000 төгрөг, нийт 21,984,500 төгрөгийн хохирол нэхэмжлэгч Б.Дд учирсан,  ... хариуцагч Ч.Гоос зээл хаахад төлсөн 16,293,000 төгрөг, зээлд төлсөн 7,744,115 төгрөг,  3,455,500 төгрөг нийт 27,492,465 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч 44,793,735 төгрөгийг хариуцагч Ч.Гоос гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 27,492,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ч.Хаас  “ ... анхан шатны шүүх хариуцагч Ч.Гоос 44,793,735 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон, ... нотариатын зардал 235,000 төгрөг, татварт төлсөн 1,680,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзвэл Б.Д, Б.Т нартай хувааж төлөх боломжтой” гэж,

 

6. Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Энараас “ ... хариуцагч Ч.Г нь 16,293,000 төгрөгийг төлж зээлийг хаагаагүй, Ч.Гын зээлийг хаах зорилгоор Ч.Гын нэр дээрх Б.Дгийн орон сууцыг Б.Тын нэр дээр шилжүүлэн Б.Т, Б.Б нарын нэр дээр 49,000,000 төгрөгийн зээл авч хаасан байхад Г өөрөө төлж хаасан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдах гомдлууд гаргасан.

 

7. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ч.Гоос Б.Дд 2014 оны 12 дугаар сард “... К банкнаас зээл авах гэсэн юм, та орон сууцаа 2 сарын хугацаанд барьцаалуулж зээл авахад минь туслаач гэж гуйсан” ба Д, Г нар нь Хамрын хийд дээр үйл ажиллагаа явуулдаг, бие биенээ таньдаг тул зөвшөөрч Сайншанд сумын ***, ***ны *** 79.8 мкв 3 өрөө орон сууцаа  Ч.Гэрэлд-одод худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний нэр дээр орон сууцыг шилжүүлсэн,  Ч.Г  уг орон сууцыг барьцаалан 2015 оны 01 сарын 12-нд К банктай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл гаргуулж авсан боловч тохирсон 2 сарын хугацаандаа Б.Дгийн байрыг нь барьцаанаас суллаж өгөөгүй, К банкнаас “...Г зээлээ төлөхгүй байгаа учир байрыг зарж борлуулж зээлийг хаах асуудал яригдаж байна” гэдгийг Б.Дд мэдэгдсэний дагуу Ч.Гтой ярилцаж байгаад Б.Т, түүний эхнэр Б.Б нарын нэр дээр зээл гаргуулж Гын авсан зээлийг хаахын тулд Б.Дгийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Ч.Гоос Б.Тт худалдах, худалдан авах гэрээг мөн байгуулж, гэрчилгээг Б.Тын нэр дээр гаргуулж 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Б.Тын нэр дээр 15 жилийн хугацаатай 49,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг гаргуулж, Ч.Гын 35,000,000 төгрөгийн зээлийг  хаасан,  Б.Тын нэр дээрх зээлийг Ч.Г зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч мөн төлөөгүй тул Б.Д орон сууцаа алдахгүйн тулд нийт 48,828,000 төгрөгөөр Ч.Тын нэр дээрх зээлийг бүрэн төлж хаасан  зэрэг үйл баримтууд тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

8. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ч.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ийнхүү хийсэн хэлцлээс учирсан хохирол гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.6-д нийцсэн байх боловч маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан хохиролд тооцсон зардлууд, холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

 

Тодруулбал: Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг зөвхөн К банк, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №3021-2015/05 дугаартай зээлийн гэрээтэй холбогдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

 

Өөрөөр хэлбэл: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар К банк Ч.Г нарын хооронд байгуулагдсан 35,000,000 төгрөгийн зээлийг хаахын тулд хариуцагч Ч.Г, нэхэмжлэгч Б.Д нар нь Б.Т, Б.Б нарт нэр дээрээ зээл авч өгөхийг хүссэнээр 2016 оны 11 дүгээр сарын 14-нд К банк Б.Т, Б.Б нарын хооронд орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, олгогдсон зээлийн мөнгө болох 49,000,000 төгрөгөөр уг зээл хаагдсан, К банк дахь Б.Т, Б.Б нарын нэр дээрх уг 49,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг нэхэмжлэгч Б.Д “***” ХХК-наас 40,800,000 төгрөгийг хүүтэйгээр, иргэн Цгаас 7,000,000 төгрөгийн зээл, өөрөөсөө 1,028,000 төгрөг буюу нийт 48,828,000 төгрөгөөр 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  зээлийг бүрэн төлж хаасан гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа зэрэгт анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй.

 

9. Хариуцагч Ч.Г нь К банктай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №3021-2015/05 дугаартай зээлийн гэрээ, Б.Т К банктай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны №3021/2016/120 дугаартай орон сууцны зээлийн гэрээг тус тус байгуулж,  гэрээний дагуу  Ч.Г, Б.Т нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байсан эсэх дээр мөн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба шийдвэр гаргахдаа Ч.Гоос гэрээний дагуу зээлийн төлөлт хийснийг нэхэмжлэлээс хасч тооцохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Банк ...зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэнд нийцээгүй.

 

Хэрэгт авагдсан №3021-2015/05, №3021/2016/120 дугаартай гэрээнүүдийн 10.2 дугаар зүйлд “...зээлдэгч нар нь гэрээний үүргээ удаа дараа бүрэн биелүүлээгүйгээс гэрээ ноцтой зөрчигдсөн тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах”-аар заасны дагуу К банкнаас зээлдэгч Ч.Г, Б.Т нарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг    шаардаж байсан нь  /1-р хх-ийн 164-170, 206-219-т мэдэгдэл, шаардах хуудас, зээлийг хугацаанаас өмнө цуцлахаар шийдвэрлэсэн зээлийн хорооны шийдвэр/ тогтоогдсон ба нэхэмжлэгч Б.Дгийн хувьд эдгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт хураалгахгүйн тулд Ч.Гын өмнөөс зээлийг төлсөнтэйгөөр холбоотойгоор зардлуудыг гаргажээ гэж үзэхээр байна.

 

10. Иймээс давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь  К банк, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №3021-2015/05 дугаартай зээлийн гэрээ, К банк Б.Т, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11-р сарын 15-ны №3021/2016/120 дугаартай орон сууцны зээлийн гэрээнүүд болон тэдгээртэй холбоотойгоор  Б.Т болон хариуцагч Ч.Г нарын зээлийн төлбөрт нэхэмжлэгчээс төлөлт хийсэн, зээл хаасан, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ болон үүнтэй холбоотой гарсан татвар, хураамж төлсөн зэргээр  нэхэмжлэгч Б.Дгээс нийт 69,064,500 төгрөгийг  зардлууд гарсан болох нь тогтоогдсон.

 

11. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэнд үндэслэн хариуцагч Ч.Г нь нэхэмжлэгч Б.Дд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгчээс гарсан дээрх зардлуудыг хохирол гэж үзнэ.

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Гын гуйлтын дагуу өөрийн өмчлөлийн орон сууц болох Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** 79.8 мкв 3 өрөө байрыг 2014 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Ч.Год худалдах, худалдан авсан гэж дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээ /1-х хх-ийн 4/-г байгуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр Ч.Г К банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №3021-2015/05 дугаартай зээлийн гэрээ /1-р хх-ийн 5-11/ байгуулж, 35,000,000 төгрөгийг жилийн 27.6%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, санхүүгийн түшиг зээл зориулалтаар зээлж авсан ба зээлийг 2016 оны 11 дүгээр сарын 14, 15-нд нэмэгдүүлсэн хүүд 35,492 төгрөг, үндсэн хүүд 5,926,686 төгрөг, үндсэн зээлд 31,331,623 төгрөг  буюу нийт 37,293,801 төгрөгийг төлж зээлийг хаасан нь Г Ч зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 56-57/-р,

 

-Ч.Гын зээлийг хаахын тулд Ч.Гын нэр дээр шилжсэн Б.Дгийн өмчлөлийн 79.8 мкв 3 өрөө байрыг Ч.Гоос Б.Тт худалдсан дүр үзүүлсэн гэрээ /1-р хх-ийн 12/-г 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр К банк Б.Т, Б.Б нарын хооронд орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж 49,000,000 төгрөгийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан ба зээлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дгээс нэмэгдүүлсэн хүүд 59.53 төгрөг, зээлийн хүүд 1,146,442.22 төгрөг, үндсэн зээлд 47,681,497.07 төгрөгийг, нийт 48,828.000 төгрөгийг төлж зээлийг хаасан нь Т Баатар зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 58-59/,  Б.Дгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 40,800,000 төгрөгийн орлого /1-р хх-ийн 97/, Цгаас Тын зээлд 7,000,000 төгрөг төлсөн тухай К банкны төлбөрийн баримт /1-р хх-ийн 93/, “***” ХХК-наас “...Б.Д үндсэн зээлд 40,800,000 төгрөг, зээлийн хүүд 1,244,000 төгрөг, торгуульд 2,941,700 төгрөг төлсөн” тухай албан бичиг /1-р хх-ийн 95/-ээр,

 

-Нэхэмжлэгч Б.Дгээс Ч.Г, Б.Т нарын зээлийн хуваарьт төлбөрт нийт 10,076,500 төгрөгийг төлсөн нь К банкны орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 72-82, 102-104, 142, 143, 183, 183-ийн ард, 2-р хх-ийн 2-р хуудасны ар тал/-д тус тус Д, Ц, Б, М, Б, утасны дугаар *** зэргээр төлсөн тухай баримтууд,

 

-Нотариатын төлбөрт 235,000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 106/,

 

-Ч.Гоос Б.Тт Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** 79.8 мкв 3 өрөө байрыг худалдан борлуулсны татварт 1,400,000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх-ийн 127/,

 

-Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсны хураамжид төлсөн 40,000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 130/,

 

-зээлдэгч Б.Т нас барсан /1-р хх-ийн 120-д нас барсны бүртгэлийн лавлагаа/ тул түүний эхнэр Б.Бгээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Б.Бгийн “ ...Эхлээд Г, Д, Т 3 хоорондоо уулзаад ярилцсан байсан. Дараа нь манай нөхөр надад Г, Д 2 зээл хийж тус болоод өгөөч гэж байна гэхээр нь би нэлээн хэд хоног бодсон. Тэгтэл эхлээд Д эгч надтай ирж уулзаад “...Г бид 2 хоорондоо мөнгөний асуудалтай байгаа, зээл гаргаад өгөөч, гэхдээ Гтой уулзана биз дээ” гэж хэлсэн. Дараа нь Г ах надтай ирж уулзахаар нь би “өөрөө ямар учиртай зээл гаргуулах гээд байгаа юм” гэж асуухад “мөнгөө яаралтай өгч чадахгүй байгаа учраас та 2-оор зээл гаргуулах хэрэгтэй байна” гэсэн, тэгэхээр нь “та тэгээд зээлээ найдвартай төлнө биздээ гэж хоёр гурван удаа асуугаад бид 2 нэр дээрээ зээл гаргуулах дургүй байна, ялангуяа би гарын үсэг зурах дургүй байна. Яг баталгаатай биз дээ, дараа нь ямар нэгэн зүйл болохгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгээд нэр дээрээ зээл аваад Т бид хоёр тэрнээс хүүгүйгээр 1,500,000 төгрөгийг зээлээр авахаар болсон. Учир нь нэрээ ашиглуулж зээл авсан болохоор буцаагаад 1,500,000 төгрөгөөр өгөхөөр болсон ... авсан,  ... тухайн 3 өрөө байр нь Д эгчийн байр байсан, тэр үед ярихдаа Г мөнгөө төлж чадахгүй байгаа болохоор зээл хийлгүүлэх гээд байгаа гэж ярьж байсан,  ... ер нь бол Д эгч байрныхаа зээлийг өөрөө л хаасан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 34-36/,

 

-2015-12-14-ны Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  гүйцэтгэх хуудас /1-р хх-ийн 107/, 2017-10-27-ны Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /1-р хх-ийн 116/-т тус тус заагдсаны дагуу хариуцагч Ч.Гоос төлбөр авагч А.Уд 3,406,000 төгрөг, Д.Ад 3,835,000 төгрөгийг тус тус Б.Дгээс төлсөн нь Б.Д ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 113/ зэргээр тус тус тогтоогдсон.

 

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг болох хариуцагч Ч.Г нь Д.А, А.У нарт шүүхийн шийдвэрээр төлбөртэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах эрхийг хаасан  тул эрхийг нь сэргээлгэх зорилгоор буюу нэхэмжлэгч өөрийн байраа банкны барьцаанаас суллаж авахын тулд 2018 оны 08 дугаар сарын 30-нд нэхэмжлэгч Б.Дгээс Ч.Гын нэрийн өмнөөс хийсэн энэхүү үйлдлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраас учирсан хохиролд оруулж тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

 

13. Харин нэхэмжлэгч Б.Дгээс “***” ХХК-д 40,800,000 төгрөгийн зээлийн хугацаа хэтрүүлсний торгуульд төлсөн 2,941,700 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулан нэхэмжилснийг Б.Д бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй тул торгууль төлсөн асуудал өөртэй нь хамааралтай гэж үзсэн.

 

14. Мөн нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 1,680,000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэрэгт 1,400,000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 127/ авагдсан тул уг баримтыг үндэслэсэн.

 

15. Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжилсэн 72,286,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас “***” ХХК-д зээлийн гэрээний хугацаа хэтрүүлснээс төлсөн торгууль болох 2,941,700 төгрөг,  үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт илүү нэхэмжилсэн 280,000 төгрөг, нийт 3221700 төгрөгийг хасч, үлдэх 69,064,500 төгрөгийг хариуцагч Ч.Гоос гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Энарын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

16. Харин хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х нь “Б.Д, Ч.Г нар нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулахад хоёулаа буруутай байхад хохирлыг Ч.Гоор бүрэн хариуцуулсан нь үндэслэлгүй, зөвхөн анх зээлсэн 35,000,000 төгрөгийн хүрээнд хохирлыг хариуцах ба нэхэмжлэгчид 35,000,000 төгрөгийн зээлийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж байхад дахин их хэмжээний мөнгө зээлж, Ч.Гын банкны өмнө хүлээх үүргийг төлсөнд буюу нэхэмжлэгч нь түүний зээлийг хааж хохирлын хэмжээ нэмэгдсэнд Ч.Г буруугүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь:Зохигчдын хооронд байгуулагдсан 2014.12.19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хариуцагч Ч.Г уг орон сууцыг барьцаалж банкнаас зээл авах зорилгоор байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж хийгдсэн, улмаар К банкнаас 35,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийг гэрээ ёсоор хугацаанд нь төлж чадаагүйгээс, хариуцагч Ч.Г нь уг орон сууцыг Б.Тын нэр дээр шилжүүлэн 49,000,000 төгрөгийн зээл авч өөрийн нэр дээрх зээлийг хаасан, мөн Б.Тын нэр дээрх зээлийг төлөөгүй тул нэхэмжлэгч Б.Д уг зээлийг төлж барагдуулсан тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагч Ч.Г нь энэхүү нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг буюу зохигчдын хооронд байгуулагдсан 2014.12.19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгчээс гарсан зардлуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хохиролд тооцохоор дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс тооцооллын алдаа гаргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг төлөхөөр заасан бөгөөд хариуцагч Ч.Г нь өөрийн буруугүй болохыг нотлоогүй болно.

 

Тодруулбал: Хариуцагч нь уг 35,000,000 төгрөгийн зээлийг авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага өөрт нь байсныг үгүйсгээгүйн гадна гэрч Б.Бгийн мэдүүлгээр хариуцагч Ч.Г нь Б.Тын нэр дээр зээл авахыг хүссэн болох нь тогтоогдсон, мөн Б.Тын нэр дээр авсан зээлийн 49,000,000 төгрөг Ч.Гын дансанд шилжин орж захиран зарцуулах эрх түүнд байсан ба уг мөнгөн хөрөнгөөр түүний өмнөх хугацаа хэтэрсэн зээл буюу 35,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулсан, улмаар Б.Тын нэр дээрх зээлийн төлөлтийг Ч.Г төлж байхаар тэрээр Б.Т болон Б.Б, нэхэмжлэгч Б.Д нартай тохиролцсон боловч ийнхүү төлж чадаагүйгээс нэхэмжлэгч Б.Д нийт 48,827,998 төгрөгөөр зээлийг төлж хаажээ.

 

Иймээс нэхэмжлэгч Б.Д нь дээрх үйл баримттай холбоотой өөрөөс гарсан зардлыг хохиролд тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д нийцсэн,  хариуцагч Ч.Г хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний үр дагавар, хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Түүнчлэн хариуцагч Ч.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн мөнгөнөөс нэхэмжлэгчийг авсан, Б.Тын зээлээс үлдсэн мөнгийг нэхэмжлэгчийг захиран зарцуулсан, мөн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Б.Дд өөрт нь ашиг сонирхол байсан, хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлөх өр төлбөрийг хариуцагч өөрөө төлсөн гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа нотлоогүй, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Мөн энэхүү хэрэгт тогтоогдсон үйл баримтууд нь хариуцагч Ч.Г нь банкнаас зээл авах зорилгоор дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл  байгуулж, улмаар нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу түүний эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу тэрээр банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө эрсдэлд орох нөхцөл байдал бий болж, үүнтэй холбоотойгоор үүссэн байх бөгөөд хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Б.Дг шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй боловч ийнхүү энэ эрх нь эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тухайн хувь хүний зүгээс өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх эрх байдаг тул нэхэмжлэгч Б.Дг энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэх нь энэхүү шүүхэд мэдүүлэх эрхийн зарчимд нийцэхгүй.

 

Харин хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Дг зээлийн барьцаанд тавьсан гэх боловч тухайн үйл баримт нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралтай эсэхийг хариуцагч талаас нотлоогүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

 

17. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товоо 2023 оны 01 сарын 03-нд хэргийн оролцогч нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримт /2-р хх-ийн 108/-аас харагдах ба хэргийн оролцогч нар бусад оролцогч нараас гаргасан давж заалдах гомдол болон хэргийн материалтай танилцах боломжтой хугацаа байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даас гомдолтой танилцах боломж олгоогүй гэж шүүх хуралдааны шатанд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

18. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагчаас гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 520,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгч Б.Д болон түүний өмгөөлөгч С.Э нарын давж заалдсан гомдлыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239,415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2022/00471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56.5 дахь хэсэг, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ***Ч. Г   -оос 44,793,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***Б.Д   -д олгож, 27,492,465 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

 

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.6-т зааснаар хариуцагч Ч.Гоос нийт 69,064,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,221,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гоос 381,919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.” гэснийг,

 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 565380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд 503273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энарын давж заалдсан гомдлын хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Ч.Гоос төлсөн 520,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Дгээс төлсөн 239,415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС