| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0169/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 177
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А. Энхтуяа
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Энхтөрийн Энхтайванд холбогдох 1731000860140 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Төмөртэйн” уурхайд туслах ажилтан хийдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн 6-6, оршин суух, Боржигон овогт Энхтөрийн Энхтайван. /МП89030472/,
Шүүгдэгч С.Энхтайван нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших “Зүрх уул” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай нойтон нарсан гуалин 12 ширхэгийг бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Э.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 26-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр авга ах болох Энхбаярын хамтаар байшингийнхаа рек модыг бэлтгэхээр лагерт байдаг танил ах болох Эрдэнэцогтын 61-37АРА улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад Хүдэр сумын “Зүрх уул” нэртэй газар руу явсан юм. Уг газарт үдээс хойш 15 цагийн үед очоод уулын хойд талын амнаас 3 ширхэг ургаа модыг цахилгаан хөрөөгөөр би хөрөөдөж унагаасан. Тухайн модыг тайрч бэлтгэхэд 1 ургаа модноос 4 ширхэг 4 метрийн урттай мод гарсан ба нийт 3 ургаа модноос 12 ширхэг 4 метрийн урттай мод гарсан юм. Уг модыг ингэж тайрч бэлтгээд Энхбаяр ахын хамтаар машин дээр ачсан. Модыг ачиж аваад шууд өөрийн гэр лүүгээ Хүдэр сум руу явсан ба Хүдэр суманд ирээд өөрийнхөө хашаанд буулгасан. Тухайн үед манай хашаанд хадам аав Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 9 ширхэг 4 метрийн урттай мод байсан ба уг модтой нийлүүлж хураасан юм. Ямар учиртай мод манай хашаанд байсан юм бэ гэхээр хадам аавын хашаанд мод тавих талбай байдаггүй учир манай хашаанд түр зуур авчирч буулгасан байсан юм. Миний бэлтгэсэн модыг бодвол хуучин удсан мод байсан. Тухайн үед үзлэг шалгалтаар ирсэн хүмүүс модыг хараад хооронд ялгаж байсан. Миний бэлтгэсэн 12 ширхэг мод шинээр бэлтгэсэн нь илт байсан учир нойтон хэвээрээ байсан юм. Ингэж уг моднууд манай хашаанд байхад шалгалтын хүмүүс ирж хэмжилт хийгээд явцгаасан юм. Болсон зүйл гэвэл энэ л байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р ху/,
2. Шүүгдэгч Э.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүрх уул” гэх газраас мод бэлтгэх тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн 12 ширхэг гуалин ачиж ирсэн. Авчирсан модоо өөрийнхөө хашаанд хадмынхаа модтой нийлүүлээд буулгасан. Шинийн 5-нд аймгаас байгаль орчны хүмүүс ирж хашаанд байсан моднуудыг тэмдэглэж аваад явсан. Битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг Эрдэнэцогтоос худалдаж авна гээд худлаа ярьчихсан байсан. Хүний тээврийн хэрэгсэл юм. Энэ машиныг Эрдэнэцогтын хүү Нэргүйбаатартай ярьж байгаад авсан. Тэгээд хүүтэй нь тооцоо дуусаагүй байгаа. Харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөө бол миний өөрийн хөрөө мөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Улсад учруулсан гэх хохиролоо нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Машины төлбөр болон торгуулийн ялыг нэн даруй төлж барагдуулна. Торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ... Э.Энхтайван гэдэг хүн нь мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжгүй, урьд өмнө хууль бусаар мод бэлтгэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байсан эсэхийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/
4.Гэрч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Манайх 2018 онд орон нутгийн хэрэгцээнд үндсэн ашиглалтын огтлолтоор хувиарлагдсан модноос зөвшөөрөл олгогдсон С.Нэргүйг 5 м3, Саруул 5 м3, Ж.Пүрэвсүрэн 10м3, Н.Батбаяр 5м3, Шилэнхүү 10м3, Н.Батбаатар 10м3, Н.Бат-орших 10м3, Рентэй 10м3 зэрэг нийт 8 иргэнтэй 60 м3 мод бэлтгэх гэрээг иргэн бүртэй байгуулсан юм. Түүнээс С.Нэргүй, Саруул, Ж.Пүрэвсүрэн, Н.Батбаярын хуваарилагдсан моднуудыг өөрийн үндсэн ашиглалтаар талбай тусгаарлуулсан янгаахай нэртэй газрын Алтын нуруу гэх газраас бэлтгэж иргэд өөрсдөө машинтайгаа очиж авсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/
5.Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... “Би Энхтайван буюу Тайвнааг таньж мэднэ. Түүнээс хамаатан садангийн холбоо бол байхгүй. Тухайн өдөр буюу 2018 оны 02-р сарын 21-ны өдөр аймгаас ирсэн ажлын хэсгийн хамтаар иргэн Энхтайваны гэрийн хашаанд очиход хашаанд байсан байшингийн арын хэсэгт 4 метрийн урттай 21 ширхэг нойтон нарсан гуалингууд байсан. Тухайн моднууд дээр тэмдэглэгээ хийгээд явсан юм. Ямар учиртай моднуудыг мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/
6.Гэрч У.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:... “Ж.Пүрэвсүрэн, Тайвнаа нарыг бол би танихгүй, миний ажилладаг “Ургамал дөрөө” ХХК-наар модоо бэлтгүүлэхээр болсон байсан. Би ууланд бригадын дарга, ахлагчийг нь хийдэг учраас над дээр 2018 оны 02-р сарын 08-ны өдөр гэрээгээ аваад нэг залуу ирсэн юм. Тэгэхээр нь би модыг нь цагаалж 4 метрээр нь тайрч өгөөд явуулсан юм. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/
7.Гэрч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр өгсөн:... Манай худ Ж.Пүрэвсүрэн нь энэ онд байшиндаа засвар хийх зорилгоор сумын засаг даргад өргөдөл гаргаж 5 м3 мод цохуулж аваад мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж авсан юм. Тэгээд 2018 оны 02-р сарын 10-ны орчим байх яг өдрийг сайн санахгүй байна. Тэгээд худ Ж.Пүрэвсүрэнгийн гэр лүү явдаг зам нь муу шавар ихтэй нарийнхан учраас явж болохгүй “манай гэрийн гадаа буулгаж болох уу” гэхээр нь би “тэг” гээд буулгасан юм. Тэр үед худ Пүрэвсүрэн нь эхнэрийн хамтаар Улаанбаатар хот руу хагалгаа хийлгэхээр явсан байсан юм. Тухайн шалгалт ирэхэд манайхан байхгүй эзэнгүй байсан юм ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/
8.Гэрч Г.Тайванбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...2018 онд орон нутгийн хэрэгцээнд буюу үйлдвэрлэлийн ашиглалтын огтолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолтоор 200 м3, цэвэрлэгээний ажлаар 300 м3, модыг хувиарласан байгаа юм. Ж.Пүрэвсүрэн нь 2018 онд Ургамал дөрөө ХХК-наар бэлтгүүлэхээр 5 м3 модыг орон нутгийн хэрэгцээнд хувиарлагдсан үндсэн ашиглалтын огтлолтоор бэлтгэхээр эрхийн бичиг авсан юм. Уг моднуудыг диаметрийг тогтоох зорилгоор хэмжил хийхэд 4 метрийн урттай 36 см-н диаметртэй 21 ширхэг нойтон нарс моднууд байсан юм. Хэний мод гэдгийг сайн мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/
9.Гэрч Г.Тайванбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр дахин өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтоор ахлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг ирсний дагуу Хүдэр суманд мод модон материал бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгаж байхад Тайван гэх айлын хашаанд 21 ширхэг 4 метр урттай нойтон нарсан мод байсныг хэмжилт хийж би Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А\79 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт бөөрөнхий модон материалтай эзлэхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзлэхүүний хэмжээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргасан байсныг 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр Аймгийн Цагдаагийн газарт холбогдох материалыг хүлээлгэж өгсөн Тайван гэх хүн нь Энхтөрийн Энхтайван гэдэг хүн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/
10.Гэрч Д.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...Би 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн ойролцоо байх яг өдрийг сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад манай дүү Энхтайван нь та надад “грушикаар яваад өгөөч” гэхээр нь би “хийх ажилгүй юм чинь” гэж бодоод “тэгье” гээд явсан юм. Бид хоёр сумын төвөөс хойшоо байдаг “Зүрх уул” нэртэй газрын арын аманд очиж 3 ширхэг ургаа нойтон нарс модыг унагаад бэлтгэсэн юм. Тэгээд нийтдээ 12 ширхэг гуалин мод хийгээд тэрийгээ Энхтайваны машин дээр ачаад гэрийнх нь гадаа буулгасан юм. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/
11.Гэрч И.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр өгсөн: ...Одоогоос 2 жил гарангын өмнө Энхтайван надаас 6137 АРА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг 1 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Бид 2-н дунд одоо ямар нэгэн мөнгө төгрөгний асуудал байхгүй. Би машинаа зараад удаж байгаа учир машинтай холбоотой санал хүсэлт гэх зүйл алга байна. Надаас авсан уг машинаар хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн гэж ойлгосон. Гэвч энэ асуудал нь надад ямар ч хамааралгүй юм. 61-37 АРА улсын дугаартай машины бичиг баримт Дашнямбуу гэх хүний нэр дээр байгаа уг машиныг Архангай аймгаас уг хүнээс одоогоос 5-6 жилийн өмнө авч байсан юм. Гадагшаа Солонгос явна гэж ярьж байсан юм. Уг хүнтэй одоо ямар ч холбоогүй, хаана юу хийж явдгийг нь мэдэхгүй байна. Машины бичиг баримтыг огт шилжүүлж чадаагүй юм, бичиг баримт нь хүртэл гээгдээд алга болсон. Авто тээврийн бүртгэлээр хэний нэр дээр байгаа нь гарч ирэх байх. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,
12.Гэрч Д.Хархүү мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр өгсөн:... Манай найз хүнд тусархуу элдэв авир аашгүй, архи тамхи хэрэглэдэггүй, амьдралынхаа төлөө гэсэн сэтгэл зүрхтэй их л сайн залуу. Э.Энхтайван эхээс 4-лээ айлын 2 дахь хүүхэд эцэг, эх одоо “Төмөртэйн” уурхайд туслах ажилтан хийж байгаа эхнэр нь Анагаахын сургуулийн саяхан төгссөн. Одоо сумандаа эмчээр ажиллах гэж байгаа. Ахуй амьдралынхаа хувьд ер нь боломжийн амьдрах гэж л яваа залуу орох оронтой, унах машинтай амьдралын түвшин дундаж айл юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,
13.Гэрч О.Очирсүхын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр өгсөн:... Манай Компани нь “Галтын нуруу”, “зуслангийн ам”, “улаан даваа” гэх газруудыг гэрээгээр эзэмшдэг юм. “Зүрх уул” гэх газар манай ойн сан бүхий газарт хамаарахгүй, манай эзэмшлийн “Галтын нуруу” гэх газартай “Зүрх уул” гэх ойрхон байдаг юм. “Зүрх уул”наас мод бэлтгэлийн үйл ажиллагаа ерөөсөө явагддаггүй модны нөөц муутай газар байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,
14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн № 05 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ж.Пүрэвсүрэн нь 2018 оны 02-р сарын 06-ны өдөр Багийн засаг дарга, олон сумын засаг даргын зөвшөөрлөөр 5 м3 үйлдвэрлэлийн огтлолтын нарс бэлтгэх эрх авч ойд үйлдвэрлэлийн огтлолт явуулах эрхтэй “Ургамал дөрөө” ХХК-тай гэрээ байгуулан 2018 оны 02-р сарын 06-ны өдөр Ойн ангиас 110192 дугаартай эрхийн бичиг авч бэлтгүүлсэн байна. Хүдэр суманд оршин суугч Э.Энхтайван нь үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэгдсэн 4,5 м3 нарс модыг ямар нэгэн гэрээ зөвшөөрлийн бичиггүй, зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн байна. Тухайн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ны А\79 тоот тушаалаар тооцож үзэхэд: 4,5х120,000=540,000х1,8=972,000 төгрөгний үнэлгээ гарч байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалт \ойн санд учруулсан хохиролыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр \-ыг үндэслэн тооцход: 972,000х3=2,916,000 төгрөгийн үнэлгээ гарч байна.
2.”Ургамал дөрөө” ХХК нь ойд үйлдвэрлэл, арчилгаа цэвэрлэгээ явуулах эрхтэй ойн мэргэжлийн байгууллага юм. Тухайн аж ахуйн нэгжид 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн 77 тоот тогтоолоор ИТХ-с үйлдвэрлэлийн огтолтын хэрэглээний нарс 300 м3, түлээний нарс 100 м3, цэвэрлэгээний огтолтын хэрэглээний нарс 300 м3, түлээний нарс 100м3, цэвэрлэгээний ажлын хэрэглээний нарс 200 м3 мод бэлтгэх хуваарь авсан.
3.Э.Энхтайвангийн мод бэлтгэсэн газар нь бүс нутгийн 3-р мужид хамаарах ба Хэрцгийн өндөр нөхөрлөлийн эзэмшилийн ойн сангийн 101-р хэсэглэлийн “Зүрх уул” нэртэй газраас үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэсэн байна.
4.Ж.Пүрэвсүрэн нь 2018 оны 02-рсарын 06-ны өдөр Багийн засаг дарга, сумын Засаг даргын зөвшөөрлөөр 5 м3 үйлдвэрлэлийн огтлолтын нарс бэлтгэх эрх авч ойд үйлдвэрлэлийн огтлолт явуулах эрхтэй “Ургамал дөрөө” ХХК-тай гэрээ байгуулан 2018 оны 02-р сарын 06-ны өдөр ойн ангиас 110192 дугаартай эрхийн бичиг авч бэлтгүүлсэн байна. Харин Э.Энхтайван нь зохих зөвшөөрөлгүй нойтон нарсан 4,5 м3 мод бэлтгэсэн нь Ойн тухайн хуулийн 35-р зүйлийн 35.4.2 дэх заалт \зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн \-ыг зөрчиж байна...гэх дүгнэлт, /хх-ийн 45-46-р ху/,
15.Шүүгдэгч Э.Энхтайваны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 99-р ху/, эд зүйлд хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06-р ху/, хураагдан ирсэн модны эзлэхүүний хэмжээ, /хх-ийн 10-р ху/, 5, 11 тоот шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 42, 45-46-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт,/хх-ийн 49-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51, 58-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50-57-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны тодорхойлолт, /хх-ийн 56-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 64-65-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх 66-67, 79-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 69-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 74-р ху/, хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх-ийн 80, 82-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 81,83-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 84-85-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 88-89-р ху/, хохирол төлсөн баримт, /хх-ийн 92,97-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Энхтайван нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших “Зүрх уул” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай нойтон нарсан гуалин 12 ширхэгийг бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураагдан ирсэн модны эзлэхүүний хэмжээ, 5, 11 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, “Ашид билгүүн” ХХК-ны тодорхойлолт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирол төлсөн барим батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, зэргийг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан бор хүрэн өнгийн их биетэй, шар өнгийн бариултай, хятад үлсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө болон 4 метрийн урттай, 12 ширхэг нарсан, бүдүүн, нойтон гуалин, мөн 61-37 АРА улсын дугаартай, цагаан өнгийн хуучин “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Энхтайваныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Энхтайваныг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайваны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Энхтайванд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.Энхтайван нь хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-т зааснаар Хүдэр сумын цагдаагийн ахлах ахлагч Д.Мөнхбатад хүлээлгэн өгч битүүмжилсэн 4 метрийн урттай, 12 ширхэг нарсан, бүдүүн, нойтон гуалин, эд мөрийн баримтаар хураагдан бор хүрэн өнгийн их биетэй, шар өнгийн бариултай, хятад үлсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулж, улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
7.Хавтаст хэргийн 80-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 61-37 АРА улсын дугаартай, цагаан өнгийн хуучин “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшүигч Д.Дашнямбууд олгож, уг машины мөнгө болох 800.000 /найман зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Энхтайвангаас гаргуулан улсын орлого болгосугай.
8. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН