| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0058/Э |
| Дугаар | 2026/ДШМ/40 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/40
2026 04 16 2026/ДШМ/40
Ж.Эхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
шүүгдэгч Ж.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, Л.Ганзориг, Г.Ганбадрах, Р.Мөнхбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, Л.Ганзориг, Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Эхолбогдох 2402001100417 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн
2.Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсын Станбул хотоос "Туркиш Эйрлайнс" компанийн ТК236/22JAN2024 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн жагсаалтад багтсан Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг, (тариа мэт) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн, улмаар тухайн бодисоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудалд өөрийн үүрч явсан үүргэвчиндээ хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Нийслэлийн прокурорын газраас Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Э5 /тав/ жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эоногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 162 /нэг зуун жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэмжээ нь "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" 496 ширхэг тариа мэт сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
Эрүүгийн 2402001100417 дугаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт диск, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025.9.25-ны өдрийн 01/1719 дугаартай албан тоот, хавсралт, эмийн жагсаалт, эмийн лавлах 16 хуудас, тайлал хот эмийн хэрэглэх заавар 1 хуудас материалыг хэрэгт хавсаргаж, тайлал хот /хүүхдийн нунтаг/ 1 ширхэг, Snip 10 ширхэг, Broncholytin сиропоор 125 граммтай эмүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзоригт буцаан олгож,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Эурьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуулийг чанд сахина гэж заасан байдаг. Ж.Эын тухайд анх 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн 11 дугаартай яллах дүгнэлтээр 500 ширхэг сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Хойшлуулахдаа яллах дүгнэлтийг дахин гардуулах, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай гэсэн үндэслэлийг заасан. Тус 60 хоногийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Гэвч 5 дугаар сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд шүүхийн захирамжид заасан ажиллагаа огт хийгдээгүй байсан. Улсын яллагчаас уг ажиллагааг хийж амжаагүй, дахин 30 хоногоор хойшлуулах санал гаргасан. Хуульд нэг удаад 60 хүртэл хоногоор хойшлуулахаар зохицуулсан байдаг. Миний зүгээс нэг удаа хойшлуулсан тохиолдолд дахин хойшлуулах боломжгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэх ёстой гэж тайлбарласан. Мөн шүүхээс тогтоосон 60 хоногийн хугацаанд ажиллагаа хийгдээгүй тул түүнээс хойш хийгдсэн ажиллагаа нь хууль зөрчсөн, ийм ажиллагаагаар цуглуулсан баримтыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл дахин 27 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өмнөх зүйлчлэлээр хүндрүүлээгүй, зөвхөн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11/1 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Ж.Эын үйлдлийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээвэрлэх, худалдаалах зорилготой байсан гэхээс сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж өөрчилсөн байна. Энэхүү яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэж, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Иймд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зөвхөн яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлаар хойшлуулах үндэслэлтэй гэж заасан. Гэтэл мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байгаагүй. Гэвч энэ хугацаанд олон хүнийг гэрчээр асууж, тухайн бодис нь сэтгэцэд нөлөөлөх эсэх, үйлчилгээний талаар асуусан байдаг. Нэмэлт ажиллагаа хийх боломжгүй байхад ийм ажиллагаа явуулсан. Мөн хэргийн зүйлчлэл хүндрүүлээгүй, зөвхөн “сэтгэцэд нөлөөлөх бодис”-ыг “түүхий эд” гэж өөрчилсөн байна. Энэ ажиллагааны талаар хэргийн оролцогч, яллагч, өмгөөлөгч талаас ямар нэг хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хойшлуулсан. Хойшлуулсан үндэслэл нь хууль бус бөгөөд 60 хоногийн хугацаа дууссаны дараа дахин хугацаа сунгаж ажиллагаа явуулсан. Иймд энэ хүрээнд цуглуулсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс өмнө хэргийг буцаахдаа өрсөлдөх хэм хэмжээний талаар дүгнэлт хийгээгүй гэж заасан боловч энэ талаар дахин дүгнэлт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, яагаад Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл эсхүл 20.14 дүгээр зүйлд хамаарахгүй гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт байхгүй байна. Хэрэгт тухайн эмийг авч явсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзсэн ч энэ талаар зохих үнэлгээ, дүгнэлт хийгдээгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд 2 ширхэгт нь тодорхой бодисын агууламж илэрсэн гэж ярьдаг боловч үлдсэн 498 ширхэгт ямар бодис агуулагдаж байгаа нь тогтоогдоогүй. Ийм нөхцөлд зөвхөн 2 ширхэгт илэрсэн шинжилгээнд үндэслэн бусдыг нь тодорхойгүй байхад яллах боломжгүй гэж үзэж байна.
Монгол Улсад бүртгэлтэй тухайн бодисын агууламжтай 24 төрлийн эмийн бүтээгдэхүүн байдаг. Ийм эмийн бүтээгдэхүүнийг биедээ авч явсан тохиолдолд сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эд гэж шууд зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн эдгээр бодис нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнд, тухайлбал кофе зэрэгт тодорхой хэмжээгээр агуулагддаг. 1988 оны конвенцод тусгагдсан ацетон зэрэг бодис нь будаг шингэлэгч, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг. Иймд эдгээрийг шууд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлээр зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд бодитой дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, Л.Ганзориг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд Г.Ганбадрах гаргасан саналдаа: “Дутуу үлдсэн зарим асуудлыг нэмж тайлбарлая. Энэхүү хэрэг нь өмнө давж заалдах шатны шүүхээр нэг удаа буцаагдсан бөгөөд буцсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт нэмэгдсэн. Тодруулбал, хавтаст хэрэгт эфедрин гидрохлоридын агууламжтай, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмүүдийг цацлага, шахмал, тариа хэлбэрээр нэмж баримтаар авсан. Эдгээр нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд нэмж гаргаж өгсөн. Мөн холбогдох гэрчүүдийг дахин асуусан. Зарим гэрчийг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, асуулт асууж, хариулт авсан. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийн агуулга нь шүүгдэгчийн оруулж ирсэн тухайн бодис, бүтээгдэхүүн нь хүн болон амьтны эмчилгээнд хэрэглэгддэг талаар байсан. Түүнчлэн хэрэгт яригдаж буй гол бүтээгдэхүүн болох эфедрин гидрохлоридын агууламжтай бүтээгдэхүүнийг Монгол Улсад “Эм импекс” ХХК тусгай зөвшөөрлийн дагуу оруулж ирдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд тусгай зөвшөөрөлтэй этгээд хилээр нэвтрүүлэн оруулж ирэхэд уг бүтээгдэхүүн нь гэмт хэргийн объектод тооцогдохгүй байхад, миний үйлчлүүлэгч ижил төрлийн, эфедрин гидрохлоридын агууламжтай тариаг оруулж ирсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинжид хамааруулж байгаа нь ойлгомжгүй, зөрчилтэй байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, эфедрин гидрохлоридын агууламжтай хамрын цацлага, шахмал, тариа хэлбэрийн эмийн бүтээгдэхүүн нь эмийн сангуудаар чөлөөтэй зарагдаж, зөвшөөрөгдсөн байдаг. Гэтэл ижил агууламжтай бүтээгдэхүүнийг оруулж ирсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа нь эрх зүйн хувьд тодорхойгүй байдал бий болгож байна. Давж заалдах шатны шүүхээс өмнө буцаахдаа өрсөлдөх хэм хэмжээг харгалзан үзэх шаардлагатай талаар магадлалд дурдсан боловч энэ асуудалд дорвитой дүгнэлт хийгдээгүй байна. Манай зүгээс тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарах боломжтой гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дагуу гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөнд тооцогдох тул үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой. Шүүхийн шинжээчийн дүгнэлтэд метамфетамины агууламж илэрсэн талаар дурдсан бөгөөд үүнийг анхан шатны шүүх, прокурор үндэслэл болгосон. Гэвч эфедрин болон метамфетамин нь өөрөө мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис мөн эсэх дээр маргаан байхгүй, харин эфедрин гидрохлорид нь өөрөө шууд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис мөн эсэх нь эргэлзээтэй асуудал юм. Нөгөө талаар, эфедрин гидрохлоридын агууламжтай эмийн бүтээгдэхүүн нь эмийн сангуудаар чөлөөтэй зарагдаж байгаа. Ийм бүтээгдэхүүнийг худалдаалах, хэрэглэх нь зөвшөөрөгдсөн байхад, ижил бүтээгдэхүүнийг оруулж ирсэн үйлдлийг гэмт хэргийн объект, объектив шинж гэж үзэж байгаад гомдолтой байна. Ийнхүү эргэлзээтэй, зөрүүтэй байдлаар дүгнэж, хүнийг эрүүгийн хариуцлагад татаж, ял оногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөдөлшгүй баримтаар нотлох ёстой бөгөөд үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой зүйлчлэлийг зөв хэрэглэх шаардлагатай. Мөн гэрч, шинжээч нарын мэдүүлгээр метамфетамины агууламжийг тусгай бэлтгэсэн лабораторид, тусгай аргаар ялган авах боломжтой гэж дурдсан. Гэвч миний үйлчлүүлэгч ийм лабораторийн нөхцөлд уг бодисыг ялган авч, боловсруулах үйл ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, хилээр нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлж, тухайн тариаг оруулж ирсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн уг бүтээгдэхүүнийг худалдаалах зорилготой байсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Харин ийм төрлийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх шаардлагатай гэдгийг мэдээгүй, энэ тал дээр хайхрамжгүй хандсан субьектив шинж байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд субьектив шинжийн хувьд санаатай үйлдэл биш, харин хайхрамжгүй байдлаас үүдэлтэй асуудал байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Түүнчлэн энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй бол цаашид эфедрин гидрохлоридын агууламжтай эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн тохиолдол бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хүнд гэмт хэргийн ангиллаар зүйлчлэх эрсдэлтэй байна. Хэдийгээр жишиг эрх зүй Монгол Улсад албан ёсоор үйлчлэхгүй ч ижил төстэй нөхцөл байдалд ялгаатай шийдвэр гарч болзошгүй, эрх зүйн тодорхойгүй байдал үүсэж байгаа тул энэ асуудалд нэгдсэн, тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх тухайн үйлдэл, үйл явдалд тохирсон байдлаар зүйлчилж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний хувьд давхардал үүсгэхгүйгээр нэг зүйлийг нэмж тайлбарлая. Өмнөх өмгөөлөгчийн тайлбарт дурдсанчлан тухайн тариаг хурдан моринд, өөрөөр хэлбэл адуунд тарих зорилгоор оруулж ирсэн гэж үзэж байна. Гэтэл 500 ширхэг байгааг шууд худалдан борлуулах зорилготой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Лувсанжаргал мэдүүлэг өгөхдөө адууны амьдын жингээс хамааран нэг адуунд 10-15 ширхэгийг тарьдаг гэж тайлбарласан. Иймд уг тариа нь нийтдээ 15 орчим адуунд хэрэглэх боломжтой хэмжээний эмчилгээний зориулалттай байж болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоо хэмжээгээр нь дүгнэж худалдан борлуулах зорилгоор хадгалсан гэж үзэх нь үндэслэл муутай гэж үзэж байна” гэв.
8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Тухайн хавтаст хэргийн материалтай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дараа танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 14 цаг 10 минутад ирсэн байдаг. Гэтэл хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд эрх бүхий албан тушаалтан өөрийн хийсэн ажиллагааг хүчинтэйд тооцуулах зорилгоор 13 цаг 10 минутад, өөрөөр хэлбэл гомдол ирэхээс 1 цагийн өмнө прокурорт мэдэгдсэн байна. Прокурор уг ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол гаргасан байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан тайлбарлая. Шинжээч Золзаяагаас мэдүүлэг авсан боловч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуудал байна гэж мэдүүлсэн. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж, хамгаалах боломжгүй байсныг харуулж байна. Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Мөнхдаваа 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоолоор шинжээчид 3 асуулт тавьсан боловч шинжээч Ззөвхөн 1 асуултад хариулсан. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д заасан, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг бүрэн, бодитой хийж, дүгнэлтийг гаргах үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг шүүгдэгч Этанилцуулаагүй. Үүний улмаас тухайн тогтоолтой танилцах, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан зөрчил гарсан. Хэрэв шинжээч Зтавигдсан асуултад хариулах боломжгүй байсан бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д заасны дагуу шинжилгээ хийхээс татгалзах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх лабораторид 2 асуулт бүхий шинжилгээ хийлгэж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сорилын дүн гарсан байдаг. Харин 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан шинжээч З917 дугаартай дүгнэлтэд тавигдсан 3 асуултаас 2-т нь хариулсан байна. Тус дүгнэлтэд “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна, эфедрин гидрохлорид 0.05 мг агууламжтай шингэнээс эфедрин илэрсэн, илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцийн хавсралтад багтдаг” гэж дурдсан. Гэвч уг дүгнэлтэд тухайн бодисын хэлбэр, зориулалт, тунгийн хэмжээ, савлагаа, эцсийн бүтээгдэхүүн эсэх талаар тодорхой дүгнэлт хийгдээгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн бүтээгдэхүүн нь “эфедрин гидрохлорид 0.05 мг” гэсэн тэмдэглэгээтэй, үйлдвэрийн савлагаатай, эмийн зориулалттай тариа бөгөөд олон улсын эм зүйн практикт хэрэглэгддэг 50 мг тунтай эцсийн бэлдмэл байна. Мөн уг тариа нь үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн тул дахин боловсруулах боломжгүй, түүхий эд биш болох нь харагдаж байна. Савлагаан дээрх тэмдэглэгээнээс үзэхэд үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн болох нь тодорхой байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд эдгээр нөхцөл байдлыг үнэлээгүй, зөвхөн бодис илэрсэн эсэхэд дүгнэлт өгсөн байна. Харин Гаалийн төв лабораторийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн сорилын дүнд тухайн бодисыг “бодис агуулсан бэлдмэл” гэж тодорхойлсон байна. Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй, эргэлзээтэй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар талд зөвхөн 917 дугаартай шинжээчийн дүгнэлтийг иш татсан боловч Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолд заасны дагуу тухайн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй байна. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны конвенцийн хавсралтад багтсан талаар дурдсан боловч уг конвенцийн холбогдох зүйл заалтыг бодитойгоор хэрэглэж, дүгнээгүй. Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн эрх зүйн туслалцааны гэрээний холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9.Шүүгдэгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөгч шинжээч Золзаяагаас 3 асуулт асуусан байдаг. Эдгээр 3 асуултын 1 дүгээр асуулт буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэх эсэх асуудалд шинжээч өөрөө хариулж чадаагүй. Мөн 01 дүгээр сарын 23-ны өдөр 917 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр би гарын үсэг зураагүй, түүнчлэн миний оролцогчийн эрхийг хангаагүй. Тухайн өдөр миний бие гаалийн ажилтан Очирсүрэнгийн үйлдсэн шинжээч томилох тогтоолд гарын үсэг зурсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн ерөнхий газрын төв лабораториос 3 хүний гарын үсэгтэй дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд миний оруулж ирсэн эфедрин гидрохлорид агуулсан тарианд эфедрин, изоэфедрин агуулсан бэлдмэл гэж тогтоогдсон. Энэ талаар 1-р хавтаст хэргийн 20, 120, 126 дугаар хуудсанд дурдсан байгаа. Гэтэл Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн дүгнэлт болон шинжээч Здүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна. Миний оруулж ирсэн 5 хайрцаг тарианаас тус тусад нь шинжилгээ авсан эсэх, эсхүл зөвхөн нэг хайрцгаас дээж авч эфедрин илэрсэн эсэх нь тодорхой нотлогдоогүй. 1-р хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд миний оруулж ирсэн тарианы зураг байгаа. Уг зурагт “эфедрин гидрохлорид” болон “озер” гэх бичиглэл харагддаг. “Озер” гэх бичиглэл нь тухайн эмийн чанар, үйлдвэрийн тэмдэглэгээ бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын ангилалд хамаарахгүй гэсэн утгатай. Миний бие уг “озер” гэх бичиглэлийг дурдсан нь учиртай. Учир нь би Турк Улсад 2 удаагийн нарийвчилсан шалгалтад орж, рентген төхөөрөмж болон нохой ашигласан шалгалтаар хүртэл шалгуулж гарсан. Миний оруулж ирсэн тариа нь сав, хайрцаг, үйлдвэрийн шошго, хэрэглэх заавартай, хүн болон амьтанд хэрэглэх зориулалттай эм, тариа, бэлдмэл юм. Хэрэв энэ нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байсан бол би өнөөдөр та бүхний өмнө зогсох бус, Турк улсын хорих ангид байх байсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би нисэх онгоцны буудал дээр бууж ирснээс хойш өглөөний 08 цагаас оройн 20–21 цаг хүртэл, нийт 12–13 цагийн турш хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хараа, хяналтад байж, ус уух, бие засах боломжгүйгээр саатуулагдсан. Улмаар Цагдаагийн ерөнхий газарт авчирч, надаас шээсний шинжилгээ авч, шууд байцаалт авсан. Надаас байцаалт авахдаа гэрчээр эсхүл сэжигтнээр байцааж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, миний эдлэх эрхийн талаар тайлбарлаагүй. Нисэх онгоцны буудлаас эхлэн надад ямар хэрэгт холбогдож байгааг тайлбарлаж, сануулаагүй. Би тухайн үед айж, сэтгэл зүйн хувьд цочролд орсон байсан. Байцаалтын дараа надаас гарын үсэг зуруулсан боловч би ямар баримт бичиг дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй. Мөн надад өмгөөлөгч авах эрхийг хангаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 16 дугаар тогтоолын тайлбарын 1.3 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа түүний өөрийгөө өмгөөлөх, хамгаалах боломжийг хангах үүднээс эхлээд ямар хэрэгт сэжиглэгдэж, яллагдаж байгааг заавал мэдэгдэх ёстой бөгөөд учир мэдүүлэг байдлаар байцаах, мэдүүлэг өгөхийг албадахыг хориглосон байдаг. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа 19 цаг 32 минутад эхэлж, 20 цаг 16 минутад дуусгасан. Ажлын цаг дууссаны дараа байцаалт авсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 9–10 сарын хугацаанд надад өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, ямар эрх, үүргийн талаар тайлбарлаагүй. Хожим нь хавтаст хэргийг шилжүүлэх гэж байна гэж хэлэн, надаар олон баримт бичиг дээр нэг дор гарын үсэг зуруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Эхолбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзориг, Г.Ганбадрах, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан магадлаж үзвэл, шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсын Станбул хотоос "Туркиш Эйрлайнс" компанийн ТК236/22JAN2024 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн жагсаалтад багтсан Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг (тариа мэт) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар үүргэвчиндээ хадгалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудалд ирэхдээ тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь:
-Хил хамгаалах ерөнхий газрын “Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолтод “ЖЭ, хил нэвтрэлтийн түүх: 2024-01-21-ний өдөр, чиглэл-гарах, бүртгэсэн боомт: Чингис хаан агаарын замын боомт, аяллын дугаар: om161” гэх бүртгэл /1хх-171-172/,
-“Турк эйрлайнс” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт: “ЖЭ зорчигч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнийн Туркиш Эйрлайнсын Станбулаас Улаанбаатар чиглэлийн ТК236/22JAN2024 дугаартай нислэгээр зорчин ирсэн нь үнэн болно” гэх албан бичиг /1хх-171-172, 179/,
-Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эрүүгийн 2402001100417 дугаартай хэрэгт Чингис хаан Олон улын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн бүсийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, СиДи бичлэг /1хх-208-214/,
-шүүгдэгч Ж.Эын авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-217-218/,
-гэрч С.Очирсүрэнгийн “...Би тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэх явцдаа ирэх чиглэлийн зорчигчийн гар тээш шалгах аппаратад буюу рентгенд хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед зорчигчийг шалгах явцад гар тээшний аппаратын дэлгэцэд тариа хийсэн үүргэвч илэрсэн. Ингээд тухайн хүний үүргэвчийг нээж үзэхэд цагаан өнгийн хайрцагт хийсэн тариа мэт зүйл байсан ба цааш нь нарийвчлан шалгахаар тухайн хүнийг зөрчилтэй тэмцэх албаны өрөөнд дагуулж ирж нарийвчлан үзлэг хийсэн. Дараа нь сэжиг бүхий зүйлүүд илрэхээр нь бичиг баримтыг нь бүрдүүлж Хар тамхитай тэмцэх газарт шалгуулахаар дуудлага өгсөн. Ингээд хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар ирж тухайн хүний гар тээшнээс гарч ирсэн 5 хайрцаг тариа мэт зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авч баривчлаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-61/,
-шүүгдэгч Ж.Эын яллагдагчаар өгсөн “Би хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдсэн. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө 2-3 адуутай. Уяачдад бас сонирхуулж зарах бодолтой байсан юм. Нэг адуунд тарих 3 мл граммыг 50 000 төгрөгөөр борлуулах санаа байсан. Би өмнө Efedrin гэх бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирж байгаагүй. Би "Efedrin" гэх бодисыг хууль бус зүйл гэдгийг мэдээгүй. Түрк улс зөвшөөрч байгаа юм чинь Монгол улс бас зөвшөөрч байгаа байх гэж бодсон. Энэ тариаг адуунд хийдэг гэхээр нь Монгол улс руу оруулж ирсэн юм. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хар тамхи, мансууруулах бодисын агууламжтай зүйл гэдгийг нь мэдсэн бол Монгол улсын хилээр оруулж ирэхгүй байх байсан. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж, харамсаж байна.” гэх мэдүүлэг /1хх-92-93/,
-гэрч Д.Г“...Тухайн Efedrin гэх тариаг артерийн даралт багассан үед ихэсгэх зорилгоор хэрэглэдэг. Мөн нугасны мэдээгүйжүүлэлт хийх үед даралт огцом унахаас сэргийлж бас хэрэглэдэг. Хэрэглэхдээ хүний биеийн арьсан доор булчинд тарьж хэрэглэдэг. Эсхүл судсаар тарьж мөн дусалтай хольж хэрэглэж болно. "Efedrin Hidrolderur" rэх нэршилтэй тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй. Гэхдээ тухайн Efedrin гэх тариаг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн жороор олгодог. Тухайн тариа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн жорын жагсаалтад байдаг. Одоо Монгол Улсын эмийн бүртгэлийн мэдээллийн санд ОХУ-ын үйлдвэрлэсэн "Efedrin Hidroldorur" тариа нь бүртгэлтэй. Өөр Улсаас орж ирсэн "Efedrin Hidroloфлаг" гэх нэршилтэй тариаг хэрэглэвэл хууль бус зүйл гэж үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Эмийн сангуудад зардаг. Гэхдээ заавал "Efedrin" гэх тариаг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн жороор л олгодог. Хоногт нэг удаагийн хэрэглээ нь 0.05 г/мл тарьдаг. Хамгийн ихдээ 0,05 г/мл хоёр удаа тарьж хэрэглэдэг. Тухайн хэмжээг эмч үзлэг хийсний дараа тогтоодог. Тухайн "Efedrin" гэх тариаг өдрийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл төв мэдрэлийн систем болон зүрх судасны системд нөлөөлж хүний амь насанд эрсдэл учруулна” гэх мэдүүлэг /1хх-64/,
-гэрч Б.Б“...Эфедрин гидрохлорид гэх нэршилтэй эм нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015.02.24-ны өдрийн 68 тоот тушаалаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт"-ын сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. Артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт “унах”, нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шокод орсон) үед хэрэглэнэ. Сэтгэцэд нөлөөт эмийг сэтгэцийн өвчний оношны дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртэлх хоногийн хэрэглээнээс илүүгүй бичнэ. Насанд хүрэгчдэд 0,025-0,05 граммаар өдөрт 2-3 удаа хэрэглэж болно. Ээлж эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт ихсэх, үхлийн айдас төрөх, мэдрэлийн систем хөөрөх, заримдаа солиорох, хий юм мэдрэгдэх, нойргүйдэх, хүйтэн хөлс гарах зэрэг гаж нөлөө илэрнэ. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалтад байдаг” гэх мэдүүлэг /1хх-57/,
-Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №917 дугаартай “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэнээс Эфедрин (Ephedrine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтдаг болно” талаарх дүгнэлт /1хх- 68-69/,
-Шинжээч эмч Д.З“Эфедрины (Ephedrine) молекул томьёо нь C10H15NO байдаг. Бид шинжилгээгээр илэрсэн бодисын үр дүнгээ НҮБ-ын конвенцын хамгийн сүүлийн хувилбараас нь харж дүгнэлтээ гаргадаг” гэх мэдүүлэг /1хх-54/,
-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19б/838 дугаар “НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн | хавсралтад багтдаг "Эфедрин гидрохлорид" нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын II хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Тус эмийг артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шоконд орсон) үед хэрэглэнэ. Эфедрин гидрохлоридыг насанд хүрсэн хүнд 0,025-0,05 граммаар өдөрт 2-3 удаа хэрэглэх бөгөөд Монгол Улсын стандарт MNS 5376:2016 дагуу сэтгэцэд нөлөөт эмийг өвчний оношны дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртэлх хоногийн хэрэглээнээс илүүгүй жороор олгож, курс эмчилгээ нь 10-15 хоног үргэлжилнэ. Тухайн эмийг хэрэглэх явцад зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт ихсэх, үхлийн айдас төрөх, мэдрэлийн систем хөөрөх, зарим тохиолдолд солиорох, хий юм харах, сонсох, нойргүйдэх, хүйтэн хөлс гарах зэрэг гаж нөлөө илэрч болно” гэх албан бичиг /1хх-137/,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 05/374 дугаартай “Танайхаас ирүүлсэн албан бичигт дурдсан Эфедрины агууламжтай Efedrin Hidroklorur Osel 0.05 гэх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Харин Монгол улсын эмийн бүртгэлд ОХУ-ын "Московский эндокринный завод" үйлдвэрийн эфедрин 50мг/мл-1мл тарилгын эм бүртгэлтэй байна. Эфедрины L хэлбэр буюу L-1-фенил-2-метиламинопропанол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны олон улсын конвенцийн дагуу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодисын 1 жагсаалт"-д багтсан, олон улсын хяналтад байдаг химийн бодис юм. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол улсын олон улсын гэрээ “84.Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц", "86.Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц", 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенци" болон "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, экспорт хадгалалт, худалдааг зохицуулах журам"-аар зохицуулагддаг. "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам"-ыг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар баталж, 2021 оны А/66, А/781 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Эфедрин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/197 дугаар тушаалаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт", 2016 оны А/184 дүгээр тушаалаар батлагдсан "Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ын "Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-д орсон байна. Эфедрин 50мг/мл тарилгын эмийг артерийн даралт буурсан / мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, ганглийг хориглогч, адрено хориглогчид болон даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шокод орсон) үед ургаль мэдрэлийн зохицуулга алдагдсаны улмаас симпатик мэдрэлийн саатал даамжран хориг үүссэн тохиолдолд хэрэглэнэ. Эфедрин 50мг/мл тарилгын эмийн батлагдсан хэрэглэх зааварт мансуурах, дасал шунал, донтолт үүсгэх мэдээлэл байхгүй байна. Эмийн гаж нөлөө болон бусад мэдээллийг хавсаргасан хэрэглэх заавраас үзнэ үү” гэх албан бичиг /1хх-140-141/,
-гэрч Д.Ч“Эфедрин гэх тариаг мэднэ. Сурах бичиг болон хичээлүүдээс сонсож байсан. Тус тариа нь сэтгэцийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг мөн эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэвэл сэргээгч эм бодисуудын шалтгаант донтолт үүсгэдэг. 1987 онд Олон Улсын олимпын хорооноос гаргасан сэтгэц сэргээх үйлчлэлтэй допингийн нэрсийн жагсаалтад эфедринийг оруулсан байна. Мөн 1988 онд аддиктологийн судлаач нар эфедринийг сэтгэцийн стимулянт (сэтгэцийн сэргээш)-ийн жагсаалтад оруулсан байна. Мөн тус тариа нь хүний төв мэдрэлийн системд сонгомлоор үйлчилж, сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сэтгэц идэвхт эм бодис юм. Эфедринийг тогтмол хэрэглэснээр донтолтын эмгэг үүсгэдэг. Тус тариаг байнга хэрэглэснээр сэтгэл хөөрлийн хам шинж үүснэ, хэрэглэгчийн сэтгэл хөөрч, баясна, сэтгэц-хөдөлгөөний идэвх сэргэнэ, үг яриа олширно, түргэн шалмаг хөдөлгөөнтэй болно, 1-3 сар хэрэглэх юм бол сэтгэцийн хараат байдал үүснэ. 3-6 сар тогтмол хэрэглэвэл биеийн хараат байдал үүснэ. Мөн "эфедрин" гэх тарианд донтсон хүн өдөрт тухайн тариаг 10-14 удаа хэрэглэж, 10-15 хоног үргэлжлэн хэрэглэн, 2-5 хоног завсарлаад дахиад үргэлжлүүлэн хэрэглэдэг. Тэгээд тухайн тарианы шарталт нь олон хоног үргэлжилдэг. Энэ үед сэтгэл тавгүй болох, бухимдах, нойр хямрах, ууртай болох, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрдэг талаар сурах бичигт дурдагдсан байна. Мөн дараах солиорлын шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: Мөрдөх дэмийрэл, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж, ухамсарт ухаан дэмийрэн балартах хам шинж, гар хөл бусад эрхтэн урт богино болох шинж тэмдгүүд үүсдэг. Биеийн талаас дараах шинж тэмдгүүд илэрдэг. Зүрхний цохилт олширно, хүүхэн хараа өргөснө, цусны даралт ихэснэ, хөлөрнө, чичирнэ, бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн эфедрин нь метамфетаминтай адилхан нөлөө үзүүлдэг. Тус эфедрин гэх тариаг байнга хэрэглэснээр хүний амь насанд аюул учруулна. Саяны миний хэлсэн шинж тэмдгүүд байнга илэрснээр хүний амь насанд аюул учруулдаг. Тухайн эфедрин гэх тариаг адуу малд хэрэглэдгийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2хх-35-36/,
-гэрч Ч.Ч“Тухайн "Efedrin Hidroldorur" гэх тариаг Монгол Улс малын эмчилгээнд хэрэглэдэггүй. Одоогоор Монгол Улсын малын эмийн жагсаалтад тухайн тариа бүртгэгдээгүй. Монгол Улсын малын эм, тарианы жагсаалтад тухайн "Efedrin Hidroldorur" гэсэн нэршилтэй эм тариа маань ороогүй учир тухайн тариаг мал эмнэлгийн үйлчилгээнд хуулийн дагуу хэрэглэдэггүй гэсэн үг. Хэрвээ тухайн жагсаалтад ороогүй эм, тариаг мал, амьтанд хэрэглэвэл хууль бус зүйл гэж үзэж тухайн жагсаалтад ороогүй эм, тариаг хэрэглэвэл Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Мөн малын эмийн бүртгэлд бүртгэхдээ тухайн эмийн үйлдвэрлэсэн Улсын нэр, үйлдвэрийн нэр, эмийн тун, импортлогч, аж ахуйн нэгж тус бүрээр бүртгэдэг. Тухайн "Efedrin Hidroldorur" гэх нэршилтэй тариаг хяналтаас гадуур уяач нар адуундаа хэрэглэдэг талаар сонсоогүй тул мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-67/,
-гэрч Б.С“Тус Эфедрин тариаг Монгол Улсад ихэвчлэн мэдээ алдуулалтын үеийн цусны даралт огцом унах үед ашигладаг. Мөн анхны түргэн тусламжийн үед хэрэглэдэг. Жишээ нь цусны даралт огцом унах үед (ялангуяа мэдээ алдуулалтын үед), Бронхоспазм (амьсгалын замын нарийсал) тайлахад, зарим тохиолдолд харшлын хүнд хэлбэрийн урвал (анафилакси) үед нэмэлт эмчилгээ болгон хэрэглэдэг. Тус эфедрийн гэх тариа нь НҮБ-ын 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын Улаан өнгийн жагсаалтад орсон. Улаан өнгийн жагсаалт гэдэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрийн аргаар гаргаж авах боломжтой бодисын жагсаалтыг хэлнэ. Мөн эфедрин гэх тарианаас метамфетамин гаргаж авах боломжтой. Метамфетамин нь НҮБ-ын жагсаалтад багтсан мансууруулах бодис юм. Мөн эфедрин гэх тариа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалаар баталсан сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад байгаа эмүүдийг Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулж баталж тушаал гаргадаг. Тус тариаг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэглэх арга нь цусны даралт унах үед 5-10 мг Эфедринийг судсанд (IV) удаанаар тарина. Хэрэв шаардлагатай бол 3-4 минутын зайтай давтаж болно. Нийт тун 50 мг-аас хэтрэхгүй байхыг анхаарна. Нэг хүнд хэрэглэх тунгаас хэтрүүлэн хэрэглэх юм бол толгой өвдөх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, мэдрэлийн хэт хөөрөл үүсэж болзошгүй. Удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх (дэмий хэт их сэргээх нөлөөтэй). Заавал эмчийн хяналтад доор хэрэглэнэ. Зүрх, судасны шинжүүд: Зүрх хэт хурдан цохилох, 120-180 цохилт/мин болоход ч хүрдэг. Цусны даралт ихэснэ. Зүрхний хэм алдагдана. Хүнд тохиолдолд зүрхний шигдээс эсвэл зүрхний зогсолт гарах магадлалтай. Мэдрэлийн тогтолцооны шинжүүд нь айдас, сэтгэлийн хэт хөөрөл, параной (хүмүүсийг сэжиглэх, хэт сэрэмжлэх), галлюцинаци буюу хий юм харах, сонсох. Таталт өгнө. Ком-Хүнд хордлогын үед мэдрэл унаж, ухаан алдана. Амьсгалын тогтолцооны шинжүүд нь Эхэндээ: Амьсгал хурдасгах (тахипноэ) Хүндэрвэл: Амьсгалын саатал үүсэж болно. Хоол боловсруулах болон бусад шинжүүд нь хүчтэй бөөлжих, хэвлийгээр өвдөх, хөлрөх, шээс барихгүй болох (хэт хөлөрснөөс шингэний дутагдалд орох). Анхааруулах зүйл: Эфедрин хордлого маш хурдан хүндрэх аюултай тул гэрт өөрөө эмчлэх оролдлого хийх ёсгүй. Ялангуяа зүрх судасны эмгэгтэй хүн Эфедриний хордлогод орох эрсдэл маш өндөр байдаг. Тухайн шинж тэмдгүүд нь сэтгэцэд нөлөөлөхөөс илүү хүний тархины үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Тухайн тариаг байнга хэрэглээд байх юм бол хүний тархи гэмтдэг гэсэн үг. Хувь хүний бие физиологиос шалтгаалдаг. Олон Улсын судалгааг харахад 100 хүний 90%-д нь тус тариа нь донтолт үүсгээгүй харин 10%-д нь тус тарианы донтолт үүсгэж байсан байж магадалгаатай судалгаа гарсан. Эфедрин (Ephedrine) гэх тариаг адуу болон малд хэрэглэдэггүй. Зөвхөн хүний эмчилгээнд л хэрэглэдэг” гэх мэдүүлэг /2хх- 26-28/,
-гэрч М.Т“Эфедрин” нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 хавсралтад багтдаг бөгөөд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Тус эмийг артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах коллапс, шоконд орсон) үед хэрэглэх заалттай. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын "Бүртгэлтэй эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийн мэдээлэл"-ийн цахим санд байршуулсан "Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн хэрэглээний заавар"-т дурдахдаа тус эмийг арьсан дор, судас дотор болон булчинд тарьж хэрэглэх талаар заасан байдаг. Дуслаар хийхдээ натрийн хлоридын изотоник (0.9% 100-800 мл) уусмал дээр 0,06-0,08 г эфедрин хийж найруулна. Арьсан дор тарих бол 0,02-0,05 г (50 мг/мл түвшрүүлэг бүхий 0,4-1 мл уусмал) тунгаар хоногт 1-2 удаа тарина. Нугасанд мэдээ алдуулалт хийх үед даралт огцом буурахаас сэргийлж, арьсан дор 50 мг/мл түвшрүүлэг бүхий 1 мл уусмалыг мэдээгүйжүүлэг хийхээс 10-30 минутын өмнө тарина. "Бүртгэлтэй эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийн мэдээлэл"-ийн цахим санд тус эмийн гаж нөлөөнд өндөр тунгаар хэрэглэсэн үед хий юм харах, сэтгэл санааны эсвэл сэтгэцийн эмгэг байдал илрэх талаар дурдсан байна. Тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд илэрхий бие сульдах, цочромтгой болох, нойргүйдэх, шээс хаагдах, артерийн даралт хэт ихсэх, хоолонд дургүй болох, бөөлжих, их хөлрөх, арьсаар тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг талаар тусгасан болно. Ерөнхийдөө тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Метамфетамины угтвар бодис болох эфедрин нь мэдрэлийн системд шууд хортой нөлөө үзүүлдэг адреномиметик эм юм. Эфэдринийг хүн эмнэлэгт хэрэглэхээс гадна морь, нохой, муур зэрэг мал эмнэлгийн салбарт даралт буурсан үед болон жижиг амьтны эмнэлэгт мэс заслын үед унтуулах зорилгоор хэрэглэдэг байна. Адуунд эфедринийг тогтмол дусаах аргаар хэрэглэх нь зүрхнээс гарч байгаа цусны шахалтыг сайжруулах замаар даралт бууралтыг эмчилдэг бөгөөд энэ нь зүрхний цохилтод нөлөөлдөг” гэх мэдүүлэг /2хх-31-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”[1]-ийн 3 дугаар жагсаалтад “Ephedrine” багтсан байх ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц”[2]-ийн I хүснэгтэд багтсан Эфедрин (Ephedrine), ийм давснууд байж болох бүх тохиолдол гэж нэрлэн заасан байна.
4.Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор нэр томьёог тайлбарласан.
Мөн Монгол улсад хяналтад байлгавал зохих эмийн жагсаалтыг Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан байх ба Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жасгаалтын Б-ийн 29 дугаарт “Олон улсын нэршил Эфедрин, химийн нэршил L-1-фенил-2 метиламинопропанол” орсон байх ба энэхүү жагсаалтад заагдсан нэршил бүхий бодисууд, түүний давсуудыг агуулсан эм, эмийн түүхий эдийн бүх тун хэмжээ, хэлбэр болон худалдааны нэршлийг хамруулж ойлгоно гэжээ.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг тариа гэх зүйлийн үйлчлэх бодис болох Эфедрин (Ephedrine) нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн I хүснэгтэд заасан, Монгол улсад хяналтад байлгавал зохих дээр дурдсан эмийн жагсаалтад багтсан байх ба уг тарианы найрлагад орсон гидрохлорид нь уг бодисыг шингэн төлөвт оруулан эмчилгээнд хэрэглэх боломжтой болгож байгаа давсны уусмал болох нь хэрэгт авагдан, хэлэлцүүлэгдсэн дараах нотлох баримтаар нотлогдсон. Үүнд:
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №917 дугаартай: ““Efedrin Hidroklorur 0.05g/1mL” гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэнээс Эфедрин (Ephedrine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-68-69/,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 05/374 дугаар: “Танайхаас ирүүлсэн албан бичигт дурдсан Эфедрины агууламжтай Efedrin Hidroklorur Osel 0.05 гэх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Харин Монгол улсын эмийн бүртгэлд ОХУ-ын "Московский эндокринный завод" үйлдвэрийн эфедрин 50мг/мл-1мл тарилгын эм бүртгэлтэй байна. Эфедрины L хэлбэр буюу L-1-фенил-2-метиламинопропанол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны олон улсын конвенцийн дагуу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодисын 1 жагсаалт"-д багтсан, олон улсын хяналтад байдаг химийн бодис юм...” албан бичиг /1хх-140-141/,
-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19б/838 дугаар: “НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцийн I хавсралтад багтдаг "Эфедрин гидрохлорид" нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын II хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан” гэх албан бичиг /1хх-137/.
-Эм зүйч мэргэжилтэй гэрч Б.Б, Д.Г, химич мэргэжилтэй гэрч Д.Знарын мэдүүлэг зэрэг болно.
7.Шүүгдэгчийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
8.Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэг "Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг" гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Э нь Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг (тариа мэт) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн үүрч явсан үүргэвчиндээ хадгалан, тээвэрлэж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
9.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
10.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал “...Ж.Эхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэргийн субьектив шинж буюу сэдэлт, санаа зорилгыг огт шалгаж тогтоогоогүй байдаг... Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээр дурдсан нотлох баримтууд нь зөвхөн Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн эмийн бүтээгдэхүүний талаар болон уг эмийн хүний биед үзүүлэх үйлчлэл, нөлөөллийг л тал бүрээс нь шалгаснаас бус сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох талаас нь шалгаж тогтоосон зүйл огт байхгүй. Эфедрин гэсэн нэр л яригдаад байгаагаас биш уг бодис нь чухам ямар өнгө, үнэртэй шинж чанартай, хуурай шингэн ямар төлөвтэй, мөн энэ бодисыг юунаас яаж, хэрхэн гаргаж авдаг, ямар нөхцөлд хадгалах зэргийг огт шалгаагүй... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна... Хойшлуулсан үндэслэл нь хууль бус бөгөөд 60 хоногийн хугацаа дууссаны дараа... цуглуулсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, Л.Ганзориг нарын “...анхан шатны шүүх дүгнэхдээ Эфедринийн агууламжтай бор өнгийн шилтэй 500 ширхэг тариа мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн үүргэвчинд хадгалан тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, шүүх эргэлзээтэйгээр тариа мэт гэж дүгнэсэнд гомдолтой байна... Шүүх нь хийсвэр бус, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг ба шүүгдэгч Ж.Эын үйлдсэн гэмт хэргийг дээрх зарчмыг удирдлага болгон шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
11.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байхыг",
мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэмт хэрэг нь "Хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн байхыг" ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Эын “сэтгэцэд нөлөөлөх бодис”-ыг хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд тохирохгүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар прокурорт даалгасан ажиллагааг явуулж, захирамжийн биелэлтийг хангасныг нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэхгүй.
12.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч, яллах дүгнэлтэд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг бодис гэж буруу бичсэнийг шүүх өөрчлөн тогтоох боломжтой байхад мөн адил бичиж гэм буруутайд тооцсонг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, мөн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай” гэж зөвтгөн, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
13.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзориг, Г.Ганбадрах, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Эшийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 97 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:
-1 дэх заалтад “Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг
“Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
-4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 162 /нэг зуун жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзориг, Г.Ганбадрах, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон нийт 97 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Д.МӨНХБҮРЭН