| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2507 00120 0110 |
| Дугаар | 2026/ДШМ/404 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар /цахимаар/, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/404
Ц.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Манлайбаатар /цахимаар/,
шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Д.Март,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Г-д холбогдох 2507 00120 0110 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Ц-ын Г-, 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн Ц- хэлтсийн Ц- 30 дугаар ангид салаан захирагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ....... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЛЦ-/;
Шүүгдэгч Ц.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н- овогт Ц-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлдэг гэх Хан-Уул дүүргийн маршрутаар зорчихоос бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг дээрээ маргаагүй ба анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Тэр дор нь хохирогч нарт эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан, хохирогч нарыг гомдол саналгүй болгож хохирлыг бүрэн төлсөн. Мөн би 23 настай, Дотоод хэргийн их сургуулийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “гамшгаас хамгаалах алба, салаан дарга” мэргэжлээр төгсөөд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Ц- хэлтсийн Ц- “Ц- 30 дугаар ангид” салаан захирагч ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Учир нь миний бие Дотоод хэргийн их сургуулиа төгсөөд төрийн тусгай албан хаагчаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлын онцлог нь цаг наргүй, байнгын бэлэн байдалд байдаг, хэзээ, хаана, аюул учрахад бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, байгалийн гамшиг зэрэг бэлэн байхад чиглэгдсэн. Цэргийн командаар аль аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт харгалзахгүйгээр шууд ажиллах чиг үүрэгтэй байдаг төрийн тусгай байгууллага юм. Гэтэл тус дүүргийн анхан шатны тойргийн шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг миний бие хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан тус анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Г-ын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Уг хэрэг прокуророос анх хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ял тохиролцож, 3 жилийн хугацаагаар тэнсэх саналтайгаар шүүхэд шилжсэн. Гэвч анхан шатны шүүхээс тухайн ажиллагаанд процессын зөрчил гарсан гэж үзэн буцаан, улмаар хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Г-ын хувьд үндсэн оршин суух хаяг нь Сүхбаатар аймагт, эцэг эхийнхээ гэрт байдаг. Харин сургууль төгсөөд ажлын хуваарилалтаар Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа тул тус дүүрэгт түрээсийн байр хөлслөн амьдарч эхэлсэн. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал ажлаас чөлөөлөгдөх нөхцөл үүсэх бөгөөд ингэснээр Улаанбаатар хотод цаашид оршин суух боломжгүй болох хүндрэлтэй нөхцөл байдал бий болно. Одоогоор шүүгдэгч нь бие даан хөдөлмөр эрхэлж, нийслэлд ажиллаж, амьдарч байна. Иймд шүүгдэгч Ц.Г-ын хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь ажил, амьдралд нь хүндрэл учруулах нөхцөлтэй байна гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан байсан. Тухайн үед найз нөхдийн хамт Тэрэлжид амарч, оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд маргааш нь Улаанбаатар хот руу буцах замдаа болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ нь анх удаа үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэг бөгөөд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хэрэв энэ саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл, шүүгдэгчийн ажлын онцлогийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хүрээг Улаанбаатар хотын 6 дүүрэг хүртэл өргөтгөж, мөн уг нөхцөл байдлыг харгалзан ялыг 2 жилийн хугацаагаар багасгаж өгөхийг хүсэж байна...” гэв.
Прокурор Б.Манлайбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц-” амралтын газрын урд талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Приус-30” маркийн, Ц- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хохирогч Ш.З-ын биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдлыг тогтоосон. Уг үндэслэлээр анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, мөн 2 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар уг төрлийн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасах, 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь хуулийн доод хэмжээнд оногдуулсан бөгөөд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ц.Г- нь давж заалдах гомдолдоо өөрийгөө Ц- байгууллагад ажилладаг, гамшгаас хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын хэмжээнд, 21 аймагт үүрэг гүйцэтгэх шаардлагатай тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулах нь ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэж байна гэж тайлбарлаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн байна. Гэвч шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ Дотоод хэргийн их сургуулийн төгсөх курсийн оюутан байсан бөгөөд улмаар төгссөний дараа тухайн албанд томилогдон ажилласан байна. Мөн одоогийн байдлаар тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байгаа хэдий ч тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зөвхөн шүүгдэгчээс хамаарахгүй, ижил чиг үүрэгтэй бусад алба хаагчид мөн үүрэг гүйцэтгэх боломжтой. Иймд зайлшгүй өөрөө улсын хэмжээнд зорчиж, бүх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорын зүгээс гаргаж байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход хангалттай нотлох баримт цугларсан байх тул шүүгдэгч Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гэр амралтын газарт шүүгдэгч Ц.Г- нь найзуудын хамт очиж, шөнийн 3 цаг хүртэл согтруулах ундааны зүйл болох Сэнгүр нэртэй пиво ууж хоноод маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 07-08 цагийн орчимд хичээлээсээ хоцорлоо гэх шалтгаанаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Ш.З-ын “..Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн төв дээр гэр амралтад очоод бид нар 2,5 литрийн пивоноос 6 ширхгийг хувааж уусан, тэгээд өглөө 8 цагийн үед өглөө хичээлээсээ хоцорчихлоо гээд бид нар хөдөлсөн. Тухайн үед Ц.Г- болон С- бид 3 Г-ын машинтай явсан. Машинд хойно нь суугаад шууд унтчихсан. Гэнэт түс тас хийх чимээгээр сэрсэн. Тэгээд урд сууж байсан хүн орилоод байсан, ухаан балартаад эмнэлэгт сэрсэн, өөр юм болсон талаар мэдэхгүй байна. ...Миний бие 4-н сэртэн яс хугарсан, элгэнд цус хуралттай байсан. Одоо бол ямар нэгэн гэмтэл байхгүй, миний бие одоо зүгээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол шаардахгүй. ...” /1хх12, 84/,
гэрч Б.С-гийн “...2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найзуудаараа Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн төв дээр гэр амралтын газар очсон бид нар очоод 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 5 ширхгийг уугаад 03 цагийн үед унтаад тэгээд өглөө 8 цаг өнгөрөөд бид нар 2 машинтай зэрэг хөдөлсөн. Тухайн үед хамт хөдөлсөн машин түрүүлээд яваад өгчихсөн. Тэгээд бид нар Ц-ын урдуур явж байх үед машин шарваад замын эсрэг талын урсгал руу орсон. Тэгсэн өөдөөс 2 машин ирж байсан тул Ц.Г- хажуу тал руу дараад замын хажуу тал руу очоод онхолдсон. Тухайн үед машин өнгөрөөд эргэлдэж байх үед би машины цонхоор шидэгдсэн байсан, зарим зүйлийг санахгүй байгаа. ...миний бодлоор нэг их хурдан явсан гэж бодохгүй байна. Миний толгой хэсэг бага зэрэг гэмтэлтэй, тэрнээс болоод дух бага зэрэг хавдсан, өөр гэмтэл байхгүй. Би урд зорчигчийн суудал дээр сууж явсан. Харин З- хойд суудал дээр сууж явсан, Ц.Г- жолоо барьж явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх14/,
Ц.Г-ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед би найзуудын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж гэр амралтын газарт очсон. Тухайн амралтын газарт очоод орой нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Маргааш өглөө нь хичээлтэй байсан учраас 07 цагийн үед гэр амралтаас гарч явсан. Ц- амралтын газрын хажууд явж байхад зам бага зэрэг цас ороод мөстчихсөн байсан, тухайн мөсөн дээр машин шарваад хажуу тал руу онхолдсон. Нэг ухаан ороход хажууд сууж байсан С- машины гадаа гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би машины салхины шилийг өшиглөж гарах үед хойд талд сууж явсан З- машины хойноос “намайг авраарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод татаж машины гадна гаргасан, удалгүй түргэн, цагдаа нар ирсэн. ...Тухайн үед зам бага зэрэг гулгаатай, би хичээлтэй яарч байсан бөгөөд бага зэрэг хурдтай явж байсан тул тухайн осол гарсан. Би тухайн осол гарахын өмнөх шөнө 2,5 литрийн хэмжээтэй пивоноос 5 ширхгийг 6-лаа хувааж уусан. Тэгээд өглөө 07 цагт хөдөлсөн, тэрнээс өглөө архи согтууруулах ундаа хэрэглээгүй. ...” /1хх80-81/ гэсэн хэргийн нөхцөл байдлын талаарх өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, нэг нь нөгөөгөө дэмжиж, баталсан мэдүүлгүүдээр хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Тухайн зам тээврийн осол ямар шалтгаан нөхцөлөөс үүдэж гарсан, үүний улмаас ямар хохирол, хор уршиг учирсан, шүүгдэгч Ц.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх байдлыг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх4-7/, тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /1хх8-9/ зэргээс гадна Шинжээч Т.Т-ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 46-65/148 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota pruis маркийн Т- УНМ улсын дугаартай автомашины жолооч Ц.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota pruis маркийн Т- УНМ улсын дугаартай автомашины жолооч Ц.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад ямар нэгэн нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” /1хх54-56/ гэсэн
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1714 дугаартай “...шинжилгээнд “241347109 дугаартай 4мл вакум теанар савтай цус” гэж хаяглан ирүүлсэн “241347109” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх29-31/ гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0725/3210 дугаартай “...Ш.З-ын биед хэвлийн битүү гэмтэл элэгний 6, 7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” /1хх35-37/ гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/3208 дугаартай “...Б.С-гийн биед зүүн нүдний зовхи, баруун зулайн хуйх, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зулай, чамархайн хуйх, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх41-42/ гэсэн дүгнэлтүүдээр тогтоосон байх ба эдгээрийг тусгай мэдлэгтэй эрх бүхий субъектүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан байх тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөв гэж үзнэ.
Иймд, шүүгдэгч Ц.Г-ын 0,8 хувийн согтолтой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас Ш.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.С-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэргийн дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл, эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчих” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж хангагдсан буюу шүүгдэгч Ц.Г-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 зүйлийн а/-д заасан жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Ш.З-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл элэгний 6, 7-р сегмент хальсан доорх голомтлог цус хуралт, няцрал, сээрний 12-р, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буруутай гэж дүгнэж, тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ц.Г-ын гаргасан “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг дээрээ маргаагүй ба анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Тэр дор нь хохирогч нарт эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан, хохирогч нарыг гомдол саналгүй болгож хохирлыг бүрэн төлсөн. Мөн би 23 настай, Дотоод хэргийн их сургуулийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “гамшгаас хамгаалах алба, салаан дарга” мэргэжлээр төгсөөд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Ц- хэлтсийн Ц- “Ц- 30 дугаар ангид” салаан захирагч ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...Ажлын чиг үүрэгтэй холбоотойгоор ...дүүргийн анхан шатны тойргийн шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг миний бие хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг харгалзан оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжтой байна.
Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор байх боловч шүүгдэгч Ц.Г-ын гэм буруутай үйлдэлдээ гэмшсэн болон хохирол, хор уршгийг арилгасан байдал, ажил мэргэжлийн онцлог, хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Хууль ёсны”, “Шударга ёсны” зарчмын агуулгад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй оролцож ирсэн, хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Ш.З- нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Б.С- нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /1хх132-139/ талаараа тус тус мэдүүлснээс гадна 1 дүгээр хавтас хэргийн 99, 101 дүгээр талуудад авагдсан эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Ш.З- нь 533.250 төгрөгийн, Б.С- нь 831.478 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч Ц.Г- нь Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан /1хх126-127/ болох нь нотлогджээ.
Мөн шүүгдэгч нь “Миний бие Ц.Г- нь зам тээврийн гэмт хэрэгт холбогдсон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /1хх144/ гэсэн, хохирогч Ш.З- нь “Миний бие зам тээврийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Эмчилгээний зардал бүрэн гүйцэт авсан тул Ц.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн /1хх137/, Б.С- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Ц.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн /1хх-132/ бичгийн хүсэлтүүд тус тус гаргаж, хохирол төлбөр төлж барагдуулсан /1хх133-136, 138, 145-147/ нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн,
хэргийн оролцогч нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгийн хүсэлтийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатар хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол үйлдэж, шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан,
Уг тогтоолоор прокурор нь яллагдагч Ц.Г-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг танилцуулахад яллагдагч, түүний өмгөөлөгч нар зөвшөөрч, талууд ял тохиролцон тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зорилго нь нэгэнт ял тохиролцсон, яллагдагч болон хэргийн бусад оролцогч нар тус гэмт хэрэгтэй холбоотой маргаан байхгүй тохиолдолд чирэгдэл учруулахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах учиртай.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх үндсэн шаардлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар энэ хуулийн шаардлага хангагдсан буюу Ц.Г- нь хэрэг гарсан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрөө гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн, анхны мэдүүлгээс эхлэн хэргийн ямар үйл явдал болсон, ямар гэм буруутай болохоо тодорхой мэдүүлж, хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн байдал тогтоогдсон байна.
Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас удааширсан буюу прокурорын шийдвэр үйл ажиллагаанд ямар албадлагын арга хэмжээ авахаа тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/289 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Ц.Г-д хуульд байхгүй нэмэгдэл ял оногдуулсан үндэслэлээр тухайн шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/1295 дугаартай магадлалаар хүчингүй болгожээ.
Дээрх хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дотоод хэргийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан байсан, сургуулиа төгсөөд Ц- ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн Ц- хэлтсийн Ц-, Ц- 30 дугаар ангийн салааны захирагчаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа /1 дүгээр хавтас хэргийн 106 дугаар талд авагдсан “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”/ нь нотлогдсон, анх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг өөрөө гаргаж, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирлыг нөхөн төлж хохирогчийн хөндөгдсөн эрхийг бүрэн сэргээсэн, ажил мэргэжлийн онцлог, чиг үүрэгтэй хамааралтайгаар зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх боломжтой, анх удаа хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэсэн хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй...” гэж,
5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтууд оруулж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА