Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00589

 

Хадгаламж банк ХХК дахь

      банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч : Л.Мөнх-Отгон,

Хариуцагч : Х.Цогтоо,

Үндсэн нэхэмжлэл: 2011.9.22-ны өдрийн 411 дугаар зээлийн гэрээг цуцлах, хариуцагч нараас 8.868.719 төгрөг, Л.Мөнх-Отгоноос 13.917.143 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: 2011.9.22-ны өдрийн 411 дугаар гэрээний хугацаанд зээлийг хуваарийн дагуу төлүүлэх, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Аварзэдийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр,  хариуцагч Л.Мөнх-Отгон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.7.07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар Хадгаламж банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 6 capаар сунгаж, Банкны тухай хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нар нь Хадгаламж банктай 2011.9.22-ны өдөр 411 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг байгуулж 25 сая төгрөгийг орон сууц худалдан авах зорилгоор жилийн 14.4 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээнд Л.Мөнх-Отгоны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51 Б байр, 62 тоот  2 өрөө орон сууцыг /хх 12-22/ барьцаалж, 8538 дугаартай барьцаалбар үйлдсэн. Гэрээний хугацаа 2018.9.20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилхээр  тохиролцсон ч  Хадгаламж банкны эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүйгээр хуулийн этгээдийнх  нь хувьд албадан татан буулгахаар Монголбанк шийдвэрлэж, албадан татан буулгах ажиллагааны хугацааг Монголбанкнаас тогтоосон хугацаанд хэрэгжүүлж байгаа. Иймд зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221.1, 221.2-н зохицуулалттай  нийцэж байгаа. 411 дугаартай зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд 2016.9.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.923.007 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.340.086 төгрөг, нийт 11.263.094 төгрөг байна.  Л.Мөнх-Отгоны нэр дээр 13.917.143 төгрөгийн авлага бүртгэлтэй байсан. Тус авлагыг судлан үзэхэд Л.Мөнх-Отгоны банкны зээлээр худалдан авсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 62 тоот 2 өрөө  нь  73.710.000 төгрөгийн үнэтэй ба 25 сая төгрөгийг Хадгаламж банкны зээлээр, үлдэх 48.710.000 төгрөгийг Жаст Групп ХХК төлөхөөр тохиролцжээ. Үүний дараа Л.Мөнх-Отгон Жаст Групп ХХК-ийн хооронд 2013.5.01-ний өдөр ЖГХБ/30-13 дугаартай Төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээгээр Жаст-Групп ХХК 48.710.000 төгрөгийг төлөх боломжгүйгээс  Л.Мөнх-Отгон өөрөө хариуцан төлөх, үлдэгдэл төлбөрөөс нь ажилласан хугацааны оногдох төлбөрийг хасаж, 34.792.857 төгрөгийн 40 хувь болох 13.917.143 төгрөгийг 2013.12.31-ний өдрийн дотор төлж барагдуулвал үлдэгдэл 60 хувийн төлбөрөөс хөнгөлөх талаар  тохиролцсон байдаг. Хадгаламж банк, Жаст групп ХХК-ийн хооронд 2013.5.15-ны өдөр 7/1-440 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан ба уг гэрээний  1-р  төлбөрийг хүлээн авах эрхийг холбогдох бичиг баримтын хамт Хадгаламж банкинд  шилжүүлсэн. Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь гэрээний хоёрдугаар хэсэгт зааснаар 1 дүгээр хавсралтад заасны дагуу 2013.07.02-ны өдрийн байдлаар нийт 490.922.876 төгрөг байсан ба Л.Мөнх-Отгоны тухайд /гэрээний 1 дүгээр хавсралтын 33 дугаарт бичигдсэн/ 13.917.143 төгрөгийн авлагын шаардах эрх Хадгаламж банканд шилжсэн. Иймд, Л.Мөнх-Отгоноос 13.917.143 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар тусгайлан заалгаж өгнө үү гэжээ. /хх 1-3/

 Хариуцагч Л.Мөнх-Отгон  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр Х.Цогтоогийн хамт 2011.9.22-ны өдөр 25 сая төгрөг 2018.9.20-ны өдөр хүртэл хугацаатай зээлсэн. 51б  байрны 62 тоот 2 өрөөг худалдан авсан. №411 гэрээний дагуу  7.923.007 төгрөг, зээлийн хүү 1.569.885 төгрөг, нийт 9.492.892 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эрх шилжүүлэх гэрээг бидэнд огт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй ба Жаст-Групп ХХК-д бэлнээр нийт 13.917.143 төгрөгийг төлж уг компанийн зүгээс төлбөр тооцоогүй болохыг санхүүгийн газрын захирал Ш.Батсайхан тодорхойлсон байгаа.  Гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад зээлийн гэрээ зөрчин гэрээг үндэслэлгүйгээр цуцлах асуудал хөндөж байгаад гомдолтой байна гэжээ. /хх 52/ Хариуцагч Л.Мөнх-Отгон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний дагуу 7.923.007 төгрөг, хүү 1.569.885 төгрөг нийт 9.492.892 төгрөгийг гэрээний хугацаанд буюу 2018.9.20-ны өдөр хүртэл графикийн дагуу төлүүлхээр нэхэмжлэгчид даалгах, мөн бидний орон сууцны зээлийг эргэн төлөлтийг хэвийн бус ангилалд оруулсан ба хэвийн бус зээлдэгчид хамаарах үндэслэл байхгүй, зээлээ хугацаанд нь төлж байсан тул зээлийн ангиллыг хэвийн зээлдэгчид шилжүүлэх шаардлага гаргаж байна гэжээ /хх 69 /. 8% хүүд шилжүүлээгүй тул 3.668.150 төгрөгийн хохирол учирсан, мөн торгууль 919.374 төгрөг үндэслэлгүй суутгасан. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.  /хх 108-109/ . 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-172 дугаар тушаалд заасан хугацаагаар Хадгаламж банкны актив хөрөнгийг төлүүлэх, өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бусдад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхийг эрх хүлээн авагчид даалгасан. Банкны тухай хуульд заасны дагуу активыг хяналтандаа авч, тушаалд зааснаар актив хөрөнгийг төлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д заасан нэршлээр тусгагдсан байгаа. Албадлагын арга хэмжээ авах хугацаа нь А-172 дугаар тушаалд заасан 2017.1.22-ны өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлогдож байгаа.  Хадгаламж банкны зээл, авлагын өр төлбөрийн шаардах эрхийг өөрт шилжүүлэн авах эсэх нь  субъектив эрх тул  зээлийг графикийн дагуу төлүүлэхээр даалгах шаардлага нь үндэслэлгүй шаардлага болно. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.2-д зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилдаг ба ингэхдээ тус хэсэгт зааснаар хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын үнэлгээг хийж ангиллыг тогтоодог. Л.Мөнх-Отгоны тухайд төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банканд төлөх авлагыг төлж барагдуулаагүй зэрэг чанарын үзүүлэлтээр хэвийн бус ангилалд шилжүүлэн бүртгэсэн гэжээ. /хх 105, 111/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-г баримтлан Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдох “...2011.9.22-ны өдрийн 411 дугаар  зээлийн гэрээг цуцлах, хариуцагч нараас 8.868.719 төгрөг, Л.Мөнх-Отгоноос 13.917.143 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” тухай Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан 2011.9.22-ны өдрийн 411дугаар  зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг  Хадгаламж банк  ХХК дахь эрх хүлээн авагчид даалгаж, Л.Мөнх-Отгоны сөрөг нэхэмжлэлийг үлдэх шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Л.Мөнх-Отгоноос  төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчаас 70.200 төгрөг гаргуулж Л.Мөнх-Отгонд олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 409 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Иргэний хуулийн 221.2-т заасны дагуу гэрээг сунгах нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний Хадгаламж банкны Монголбанкны Ерөнхийлөгчийн   тушаалаар   Хадгаламж   банкны   пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрч, өөрийн хөрөнгө алдагдсан  тул хадгаламж эзэмшигч харилцагчийн  мөнгөн  хөрөнгөнд учрах эрсдлээс сэргийлэх зорилгоор банкны хүлээн авах албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг тушаалаар тогтоосон. Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж татан буулгах ажиллагааг хэрэгжүүлэхийг банкны эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн, татан буулгах ажиллагааг банкны эрх хүлээн авагчаас өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй зэрэг нөхцөл байдал нь хуульд заасан гэрээний хугацааг хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх үндэслэлийг үүсгэж байсан. Гэвч шүүхээс талууд гэрээндээ 84 сарын хугацаа тогтоосон нь гэрээний гол нөхцөл бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг гэрээний 8.2-д заасан бөгөөд уг зүйлд зааснаас үзэхэд банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэсэн. Гэтэл талуудын хоорондын Орон сууцны зээлийн гэрээний 11.1-д "... хуульд өөрөөр заагаагүй бол талууд энэ гэрээний зуйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлан ажиллана" гэж заасан байх ба гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн зохицуулах талаар тусгайлан заасан зохицуулалт хийгдээгүй. 2. Шүүхээс нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчээс гарган өгсөн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалуудад банкны орх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг хязгаартай тогтоож өгснийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй болсон. Хадгаламж банк, Жаст групп ХХК-ийн хооронд 2013.5.15-ны өдөр 7/1-440 дугаартай "Шаардах эрх шилжүүлэх гэрээ" байгуулагдсан. Гэрээний 2.6-д зааснаар гэрээ хучин төгөлдөр болсон өдрөөс төлбөр төлөгч нь Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж Хадгаламж банкны өмнө төлбөр төлөгч болсон гэж үзэхээр тохиролцсон. Хадгаламж банк шаардах эрхийг өөрт шилжүүлэх үед шаардах эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн үүрэг биелэгдээгүй байсан тул хүчин төгөлдөр шаардах эрхийг шилжүүлэн авсан, шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. 3. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын 2.2-д зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилдаг. Журмын 2.5-д зааснаар чанарын нэгдсэн үнэлгээг 50 онооноос хэтрүүлэхгүй ба 0-29 оноотой байгаа тохиолдолд ангиллыг 2 шатаар бууруулах зохицуулсан. Журмын 2.4-д зааснаар активын чанарын үзүүлэлтийг 1в дүгээр хавсралтад заасан хүчин зүйлс тус бүрийн нийлбэрээр тооцох ба ийнхүү дүгнэлт өгөхдөө үзүүлэлт тус бүрийг хэдэн оноогоор дүгнэхийг журамд зохицуулаагүй бөгөөд зээлдүүлэгчийн өөрийн эрхэд нээлттэй үлдээсэн. Тавьсан шаардлага, 29 оноод хүрэхгүй гэж үзэн ангиллыг бууруулсан гэжээ.

      ХЯНАВАЛ :

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан  411 дугаартай зээлийн гэрээг цуцлах, хариуцагч нараас 8.868.719 төгрөг, Л.Мөнх-Отгоноос  13.917.143 төгрөг тус тус гаргуулах,  2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-д заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага тавьжээ. /хх 1-4/

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд Л.Мөнх-Отгон сөрөг нэхэмжлэл гаргаж, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дугаар гэрээнд заасан хугацаанд  зээлийг хуваарийн дагуу төлүүлэх, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг  нэхэмжлэгчид даалгуулах шаардлага гаргасан байна. 

Анхан шатны шүүх 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дугаартай зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгчид даалгаж, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул  шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.  

Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нар 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 411 дугаартай  “Орон сууцны зээлийн гэрээ”-г Хадгаламж банк ХХК-тай байгуулж, зээлдүүлэгч 25 сая төгрөгийг нэг жилийн 14.4 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээл олгож, зээлдэгч нар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг ашиглаж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн нь тогтоогдсон, энэ тухай хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.  

Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, гэрээг цуцлах хуульд заасан нөхцөл байдал бий болоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны  тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Л.Мөнх-Отгон нийт 13.917.143 төгрөгийг төлсөн орлогын ордерын тасалбар, Жаст групп ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-01/32 дугаар албан бичиг зэрэг Л.Мөнх-Отгон орон сууцны үлдэгдэл төлбөрөөс өөрт ногдох хэсгийг төлсөн баримтаар нотлогдсон тул 13.917.143 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

Иймд,  2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дугаар  зээлийн гэрээг цуцлах, хариуцагч нараас 8.868.719 төгрөг, Л.Мөнх-Отгоноос 13.917.143 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

Нэхэмжлэгч нь чанарын үзүүлэлтээр хариуцагч нарын зээлийн ангиллыг бууруулсан гэх боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангасан нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчөөгүй байна.      

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Аварзэдийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ