Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 179

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

 

      Улсын яллагч                                          Г.Цолмонгэрэл          

      Нарийн бичгийн даргаар                        Б.Эрдэнэдөш  нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рэнцмаагийн Төгсбаярт холбогдох 1831002200162  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1979 оны 09 дугаар сарын 28-нд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 164 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон  овогт Рэнцмаагийн Төгсбаяр. /РД:МИ-79092817/ 

  Шүүгдэгч Р.Төгсбаяр согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 164 тоотод оршин суух өөрийн гэртээ Г.Батмөнхийг зүүн шилбэ, баруун далны орчим нэг, нэг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

       1. Шүүгдэгч Р.Төгсбаяр мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугээр сарын  08-нд  яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн бага хүүтэйгээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны 00 цаг өнгөрч гэртээ амрахаар хэвтэж байтал миний найз Г.Баянмөнх нь 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг авч өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд би 0.75 литрийн ерөөл архи 1 шилийг авч өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал Г.Баянмөнхийн эхнэр Нандинцэцэг ирээд манай эхнэр Сарантуяаг асуучихаад яваад өгсөн. Тэгтэл намайг Батмөнх эхнэртэйгээ хардаад уурласан өнгө аястай надтай харьцаад байхаар нь би Г.Баянмөнхөд хандан “ингэж болохгүй шүү, найзаа хоёулаа амьдрах гэж ядаж байгаа хүмүүс, хоёулаа сайхан үр хүүхэдтэй ингэж болохгүй шүү, найз минь” гээд хэлсэн чинь Г.Баянмөнх нь намайг “хүүхэлдэй минь манай эхнэр яагаад танайд ирдэг юм бэ” гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд нүүр хэсэг рүү цохихоор нь би заамдаж аваад “боль” гээд суулгасан. Тэгээд бид хоёр архиа хувааж ууж байгаад 2018 оны 07 сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Г.Баянмөнх нь дахиж надтай хэрүүл өдөөд дахиж маргалдаад суугаад байхаар нь би уураа барьж дийлэлгүй зуухны хажууд байсан зомгол цуулдаг хутгаар айлгая гэж бодоод хутгыг бариад Г.Баянмөнхтэй ноцолдож байгаад санаандгүй зүсэж гэмтээсэн. Би Г.Баянмөнхийг санаатай гэмтээнэ гэж бодоогүй зүгээр айлгая гэж бодож байсан юм. Тэгээд би гайхаад “юу хийчихвээ вэ” гээд өөрийнхөө толгойг зохиж байгаад найз Г.Баянмөнхөөс уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Тэгээд архи ууж дуусгаад Г.Баянмөнх 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед харилаа гээд манай гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би бага хүүтэйгээ унтаж байгаад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн.   .../хх-ийн 40-р ху/,

2. Шүүгдэгч Р.Төгсбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би гэртээ байж байтал манай найз над дээр ирсэн. Тэгээд бид хоёр 2 шил архи уусан.Тухайн үедээ л согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Г.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 08-нд  мөрдөн байцалтын шатанд өгсөн:  ...Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 00 цагийн орчим өөрийн найз Р.Төгсбаярын гэрт “Ерөөл” 0.5 литрийн архи 1 шилийг авч очоод хувааж уусан. Тэгээд архиа уугаад байж байтал Төгсбаяр нь “Ерөөл” 0.75 литрийн архи 1 шилийг авчираад бид хоёр хувааж уусан. Тэгтэл манай эхнэр Нандинцэцэг ирээд Төгсбаярын эхнэрийг асуугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би уурлаад Төгсбаяртай маргалдахад Төгсбаяр надад хандан “ингэж болохгүй шүү найзаа, хоёулаа амьдрах гэж ядаж байгаа хүмүүс, хоёулаа сайхан үр хүүхэдтэй ингэж болохгүй шүү найз минь” гэж хэлэхээр нь би Төгсбаярт хандан “хүүхэлдэй минь манай эхнэр яагаад танайд ирдэг юм бэ” гээд би Төгсбаяртай маргалдсан. Тэгээд би Төгсбаярын нүүр хэсэг рүү нь цохиход Төгсбаяр намайг заамдаж аваад “боль” гээд бид хоёр маргалдахаа больсон. Тэгээд бид хоёр архиа уугаад юм яриад сууж байгаад 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед дахиж маргалдахад Төгсбаяр нь зуухны хажууд байсан хутга бариад над руу дайраад дал, хөл хэсэгт зүсэхээр нь би хутгыг нь барьж аваад “боль” гэж хэлсэн чинь “би юу хийчих вэ” гээд өөрийнхөө толгойг цохиж байснаа надаас уучлалт гуйгаад бид хоёр дахиад нэг шил  юм хувааж уусан. Тэгээд би уг өдрийн 15 цагийн үед Төгсбаярын гэрээс гараад явж байтал Ганбаатартай таарахад Ганбаатар надаас “наад хөлөө яачихсан юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “сая Төгсбаяртай маргалдсан юм, хутга бариад гүйгээд байсан, зүссэн юм байхдаа” гэж хэлээд сууж байхад Шинэбаяр нь эхнэр Батцэцэгтэйгээ ирээд надаас юу болсныг асуухад  би “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Батцэцэг нь Шинэбаярын өмсөж явсан подволкоор миний хөлийг боож өгөөд эмнэлэгт хандсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

4.Гэрч Д.Сарантуяагийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн:.. Төгсбаяр болон Баянмөнх нар нь хоорондоо өр авлага, бие биедээ өс санасан асуудал байдаггүй. Уул нь сайн найзууд. Тухайн өдөр хоорондоо юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

5.Гэрч Н.Нандинцэцэгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд  өгсөн: ...Миний нөхөр Баянмөнх нь Төгсбаяртай өр авлага, өс санасан асуудал байдаггүй, харин намайг байнга Төгсбаяртай хардаж уурлаж намайг зоддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

6.Гэрч О.Батцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Би тухайн өдөр өөрийн нөхөр Шинэбаяртай хамт явж байтал Ганбаатар Баянмөнх хоёр зогсож байсан. Юу болсон юм бол гээд очиход Баянмөнхийн зүүн хөлнөөс цус гойжиж гутал руу нь урссан байсан. Тэгэхээр нь Шарка гэх залуугийн өмсөж явсан подволкоор нь хөлийг нь боож өгөөд түргэн дуудаж хүлээлгэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

7.Гэрч Б.Ариунзаяагийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Төгсбаяртай холын хамаатнууд байгаа юм. Төгсбаяр ах төлөв томоотой, дуу цөөтэй ,эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь тогтсон ажил төрөлгүй гэртээ байдаг. Төгсбаяр ах бас хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг. Амжиргааны түвшин доогуур. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн №  289 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1. Г.Баянмөнхийн биед баруун дал, зүүн шилбэнд шарх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхийгэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд саринуулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт тооцно.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх  31-р ху/,

Шүүгдэгч Р.Төгсбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 46-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р ху/, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 32-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 37-38-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 39-40-р ху/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х Р.Төгсбаяр нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг,5 дугаар хэсгийн 164 тоотод оршин суух өөрийн гэртээ Г.Батмөнхийн зүүн шилбэ, баруун далны орчим нэг, нэг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хар бариултай,нийт урт нь 28 см, ажлын хэсгийн урт нь 16 см, ажлын хэсгийн өргөн нь 1.6 см хутга 1 /нэг/ ширхэгийг шүүхэд ирүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нар прокурорын гаргасан 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох  ялаар шийдвэрлэх нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Рэнцмаагийн Төгсбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Рэнцмаагийн Төгсбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Төгсбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Төгсбаярт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Р.Төгсбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар бариултай, нийт урт нь 28 см, ажлын хэсгийн урт нь 16 см, ажлын хэсгийн өргөн нь 1.6 см хутга 1 /нэг/ ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч Р.Төгсбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                        

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН