| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0236/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/239 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 1838005910300 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Г-,
Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд хохирогч Б.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд хохирогч Б.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... тэгэхэд Б.Б- ах модон дотроос нэг шил архи гаргаж ирсэн. Бид гурав рамны хашаанд нөгөө авчирсан архиа уугаад сууж байхад Ундрах ахын ах Мөнхөө гэх ирээд тэгээд нэг шил архи нь дуусаад нөгөө шил архи нь талдаа орж байхад Ундрах ах бид хоёр бөх яриад сууж байтал Б.Б- согтоод Ундрах ахтай дохиогоор хоорондоо юм яриад байж байснаа Б.Б- орилоод газар луу гараараа цохиод чулуу аваад миний баруун хавирга руу цохичихсон би зайгаа аваад байж байтал гүйж ирэхээр нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр суманд манай төрсөн ах болох Б.Б- нь Н.Г.Г- гэх залууд зодуулсан байсан юм. Манай төрсөн ах Б.Б- нь төрөлхийн хэл ярианы хөгжил байхгүй, мөн сонсголгүй юм. Тэгээд би зодуулсан асуудалд хэрэг үүссэн тухай сонсоод Б.Б- ах өөрийгөө илэрхийлж чадахгүй тул хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан юм...” гэх мэдүүлэг, /ххийн 06 дугаар хуудас/
Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сумын төвд явж байгаад Г.Г- гэх залуутай тааралдсан. Бид хоёр тааралдаад нэг шил архи аваад Уширын хүрхрээний тийшээ явж байтал Б.Б- ах явж байсан тэгэхээр нь би Б.Б- ах дээр очъё гээд очоод рамны хашаанд орсон. Тэгээд архиа ууж байтал Г.Г- гэх залуу Б.Б- ахтай маргалдаад зодолдсон тэгэхээр нь би салгаад Г.Г-ийг салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 08 дугаар хуудас/
Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... тэр өдрийн маргааш нь аавынд очиход Б.Б-ын шанааны дээд тал болон духны дээд хэсэгт хавдаж ангайсан нусаа нийхэд хавдраас нь цус гараад байсан... ” гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “ ... 1.Б.Б-ын биед тархины доргилт, духны баруун хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Б.Б-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ....” гэсэн 374 дугаартай дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудаар дугаартай дүгнэлт зэрэг болно./хх-ийн 19 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд хохирогч Б.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б-ын хууль ёсны төлөөлөгч Б.Чинбат, гэрч Б.Ундрах, Б.Мөнхбат, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Г-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ч-д 500.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 34 дугаар хуудас/,
Эрүүгийн 1838005910300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838005910300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР