| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428002760027 |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Анхбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Хяналтын прокурор С.Анхбаяр,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох *******7 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Тоуоtа Аllion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ******* town худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.*******ийн жолоодож явсан ӨМҮ улсын дугаартай “lexus-Нs250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Б.ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ослын газрыг орхиж зугтаасан хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, зорчих эрхийг хязгаарлах нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч Б.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр 1, гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 915,600 төгрөгийг, иргэний хариуцагч О.оос гэм хорын хохиролд 4,915,600 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.*******ьд тус тус олгож,
Шүүгдэгч Б.******* нь 630,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д, 4,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.*******ьд тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Н.*******ьд олгохоор шийдвэрлэсэн 915,600 төгрөгийг 2026 оны дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал давж даалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг буюу Өмнөговь аймгийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор С.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс яллагдагч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай ашиглалтын журам зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар, зорчих эрхийг хасах ялыг 1 жил 7 сарын хугацаагаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглосон хязгаарлалт тогтоосон. Яллагдагч Б.*******ын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зорчигчийн биед хөнгөн хохирол учруулж, мөн тээврийн хэрэгсэлд хохирол учруулж, ослын газрыг орхиж зугтсан байдаг. Шүүхээс шийтгэл оногдуулахдаа газар нутгийн хэмжээг хэт өргөн тогтоосон байна. Засаг захиргааны хамгийн том нэгж буюу аймгийн хэмжээгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн газар нутгийн хэмжээ нь нийт 165,380 метрквадрат талбайг эзлэн оршдог, 14 сумтай ийм газар нутгаар тогтоосон. Б.*******ын хувьд Өмнөговь аймгийн ******* суманд оршин суудаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа, шүүгдэгчийн өөрийн харьяалагдах өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байдал нь уг нутаг дэвсгэрийн хүрээг тэлж засаг захиргааны хамгийн том нэгж болох аймаг буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь үндэслэлгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Тоуоtа Аllion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх GВ town худалдааны төвийн зүүн талын дөрвөн замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.*******ийн жолоодож явсан ӨМҮ улсын дугаартай “lexus-Нs250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Б.ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ослын газрыг орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ий “Би унтаж байгаад тас хийх чимээгээр сэрсэн чинь Б.******* машин мөргөчихлөө гээд цаашаа зогсохгүй машинтайгаа яваад байсан.
Би болон машинд байсан хүмүүс зогсоочээ гэсэн чинь явсаар байгаад эгчийнхээ хашаанд гэсэн хаана байдгийг нь би мэдэхгүй нэг хашаанд очоод зогссон. Тэгээд би машинаас буугаад гэртээ харилаа гэсэн чинь бүгдээрээ манай гэрт очихоор болоод хамт манай гэрт очоод удалгүй ******* гэр рүүгээ явлаа гээд явсан. Бид нар манай гэрт унтаж байсан чинь цагдаа орж ирээд гэрт байсан хүмүүсийг аваад явсан.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн “2024 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед GB худалдааны төвийн урд гэрлэн дохиотой уулзвараар би ногоон гэрлээр зорчиж явахад ******* гэсэн“Тоуоtа Аllion” маркийн машин ирж мөргөөд зугтаасан.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Гэрч Ц.гийн “Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч манай нөхөр ы эзэмшдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг анх авах үед манай нөхөр бичиг баримтгүй байсан тул би өөрийн нэр дээр авчихсан юм. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч О.ы “Би 2024 оны 09-р сард өдрийг нь санахгүй байна би гэрээсээ машинаа аваад ажлын залуус дээрээ очсон чинь манай ажлын залуус Энхээгийн гэрт ирсэн байна намайг хүрээд ир гэхээр нь би очсон чинь гэрт нь *******, , нар 2 ширхэг 0.5 граммын архи задалчихсан ууж байхаар нь би очоод хамт уулцсан.
Архиа ууж дуусгаад ******* намайг аймаг хүргэж өг гэхээр нь би хүргэж өгч чадахгүй гэсэн чинь энд таних айл байхгүй гээд гуйгаад байсан. Тэгээд би машинаа бариад аймаг , *******, бид 4 хамт явсан. Би машинаа барьж явж байгаад аймгийн хаалган дээр очоод аймагт зам сайн мэдэхгүй, жолооны үнэмлэх байхгүй гэж хэлсэн чинь ******* би аймгийн хүн газар сайн мэднэ гэхээр нь би машинаа бариулсан.
Тэгээд би жолоочийн хажуу суудал дээр суугаад бүсээ бүсэлсэн. ******* машин бариад нөгөө 2 ард суугаад хөдлөх үед нь би жоохон зүүрмэглэсэн байсан гэнэт тас түс болоод явахаар нь сэрсэн чинь машин мөргөчихсөн байсан. Тэгээд би зогс гэсэн чинь шууд хойшоо явах шиг болсон тухайн үед шөнө байсан болохоор би хаана явж байгаагаа мэдээгүй. ******* явж байгаад нэг айлын хашаанд оруулаад миний машины ар болон урд талын номерыг аваад такси дуудаад бид 4 ий гэр лүү явсан.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/ мэдүүлгүүд,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй. өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн "Б.ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.ий биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал/
Шинжээч Р., Б., Г. нарын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 2025/69 дугаартай шинжээчийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "3.1.6." зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байна.
Уг осол нь нийтийн хэрэгцээний зам дээр ******* ӨМҮ улсын дугаартай “Тоуоtа Аllion” маркийн автомашины хөдөлгөөнөөс үүдэн мөргөлдөж зорчигч гэмтсэн байна. Иймд зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
******* ӨМҮ улсын дугаартай “Тоуоtа Аllion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчсөн байна. Ослын газрыг орхиж явснаар зам орчны байдал нөлөөлсөн эсэх болон ослын нөхцөл байдлыг тогтооход бэрхшээлтэй боломжгүй болгодог.
ӨМҮ улсын дугаартай “lexus-Нs250” маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Н.*******ь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх нотлох баримт хавтаст байхгүй байна.
Ахмад Ч.Мөнх-Эрдэнийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх шинжилгээний тухай хуульд "8.1. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ 8.2. Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:
8.2.3. төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;" гэж заасан байна. ДХИС-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдал /Д8627/ мэргэшилтэй байх тул тусгай мэдлэг бүхий хүн мөн байна.” гэх дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
ний гаргасан 1200 дугаартай "Авто машин эвдрэл, хохирлын /1 дүгээр хавтаст хэргийн -46 дахь тал/, ХХК-ийн 48920 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны "Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал нь “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар Өмнөговь аймгийн хэмжээнд буруу тогтоосон тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” зааснаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглоно гэж ойлгохоор байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Б.*******ыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтас хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн ******* сумын 10 дугаар багийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолтод Б.******* нь Өмнөговь аймаг, ******* сум, Начин 10 дугаар багийн 6-615 тоот хаягт оршин суудаг гэж /1 дүгээр хавтас хэргийн 95 дахь тал/ тодорхойлон бичсэн байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг: 2.1 “согтуурсан, мансуурсан үедээ; ...үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсон байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 хоногийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэж,
Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,
Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Өмнөговь аймгийн” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА