| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0173/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 180
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Одгэрэлийн Гэрэлцогтод холбогдох 1831000840148 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Хөвсгөл аймагт 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4 сар, 25 хоногийн үлдсэн ялыг тэнсэн харгалзаж байсан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын баянцагаан, 2 дугаар багт оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Онход овогтой Одгэрэлийн Гэрэлцогт, /МП75121971/,
Шүүгдэгч О.Гэрэлцогт нь 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших “Харанхуй ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг жодоо мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 1.555.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч О.Гэрэлцогтын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...Болсон асуудлын талаар ярихад би Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр дэлгэрэх” мод бэлтгэлийн компанид 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр хөрөөчнөөр 15-16 хоног уулын бригадад нь ажилласан юм. Уг компанийн эзэмшлийн ойн сан болох “Харанхуйн ам” нэртэй газарт мод бэлтгэлийн ажилд нь хөрөөчнөөр хөлсөөр өдрийн 25.000 төгрөгөөр ажилласан юм. Ингэж ажиллаж ажлаасаа буусан ба ажиллах явцдаа гайгүй моднууд хаагуур ургасан байгаа эсэхийг үзэж харсан. Учир нь би энэ жил ганц байшин барьж авъя гэж бодсон юм. Ингээд байшин барих мод харахад гайгүй гайгүй моднууд ихээр ургасан байсан. Ингэж харчихаад ажлаас буугаад хэсэг байж байгаад 2018 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын баяраас өмнө байсан юм. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн их биетэй цахилгаан хөрөөгөөр “Харанхуйн ам” гэх газарт ургасан байсан жодоо нэртэй жижиг жижиг зулзаган модыг тайрч унагасан, учир нь би тухайн газраас байшингийн мод бэлтгэх гэхээр машин техник явах боломжгүй жодоо моднууд ихээр ургаж явахын аргагүй байсан юм. Ингээд зам гаргах зорилгоор хэсэг жодоо моднуудыг тайрч унгасан ба машин, хүн явах зам гаргасан юм. Ингээд тухайн газраас нэг ургаа нарс модыг харж байгаад тайрч унагасан ба мод унагасны дараагаар хөрөө гацаад ажиллахгүй болсон юм. Ингээд хөрөө эвдэрсэн учир дахин мод тайрч бэлтгэж чадалгүй буцсан. Ингээд цагаан сарын баяр болоод би баярлаад цагаан сар өнгөрсөн ба цагаан сарын дараахан байх шалгалтаар хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд “Хүдэр дэлгэрэх” ХХК-ны эзэмшлийн ойд жодоо мод унагаж тасадсан байна гэж шалгаад намайг хөрөөдөж унагасан болохыг мэдсэн юм. Би ч унагаасан талаараа хэлчихсэн юм. Намайг “Хүдэр дэлгэрэх” ХХК-ны эзэмшлийн ойд мод унгасан талаар уг компанийн захирал ажилтан нар нь мэдээгүй. Учир нь би ганцаараа явж очоод мод тасдчихсан юм, миний санаа зорилго болохоор урьдчилж очоод ургаа нарс модыг тайрч бэлтгэж ууланд үлдээгээд цагаан сарын баярын өмнө юм уу, дараа нь очиж машинаар ачиж авчиръя гэж бодож байсан юм. Учир нь хүмүүс баярын үеэр баярлаад ууланд мод бэлтгэлийн ажиллагаа явагдахгүй байх, хяналт шалгалт байхгүй байх гэж бодож мод бэлтгэхээр очсон учиртай юм. Тэрнээс зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг маань хууль хяналтын байгууллага мэдвэл асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан учир баярын өдрүүдийг тохиолдуулаад гялс мод авчихъя гэж бодож байсан юм. Гэтэл ийм зүйл болчихсон. Болсон зүйл гэвэл ийм л учиртай юм. Би өөрийн эзэмшлийн 36-07 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Порланд нэртэй ачааны машинтай “Харанхуйн ам” гэх газар луу явсан юм. Ингээд ууланд явах гэтэл жодоо мод ихээр ургасан машин явахын аргагүй байсан юм. Ингээд зам гаргах зорилгоор тээг болж байсан моднуудыг хөрөөдөж унагасан. Би уг жодоо моднуудыг аваагүй замд саад болоод байсан учир тайрч унагаад замаас холдуулж хаясан, одоо ууландаа байгаа би тухайн газраас ганц ч мод аваагүй. Харин тайрч унгасан л асуудал байна. Миний ингэж унгасан моднуудыг байгаль орчны ажилтан ууланд нь очиж үзэж шалгасан байсан. Наашаа авчирсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн газарт нь тайрч унагаад орхисон модыг тайрч унагасны дараагаар хөрөө гацаад ажиллахаа больсон юм. Ингээд дахин мод унгаж чадаагүй, унагасан модоо хүртэл тайрч цагаалаагүй тэр чигт нь ууланд орхисон. Би тайрч унгасан модноосоо ганц ч мод аваагүй ууланд нь орхисон байгаа. Одоо ууландаа байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ууланд очиж газар дээр нь үзлэг шалгалт хийсэн хүмүүс модыг яасан эсэхийг хэлж ярих байх, надад бол мэдэх зүйл алга байна. Би хүлээн зөвшөөрч байгаа миний барагцаалж байсан модны хэмжээгээр үнэлгээг гаргасан байсан. 10 гаран л тооны жодоо мод тайрч унгаасан байгаа байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р ху/,
2. Шүүгдэгч О.Гэрэлцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 02 дугаар сард буюу цагаан сарын баярын өмнө байшингийн мод бэлтгэхээр очсон. Гэтэл уул өөд явах боломжгүй байсан тул зам гаргах гээд жодоо мод огтолсон. Дээшээ гарсан боловч хөрөө эвдрээд буцаад ирсэн. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Л.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ... Миний хувьд С.Отгонцэцэгийг танина. Манай нутгийн хүн байгаа юм. Нөхөр Лхагвадоржийн хамтаар л мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийдөө бол хөрөө рам, мод чулуу бэлтгэх ажлаа нөхөр Лхагвадорж нь хариуцаад байх шиг байдаг. Бидний хувьд ах дүу найз нөхдийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний мэдэж байгаагаар бол “Хүдэр дэлгэхэр” ХХК нь хууль бусаар ойгоос мод бэлтгэж хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сая сүүлд сумын Засаг дарга Д.Пүрэвдорж захирамж гаргаж намайг уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилж оролцуулах болсноор мэдсэн. Урьд нь бол мэдээгүй байсан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байсан гэж бол миний хувьд сонсоогүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэн байгаль экологид учруулсан хохирлыг гэмт буруутай хүмүүсээр бүрэн барагдуулж зохих журмын дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/
4.Гэрч С.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... Манай “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2015 онд анх мод модон материал үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдасан. Манай компани нь 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр ойд арчилгаа цэвэрлэгээ хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээгээ гаргуулан авсан. Мөн 2018 оы 01 дүгээр сарын 11-ний өдөр ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах мэргэжпийн байгуулага болсон. Хүдэр сумын нутаг Галагтайн гол”, “Хайлааст уул” гэх газарт 3393 га талбайд ойн сан эзэмшдэг. 2018 онд ойн сандаа талбай тусгаарлалт хийгдээгүй. Харин “Тарс” ХХК-ний ойн сан болох Хүдэр сумын нутаг “Харанхуйн ам” гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэсэн. Манай компани нь “Тарс” ХХК-ний ойн сангаас мод бэлтгэж хамтран ажиллах гэрээ байгаа бидний хооронд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтарч ажиллаж байгаа. Тухайн гэрээг сумын ойн ангийн дарга Тайванбаатарт танилцуулж байсан. Манай компани нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 77 дугаартай тогтоолоор хэрэглээний 400 метр куб үүнээс арчилгааны огтлолтоор 100 метр куб, цэвэрлэгээний ажлаар 300 метр куб нарс мод бэлтгэх эрх авсан. Арчилгааны огтлолтоор 100 метр куб нарс мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 1.200.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд хувааж тушааж эрхийн бичгээ мөн өдөр ойн ангиас бичүүлж авсан. Тухайн үед бол би өөрөө раман дээрээ байгаагүй харин манай нөхөр Лхагвадорж байсан. Шалгалтын ажлын хэсгийн хүмүүстэй хамт манай нөхөр Лхагвадорж цуг явж модыг тоолж хэмжилт хийлгэсэн гэсэн. Яг хэдэн метр куб мод хэмжилт хийгдсэнийг бол сайн мэдэхгүй байна. Талбай тусгаарлалт хийлгэсэн “Харанхуйн ам” нэртэй газраас л 2018 оны 02 дугаар сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна манай уулын бригад гарч бэлтгэж, компаний машин болох 3ил-131 маркийн 38-46 ДАХ улсын дугаартай жолооч Бямбажаргалын машинаар тээвэрлэж ирсэн. Тухайн газарт манай уулын бригад гарч байрлаж модыг бэлтгэсэн. Манай компани бүх модоо л тухайн машинаар тээвэрлэдэг. Манай компани угаасаа нэг л 3ил-131 маркийн авто машинтай. Тухайн шалгалтын ажлын хэсэг ирэхээс өмнө манай компани нь огт гадагшаа мод модон материал тээвэрлээгүй. Уулнаас л бэлтгэж боловсруулах ажил явагдаж байсан. Ууланд унагасан 1.5 метр куб жодоо модыг бол хүлээн зөвшөөрч байна. Манай уулын бригадын ажилчид л мод бэлтгэлийн ажил явуулахдаа унагаж гэмтээсэн байна гэж ойлгож хүлээн зөвшөөрч байна. Харин рамын хашаанд хэмжсэн модноос 31.6 метр куб мод илүү гарсныг бол би өөрөө байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол компаний захирлаар ажилладаг боловч манай нөхөр Р.Лхагвадорж нь компаний дэд захирлаар ажиллаж компаний мод бэлтгэлийн талын ажпыг хариуцаж явуулдаг учир би сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол компанийхаа дэлгүүр, зочид буудал кароаке баарны ажлыг би хариуцаж явуулдаг. Мод бэлтгэлийн талын ажпыг манай нөхрөөс асуувал сайн мэднэ. Тухайн шалгалтын ажлын хэсэг ирж хэмжиж тулгалт хийх үед байсан моднууд бол одоо бүгд байхгүй байга. Шалгалтын ажлын хэсэг ирж хэмжилт хийхэд манай нөхөр Лхагвадорж өөрөө шалгалтын хүмүүстэй уулзаж шалгуулсан. Гуалин модыг нь зүсмэл болгоод гадагшаа зарж борлуулсан. Модыг хөдөлгөж болохгүй талаар хэлсэн эсэхийг бол би сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,
5.Гэрч Р.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ... Манай “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2015 онд анх мод модон материал үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. Уг компани нь манай эхнэр С.Отгонцэцэгийн нэр дээр байдаг, манай эхнэр захирлаар нь ажилладаг. Миний хувьд бол гүйцэтгэх захирлаар ажиллаж мод бэлтгэл, зүсвэр болон модтой холбоотой бүх асуудлыг хариуцаж явуулдаг. Эхнэр маань харин дэлгүүр, баар, буудлаа хариуцаж үйл ажиллагааг нь явуулдаг. Модны талаарх ажлыг бол сайн мэдэхгүй. Манай компани нь 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр ойд арчилгаа цэвэрлэгээ хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээгээ гаргуулан авсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах мэргэжлийн байгууллага болсон. Хүдэр сумын нутаг “Галагтайн гол”, “Хайлааст уул” гэх газарт 3393 га талбайд ойн сан эзэмшдэг. 2018 онд ойн сандаа талбай тусгаарлалт хийлгээгүй. Тухайн ойн сан нь энэ жилийн хувьд цас ихтэй очих боломжгүй тул талбай тусгаарлалт хийлгээгүй. Манай компани нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 77 дугаартай тогтоолоор хэрэглээний 400 м3 мод бэлтгэх эрх авсан. Үүнээс арчилгааны огтлолтоор 100 м3 цэвэрлэгээний ажлаар 300 м3 нарс мод бэлтгэх эрх авсан. Арчилгааны огтлолтоор 100 м3 нарс мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 1.200.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд хувааж тушааж эрхийн бичгээ мөн өдөр ойн ангиас бичүүлж авсан. Тухайн үед бол миний бие өөрөө раман дээрээ шалгалтын ажлын хэсэг ирж модны хэмжилт хийж байна гэсний дагуу дуудагдаж очсон. Намайг очиход ажлын хэсгийн хүмүүс манай хашаанд байгаа бүх модыг хэмжиж байсан ямар нэгэн зүсвэрийн цэвэр банз, балк байгаагүй. Харин өмнөх оны үлдэгдэл зах банз нилээд байсан. Яг хэдэн метр куб мод байсныг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан авсан эрхийн бичигт л багтсан мод бэлтгэсэн байсан. Тэгэхээр 100 орчим метр куб мод байсан байх. Талбай тусгаарлалт хийлгэсэн “Харанхуйн ам” нэртэй газраас л 2018 оны 02 дугаар сарын эхээр манай уулын бригад гарч бэлтгэж, компаний машин болох Зил-131 маркийн 38-46 ДАХ улсын дугаартай жолооч Бямбажаргалын машинаар тээвэрлэж ирсэн. Тухайн газарт манай уулын бригад гарч байрлаж модыг бэлтгэсэн. Манай компани бүх модоо л тухайн машинаар тээвэрлэдэг. Манай компани угаасаа нэг л 3ил-131 маркийн авто машинтай. Уулнаас бэлтгэсэн гуалин модноос бол огт зүсвэр хийгдээгүй зөвхөн уулнаас модоо рамын хашаа руугаа л татаж буулгасан байсан. Шалгалтын ажлын хэсэгт би тухайн үед бол хэлээгүй. Яагаад гэвэл бөөрөнхий мод хэмжээндээ байгаа юм чинь ямар нэгэн зүсвэрийн ажил хийгээгүй байгаа гээд тухайн зах банзыг тоогоогүй байсан юм. Зах банзнууд нь 2017 оны 12 дугаар сүүлээр орчимд бэлтгэж зүссэн модны үлдэгдэл зах банз байсан юм. Тэгээд өвөл болохоор нэг сарын хугацаанд зах банз бол хатна гэж байхгүй шүү дээ. Тухайн шалгалтын ажлын хэсэг ирэхээс өмнө 2018 оны хуваарийн дагуу бэлтгэсэн модноос боловсруулалт хийгээгүй байсан. Боловсруулалт хийгээгүй болохоор манай компани нь огт гадагшаа мод модон материал тээвэрлээгүй. Уулнаас л бэлтгэх ажил явагдаж байсан. Ямар нэг мод боловсруулалт хийгээгүй байсан. Миний хувьд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл рамын хашаанд хэмжсэн модноос 31.6 м3 мод илүү гарсан нь бол урьд оны үлдэгдэл зах банз байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/
7.Гэрч Т.Мөнхтуулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр өгсөн: ... Би Хүдэр сумын Ойн ангийн инженер ажилтай. 2014 оноос хойш Хүдэр сумын Ойн ангийн инженерээр ажиллаж байна. Хүдэр сумын мод бэлтгэлийн талбай тусгаарлалт, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, бусад холбогдох тайлан мэдээг гаргах ажил үүргийн хуваартай. “Хүдэр дэлгэрэх” ХХК нь Ойд арчилгаа цэвэрлэгээний огтлол хийх эрхтэй байж байгаад 2018 оны 01 дүгээр сараас ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан аж ахуйн нэгж юм. “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 77 тоот тогтоолоор арчилгааны огтлолоор нарс 100 м3' цэвэрлэгээний огтлолоор нарс 300 м3 тус тус батлагдсан. Тухайн компани Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн мод бэлтгэлийн талбайгаа сонгож тусгаарлуулаад байгаль хамгаалагчаар эхлэлийн акт үйлдүүлээд сумын Засаг дарга, Ойн ангитай гурвалсан гэрээ байгуулж төрийн санд ойн нөөцийн төлбөр төлж мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авснаар мод бэлтгэх эрх үүсэх эрх үүссэний дагуу мод бэлтгэх үйл ажиллагаагаа явуулж болдог. “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгээ авсан. “Хүдэр дэлгэрэх” ХХК нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хуваариас хэтрүүлж мод бэлтгэж болохгүй. Ямар учраас “Хүдэр дэлгэрэх” ХХК нь баталсан хуваариас хэтрүүлж мод бэлтгэснийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/
8.Гэрч Б.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Манай компани нь 2018 онд ой нээж хуваарь олгосноос хойш нийт 7 удаа л тээвэрт явж дунджаар нэг ачилтаар 11-12 м3 орчим нойтон нарс мод тээвэрлэдэг гэж бодож байна. Нийт хэдэн м3 ачиж ирсэнг бол яг сайн мэдэхгүй байна. Миний хувьд уулнаас ачиж ирж рамын хашаанд л буулгах үүрэгтэй болохоор яг хэдэн метр кубыг яг сайн мэдэхгүй байна. Надад хамаагүй болохоор би кубээрээ биш хэдэн удаа тээвэрлэснээрээ цалингаа авдаг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Зэрлэгийн нурууны “Харанхуйн ам” гэх газраас байх газрын нэрийг нь сайн мэдэхгүй ууланд мод бэлэн болсон гэхээр нь очиж цагаалж бөөгнүүлж бэлтгэсэн бэлэн модыг л ачиж авч ирдэг. Яг ууланд мод бэлтгэлийн ажилд бол оролцдоггүй, тээвэрлэлтийн л үүрэг гүйцэтгэдэг. Жодоо мод хэн унагасан талаар бол сайн мэдэхгүй байна. Сүүлд ойн анги цагдаагийн газраас шалгалт ирээд л мод бэлтгэлийн талбайд хамт очиж үзэхэд л хэдэн жижигхэн нарийхан моднууд тайрч унагасан байсан. Хамт явсан ойн ангийн хүмүүс л “жодоо байна” гээд жижигхэн хожуулын зураг аваад байсан. Миний хувьд Дарханд өссөн болохоор яг ийм тийм нэртэй мод гэж сайн мэдэхгүй, тэгэхэд л “жодоо тайрсан байна” гэж сонссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
9.Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр өгсөн: ... Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр дэлгэрэх” ХХК-ний рамын хашаанд байсан мод, модон материалд цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахпах дэслэгч Г.Болдхуяг, Шаамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Онон, Хүдэр сумын байгаль хамгаалагч Ж.Баасанбат нарын хамтаар хэмжилт хийж тоо хэмжээг гаргасан. Тухайн “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2017 оны 12 дугаар сард арчилгааны огтлолтоор нойтон нарс мод бэлтгэж боловсруулсан. Яг хичнээн м3 мод бэлтгэснийг бол би бүртгэлээс харахгүй бол сайн мэдэхгүй байна. Тухайн компаний рамын хашаанд 4 метр урттай нойтон нарсан гуалин мод 166 ширхэг 99,6 м3 мод байсан. Мөн тухайн компаний хашаан дотор байсан зах банзыг хэмжихэд 32 м3 байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/
10.Гэрч Р.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: ...Гэрэлцогт нь бол манай компаний үндсэн ажилтан биш байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр манай компани мод бэлтгэлийн ажилдаа гарах гэтэл хөрөөчин байхгүй байтал Гэрэлцогт таарч “чи манай компанид цагаан сар болтол хэсэг хугацаанд хөрөөчин хийгээд өгөөч цалинг нь өдрөөр нь тооцож 1 хоногт 25000 төгрөг өгье, зарим тохиолдолд нэмж өгнө” гээд амаар тохирч ажиллахаар болсон. Тэгээд л нэг хэсэг 2 дугаар сарын дунд хүртэл байх цагаан сараас арай өмнө хүртэл ажилласан. Миний зүгээс тогтмол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байсан. Мөн “манай талбай тусгаарлалт хийгдсэн талбайд жодоо мод их байгаа, тэгэхээр мод бэлтгэлийн явцад жодоо мод устгаж гэмтээхгүй” байх талаар ярьж хэлж зааварчилгаа өгч байсан. Манай хөрөөчнөөр ажиллаж байсан Гэрэлцогт нь надад байшингийн мод бэлтгэж авах талаар юм хэлж байгаагүй. Харин жодоо модны хувьд би сүүлд шалгалт ирж манай мод бэлтгэлийн талбайг шалгаад “жодоо мод тайрч гэмтээсэн байна” гэж хэлэхэд нь уулзаж асуухад “би танд үнэнээ хэлье, би танд мэдэгдэхгүйгээр нэг байшингийн мод танай талбайгаас бэлтгээд авъя, гэж бодоод машин эвдэрсэн уулын бригад буусан үед ганцаараа ууланд очиж мод бэлтгэх гэтэл трактор техник байхгүй болохоор аль цагаалахад амар гэж бодсон газруудынхаа ойр орчмын хэдэн ширхэг жодоог унагаж байтал хөрөө эвдэрсэн, тэгээд л буцаад явсан, тэгээд хэд хоноод дахин очно гэж байтал цагаан сар болоод очиж чадаагүй, унагасан жодоо модоо цэвэрлэж янзалж чадаагүй байтал шалгалт ирсэн” гэж надад хэлж байсан. Тэгэхээр надад мэдэгдэлгүйгээр манай талбайгаас мод нууцаар бэлтгэх гэж байгаад л жодоо мод хөрөөдөж унагаж гэмтээсэн байгаа юм. Манай компани бол мод бэлтгэхэд заавал хөрөөчин Гэрэлцогт, уулын мастер Лхагвасүрэн нар нь байнга хамт явж мод бэлтгэдэг болохоор манай компанид хамааралгүй байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл нь бол манай төрсөн дүү Р.Лхагвасүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би компаний мод бэлтгэл, тээвэрлэлтийн ажилдаа түрээсээр ажиллуулдаг юм. Гэхдээ бидний хооронд бол бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/
11.Гэрч Р.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Би “Хүдэр дэлгэрэх” ХХК-ний уулын мастераар 2017 оны 10 дугаар сарын 25- ны өдрөөс эхлэн сарын 800.000 төгрөгний цалинтайгаар ажилладаг. Ууланд мод бэлтгэлийн ажилд ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангуулж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, тухайн мод бэлтгэх талбайг зааж өгч модыг бэлтгүүлж, тээвэрлүүлдэг. Манай уулын бригад нь уулын мастер, хөрөөчин, жолооч, тракторын жолооч, оосорлогч зэрэг орон тоотойгоор ажилладаг. Би өдөр бүр мод бэлтгэлийн ажил эхлэхийн өмнө ажилчиддаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, мөн жодоо модыг устгаж гэмтээж болохгүй талаар хэлж ярьж байсан. Жодоо мод нь нэн ховор мод учир болохгүй шүү гэж хэлдэг. Би тэгээд ч мод бэлтгэлийн үед талбайд нь хамтдаа ажилладаг. Манай хөрөөчин Гэрэлцогт нь уулын бригадад ажиллаж байх хугацаандаа бол жодоо мод тайрч унагаж гэмтээсэн тохиолдол байхгүй. Мод хөрөөдөх үед би хажууд нь хамт явдаг юм. Харин сүүлд сонсох нь манай уулын хөрөөчин Гэрэлцогт өөрөө хувиараа мод бэлтгэж авах гэж явахдаа жодоо мод унагаж гэмтээсэн гэж манай компаний захирал Лхагвадоржид хэлсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
12.Гэрч Б.Онон мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Миний бие тухайн ажлын хэсэгт оролцож хяналт шалгалт хийж ажилласан. Шалгалтын явцад “Хүдэр дэлгэрэх” ХХК-ний мод бэлтгэлийн талбай, доод агуулах буюу рамын хашаанд бэлтгэгдсэн мод, модон материалд хэмжилт хийж хяналт шалгалт хийсэн. Уг компаний мод бэлтгэлийн талбайд газар дээр нь үзлэг шалгалтыг хийхэд мод бэлтгэлийн технологийн журам зөрчсөн зөрчлүүд байхаас гадна 11 ширхэг нялх жодоо модыг тайрч устгаж гэмтээсэн байсан. Иймд тухайн тайрсан байсан жодоо мод, рамын хашаанд байсан мод, модон материалд хэмжилтийг хийсэн. Биднийг 2018 оны 02 дугаар сард хяналт шалгалт хийхэд “Хүдэр дэлгэрэх” ХХК-ний рамын хашаанд байсан зах банзнууд нь 2017 онд бэлтгэгдсэн модны зах банз байж болно. Гадна талыг нь харахад бага зэргийн хуучирсан шинжтэй харагдаж байсан. Уг компани 2018 оны мод бэлтгэлийн ажил эхэлснээр мод боловсруулалт хийгдээгүй рамын хашаанд зүсэгдсэн палк бусад зүсвэр материал байхгүй байсан. Мөн сумын ойн ангиас уг компани нь 2018 онд гарал үүслийн гэрчилгээ авч мод, модон материал тээвэрлэсэн эсэхийг асуухад гадагш тээвэрлэлт хийгдээгүй байсан. Шалгалтын ажлын хэсгийн хувьд тухайн үед хашаанд байсан нийт модыг хэмжиж үзээд л дараа нь шалгалтын явцад хэзээ бэлтгэгдсэн зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эсэхийг тогтооно гэж хэлсэн. “Хүдэр дэлгэрэх” ХХК болон бусад мэргэжлийн байгууллагууд ч гэсэн жодоо модыг бэлтгэж болохгүй. Жодоо мод нь өөрөө ховор мод байгаа юм, тэгэхээр ойн мэргэжлийн байгууллагуудад уг модыг бэлтгэх эрх олгодоггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
13.Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын баярын дараахан байх аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэцогт, цагдаагийн ахлах дэслэгч Болдхуяг, Шаамар сумын БОХУБ-гч Онон нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг Хүдэр суманд ирж мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг шалгасан. Тухайн үед миний бие болон Хүдэр сумын БОХУБ-гч Мөнхцэцэг, Энхтүвшин, ойн ангийн дарга Тайванбаатар нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй шалгалтын ажиллагааг 2 хоног Хүдэр суманд явуулсан юм. Ингээд холбогдох материалыг гаргаж өгч цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. “Хүдэр дэлгэрэх” ХХК-ны эзэмшлийн ойн сан бүхий газар болох “Харанхуйн ам” гэх газарт нь очиж бэлтгэсэн модны хожуул, тайрдасыг үзэж тоо ширхэгийг тогтоох явцад жодоо нэртэй ховор төрлийн модыг тайрч хаясан байдалтай байсан. Миний харснаар зам гаргах гээд модыг тайрч унгаасан байсан. Ингэж уг газарт очиж хэмжилт, шалгалтыг явуулаад буцсан ба цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дэслэгч Сундуйсүрэн байцаагчийн хамтаар Тайванбаатар бид 2 “Харанхуйн ам” гэх газар руу явж хэргийн газарт нь үзлэг хийхэд байлцсан юм. Очиход тайрагдаж хаягдсан байсан жодоо моднууд байсан хэвээрээ байж байсан. Газар дээр нь тоолж хэмжилт хийхэд 11 ширхэг жодоо мод тайрагдсан байдалтай хаягдсан байсан. Хэмжилт, гэрэл зургийн сайтар авч явцгаасан юм. Хэргийн газарт буюу “Харанхуйн ам” гэх газарт ууланд нь очиж үзлэг хийхэд жодоо моднууд тайрагдаж хаягдсан байдалтай байсан. Тухайн моднуудыг ууланд нь орхиод ирсэн. Үзлэгийн явцад тусгаж, гэрэл зургаар баримтжуулж авсан. Одоо ууландаа байгаа байх, сайн хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/,
14. Гэрч Г.Тайванбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... Би хэргийн газрын үзлэгт нь оролцож байсан. Анх бол “Хүдэр дэлгэрэх” ХХК-ыг хууль бусаар мод хэтрүүлэн бэлтгэсэн гэж үзэж газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулахад тайрч орхисон жодоо моднууд байсан юм. Ингээд үзлэгийн тэмдэглэлд бүх моднууд тусгагдсан жодоо модыг болон нарс модыг тус тусад нь хэмжиж, баримтжуулан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байгаа. Тухайн үед 10 гаран тооны жодоо модыг тайрч унгаасан байсан ууланд хаясан байдалтай байсан. Үнэлгээ гаргасан баримтанд яг хэдэн тооны жодоо мод байсан нь тодорхой тусгагдсан байгаа байх, би одоо сайтар санахгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дэслэгч Сундуйсүрэнгийн хамтаар уул руу явж үзлэг хийсэн энэ үед моднууд тайрагдсан байдалтай хаягдсан байсан юм. Хэргийн газарт буюу “Харанхуйн ам” гэх газарт ууланд нь очиж үзлэг хийхэд жодоо моднууд тайрагдаж хаягдсан байдалтай байсан юм. Тухайн моднуудыг ууланд нь орхиод ирсэн. Үзлэгийн явцад тусгаж, гэрэл зургаар баримтжуулж авсан, мөн газар дээр нь тоолж, хэмжилт хийсэн юм. Тухайн моднуудыг авч ирэх боломжгүй техник хэрэгсэл дутмаг, сумын төвөөс хол зайтай байсан учир тухайн газарт нь орхисон юм. Одоо ууландаа байгаа байх сайн хэлж мэдэхгүй байна. Очиж үзсэнээс хойш их олон сар болсон байна. Модыг хариуцаж байгаа хүн байхгүй. Тайрч унагасан байгаагүй, харин тайрагдаж үлдсэн хожуулууд байсан. Миний ойлгосноор О.Гэрэлцогт гэх хүн 2018 оны 02 дугаар сард мод тайрч унгасан гэж яриад байсан ба бид нар 4 сард очиж үзлэг хийсэн юм. Ингэхээр 2 сарын дараагаар ууланд нь очсон юм. Ингэхэд жодоо мод л тайрагдаж хаягдсан байдалтай байсан ба өөр мод байгаагүй. Харин модны тайрагдаж үлдсэн хожуулууд л байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/,
15. Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...О.Гэрэлцогт зан байдлын дуугай томоотой элдэв авир ааш гаргаад байдаггүй. Бид 2 маргаж муудалцаж байгаагүй. Хэн хэнийгээ ойлгоод 5 жил гаран амьдарсан байна. Бид 2-ын дундаас гарсан хүүхэд байхгүй, миний 3 хүүхэд Дархан уул аймагт миний ээж, аав дээр амьдардаг юм. Одоо би О.Гэрэлцогттой Хүдэр суманд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Бид 2 байгалийн самар, жимсэнд явж зарж борлуулдаг, О.Гэрэлцогтын хувьд модонд явдаг, хар бор ажил хийдэг. Хэдэн тооны малтай малаа маллаад хар бор ажил хийгээд л амьдарч байна. Ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. О.Гэрэлцогт бид 2 өөрийн гэсэн байшингүй бөөрөнхий гэрт амьдардаг. Одоо мод худалдан аваад байшин барьж эхлүүлж байна. Амьдралын төлөө зүтгээд юм юмтай болох гээд л явж байна. Надад мэдэх зүйл алга байна, надад нарийн ширийн зүйлээ яриад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/,
16. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 тоот Шижээчийн дүгнэлтэнд:
Хариулт: “Хүдэр дэлгэрэх” ХХК нь 2018 оны 01 дүгээр 10-ны өдөр ойд үйлдвэрлэл, 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр арчилгаа цэвэрлэгээний огтлолт явуулах авч одоог хүртэл тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Хариулт: “Хүдэр дэлгэрэх” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 77 тоот тогтоолоор ИТХурлаас арчилгааны огтлолтын нарс 100 м3, цэвэрлэгээний огтлолтын хэрэглээний нарс 300 м3 мод бэлтгэх хуваарь авсан.
Хариулт: “Хүдэр дэлгэрэх” ХХК-ны зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэх 31,6 м3 мод нь Ойн тухай хуулийн 35-р зүйлийн 35.4.1 дэх заалт /гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн/-ыг зөрчсөн байна.
Хариулт:Ойн тухай хуулийн 35,4,1 дэхь заалтаар “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Хариулт: “Хүдэр дэлгэрэх” ХХК-ны ИТХурлаас баталсан хуваариас хэтрүүлэн бэлтгэсэн 31,6 мЗ мод нь арчилгааны огтлолтоор бэлтгэгдсэн нойтон мод байна.
Хариулт: “Хүдэр дэлгэрэх” ХХК -ны мод бэлтгэсэн газар нь бүс нутгийн 3-р мужид хамаарах ба “Тарс” ХХК-ны эзэмшлийн ойн сангийн 98 -р хэсэглэлийн “Харанхуй ам” нэртэй газраас арчилгааны огтлолтоор бэлтгэсэн байна.
Хариулт: Жодоо модыг Ойн тухай хуулийн 29.1.2-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, ашиглахыг хориглодог учир “Хүдэр дэлгэрэх” ХХК-нд ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй нь Ойн тухай хуулийн 29.1,2-т заалтыг зөрчиж байна.
Хариулт: Хүдэр дэлгэрэх ХХК-ны ИТХурлаас баталсан хуваариас хэтрүүлэн бэлтгэсэн 31,6 мЗ нарс мод, 1,5 мЗ жодоо модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь Ойн газрын даргын 2010 сны 06 дугаар сарын 04-ны А/70 тоот тушаалаар тооцож үзэхэд:
Жодоо 1,5 х 192,000 = 288.000 х 1.8 = 518.400 төгрөг
Нарс 31,6х120,000=3,792,000 х1,8 = 6,825,600 төгрөгийн үнэлгээ гарч байна.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалт /Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр / -ыг үндэслэн тооцход :
Жодоо 518.400 х3 = 1.555.200 төгрөг
Нарс 6,825,600 х3 = 20,476,800 төгрөг нийт 22,032,000 төгрөгийн үнэлгээ гарч байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 42-р ху/,
17. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 тоот Шижээчийн дүгнэлтэнд:
Хариулт: Тус сумын мод бэлтгэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр дэлгэрэх" ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ойгоос бэлтгэлийн ажил явагдаж зүсвэрийн ажил хийгдэж дууссан. Уг компаний рамын хашаанд байсан 32 м3 зах банз нь урьд оны хуучин зах банз байна.
Хариулт: Шалгалтын ажлын хэсэг ирж шалгах үед байсан зах банз нь тухайн компаний 2017 онд олгогдсон эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн нарс модны 32 метр куб зах банз байна.
Хариулт: Тухайн компани нь 2017 онд сумын Иргэдиин төлөөлөгчдийн хурлаас олгогдсон хуваарийн дагуу эрхийн бичгээ авч бэлтгэгдсэн модны зах банз байх тул хууль бусаар бэлтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хариулт: Тухайн 32 м3 нарс мод нь 2017 онд зохих эрхийн бичгийн дагуу зөвшөөрөлтэй бэлтгэгдсэн нарс модны зах банз байх тул экологи эдийн засгийн үнэлгээ тооцох боломжгүй. Харин Жодоо модыг Ойн тухай хуулийн 29.1.2-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, ашиглахыг хориглодог учир “Хүдэр дэлгэрэх” ХХК-нд ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй нь Ойн тухай хуулийн 29.1.2-т заалтыг зөрчиж байна. Тухайн 1,5 мЗ жодоо модны экологи- эдийн засгийн үнэлгээ нь Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ны А/79 тоот тушаалаар тооцож үзэхэд:
Жодоо 1,5 х192,000 = 288.000 х1.8 = 518.400 төгрөгийн үнэлгээ гарч байна.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалт / Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй Тэнцэх хэмжээгээр / -ыг үндэслэн тооцоход :Жодоо 518.400 * 3 = 1.555.200 төгрөгийн үнэлгээ гарч байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 49-р ху/,
Шүүгдэгч Ж.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 121-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-6-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/, эд мөрийн баримт хураан авсан хөрөөний зураг, /хх-ийн 11-р ху/, экологи эдийн засгийн үнэлгээ, /хх-ийн 54-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 58-59-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 60-61-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 118-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 124-129-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Гэрэлцогт нь 2018 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших “Харанхуй ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг жодоо мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 1.555.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан хөрөөний зураг, экологи эдийн засгийн үнэлгээ, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас авсан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдан хар өнгийн их биетэй, чернилен ягаан өнгийн бариултай, шугам, төмөр зам байхгүй, дан их биетэй цахилгаан хөрөө ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Онход овогт Одгэрэлийн Гэрэлцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онход овогт Одгэрэлийн Гэрэлцогтыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Гэрэлцогтын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Гэрэлцогтод мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч О.Гэрэлцогт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн их биетэй, чернилен ягаан өнгийн бариултай, шугам, төмөр зам байхгүй, дан их биетэй цахилгаан хөрөөг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гэрэлцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН