Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/24

 

 

Г.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: С.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /цахим/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.******* /цахим/

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Болдбаатар /цахим/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, яллагдагч Г.*******т холбогдох 2529002010241 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч Г.******* нь "2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумаас Гурвантэс сум чиглэлийн хатуу хучилттай замд Г.******* нь ******* УБН улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргаж, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчиж явсан иргэн Б.ийн амь насыг хохироосон,

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр түргэн тусламжийн 103 төвийн хойд талд цагаан худаг орчим иргэн Г.*******гийн "Samsung А12 маркийн гар утас болон Хаан банкны дансанд байсан 1,024,236 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 2528002010241 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Яллагдагч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Батжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаахдаа “Иймд мөрдөгч, прокурор нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг хийхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хүсэлт гаргагч гэрч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох талаар хүсэлтийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч *******д холбогдох баримтын хамт явуулсан, улмаар хэд хэдэн удаа утсаар ярьсан талаар дурдсан байх тул энэ талаарх хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ” гэж үзсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20 заалтад "талууд" гэж шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, санал, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлах, танилцуулах оролцогч, эсхүл яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг;, мөн хэсгийн 1.13 дахь заалтад "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; хэлнэ гэж тус тус заасан бөгөөд хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн амь хохирогч Б.ийн нөхөр Г.*******ийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Мөн хэрэгт амь хохирогч Б.ийн төрсөн эх болох Ш.*******г хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хохирогч нас барсан .. тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасны дагуу хуульд заасан дарааллын дагуу амь хохирогчийн эхийг тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасаар байтал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэний, ямар үндэслэлээр тогтоох нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх, хууль ёсны байх анхан шатны шаардлага хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзлээ.

Амь насаараа хохирсон иргэний хууль ёсны төлөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцвол зохих этгээдийг хуульд нэрлэн зааж, дэс дарааллыг мөн хуульчилсан нь аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлжээ. Иймд дээрх хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа, тогтоосон үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаахдаа “яллагдагч Г.*******ын холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл болно.

Прокурорын яллах дүгнэлтэд гарсан дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзэж, засуулах үндэслэл болохгүй гэж үзэв” гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Шүүхийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах 3 үндэслэл байдаг бөгөөд хэргийг буруу тусгаарласан буюу прокурорын шийдвэртэй холбоотой, бусад 2 үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлыг хамруулан үздэг байна. “Мөрдөн шалгах ажиллагаа” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 2 дахь заалтад “Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд шүүхийн дурдаад байгаа яллах дүгнэлттэй холбоотой техникийн чанартай зөрүүтэй бичилтийг нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүх хуралдааны бэлтгэл үе шат буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” талаар хэлэлцэж хэрэв шүүх алдаатай байна гэж үзвэл прокуророос засуулах бүрэн боломжтой буюу хууль зүйн үндэслэл байсан байна.

Яллах дүгнэлтэд тавигдах яг ямар шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэхдээ прокурорын гаргасан дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

 Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хяналтын прокурор С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорыг эсэргүүцэл дуудагдсан 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлээ дэмжин оролцож байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэгдүгээрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5-д заасан үндэслэл бүрэн тогтоогдож байна. Уг заалтад эцэг, эх, эхнэр, нөхөр гэж байгаа. Гэтэл гомдол гаргаад байгаа н.******* нь аль ч ангилалд хамаарахгүй байна. Эхнэр, нөхөр гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1-д тодорхойлоод заачихсан. Гэтэл энэ хоёр хүний хооронд гэрлэлт байдаггүй, дундаасаа хоёр хүүхэдтэй гэдэг нь тогтоогдсон. Ингээд гэрчээр мэдүүлэг өгсөн хүн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаад түүнийг шүүх авч хэлэлцэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Г.******* нь манай охины нөхөр биш, хамтран амьдарч байсан хүн гэв.

Иргэний хариуцагч Х.*******, түүний өмгөөлөгч Л.Болдбаатар нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.         

       ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Яллагдагч Г.******* нь  "2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумаас Гурвантэс сум чиглэлийн хатуу хучилттай замд Г.******* нь ******* УБН улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргаж, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчиж явсан иргэн Б.ийн биед баруун, зүүн чамархай, хөхлөг сэртэн, чихний суваг, турк эмээлийг хөндлөн дайрсан салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, субарахноидал зайд цус харвалт, зүүн дал ясны бяцарсан хугарал, сээрний 3,4,5,6-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, цээжний зүүн талд 1-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний гадна хэсэг, хацар, зүүн чихний дэлбэнд шарх, баруун гэмтэл учирсны улмаас гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан,

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр түргэн тусламжийн 103 төвийн хойд талд цагаан худаг орчим иргэн Г.*******гийн "Samsung А12 маркийн гар утас болон Хаан банкны дансанд байсан 1,024,236 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэн хяналтын прокурор Б.Арсланбаатар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн яллагдагч Г.*******т холбогдох эрүүгийн 2528002010241 дугаартай хоёр хавтаст эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

­Ерөнхий прокурор Б.Батжаргал нь “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичсэн байна.

Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/85 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар заасан байх тул Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Ганхуягийн *******т холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах нь зүйтэй байна...гэжээ.

Дээрх зүйл хэсэгт “...шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж хуульчилсан тул шүүх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, улмаар шийдвэрээ гаргажээ.

Иймд Ерөнхий прокурорын “...хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн амь хохирогч Б.ийн нөхөр Г.*******ийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн...гэх эсэргүүцлийн агуулга нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй байх тул үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд /ХХ-н 221-р тал/ Прокурор: “*******ийн хувьд *******д хүсэлт гаргасан гэдэг. Энэ талаар авагдсан нотлох баримт хэргийн материалд байхгүй” гэх тайлбар гаргасан ба шүүх энэхүү тайлбарт үндэслэн “хүсэлт гаргагч гэрч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох талаар хүсэлтийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч *******д холбогдох баримтын хамт явуулсан, улмаар хэд хэдэн удаа утсаар ярьсан талаар дурдсан байх тул энэ талаарх хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ...гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба хэргийн 158-159-р хуудаст Г.*******ийн хүсэлт, хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол нотлох баримтаар авагдсан байна.

Мөрдөгчийн тогтоолын ТОГТООХ НЬ: хэсэгт “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай. Энэ тухай хүсэлт гаргасан Г.*******ид мэдэгдсүгэй. Хүсэлтийг хангаагүй нь дахин гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэжээ. Мөрдөгч энэхүү тогтоолоо Г.*******ид мэдэгдсэн, танилцуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаагаас дүгнэхэд Г.******* шүүхийн шатанд хэрэг ирсний дараа эрхээ зөрчигдсөн талаар мэдэж, улмаар мөрдөгчийн тогтоолд хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй, эрх нь зөрчигдсөн байж болох үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхэд хандах эрхийн талаар хуульчилсан ба “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.” гэж хуульчилсан тул хэргийн ямар оролцогч байхаас үл хамааран тухайн хэрэгтэй холбогдуулан ирүүлсэн хүний гомдол санал хүсэлтийг аль ч шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй билээ.

Иймд хэрэгт гэрчээр тогтоогдсон гэх Г.******* анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан өөрийн болон бага насны хоёр хүүхдийнхээ хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж бичгээр хүсэлт ирүүлж байгааг буруутгах үндэслэлгүй ба Монгол улсын Үндсэн хууль болон энэ хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэж үзнэ.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” талаар хэлэлцэж хэрэв шүүх алдаатай байна гэж үзвэл прокуророос засуулах бүрэн боломжтой...” гэх Ерөнхий прокурорын эсэргүүцлийн агуулга үндэслэлтэй ба энэ нь зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажиллагаанд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт амь хохирогч Б.ийн төрсөн эх болох Ш.*******г хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж хуульд заасан дарааллын дагуу амь хохирогчийн эхийг тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...гэх Ерөнхий прокурорын эсэргүүцлийн агуулгыг буруутгах үндэслэлгүй. 

 Харин “Амь насаараа хохирсон иргэний хууль ёсны төлөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцвол зохих этгээдийг хуульд нэрлэн зааж, дэс дарааллыг мөн хуульчилсан нь аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлжээ...” гэх эсэргүүцлийн агуулгатаа  “иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцвол зохих этгээдийг хуульд нэрлэн зааж, дэс дарааллыг мөн хуульчилсан” мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгч захирамждаа “...мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлон тогтооно гэж хуульчилсан. Тус гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхэд сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтэд дурдсан. Иймд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь зүйтэй...” гэх дүгнэлт хийж, Г.*******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж хуульчилсантай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлон тогтоогоогүй байна гэх дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь: Энэ гэмт хэргийн улмаас 32 настай иргэн Б.ийн амь нас хохирсон ба Г.*******той гэрлэлтээ батлуулаагүй, хамтын амьдралтай байх хугацаандаа 2020 онд охин Ц., 2023 онд хүү Ц. нарыг төрүүлж, 5 настай 2 настай хүүхдүүд эцэг, эхийнхээ асрамжинд ам бүл 4-үүлээ амьдарч байсан, хүүхдүүд эцэг Ганбаатарын *******оор овоглосон талаарх бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад гэмт хэргийн улмаас эцэг, эх нь амь насаа алдсан тохиолдолд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн  эрх ашгийг хамгаалах, нөхөн сэргээх, сэргээн тогтоох зорилго бүхий ухагдахуунтай олон хуулийн зохицуулалтууд байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж хуульчилж, “Хууль ёсны зарчим”-д баталгаажуулсан байна.  

Хүүхдийн эрхийн тухай конвенцэд I дүгээр хэсгийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.” Мөн зүйлийн 2-т “Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчлахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.” гэжээ.

Хүүхдийн эрхийн тухай хуульд: “Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж тодорхойлжээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.7-д "гэмт хэрэг, зөрчлийн хохирогч хүүхэд" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон хүүхдийг;...гэж тодорхойлсон байна.

Иргэний хуульд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйл. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах

508.1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

508.2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй...гэж хуульчилсан ба энэхүү зохицуулалтаар зөвхөн гэрлэлтийн баталгаа бүхий эхнэр, нөхөр байхаас гадна хүүхдийн эцэг болон эхийн хувьд шаардах эрхийг олгосон байна. 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд Хууль ёсны өв залгамжлагчийг тодорхойлсон ба 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх...гэж тус тус дараалал тогтоон хуульчилсан ба Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж хуульчилсны дагуу “нас барагчийн төрүүлсэн хүүхдүүд” нас барагчийн “эцэг эх”-ээс дарааллын хувьд давуу эрхтэй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт: Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ...гэж хуульчилжээ.

Мөрдөгч болон прокурор нь амь хохирогчийн хамтран амьдрагч болон төрсөн хүүхдүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан хууль ёсны төлөөлөгч биш, Г.******* бол 9.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч гэж үзэн, гэрчээр тогтоож, гэрчийн мэдүүлэг авсан ажиллагаагаа хууль ёсны гэж үзэн мөрдөгчийн тогтоол үйлдэж, Ерөнхий прокурорын эсэргүүцэл бичиж байгаа нь дээр дурдсан хуулиудаар хамгаалагдсан “эцэг” хүний эрх болон амь хохирогчийн асрамжинд байсан “хоёр хүүхдийн” эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл болох бөгөөд гэмт хэргийн улмаас  төрүүлсэн ээж нь нас барсан нөхцөл байдал тогтоогдож байхад гэрлэлтийн баталгаагүй гэх үндэслэлээр бага насны 2 хүүхдийн хуулиар хамгаалагдвал зохих эрхийг зөрчиж, гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагч гэх үндэслэлээр “гэрч”-ээр оролцох үүрэг хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилтод нийцээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй тул Г.******* болон түүний хүүхдүүдийн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг хангах, нөхөн төлүүлэх, эдгээр хохирлыг хариуцвал зохих этгээдийг олж тогтоох, улмаар хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан мөрдөгчийн тогтоолын талаар танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангах, Г.*******ийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх төдийгүй шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ш.******* нь амь хохирогчийн 2 хүүхдийн эмээ нь боловч, тэдний эрх ашгийг төлөөлөөгүй, хүүхдүүдийг төлөөлөн хохирол нэхэмжлэл гаргаагүй, 2 хүүхдийг төлөөлөх эрх хуулиар олгогдоогүй этгээд байгааг, амь хохирогч Б. нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын   нутагт үйл ажиллагаа явуулдаг “НТ транс”  ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай байсан бөгөөд 2025 оны 5-р сарын 20-ны өдөр ажлаасаа буух хугацаа болсон үндэслэлээр тус компанийн 5 ажилтан Гурвантэс сумаас Улаанбаатар хот руу ******* УБН улсын дугаартай Ланд-200 маркийн тус компанийн захирал Насантогтохын эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан гэх үйл баримт хэргийн хүрээнд авагдсан байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хэрэгт авагдсан яллах дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол зэрэг бүхий л нотлох баримтуудад “Өмнөговь аймаг Даланзадгад сумаас Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай замд” осол гарсан талаар дүгнэж бичсэн байгаа нь зорчигчид Даланзадгадаас Гурвантэс чиглэл рүү зорчиж байсан мэт зөрүүтэй дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.         

Иймд Өмнөговь аймгийн Ерөнхий прокурор Б.Батжаргалын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Т.ДЭЛГЭРМАА