Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/25

 

З.Мандахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор С.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа

Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч И.Оюунгэрэл,

Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолтой, З.Мандахад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг ерөнхий прокурор Б.Батжаргалын эсэргүүцэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.Мандах нь 2024 оны дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг ******* сумын ******* 5 дугаар баг нүүрс тээврийн 0.5 дахь километрт нүүрс тээврийн асфальтан зам дээр "Shacman" маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо "Норд бенз” маркийн ӨМӨ улсын дугаартай иргэн Х.ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж авто осол гаргаж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "11.4. Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар явж "Норд бенз” маркийн ӨМӨ дугаартай автомашины чиргүүл мөргөсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тогтоогдсон байна.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчиж явсан иргэн Т.ийн биед аарцаг, гуяны шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дух, баруун хацар, хэвлий, зүүн гуя, зүүн тавхай, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирсны улмаас хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон цус эргэлтийн алдагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь З.Мандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч З.Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч З.Мандахад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мандах нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мандахаас гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 19,055,070 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135,300,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т, Иргэний хариуцагч “******* *******” ХХК-иас 29,055,070 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т, Иргэний хариуцагч “******* *******” ХХК-иас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Мандахаас автомашины эвдрэл хохиролд нийт 71,220,215 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* банкны зээлийн төлбөрийн 29,849,659 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч З.Мандах нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******т хохирол төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч З.Мандахад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Батжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч З.Мандахад оногдуулсан 1 жил 2 сарын жилийн хугацаагаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг буюу Өмнөговь аймгийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болох бөгөөд шүүхийн дээрх шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах үндэслэл болно.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ хамт шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар нэг бүрчлэн хуульчилсан байх бөгөөд тус зүйл хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг шийдвэрлэхээр заасан байна.

Өөрөөр хэлбэл шүүх тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн асуудлыг буюу шүүгдэгч З.Мандахын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэнэ гэх агуулгаар хуульд тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх амь хохирогч Т.ийн ажиллаж байсан компанийг үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хохирол төлбөрт гэж 104,640,804 төгрөгийг “******* *******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хун, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд зааснаар хариуцвал зохих этгээдийг буюу жишээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ажиллуулж байгаа ажил олгогчийг /Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар/, осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг /Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар/ иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтад үл нийцүүлэн “******* *******” ХХК-ийг хуулийн холбогдох аль заалтаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль хариуцвал зохих этгээд гэж үзсэн нь тодорхойгүйгээр иргэний хариуцагчаар татаж, түүнээс хохирол төлбөр гэж үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэж/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй төдийгүй хуульд үл нийцэж байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэдгийг хэрхэн ойлгох талаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхой заасан байх бөгөөд хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө. нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан ур дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан байхад үйлдвэрлэлийн осол гэсэн 2024.10.16 өдрийн Н.ийн дүгнэлтийг үндэслэн амь хохирогчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33.2 дугаар зүйлд “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан байх бөгөөд үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргах эрхийг хуулиар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид олгож, энэхүү хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл /тухайн дүгнэлт нь захиргааны акт тул/ талууд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд заасан байна.

Гэтэл дүгнэлт гаргасан Н. нь тухайн дүгнэлтийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн /албан тушаалтны/ хувиар бус мэргэжилтэн гэх хувь субъектээр гаргасан байсан тул тухайн дүгнэлтийг эрх зүйн үйлчлэлтэй акт гэж үзэж шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах боломжгүй буюу ажил олгогчийн дээрх хуульд заасан эрхийг хязгаарласан дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Мөн “******* *******” ХХК-ийн зүгээс тус зам тээврийн ослын улмаас ажилтан Т.ийн амь хохирсон үйл явдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй байгаа бөгөөд тухайн өдөр амь хохирогч тээврийн хэрэгслээ дур мэдэн орхиж явсан, ийнхүү явахдаа ажил олгогчдоо огт мэдэгдээгүй байхад дүгнэлт гаргасан /шинжээч/ Н. нь энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүй осол гаргасан жолоочийн мэдүүлэгт хөтлөгдөн “...Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм -ийн 2.1.5 дахь заалтад (ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед) гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс харахад амь хохирогч Т. нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажлын байр руугаа буюу тээврийн хэрэгсэл рүүгээ очих замдаа ...зам тээврийн осолд өртсөн болох нь тогтоогдож байгаа тул үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хамаарна...” гэсэн дүгнэлт гаргасныг хуульд нийцсэн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.5 дахь хэсгийн тайлбарт “Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно” гэж, 3.13-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн... дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх..." гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д "Ажил олгогч энэ зүйлийн 29.1. 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн дүгнэлтийг хуулийн хүрээнд гарсан үндэслэл бүхий дүгнэлт гэж үнэлэх боломжгүй байгааг харуулж байна.

Нэмж дурдахад өмгөөлөгч Э.Дөлгөөний зүгээс “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар хүсэлт, гомдол гаргаж Өмнөговь аймгийн ерөнхий прокуророос тухайн гомдлыг хангаж, “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэдэг бөгөөд дээрх шийдвэртэй холбогдуулан талууд хүсэлт, гомдол гаргаагүй, тус шийдвэр хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог болно.

Иймээс дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “******* *******” ХХК-аас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зорчих эрхийн хязгаарлалтын хүрээг хэт тэлж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамгийн том нэгж болох Өмнөговь аймгийн хэмжээнд тогтоосон нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал эсэргүүцэл бичсэн байна.

Ерөнхий прокурорын гаргасан эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна.

Учир нь: Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 13-т нь “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. 18-д нь “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэжээ.

Уг эрхийг баталгаажуулах үүднээс Эрүүгийн хуульд “Хууль ёсны байх зарчим”-г дараах байдлаар тусгасан.

 Үүнд: 1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим 1. Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. 4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.

Монгол Улсын үндсэн хууль болоод Эрүүгийн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг дурдахын учир нь эсэргүүцэл бичсэн прокурор өөрийн эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн зорилго, ялын үр нөлөө, нийцлийн талаар дурдсантай холбоотой.

Монгол Улсад хэн нэгэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх, ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэхдээ бодлого, ялын үр нөлөөний талаарх үзэл бодолд үндэслэж шийдвэрлэдэггүй. Зөвхөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой тусгасан байдлыг харгалздаг. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан нь Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийн төрлүүд нь ямар зорилго агуулж байгааг тайлбарласан болохоос биш зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг зөвхөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох ёстой, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоовол гэмт этгээд хүмүүжихгүй, цээрлэл болохгүй шүү гэсэн ямар нэгэн утга байхгүй.

 Эсэргүүцэл бичсэн прокурорт зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хэмжээг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь гэмт этгээдэд цээрлэл болж чадахгүй, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийн зорилгод бүрэн нийцэхгүй байгаа гэх бодол байж болно.

Гэвч Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу иргэний эрхийн хязгаарлалтын хүрээг хумих тохиолдолд Эрүүгийн эрх зүйн тодорхой нэг асуудлын талаарх хуульчдын үзэл бодол гэхээсээ илүү Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хязгаарлалтын цар хүрээг зөвхөн Сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоохыг үүрэг болгосон тодорхой, эргэлзээгүй зохицуулалтыг үндэслэл болгох ёстой. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчимтай. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хязгаарлалтын цар хүрээг аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон.

Прокурорын зүгээс Сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв өөр оролцогч гомдол гаргаж хязгаарлалтын цар хүрээг багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох ёстой гэвэл хэрхэх вэ? Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг санаж, Эрүүгийн хууль тогтоомжид зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хэмжээг тодорхой хуульчлаагүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэлд засвар оруулах хууль зүйн боломж, үндэслэл байхгүйг ойлгох ёстой.

Хэрэв энэ байдал нь шударга бус санагдаж байвал хууль санаачлах эрх бүхий этгээдэд Эрүүгийн хууль дахь зорчих эрхийг хязгаарлах ялын талаарх зүйл хэсгүүдэд цар хүрээг тодорхой болгох нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан илгээж болох юм.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

  Хяналтын прокурор С.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: З.Мандахад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь ялын үр нөлөө, зорилгод нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Мандах нь Өмнөговь аймгийн ******* сумын нутагт оршин суудаг байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалт Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гэснийг Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдол болон эсэргүүцлийг аль алийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор нэмэлт тайлбар хэлэхэд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дан ганц өөрийн дотоод итгэл, хий хоосон таамаглалд үндэслээгүй. Прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчмыг биш болгож, тэнд заасан цээрлэл үзүүлэх шинж чанараа амлахгүй байна гэсэн тайлбараар өгч байгаа. Гэтэл Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод хохирогчийн хохирлыг нөхөн төлөх, зөрчигдсөн хэргийг нь сэргээн тогтоох гэдэг нь түүнээс илүүтэйгээр тавигддаг ийм зорилт байгаа. Энэ зорилтыг хангах хүрээнд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримт болоод талуудын тайлбарт үндэслээд ийнхүү шийдэх болсон үндэслэлээ өөрийн шийдвэртээ тодорхой тайлбарлан гаргасан. Иргэний хариуцагчаар “******* *******” ХХК-ийг оролцуулах нь буруу байсан. Процессын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төлбөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргуулж шийдэх нь процессын хувьд алдаатай болсон гэх тайлбарууд гардаг. Нэгдүгээрт зөвхөн гомдол гаргагч талын тайлбар яваад байна. Гэм буруутай этгээд болох З.Мандах болон хохирогч талын хоорондох үүссэн гэм хор, хохиролтой харилцаатай холбоотой асуудлыг л эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэсэн хязгаарлагдмал байдлаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм буруутайгаас гадна тухайн гэм бурууг хариуцаад зохих этгээд гэж заасан. “******* *******” ХХК-ийн удирдлагууд энэ компани гэм буруутай эсэхээс үл хамаараад ажилтанд учирсан гэм хорыг хариуцах ёстой гэсэн зохицуулалт байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын зохицуулалтаар гэм хор, хохирлын асуудлыг шийдвэрлэдэггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ажилтан нас барсны улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх гэж нэр зааж хуульчилсан. Манай улсын эрх зүйн тогтолцоонд шүүхийн процесс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчим гэж ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхээр хохирогч болон нэхэмжлэгчийг дахин дахин өөр харьяалал, өөр процессоор шүүх захиргааны шийдвэрлэх байгууллага руу хандаад байхгүйгээр нэг маргааныг шийдвэрлэх явцдаа боломжтой бол бусад эрх зүйн асуудал, маргаан, саналын зөрүүнүүдийг шийдээд явж байх ёстой гэсэн зарчим, хэмнэлттэй байх зарчмыг Улсын дээд шүүх 2022 оноос хойш удаа дараагийн шийдвэрүүдээ тайлбарлаад явж байна. Үүний хамгийн тод хуульчлагдсан жишээ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдэж байгаа. Энэ асуудал нь хэмнэлттэй байх зарчмын хамгийн тод бөгөөд хуульчлагдсан зарчмын илрэл нь байгаа. Иргэний асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Улсын байцаагчийн шийдвэр үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэргийн шүүх тийм дүгнэлт хийж болохгүй гэсэн байдлаар хэрэглэгддэггүй. Бид бүгдийн сайн мэдэж байгаа зүйлийн хамгийн тод жишээ нь төрийн байгууллага, албан тушаалтны үйлдсэн буюу албан тушаалын байдлаар үйлдсэн гэмт хэргүүдийг хянан хэлэлцэхдээ тэдний гаргасан шийдвэрүүдийг заавал Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэлгүйгээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон нотлох баримтынх нь хүрээнд эрүүгийн хэргийн шүүх дүгнэлт хийгээд явдаг болохоос биш, Засаг дарга нь ч гэдэг юм уу, төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр хууль ёсны эсэхийг зөвхөн Захиргааны хэргийн шүүх шийддэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад тэндээ шийдвэрлэж байж бид нар дүгнэлт хийнэ гэсэн байдлаар шийддэггүй. Процесс нь өөр болохоос хэрэглэж байгаа хууль нь нэг, шүүх дүгнэлт хийх процесстой адилхан учраас хэрэглээд дүгнэлт хийгээд явдаг асуудал байгаа. Хэрвээ Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвхөн Захиргааны хэргийн шүүхээр хянах ёстой. Эрүүгийн хэргийн шүүх энэ дээр ямар ч дүгнэлт хийж болохгүй, энэ нь алдаатай гэж үзэх юм бид гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргахаас эхлээд өнөөдрийг энэ давж заалдах шатны шүүх хуралдаад хэлэлцэж байгаа процесс алдаатай байх боломжтой, буруу байх боломжтой гэх эргэлзсэн байдлаар хандаж байна гэсэн үг. Энэ нь процессоор явж үнэн, шударга ёсыг тогтоож байгаа гэж үзэж байгаа учраас хэрэглэж байгаа хууль нь нэг учраас энд эргэлзэх зүйлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шаардлагатай гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулаад дараах тайлбарыг хэлье. Эсэргүүцлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс болон миний үйлчлүүлэгч бид нарын зүгээс тусгайлан хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу, зөвшөөрч байна ч гэдэг юм уу, энэ талаас нь тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ дээр тусгайлан мэдээд байх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж явъя. Б.Оюунтунгалагийн зүгээс гаргаж байгаа гомдлын хувьд өмгөөлөгчийн зүгээс энэ гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Гэм буруугийн тал дээр аль ч талаас ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нотлогдсон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ажиллагааны явцад болон хэргийн хүрээнд оролцогдож байгаа оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх хязгаарлагдаагүй. Иргэний хариуцагчийн зүгээс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн нөхцөл байдал нь хууль хэрэглээний тал дээр буруу гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарлаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх ашиг зөрчигдсөн бол аль ч шатны байгууллагад гомдлоо гаргаад эцсийн бүлэгтээ шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн хэрэглээний тал дээр гэм буруугийн алдаа байна уу, иргэний нэхэмжлэлийг хангах уу, хангахгүй гэдэг дээр эцсийн байдлаар шүүх дүгнэлт гаргаж энэ хэргийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс болон өмгөөлөгч бидний зүгээс Т. гэж хүн ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаандаа амь нас нь хохирсон. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осолд орох нөхцөл байдал байна гэдэг үүднээс хүсэлт гаргаад, үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа буюу мөрдөгчөөс шинжээч томилж, эрх бүхий мэргэшсэн буюу Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч дүгнэлтийг гаргасан. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад “******* *******” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий хүмүүсийг хуулийн хүрээнд тогтоож явдаг. Дараа нь Б.Оюунтунгалаг, Э.Дөлгөөн өмгөөлөгч нар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхийн шатанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хавтаст хэргийн материалтай танилцсан. Хавтаст хэргийн материалтай танилцаад 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэ дүгнэлт үндэслэлгүй, Т. гэж хүн “******* *******” ХХК-д ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцогдох боломжгүй гэдэг эрхээ эдлэх хугацаа хангалттай байсан гэж хэлмээр байна. Иргэний нэхэмжлэлтэй үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хамтатган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байна уу гэвэл байгаа гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шийдвэр болоод хохирогчийн эрх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх дээр гэмт хэргийн улмаас учирсан эрх нь зөрчигдсөн бол аль ч шатны байгууллагад гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалттай. Энэ эрүүгийн хэрэгтэй хамтатгах, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргуулах эрх зүйн үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн бодитой дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. Шүүх “******* *******” ХХК-аас энэ үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргах эрх зүйн зохицуулалт болох үндсэн шалтгаан нөхцөлөө шийтгэх тогтоолын 20, 21, 22 дугаар хуудсан дээр эрх зүйн дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ нь шүүхээс хийж байгаа эрх зүйн зохицуулалт буюу эрх зүйн үндэслэл нь хууль ёсны дагуу шүүхээс эрх зүйн бодитой үндэслэл дүгнэлтийг хийж энэ үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлтэй. Эрх зүйн дүгнэлт нь ямар нотлох баримтыг үндэслэснээ шүүгч хангалттай хэмжээнд шалтгаан, нөхцөлөө дурдаад биччихсэн. Яагаад гаргуулах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийг шүүх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хуулийн дагуу хууль зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хэмжээнд цуглуулан өгч байсан бичгийн нотлох баримтыг шүүх үнэлж энэ хэргийг шийдвэрлэсэн учраас иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот гомдлыг хангахгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд дурдсаныг ******* сумын нутаг дэвсгэрт байвал тохирох байх гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагчийн "******* *******" ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ тухайн үед үйлчилж байгаа хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн агуулга, зарчим илэрхийлэгдэж байна. Гэтэл шүүх энэхүү хуулийн зарчмыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, түүнээс үйлдвэрлэлийн осол хэмээн холбогдох нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл дээр иргэний хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэдийг тодорхойлсон. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан. Тодруулбал тухайн гэмт хэргийн улмаас тухайн учирсан хохирол, хор уршгийг хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна гэсэн хуулийн агуулга байна. Гэмт хэрэг гэж яг юуг хэлэх юм бэ, хор хохирол гэж юуг хэлэх юм бэ гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид мөн тодорхойлж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн агуулгаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан. Тэгэхээр энэ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд ямар гэмт хэрэг гарсан бэ гэхээр зам тээврийн осол буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүх шийдвэрлэнэ гэсэн хэмжээ хязгаарыг мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоож өгсөн. Гэтэл шүүх гэмт хэрэгтэй хамааралгүй буюу тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн хохирол, хор уршигтай хамааралгүй төлбөрийг үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр хэмээн “******* *******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн дүгнэлт гаргасантай холбоотой асуудал учир дутагдалтай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон үйлдвэрлэлийн бус хурц хордлогыг судлан бүртгэх тухай дүрэм байдаг. Эдгээр дүрмүүдэд зааснаас үзэхэд үйлдвэрлэлийн ослыг хэн тогтоох эрх хэмжээтэй юм бэ гэхээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тогтоохоор эрх хэмжээг нь зохицуулж өгсөн. Гэтэл хэргийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээч Н. нь улсын байцаагчийн хувиар тус дүгнэлтийг гаргаагүй. Шинжээч гэдэг агуулгаараа хувь субъектээрээ тус дүгнэлтийг гаргасан. “******* *******” ХХК-ийн зүгээс амь хохирогчийг тухайн үед зам тээврийн ослын улмаас амь хохирсон нөхцөл байдал байгаа болохоос биш, үйлдвэрлэлийн осолд өртсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Учир нь тухайн үед ажлын байраа дур мэдэн орхиж явахдаа ажил олгогчид мэдэгдээгүй нөхцөл байдал байна. Иймээс энэ нь үйлдвэрлэлийн осолд орохгүй. Үйлдвэрлэлийн осолд орох эсэх асуудлыг дүрмийн 1 дүгээр зүйл дээр хэд хэдэн тохиолдлуудыг тодорхой заасан. Шинжээч 2.1.5-д зааснаар үйлдвэрлэлийн осолд хамаарна гэж үздэг. 2.1.5-д зааснаар үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоохдоо амь хохирогч нь явах маршрут чиглэл, нөхцөл байдлуудаа хөдөлмөрийн гэрээндээ ч юм уу хавсаргасан ийм үйл баримтуудыг дүгнэлт гаргахдаа анхаарч үзнэ гэж заасан байдаг. Гэтэл үүнийг анхаарч үзэлгүйгээр зөвхөн жолооч З.Мандахын мэдүүлэгт хөтлөгдөөд талийгаачийг цайндаа явсан гэдэг дүгнэлт хийгээд энэ нь үйлдвэрлэлийн осол мөн гэсэн дүгнэлт гараад үүнийг нь шүүх үндэслэж хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “******* *******” ХХК-аас 104,640,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх ерөнхий прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хяналтын прокурор Б.Арсланбаатар нь шүүгдэгч З.Мандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч З.Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч З.Мандахад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мандахаас гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 19,055,070 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135,300,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т, Иргэний хариуцагч “******* *******” ХХК-иас 29,055,070 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т, Иргэний хариуцагч “******* *******” ХХК-иас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Мандахаас автомашины эвдрэл хохиролд нийт 71,220,215 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч ерөнхий прокурор Б.Батжаргал “Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “******* *******” ХХК-аас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч З.Мандах нь 2024 оны дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг ******* сумын ******* 5 дугаар баг нүүрс тээврийн 0.5 дахь километрт нүүрс тээврийн асфальтан зам дээр "Shacman" маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо "Норд бенз”маркийн ӨМӨ улсын дугаартай иргэн Х.ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж авто осол гаргаж, зорчиж явсан иргэн Т.ийн биед аарцаг, гуяны шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дух, баруун хацар, хэвлий, зүүн гуя, зүүн тавхай, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирсны улмаас хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон цус эргэлтийн алдагдалд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч Б.гийн: 2024 оны сарын 01- ний өдөр 14 цагийн орчимд би терминал дээр нүүрс буулгаж дараа нь ШТС бензин аваад МАК-ын чиглэлд явсан. 3-ын хаалт өнгөрөөд тойрог замаар явж байтал өөдөөс гэнэт машин урсгал сөрж хурдтай ирж байсан. Би тэр доороо шууд зогссон харин тухайн машин тоормос гишгэж тухайн машин баруун гар тийш эргэж хажууд байх машины урд чиргүүлийн ар талыг мөргөсөн. Тэгтэл чиргүүл нь араас нь түрээд замын хажуу руу орсон юм. Би очоод жолоочийн биеийг асуусан. Тэгэхэд чимээгүй юм хэлээгүй. Би "Урсгал сөрж байж зөөлхөн явдаггүй юм уу үхэхгээ юу" гэж хэлчхээд машин доогуур хартал дугуйн завсар хүний хөл харагдсан. Би айгаад шууд ухарсан "Хүн байна шүү дээ" гэж хэлэхэд "Хүүе ээ тийм үү миний хажууд сууж явж байсан хүн байна шүү дээ" гээд бууж ирсэн. /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Гэрч Х.ын: Тухайн 2024 оны дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед би машины ар талд амарч байгаад суудал дээрээ суусан юм. Яг тэгэхэд машин гэнэт хүчтэй хөдөлсөн. Би гар торомз тавигдаад урд машинаа мөргөчихлөө гэж бодтол гар торомз татаатай байсан. Би буугаад хартал осол болсон байсан. Тухайн машин дотор Мандах гэх хүн жолоочийн суудал дээрээ сууж байсан. Би очоод буухад нь тусалсан юм. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Гэрч Б.гийн: Манай байгууллага жолоочийг ажилд гарахын өмнө 3 төрлийн шалгавраар шалгаж ажилд гаргадаг. Амь хохирогч нь хэрэг учрал болсон өдөр манай байгууллагын тээврийн хэрэгслийг хариуцаж байсан. /хавтаст хэргийн 69 дэх тал/

Гэрч Б. дахин өгсөн мэдүүлэгтээ: Хилийн бүсийн хашааны гадна талд хоол идэх боломжтой цайны газар байдаг. Өмнө нь бол тээврийн очер хөдөлгөөнгүй болж маргааш хүртэл ямар ч хөдөлгөөнгүй болсон үед манай байгууллагын жолооч нар кемп дээр ирж хоол хийж идээд өглөө нь машин дээрээ хүргүүлдэг байсан. Т. бас тэгж байсан. Манай байгууллагын Т.ийн өөрийн хариуцдаг тээврийн хэрэгсэл рүү явж байсан байх. /хавтаст хэргийн 79 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны сарын 26-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Т.ийн цогцост аарцаг, гуяны шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дух, баруун хацар, хэвлий, зүүн гуя, зүүн тавхай, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон цус эргэлтийн алдагдалд орж нас баржээ. /хавтаст хэргийн дахь тал/

“Харцага тайж” ХХК-ийн шинжээч Ц.ийн шинжээчийн дүгнэлтэд: "Shacman" маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Мандах нь замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2а-д өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1,4-р заалт 1.1-1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 11.1 тэмдэглэлээр хоёр буюу гурван эгнээтэй замын эсрэг урсгалыг шаардлагатай тохиолдолд тусгаарлах бөгөөд уг шугамыг давахыг хориглоно./ гэсэн заалтуудыг зөрчсөн. ...Осол болсон шалтгаан "Shacman" маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Мандах нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас гарсан. /хавтаст хэргийн 98-99 дэх тал/

Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Н.ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад ("үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг) гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5. дахь заалтад (ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед) гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс амь хохирогч Т. нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажлын байр руугаа буюу тээврийн хэрэгсэл рүүгээ очих замдаа "Shacman"  маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд өртсөн болох нь тогтоогдож байгаа тул үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хамаарна. /хавтаст хэргийн 106-1 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 607 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан дасан зохицохуйн эмгэгийн шинжүүд илэрч байна.  Дээрх шинж илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. /2-р хавтаст хэргийн 188-189 дэх тал/

Шинжээч Р., Ч., Б. нарын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/198 дугаартай дүгнэлтэд: Ослын газрын бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад тухайн зам нь эсрэг хөдөлгөөнтэй 3-н эгнээ бүхий зам байна. Иймээс "Shacman"  маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч 3. Мандах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "11.4. Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар явж Норд бенз маркийн ӨМӨ дугаартай автомашины чиргүүл мөргөсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тогтоогдсон байна. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт 1.4 1.1-1.3, 1.15.а-1 15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна... /хавтаст хэргийн 116-118 дахь тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 91-93 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “******* *******” ХХК-аас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан байна.

Хохирогч Т. нь “******* *******” ХХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А24/33 дугаартай “Үндсэн ажилтнаар томилох тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт, “******* *******” ХХК болон Т. нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс эхлэн хугацаагүй үйлчилнэ гэх хөдөлмөрийн гэрээ, Т.ийн 2,541,117.39 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлох цалингийн хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 223-240 дүгээр хуудас/,  Гэрч Б.гийн: Манай байгууллага жолоочийг ажилд гарахын өмнө 3 төрлийн шалгавраар шалгаж ажилд гаргадаг. Амь хохирогч нь хэрэг учрал болсон өдөр манай байгууллагын тээврийн хэрэгслийг хариуцаж байсан. /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтууд Т. нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед “******* *******” ХХК-ийн  жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:Талийгаач Т. нь 2024 оны 06 дугаар сараас манай ******* ******* ХХК-н жолоочгүй сул байсан тээврийн хэрэгслүүдээр тээвэрт явсан. 7сарын 05-ны өдрөөс 62-57 УЕТ улсын дугаартай Ханван Ж7 маркийн тээврийн хэрэгслийг хариуцан авч нүүрс тээвэрт явсан. Тухайн хэрэг болдог өдөр 62-57 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж байгаад гаалийн бүсэд байршуулчхаад явчхаад эргээд 62-57 УЕТ улсын дугаартай машин руугаа явж байхдаа зам тээврийн осолд орсон байдаг. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ гэх мэдүүлгээр амь хохирогч Т. нь “******* *******” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Н.ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад ("үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг) гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5. дахь заалтад (ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед) гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс амь хохирогч Т. нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажлын байр руугаа буюу тээврийн хэрэгсэл рүүгээ очих замдаа "Shacman"  маркийн УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд өртсөн болох нь тогтоогдож байгаа тул үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хамаарна. /хавтаст хэргийн 106-1 дахь тал/,

Амь хохирогч Т. нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд “******* *******” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх ба “******* *******” ХХК нь ослын энэхүү тохиолдолтой холбогдуулан ажилтны хооллох завсарлага эхлэх болон дууссанаар 109 ажилтныг тээврийн хэрэгсэлд хүргэх, ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих талаар ажил олгогчийн шууд болон шууд бус хяналт дахь ажлын байрт аюул эрсдэлийг үнэлж, дүрэм журмаар зохицуулалт хийгээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4. (ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх). 28.1.6. (ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх) заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “Н. нь тухайн дүгнэлтийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн /албан тушаалтны/ хувиар бус мэргэжилтэн гэх хувь субъектээр гаргасан байсан тул тухайн дүгнэлтийг эрх зүйн үйлчлэлтэй акт гэж үзэж шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах боломжгүй буюу ажил олгогчийн дээрх хуульд заасан эрхийг хязгаарласан дүгнэлт гаргасан” гэх гомдлыг гаргаж байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол авагдсан ба “хэрэг бүртгэлийн 242800231 дугаартай хэрэгт аюулгүй ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох шинжилгээ хийхийг Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.т даалгасугай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд “Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх” 27.4 дүгээр зүйлийн 1-т Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно.”, мөн зүйлийн 2-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж,

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.”, мөн зүйлийн 8.2-т “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.3-т “Төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн” гэж,

Мөн хуулийн 10 дугаар зүйлд “Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх”, 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, 10.3-т “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” 10.4-т “Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт” гаргана гэж тус тус хуульчилсан байх бөгөөд мөрдөгч энэхүү тогтоолтойгоо холбогдуулан шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл үйлдсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв. 

Түүнчлэн иргэний хариуцагч “******* *******”  ХХК болон тэдний өмгөөлөгч нар дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт болон дахин хийлгэх хүсэлт гаргах эрх хуулиар олгогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын 20 оны 14 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журамд заасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” шинэчлэн батлагджээ.

Тус дүрмийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:”

2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;2.1.2. ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;

2.1.3. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

2.1.4. ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;

2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

Тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно гэж заасан бөгөөд зам тээврийн ослын улмаас Т. нас  барсан нь дүрмийн 2.1.5-т заасан үндэслэлд хамаарч байна гэх шинжээчийн дүгнэлтийн хариулт хэсгийн агуулга үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал нь “Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг  үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” зааснаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглоно гэж ойлгохоор байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа З.Мандахыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд З.Мандах нь Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суудаг,” гэж /2 дугаар хавтас хэргийн 61 дахь тал/, Өмнөговь аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д жолоочоор ажилладаг болох нь тогтоогдсон тул З.Мандахад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох тухай ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ерөнхий прокурор Б.Батжаргалын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийн хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан “******* *******” ХХК-иас 104,640,804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Өмнөговь аймгийн” гэснийг “Өмнөговь аймгийн ******* сумын” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                                 Л.УГТАХБАЯР