2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/09583

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 07 191/ШШ2025/09583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 104,306,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ,

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ,

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ,

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, С тоот хаягт байрлах, 51.71 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Ч.*******д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч ,

Орчуулагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104,306,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Ч.******* нар нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, барьцаатайгаар зээлийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч Ч.******* нь өөрийн өмчлөлийн С тоот 31,9 м.кв нэг өрөө байр, мөн С тоот 51,71 м.кв хоёр өрөө байрыг тус зээлийн гэрээний барьцаанд тавьж талууд барьцааны гэрээг хуульд заасны дагуу тухайн өдрөө байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д Зээлийн хүүгийн төлбөрийн сар бүрийн 17-ны өдөр бэлэн бусаар Хаан банк тоот Б.*******гийн дансанд төлөх ба үндсэн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлж, зээлийг бүрэн хааж дуусгана гэж гэрээг байгуулсан.

Зээлдэгч Ч.******* нь Зээлийн гэрээний дагуу сар бүр зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн төлбөрөө төлөлгүй сунгах хүсэлт гаргаж, талууд тооцоо нийлэн зээлийн гэрээг дахин 1 жилээр сунгаж, хүүг сарын 3 хувь байхаар тохиролцож 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн байгуулсан.

Зээлдэгч Ч.******* тохиролцсоны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С тоот 51,71 м.кв хоёр өрөө байрыг 103,420,000 төгрөгт тооцож зээлийн төлбөрөөс хасахаар тохиролцон шилжүүлсэн авсан.

Ч.*******гийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь байрны төлбөр болох 103,420,000 төгрөгийг хасаад 96,580,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Энэхүү үлдэгдэлдээ сарын 2,897,400 төгрөгийн хүүг төлөхөөр байгаа боловч Ч.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн болон хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2-д Зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй, гэрээний хугацаанаас өмнө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож, үндсэн зээлийн үлдэгдэл 96,580,000 төгрөг, 3 сарын хүү болох 2,897,400х3=8,692,200 төгрөг, нийт 105,272,200 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Энэхүү зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

1.2. Талуудын хооронд гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Энэхүү илэрхийллийн дагуу талууд зээлийн гэрээгээ байгуулсан. Хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараар мөнгө дансанд шилжиж ороогүй гэдэг асуудлыг ярьж байна. Ч.******* өөрөө Б.*******д хэлээд нөхөр болох гийн хятад улсын банкны дансаар юань болгоод шилжүүлээд өг гэдэг хүсэлт тавьсны үндсэн дээр Б.******* нөхрийнхөө хятад улсын Мон арилжааны банкны данснаас *******гийн нөхөр болох гийн данс руу 200 сая төгрөгийг 400 юаниар бодоод шилжүүлчихсэн үйл баримт байгаа. Үндсэндээ үүргийн гүйцэтгэл гэж байгаа боловч үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хариуцагч тал өөрөө тодорхойлоод би өөрийнхөө дансаар авахгүй, нөхрийнхөө дансаар авъя гэдэг хүсэлт тавьсны дагуу шилжүүлсэн, гэрээний үүрэг биелэгдсэн гэв.

 

2. Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээний үлдэгдэл 96,580,000 төгрөг, хүү 7,726,400 төгрөг нийт 104,306,400 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай гэж тодорхойлжээ. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь Ч.*******д бодитоор нэг ч удаа зээл олгож байгаагүй. Гагцхүү удаа дараа залгаж дарамталж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг өөрийн таньдаг нотариат дээрээ Ч.*******г авч очиж гэрээ байгуулсан үйл баримт бий болсон.

Ингэхдээ Ч.*******гийн нөхөр болох БНХАУ-ын иргэн нь БНХАУ-ын иргэн  нарын хооронд хийгдсэн гүйлгээний баримтыг авч ирж нөхөр чинь миний нөхрийн мөнгийг аваад өгөхгүй байна. Чи хоёр хүүхдийнх нь ээжийн хувиар нөхрийнхөө мөнгийг төл гэж удаа дараа дарамталсан тул тухайн мөнгөнөөс тодорхой хувьд нь төлөлт хийж байсан. Улмаар уг асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд өөрийн өмчлөлийн орон сууцыг нөхрийнхөө өр төлбөрт шилжүүлж өгөөд БНХАУ-ын иргэн нь БНХАУ-ын иргэн  нарын хооронд үүссэн өр төлбөр бүрэн төлөгдөхөөр тохирсон.

2.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд иргэд хоорондын зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээхээр хуульд заасан байдаг. Талуудын хооронд хэдийгээр хэлбэрийн зээлийн гэрээ байгуулагдсан ч бодитоор зээлийн төлбөрийг бол өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй зээлийн төлбөрийг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бодитоор гэх хоёр хятад иргэдийн хооронд үүссэн харилцаа. Б.******* мөнгө шилжүүлээгүй, Ч.******* хүлээж аваагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Ч.******* нь Б.*******гээс нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Гагцхүү Б.******* миний ажиллуулдаг шорлог пабны газарт ирж чиний нөхөр манай нөхрөөс мөнгө зээлсэн мөнгөө өг гэж удаа дараа дарамталсан улмаас 2023 оны 04-р сарын 17-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Тухайн хугацаанаас хойш удаа дараа ирж дарамталж мөнгө авсан гэж бич гээд бичүүлж авдаг байсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусах үед ажил дээр ирж намайг дагуулж яваад таньдаг нотариат дээрээ авч очоод зээлийн гэрээний сунгалтыг хийсэн. Улмаар миний өмчлөлийн байрыг хүртэл өөрийн нэр дээр гэрээ байгуулж шилжүүлж авсан. Уг мөнгөний харилцаа ямар учиртай талаар өөрийн нөхөр болох БНХАУ-ын иргэн -иac асуухад Б.******* гэж хүнээс мөнгө аваагүй, өөрийн танил түнш БНХАУ-ын иргэн  гэх хүнээс бизнес хамтын ажиллагаатай холбоотойгоор 200,000 юанийг хоёр удаа шилжүүлэг хийж авсан тухай хэлсэн.

Улмаар 2024 оны 11-р сарын 22-ны өдөр манай нөхрөөс танай нөхрийн авсан 400,000 юанийн төлбөрт чиний өмчлөлийн орон сууцыг шилжүүлж авахаар манай нөхөр танай нөхөртэй харилцан тохиролцсон гэж намайг хуураад худалдах худалдан авах гэрээ байгуулъя гээд нотариат руу явъя гээд явсан боловч нотариат ийм хэлцэлд гэрээ хийх боломжгүй гэх хариуг өгсөн тул Б.******* өөрийн таньдаг нотариат дээр авч очоод гэрээ байгуулж, С тоот хаягт байрлах 51.71 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 400,000 юанийн нөхрийн чинь өрөнд авч байна гээд гэрээ байгуулж шилжүүлж авсан боловч шүүхэд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд миний бие худалдах худалдан авах гэрээ байгуулсан нотариат дээрээ очиж худалдах худалдан авах гэрээг хуулбарлаж аваад үзэхэд 103,420,000 төгрөгөөр миний байрыг шилжүүлж авсан мэтээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан болохыг мэдсэн.

Ч.******* худалдах худалдан авах гэрээний төлбөрт Б.*******ээс 103,420,000 төгрөгийг аваагүй, үндсэн нэхэмжлэлд дурдаад байгаа 400,000 юанийг ч мөн аваагүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 0690 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн 0845 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 11-р сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцож, С тоот хаягт байрлах 51.71 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Ч.*******д буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

4.1. Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаж байна уу, 57 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаж байна уу. Тайлбар, нэхэмжлэлийнх нь үндэслэл дээрээс харах юм бол айлган сүрдүүлж хийсэн хэлцэл гэж байна. Айлган сүрдүүлж хийсэн үйл явдал болоогүй. Хүнийг хууль бусаар дарамталж, айлган сүрдүүлж байгаад гэрээ хийгээд, эд хөрөнгийг нь авч байгаа үйлдэл байх юм бол энэ өөрөө гэмт хэрэг юм. Тэгэхээр хариуцагчийн хувьд хариу тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг хууль зүйн үндэслэл дээр хүч хэрэглэж, айлгаж сүрдүүлсэн гэдэг нөхцөл хамаарахгүй гэж харж байгаа. Гол үйл баримт үндэслэл нь нэгдүгээрт, гэрээний дагуу заалтаа хэрэгжүүлээгүй буюу зохих мөнгийг шилжүүлээгүй гэж нэг талаас ярьж байгаа юм шиг мөртөө нөгөө талаас хүч хэрэглэчихсэн юм шиг хоорондоо ийм эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээгээ байгуулчихсан, гэрээгээ байгуулсан чинь нэг тал нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нэг байр суурийг илэрхийлж байгаа.

Нөгөө талаас надад огт хүсэл зориг байхгүй байхад хүч хэрэглэж, айлган сүрдүүлж гэрээ байгуулж байгаад миний мөнгийг авсан гэдэг бас нэг зүйл хэлж байна. Энэ хоёр хоорондоо авцалдахгүй байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэрээний хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байна.

Байраа худалдаж аваад, худалдаж авсныхаа дараа төлбөрт нь тооцоод Ч.*******гийн данс руу мөнгө нь эхэлж ороод, дараа нь тэрийгээ буцааж авдаг харилцаа үүсгэдэг ч юм уу, эсвэл шууд төлбөртөө суутгаж аваад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм уу гэдэг нь энэ хүмүүсийн хүсэл зоригийн асуудал гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хууль дээр заавал тооцоо нийлнэ. Тооцоо нийлснийхээ үндсэн дээр дараа дараагийн гэрээг шат дараалалтай байгуулна гэсэн тогтоосон журам байхгүй. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Талуудын хүсэл зориг юу гэхээр зээлийн төлбөрийн үлдэгдэлд энэ байрыг шилжүүлье гэдэг ийм хүсэлтэй байна. Энэ бол хууль зөрчсөн, хууль бус хэлцэл гэж харагдахгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

5.2. Итгэмжлэл /хх 4/

5.3. 2023.04.17-ны өдрийн 0690 дугаар зээлийн гэрээ /хх 5-6/

5.4. 2023.04.17-ны өдрийн 0698 дугаар барьцааны гэрээ /хх 7-8/

5.5. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 9-10/

5.6. Ч.*******гийн хүсэлт /хх 11/

5.7. 2024.05.08-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 12/

5.8. Цахим төлбөрийн баримт /хх 13-14/

5.9. Б.*******гийн Хаан банк, Төрийн банкны дансны хуулга /хх 70-75/.

 

6. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

6.1. Итгэмжлэл /хх 20/

6.2. Хариу тайлбар /хх 28/

6.3. Ч.*******гийн Хаан банкны дансны хуулга /хх 30/

6.4. 2024.11.22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх 39/

6.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 56/.

 

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр БНХАУ-ын иргэн  //, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр БНХАУ-ын иргэн / / нарыг асуусан, хариуцагчийн хүсэлтээр С тоот хаягт байрлах 51.71 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Ч.******* нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 86-89, 96, 128-129/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Б.*******гийн зээлийн гэрээний үүрэгт 104,306,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Ч.*******гийн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн төлбөр 96,580,000 төгрөг, хүү 7,726,400 төгрөг, нийт 104,306,400 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл 96,580,000 төгрөг, 3 сарын хүү болох 8,692,200 төгрөг, нийт 105,272,200 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг.

 

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх боловч хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр буюу хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох байдлаар тайлбарладаг.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ч.*******тай 2023.04.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаанд зээлийн хүүгээ төлсөн ч үндсэн зээлээ төлөөгүй. Түүний хүсэлтээр зээлийн гэрээг 1 жилээр сунгасан ч үндсэн зээлийн үлдэгдэл 96,580,000 төгрөг, 3 сарын хүү 8,692,200 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул гэрээнд заасны дагуу зээлээ хугацаанаасаа өмнө буцаан шаардаж байна. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэнэ.

Мөн талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээний харилцаанд орсон учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэнэ.

 

3. Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Б.******* бодитоор зээл олгоогүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. БНХАУ-ын иргэн нь БНХАУ-ын иргэн  нарын хооронд үүссэн өр төлбөрийн асуудал тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд мөнгийг бодитоор өгсөн авсан зүйлгүй, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах худалдан авах гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бусд хэлцэл, иймээс С тоот хаягт байрлах, 51.71 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Ч.******* буцаан шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Б.******* Ч.******* нарын хооронд,

1. 2023.04.17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч буюу Б.******* 200,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдэгч буюу Ч.*******д зээлүүлэх болон эргэн төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байна. /хх 5-6/

 

2. 2024.05.08-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, дээрх зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгах, зээлийн хүүг 3 хувь болгох өөрчлөлтийг оруулсан байна. /хх 12/

 

3. 2023.04.17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, барьцаалагч буюу Б.******* нь үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулагч буюу Ч.*******гийн өмчлөлийн С тоот хаягт байрлах, 31.90 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,

С тоот хаягт байрлах, 51.71 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хх 7-10/

 

4. 2024.11.22-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу Ч.******* нь С тоот хаягт байрлах, 51.71 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдагч авагч буюу Б.*******д 103,420,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /хх 39/

 

Талууд дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ба талууд эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, үүрэг, эрх зүйн үр дагаврыг ойлгох чадвартай этгээдүүд байна.

 

5. Хариуцагчаас дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд маргаж, нэхэмжлэгч хариуцагч нарын нөхрүүд болох БНХАУ-ын иргэн  //, // нарын хоорондын мөнгөний харилцааг халхавчилж, мөнгө зээлсэн мэтээр дүр үзүүлж зээлийн гэрээ байгуулсан. Бодит байдалд мөнгөн гүйлгээ огт хийгдээгүй гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хамгийн түгээмэл хэлбэр нь хэлцэл бөгөөд энэ нь хуульд нийцсэн байхыг шаардана. Хэлцэл хийх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалах хэдий ч хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөлийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж дүгнэв. Үүнд:

 

Гэрч Bateer шүүхэд ... 2 удаагийн гүйлгээгээр 200,000 юанийг гэх хүний данс руу хийсэн. Нэг удаа гүйлгээ хийхэд 200,000 юаниар шилжүүлдэг. өөрийн хоолны газрыг томруулахын тулд үйл ажиллагаандаа зориулан 2 байраа барьцаалаад зээлсэн. ... рестораны газар ажиллуулдаг, ресторанаа янзлаад урдаас бараа материал татна гээд Б.*******, Ч.*******, бид 4 сууж байгаад гэрээ хийе гээд гийн данс руу юань шилжүүлэхээр ярьсан ... 400,000 юанийг 2023.04.18-ны өдөр шилжүүлсэн. Б.******* бид хоёр эхнэр нөхөр, гэрлэлтийн баталгаатай, Ч.*******, нар гэр бүлийн харилцаатай ... гэх мэдүүлгийг өгсөн. /хх 86-89/

 

Гэрч / / шүүхэд ... 400,000 юанийг авснаа хүлээн зөвшөөрч байна.  авсан. Авахдаа рестораны засвар хийнэ гэж хэлсэн ... хоёулаа хятад хүмүүс юм чинь надад хоёр байр байгаа тэрийг барьцаанд тавьчихъя гэсэн. Гэрээг Ч.******* ын эхнэр Б.*******тэй хийсэн. Энгийн нөхцөлтэй буюу 2 ширхэг байраа тавиад хүү өгөөд явъя гэсэн ... гэх мэдүүлгийг өгсөн.

 

Хэрэгт цахим төлбөрийн баримт гэх хятад хэлнээс хөрвүүлсэн баримт авагдсан бөгөөд аас // 2023.04.18-ны өдөр 200.000 юаниар 2 удаагийн гүйлгээгээр -д шилжүүлсэн байна. /хх 13-14/

 

Мөн 2023.04.17-ны өдрийн Зээлийн гэрээ гэрээний ард Ч овогтой ******* би *******гээс 400,000 юанийг 1 жилийн хугацаатай буюу 2023.04.18-наас 2024.04.18 хүртэл зээлж авч байгаа сарын 2.5% хүүтэй болно. Уг хүүг сар бүрийн 18-нд тухайн өдрийн юаний ханшаар бодож шилжүүлнэ гэж бичиж гарын үсэг зурж 2023.04.18 гэж он сар өдрийг тэмдэглэсэн байна.

 

Дээрхээс үзвэл эхнэр нөхөр Ч.*******, нар нь зээл авах хүсэлтийг //, Б.******* нарт гаргасан, зээлийн барьцаанд Ч.*******гийн өмчлөлийн хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээлийг гийн дансаар 400,000 юаньд тооцон шилжүүлэн авсан, зээл болон барьцааны гэрээг Б.*******, Ч.******* нар байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэлцлийн талуудыг дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн 2023.04.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсаны дараа өдөр буюу 04.18-ны өдөр зээлийг олгосон байх бөгөөд хариуцагчийн БНХАУ-ын иргэн  //, // нарын хоорондын мөнгөний харилцааг халхавчилж хийгдсэн гэрээ гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь өөрийн дансаар зээлийг хүлээн аваагүй гэж маргах хэдий ч түүний нөхрийн дансаар 400,000 юань орж ирсэн, энэ нь маргаан бүхий зээлийн гэрээтэй холбоотой талаар тайлбарлаж байгаагаас үзвэл зээлийг хэн хариуцаж төлөх талаар маргаантай байгааг илэрхийлж байх ба энэ нь гэрээг хүчин төгөлдөр бус байна гэх үндэслэл болохгүй.

 

Зээл хүсэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал зээлдүүлэгч хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж тус тус зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хариуцагч гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний нөгөө тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Зохигчийн хооронд 2023.04.17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 2023.04.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.*******д шилжүүлэх үүргээ 2023.04.18-ны өдөр 400,000 юанийг шилжүүлснээр биелүүлсэн болох нь дээрх гэрч нарын мэдүүлэг, цахим төлбөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хх 70-75/

 

Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой бөгөөд 2024.04.17-ны өдөр 200,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Ч.*******гаас Ч.******* би Б.*******тэй 2023.04.17-нд байр барьцаалсан гэрээ хийсэн бөгөөд уг зээлийн гэрээг 2024.12.31 хүртэл 3 хувь хүүтэйгээр сунгах хүсэлтэй байна. Уг зээлийн гэрээг дахин сунгахгүй бөгөөд бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. /хх 11/

 

Улмаар талууд 2024.05.08-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 2023.04.17-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-т заасан гэрээний хугацаа 2023.04.17 өдрөөс 2024.04.17 өдрийг хүртэл хугацааг 1 жилээр сунгаж, мөн гэрээний 3.3-т заасан зээлийн хүү нэг сарын 2.5 хувь гэснийг 3 хувь болгосон өөрчлөлтийг оруулсан байна. /хх 12/

 

Дээрх өөрчлөлт нь 2023.04.17-ны өдрийн зээлийн гэрээний 6.3-т заасантай нийцсэн байна.

 

Ийнхүү талуудын зээлийн гэрээний хугацаа 2025.04.17-ны өдрөөр дуусгавар болохоор байх хэдий ч нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн болон хүүгийн төлбөрөө төлөөгүй, зээлийн гэрээний 4.2-т Зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй, гэрээний хугацаанаас өмнө буцаан шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй.

 

Зохигчийн хооронд 2024.11.22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу Ч.******* нь худалдан авагч буюу Б.*******д С тоот 51,71 м.кв хоёр өрөө орон сууцыг 103,420,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч  //, // нарын мэдүүлэг, Б.*******, Ч.******* нарын 2024.11.22, 23, 2024.12.02, 03-ны өдрүүдэд харилцсан зурвас зэргээс дүгнэхэд талууд 2023.04.17-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох С тоот 51,71 м.кв хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулах хүсэл зоригийн үүднээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2024.12.11-ний өдөр худалдах худалдах авах гэрээний үндсэн дээр дээрх орон сууцыг 195,000,000 төгрөгөөр  худалдан борлуулсан болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна. /хх 96/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 157 дугаар зүйлийн 157.1.2-т барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах эрхтэй гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтууд талуудын барьцааны гэрээний 4.1.2-т тусгагджээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь барьцааны зүйлийг 195,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх ба уг үнийн дүнгээс өөрийн шаардлагыг хангуулахаар байна.

 

Хариуцагч Ч.*******гаас Б.*******д зээлийн хүү төлж байсан нь дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд 2024.11.17-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү төлөгдсөн талаар нэхэмжлэгч тайлбарласан.

 

Иймд хариуцагч Ч.******* нь 2024.12.11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2025.02.17-ны өдрийг хүртэлх 3 сарын хүү 450,000 төгрөг, нийт 5,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Талуудын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр талаар дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

Иймд хариуцагч Ч.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 5,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,856,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу 5,450,000 төлөөгүй тохиолдолд С тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 31.90 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 172,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас 5,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,856,400 төгрөгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, С тоот хаягт байрлах, 51.71 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Ч.*******д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ч.*******гийн өмчлөлийн С тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 31.90 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 172,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА