| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0097/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/240 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Манлайбаярыг суулцуулан
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Д.Н-, Д.С-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, В.Энхболд
Иргэний хариуцагч Д.С-
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,
Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 201722000213 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Н-,
Шүүгдэгч М.Н- нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 29- ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” гэдэг газар засмал зам дээр ... улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Өлхөний сайр” гэдэг газар ... улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирч, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч М.Н- мөрдөн байцаалтад: “... Бид нар хоорондоо юм яриад архи пивоо ууж дууссаныхаа дараа буцаад Мөрөн сум руу явахаар болсон. Хатгалаас Мөрөн сум руу явахад эхлээд Г.А- машин барьж явж байсан.Тэгж явж байгаад зам дагуу зогссон. Тэгж зогсох үед Г.А- машинаа Ч.З-аад өгч бариулсан. Тэгээд бид нар Мөрөн сум руу явж байхад: Г.А- чи арай гайгүй байх шиг байна, чи машин бариад явчих гэж байсан. Тэгэхээр нь би замдаа явж байгаад Ч.З-аатай солигдсон. Би Ч.З-аагаас Алаг-Эрдэнэ сумын тэр хавьд жолоо авч машины маань дугуй болохоо байсан уу, машин маань гэнэт хөндөлдөөд ирсэн. Тэгснээ онхолдчихсон. …Тэгээд би машинаасаа буухад Г.А- машин яав аа гээд орилоод гүйж байсан. Харин Анунгоо машины ард талд газар хэвтэж байсан. Би тухайн үед Б.А-г босооч ээ гэж хэлсэн боловч Б.А- урдаас огт дуугарахгүй байсан...” гэх /1-р хх-ийн 153 дугаар хуудас/,
Хохирогч С.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө намайг гэртээ унтаж байхад 06 цагийн үед байхаа миний ээж Сумъяа намайг сэрээгээд охиныг чинь машинтай хүмүүс ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад хархад хэн ч байхгүй байсан. Хашааны гадаа машин ирээд явсан машины мөр л байсан. Тэгээд би ажил дээрээ очоод ажлаа хийж байтал 13 цаг 30 минутын үед байхаа миний ээж Сумъяа над руу залгаад охин чинь Алаг-Эрдэнийн иэр хавьд осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд машинтайгаа Алаг-Эрдэнэ сумын хүн эмнэлэг дээр очоод эмч нараас асууж явж байгаад охиноо нас нарсан болохыг мэдсэн ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дугаар хуудас/,
Хохирогч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт: М.Н-, Г.А- хоёроос ганцхан зүйлийг хүсье. Газарт шингэсэн охин минь одоо дахиж босож ирэхгүй. …М.Н-г би дотроо бодохдоо “Г.А-г бодоход хавь илүү хүн чанартай юм байна” гэж бодсон. Учир нь талийгаач охины минь толгойг тэврээд уйлаад сууж байсныг бодохоор хүн чанартай л гэж бодсон шүү, нөгөөх нь болохоор бушуухан машины хажуугаар хэвтээд өгсөн гэж байгаа юм. … Дан ганц миний нэхэмжилж байгаа зардал нь оршуулгын зардал болох 5.499.245 төгрөг юм. Харин үлдэгдэл 14.884.863 төгрөг нь бид бүгдийн хамтран нэхэмжилж байгаа сэтгэл сэтгэл санааны хохиролд тооцогдох мөнгө гэж ойлгож болно гэв. Хохирогч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: “…Миний охин мөн адил өвөө, эмээгийн хувьд хайртай ач нь байсан. “Өмгөөлөгч болно” гээд ээждээ хэлдэг байсан. Би охиныхоо сургалтын төлбөрийг нь олох гэж, амьдрах ганц өрөө байрны мөнгө босгох гээд хүний газар луу явсандаа өнөөдөр харамсаж байна шүү дээ. Охинтойгоо хамт байж байх минь яав даа гээд. Үнэхээр хэцүү байна. …Тэгээд тус хугацаанд Японоос Монгол руу, Монголоос Япон руу ирж, буцсан замын зардал нь японы иенээс монгол мөнгө рүү шилжүүлэн тооцоход 9.615.692 төгрөг болж байгаа. Уг мөнгөн дээр нэмэгдүүлэн охиноо 7 хоног сэтгэл зүйн эмчилгээнд хамруулсан 105.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг тус тус нэмээд нийт 10.520.892 төгрөг болж байгаа юм. …Уг мөнгийг М.Н- болон иргэний хариуцагч Д.С- нар хамтран төлөх болов уу гэж бодож байгаа. Харин 14.884.863 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцон талийгаачийн өвөө, аав, ээж нь болох бид гурвын зүгээс хамтран нэхэмжилж байгаа юм гэв.
Хохирогч, яллагдагчаар Г.А- мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд Хатгал Тосгонд очоод Мөрөнгөөс авч очсон архи пивоо ууж дуусгаад буцахаар болсон. Хатгал тосгоноос Мөрөн сум руу буцаж явах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Намайг өөрийн ... улсын дугаартай машиндаа унтаж байхад хэн нэг нь миний машины түлхүүрийг надаас аваад хэн барьж яваад хаана осол гаргасныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгэхэд Ч.З-а, М.Н- хоёр чи дэндүү хурдан яваад байна гэж хэлэхэд Г.А- чи тэгвэл машин бариад яв гээд М.Н-д машиныхаа түлхүүрийн өгсөн. Тэгээд би машинд суугаад л унтсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь машин маань онхолдчихсон би гадаа хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд бид нар машиндаа сууцгаагаад байж байхад Н-, Г.А-, Ч.З-а гурав би машин барина гээд түлхүүрээ булаацалдсан. Тухайн үед Г.А- машиныхаа түлхүүрийг өгөхгүй гээд зам дээр Ч.З-а, М.Н- хоёроос зугтааж гүйгээд байсан. Би энэ хэдийн машин булаацалдаж байх хооронд жоохон зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад М.Н- машин барьчихсан явж байсан. Тэгж явж байгаад миний нүд анилдаад байхаар нь суудал дээрээ нүдээ аниад сууж байгаад зүүрмэглэсэн байсан. Ингээд нэг сэрэхэд машин зүүн тийшээгээ замаасаа гарч явж байгаад буцаад зам руугаа ороод баруун тийшээгээ замаасаа гарч явж байгаад зүүрмэглэсэн байсан. Тэгээд нэг сэрэхэд машин зүүн тийшээгээ гүүрний хажуу тал руу гарчихсан. Машин маань замаасаа гараад бараг 3-4 удаа эргэлдэж байгаад газарт унаад зогссон. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэгээд явах гэж байхад Г.А- өөрөө машинаа барина гээд машиныхаа түлхүүрийг аваад М.Н-гаас зугтаагаад зам дагаад гүйгээд байсан. Тэгж байгаад өөрөө машиндаа ирж сууснаа “чи эрүүлдээ машин барь гээд надад түлхүүрээ өгсөн. Тэгээд би машиныг бариад Хатгал тосгоноос гарсан. Миний хажуу талд О.Б-, хойд талд Г.А-, Б.Д-, талийгаач Б.А-, М.Н- дөрөв сууж явсан. Би Хатгал тосгоноос гараад ойролцоогоор 20 орчим км яваад М.Н-д машин бариулсан. Тухайн үед М.Н- би эрүүл байна, чи намайг бариулчих гээд байсан. Учраас түүнд машин бариулсан. Тэгээд хөвөөгөөрөө явж байснаа гэнэт шарваад л баруун тал руугаа замаас гараад эргэлдээд уначихсан. Тэгж онхолдож унах үед талийгаач Б.А- цонхоор шидэгдээд гадаа гарчихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: ... Алаг-Эрдэнэ сумаас өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн машинтай Мөрөн сум руу гараад Өлхөний гүүрний наахан талд замын хажууд замаа чөлөөлөөд зогсоод бууж бие засаад эргээд машиндаа ортол толинд араас машин маш хурдтай цагаан саарал өнгийн машин орж ирж байсан. Тэгсэн тэр машин миний машинаас нилээд хойно засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу замынхаа эсрэг талын шороон замын баруун талын гүпер салж унасан тэгээд нөгөө машин нөгөө машин гүүрний дээд талын шороон замын далангаар шороо манаруулаад нэлээд хурдтай дахисан тэр үед машины ар талын гүпер салж унасан тэгээд нөгөө машин гүүрний дээд талын замын баруун тал руу хөндлөн гараад хар шороо манараад замын хажуу руу алга болсон. Тэр машин тийшээ орсноос хойш 3-5 минутын хооронд ямар ч хүн гарч ирэхгүй тэгж байтал нөгөө онгорхой хаалгаар шар өнгийн куртиктэй залуу, хар савхин куртиктэй үүргэвч үүрсэн охин хоёр гарч ирсэн. Тэгээд нөгөө хар куртиктэй охин хүн үхчихлээ гэж хашхирсан тэгэхээр нь би өөрийн машинтай хөдлөөд дөхөж очоод буугаад явганаар очиж харахад машины гадаа жалган дотор нэг эрэгтэй нэг эмэгтэйг өвөр дээрээ тэвэрчихсэн нүүр ам нь цус нөж болсон байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч О.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: Өлхөний гүүрэн дээр 10 цаг өнгөрч байхад би ааваас мөнгө замаас тосуулж авахаар болоод хүлээгээд машин дотор сууж байтал араас цагаан өнгийн марк мэдэгдэхгүй машин их хурдтай сигнал удаан тасралтгүй дараад хажуугаар өнгөрсөн. Тэгээд араас нь харж байтал хурдтай чигээрээ замын зүүн талын хөвөө хэргээр гарч явсаар байгаад замын баруун тал руу даваад уначихсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн: 1. Б.А- нь гавал, тархины хагарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 2. Б.А-гийн биед гавал ясны олон хэлтэрхийт хугарал, их бага тархины няцрал, духны баруун хэсэг, баруун хацар, шанааг хамарсан олон тооны, дух зүүн дээд, доод зовхи, зүүн сарвуунд зулгарсан шарх, дух, зүүн хацар шанаа, өвдөг, шилбэ, баруун гуя, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу жин ихтэй зүйлд толгой хэсгээрээ дарагдах үед үүсэх ба үхэлд шууд хүргэсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 10 орчим цаг өнгөрсөн байжээ. 4. Шинжилгээгээр талийгаач Б.А-гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Б.А- нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба дунд зэргийн согтолттой байжээ" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-81 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 290 дугаар дүгнэлт, /1-р хх-ийн 88 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 10-ны 284 дугаар дүгнэлт, /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар дүгнэлт, /1-р хх-ийн 108 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, Б.Галбадрахын 2017 оны 05 дугаар сарын 19-ний 2991 дүгээр дүгнэлт, /1-р хх-ийн 119-121 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “Жолоочийн тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс уг зам тээврийн осол үүссэн гэж үзэв. Мөн М.Н- жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нь зам тээврийн осол гаргахад нөлөөлнө” гэх дүгнэлт /1-р хх-ийн 113-114 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, Б.Галбадрахын 2017 оны 10 дугаар сарын 19-ний 5433 дугаар “ Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалаас үзэхэд дугуйн обуд нь ослын үед хагарсан байж болно” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 133-134 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны шинжээч В.Балжинням, Ш.Ариун-Эрдэнэ, Д.Батзориг нарын 2018 оны 01 дүгээр арын 31-ний өдрийн 50 дугаартай “Тээврийн хэрэгсэл явж байх үед обуд, дугуй /хаймар/ хагарсан тохиолдолд хэргийн газарт буюу зорчих хэсгийн гадаргууд хатуу зүйлийн үйлчлэлээр зулгаралт, чирэгдэлтийн ул мөр үүсэх боломжтой. Уг ул мөрийг хэргийн газрын анхны үзлэгийн баг олж тогтоон нотлох баримтаар бэхжүүлэн авах ба тухайн осол хэргийн хувьд обуд, /хаймар/ хагарснаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж шинжээчид үзэж байна” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 195-196 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч М.Н-д Аймгийн прокурорын газраас жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь хохироосон үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Өлхөний сайр” гэдэг газар ... улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.А-гийн амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар маргахгүй байна.
Дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч М.Н-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч М.Н-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн авто машины зүүн урд талын дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Д.С-т буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Д.С-, С.Б-, нар нь Б.А-гийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 5.499.245 төгрөг, сэтгэл санааны хохриол 14.884.863 төгрөг, хохирогч Д.Н- нь замын зардал, цалинд өөрчлөлт орсоны зөрүү, өмгөөлөгчийн хөлс сэтгэл зүйчийн тусламжийн хөлс болох нийт 10.520.892 төгрөгийг шүүгдэгчээс тус тус нэхэмжилж байх бөгөөд нотлох баримтын хэмжээнд хохирогч Д.Н-ын 6.860.092 төгрөгийн баримт, хохирогч Д.С-, С.Б- нарын 5.499.245 төгрөгийн баримтыг үнэлж, Нэхэмжлэлээс хохирогч Д.Н-ын цалинд өөрчлөлт орсны зөрүү болох 3.660.800 төгрөгийн баримт нь гадаад улсын мөнгөний нэгжээр тооцсон ба Монгол банкны лавлагаа ирүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Д.С-, С.Б-, Д.Н- нарын сэтгэл санааны хохирол 14.884.863 төгрөгийн хувьд хэрхэн дээрх хохирлыг үнэлж, гаргаж байгаа талаар нотлох баримтгүй, тодорхой тооцоог гаргах боломжгүй байна.
Хэрэгт шүүгдэгч М.Н-гийн жолоодож явсан автомашины эзэмшигч Д.С- болох нь тогтоогдсон. Д.С-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байх ба /хх-ийн 52-53/ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч М.Н-, иргэний хариуцагч Д.С- нараас гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй. Үүнээс хохирогч Д.Н-ын хохиролд 6.860.092 төгрөгөөс шүүгдэгч М.Н-г нь 4.931.000 төгрөг төлсөн, хохирогч С.Б-, Д.С- нарын хохиролд 5.499.245 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.Н-г хохирогч нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний хариуцагч Д.С-аас дээрх хохирлын үлдэгдэл 1.929.092 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 999.245 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-, Д.С- нарт олгох нь зүйтэй байна. Хохирогч нар нь 18.545.663 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Н-, иргэний хариуцагч Д.С- нараас нэхэмжилж болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Н-г жолоооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч М.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Н-д ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч Д.С-аас 1.929.092 /нэг сая есөн зуун хорин есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 999.245 /есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-, С.Б- нарт олгож, хохирогч Д.Н-д Д.С-, С.Б- нар нь 18.545.663 /арван найман сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Н-, иргэний хариуцагч Д.С- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн автомашины зүүн урд талын дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Д.С-т буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн 201722000213 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-гийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР