Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/458

 

2026           04            17                                                                            2026/ДШМ/458

 

                                           Э.Б-, Н.Б- нарт

                                         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

иргэний хариуцагч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1152 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэлд үндэслэн Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 2506 00000 0099 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Б- овогт Э-ы Б-, 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/711 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн /РД: УЭ-/;

2. Б- овогт Н-ын Б-, 1997 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ...... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:ТБ-/;

Яллагдагч Н.Б- нь Э.Б-ын санаачилж төлөвлөсөн, гэмт хэрэгт  гүйцэтгэгчээр хамтран оролцож 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Натур” худалдааны төвийн орчимд хохирогч Б.Д-тэй түүний тээврийн хэрэгсэл дотор уулзаж “манай машинд сууж имей кодыг нь шалгана” гэж хэлж хохирогчийн хоёр ширхэг гар утсыг өөрөөс нь авч, өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү түүнийг дагуулан ирж, өөрөө жолоочийн ар талын суудалд сууж, хохирогч Б.Д-г “урд талын суудалд суучих” гэж хэлж түүнийг урд талын суудалд суухаар тээврийн хэрэгслийг тойрч явах үед нь хохирогчийн өмчлөлийн “Айфоне 16 про макс" загварын 8.700.000 төгрөгийн хоёр ширхэг гар утсыг тээврийн хэрэгсэл ашиглаж авч зугтаасан буюу бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

яллагдагч Э.Б- нь хохирогч С.А-аас “Тоёота вилфэйр 20" маркийн тээврийн хэрэгсэл худалдан борлуулахаар цахим орчинд тавьсан мэдээллийн дагуу холбогдож, тээврийн хэрэгсэл худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “"Тоёота вилфэйр 20" маркийн тээврийн хэрэгслийг автомашины худалдаа эрхэлдэг найздаа 28.000.000 төгрөгөөр худалдахаар боллоо, төлбөрийг нь дансаар шилжүүлнэ” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо “Да Хүрээ” автотээврийн захын хашаанд байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт очиж тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, улмаар "Худалдаа хөгжлийн банк”-аас 28.000.000 төгрөгийн гүйлгээг амжилттай хийсэн гэх утгатай хуурамч гүйлгээний баримтыг хохирогчид үзүүлж, 27.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч А.Г- нь “Ай фоне 15" загварын гар утас худалдан борлуулах талаар зар тавьсны дагуу холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй, санхүүгийн боломжгүй байж “Ай фоне 15" загварын гар утас худалдаж авна гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо "Содон" хорооллын орчимд иргэн Ш.А-тай уулзаж "та машин харж бай, би эхнэртээ үзүүлээд ирье" хэмээн хохирогч А.Г-ийн өмчлөлийн 6.850.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ай фоне 15 про макс", "Ай фоне 15 про" загварын гар утсыг авч, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч 3.А-гаас "Ай фоне 15 про" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж “Ай фоне 15 про" загварын гар утас худалдаж авна гэж хохирогчид  итгэл төрүүлж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Улаанбаатар" сувиллын урд талын 72а байрны гадна хохирогч 3.А-тай уулзаж, өөрийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа түүний 5.800.000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь үзэж буй дүр үзүүлэн, урьдчилан төлөвлөсний дагуу хохирогч 3.А-г орхиж тээврийн хэрэгслийг ашиглаж зугтаасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч А.М- нь "Ай фоне 15 про макс" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж "Ай фоне 15 про макс" загварын гар утас худалдаж авна гэж хохирогч А.М-ад итгэл төрүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчтой уулзаж, “машин дотор сууж бай, гэртээ ороод мөнгө аваад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн 3.679.920 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг залилсан,

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Автотээврийн үндэсний төвд хохирогч Б.Г-д “Тоёота кроун" маркийн Г- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж итгэл төрүүлж, “эгчээсээ бэлэн мөнгө авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулан төөрөгдөлд оруулж 47.000.000 төгрөгийн үнэтэй “Тоёота кроун" маркийн Г- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулж, хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан,

цахим орчинд хохирогч О.Б-гаас “Ай фоне 16 про макс" маркийн гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу холбогдож гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж “Ай фоне 16 про макс" загварын гар утас худалдаж авна гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны орчимд уулзахаар тохиролцож, "Ай фоне 16 про макс" загварын 4.350.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хохирогчоос авч, хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд ирмэгц урьдчилан төлөвлөсний дагуу тээврийн хэрэгсэл ашиглаж зугтаасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч Б.Д-гээс “Ай фоне 16 про макс" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж “Ай фоне 16 про макс" загварын гар утас худалдаж авна гэж хохирогчид итгэл төрүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22-23 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Натур” худалдааны төвийн орчимд уулзахаар тохиролцож, гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч Н.Б-т гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсөн буюу “хохирогч Б.Д-тэй чи уулзаж гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана гэж хэлээд өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү дагуулаад ороод ир, чи өөрөө ар талын суудалд суугаад хохирогчийг урд талын суудалд суучих гэж хэл” гэх мэтээр гэмт хэргийг санаачилж, төлөвлөсөн, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, сэжигтэн Н.Б- нь хохирогчийн 2 ширхэг Ай фоне 16 про макс" загварын 8.700.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авч, хохирогчийг дагуулан ирж тээврийн хэрэгсэлд суумагц урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг суулгахгүйгээр, тээврийн хэрэгсэл ашиглан зугтааж, бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 7 удаагийн үйлдлээр бусдад 103.379.920 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.У-ын өмчлөлийн “Тоёота приус 20" маркийн У- УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор "би машины кабин дотор цүнхээ үлдээсэн байна, цүнхээ аваад ороод ирнэ” гэж хохирогч Б.У-ад худал хэлж түүнээс тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын “Ачлал" их дэлгүүрийн хажуугаас Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хороолол хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-гийн өмчлөлийн “Хонда” маркийн Б- УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор гэрч Б.Э-т “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Шинэчлэл" хотхоны зогсоол дээрээс машин аваад өгөөч” гэж худал хэлж, түүний унаж явсан тээврийн хэрэгслийн кабинд ганцаараа үлдэж, улмаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 44 дүгээр байр хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 2506000000099 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Шүүхээс хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан процессын алдааг залруулах боломжгүй байх тул яллагдагч Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 2506000000099 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, ... Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна, ... 6 дахь хэсэгт Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2025/ХШТ/117 дугаар тогтоолд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 05-ны өдрийн 2026/Ш3/1152 дугаар шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.”,

“...Шүүх хэргийг “яллагдагч Э.Б-т холбогдох бусад хэргүүдийг уг хэрэгт нь нэгтгэж шалга ...” гэх үндэслэлээр буцаасан. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Э.Б-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа 4 хэргийг энэ хэрэгт нь нэмж нэгтгэх ажиллагааг явуулж хэргийн материалд хавсаргах боломжтой гэж харж байна. ... Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч хэргийг шүүх рүү шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт“...Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй…” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийг прокурорт буцаахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс уг хэрэг дээр дахин урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж, хяналтын шатны тогтоолдоо тусгасан үндэслэлийг биелүүлж байна гэх байдлаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг шүүхийн шатанд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор эсэргүүцлийнхээ агуулгыг тайлбарлахдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаануудыг хийх боломжтой...” гэж тайлбарлалаа. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн захирамждаа заасан ажиллагаануудыг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаахгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж хийх боломжтой гэж үзэж байгаа бол түргэн хугацаанд хэргийг шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Э.Б- нь ганцаараа болон Н.Б-тэй бүлэглэн хохирогч нарын гар утаснуудыг авч зугтаасан гэх үйл баримтыг тодруулж бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ. 

Эрүүгийн хуульд тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангавал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор зохицуулсан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Б-аас сэжигтэн /1хх 64-66/, яллагдагч /3хх 79/-аар прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн, холбогдох баримтыг гаргаж өгсөн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох, мөн Эрүүгийн хуульд заасан мөрдөгч, прокурор ... хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

          Мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон ажиллагааг прокурорт буцаахаар хуулиар зохицуулсан.

          Анхан шатны шүүхийн захирамжид хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан процессын алдааг залруулах боломжгүй байх тул тус тогтоолд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд прокурор М.Сүхчулууны бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1152 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион журмыг баталсан ба тус журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “цахимаар оролцогч интернэтийн сүлжээ, тоног төхөөрөмжид нь саатал гарсан тохиолдолд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ.  ... бусад байрлалаас оролцож байгаа тохиолдолд саатлыг өөрөө арилгана.” гэж,

4.4.1-т “цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах систем, сүлжээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (холбогдох апликэйшн, системийг суулгасан /zoom,  google meet гэх мэт/ ухаалаг гар утас, таблет, зөөврийн эсхүл суурин компьютертоо, цахим сүлжээнд холбогдсон байх, хангалттай дата ашиглах эрхтэй байх)-ийг хувьдаа бүрэн хангасан байх” гэж тус тус заасан.

Өмгөөлөгч Б.Оюунбилэгээс шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлтийг гаргаж, цахим хэрэгслээр холбогдсон боловч тэрээр техник, хэрэгслийнхээ хэвийн ажиллагааг бүрэн хангаагүй, шүүх хуралдаанд дүрс нь харагдах боловч дуу огт сонсогдохгүй, удаа дараалан холбогдох оролдлогыг хуралдаан даргалагчаас хийсэн ба дээрх журамд заасан нөхцөл байдлыг бүрдүүлж чадаагүй тул өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1152 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Э.Б-, Н.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                                                        ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА

 

                                                       ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ