| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2022/00782/И |
| Дугаар | 210/МА2022/01410 |
| Огноо | 2022-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/01410
С.Т ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01413 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: С.Т миний бие Д.Н тай 2019 оны 04 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүгүйгээр 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2019 оны 04 сарын 18-ны өдөр хариуцагч Д.Н ын Хаан банкны 000000000 тоот дансанд 20,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч одоог хүртэл зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү.
2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Н аас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н аас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т т буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
4.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангалгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч 2022 оны 02 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй. 2022 оны 04 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж 2022 оны 04 сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товлож, хурлын тов мэдэгдсэн баримтад талууд гарын үсэг зурсан. Товлогдсон өдөр шүүх хуралдаан давхцсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд оролцоогүй, уг нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй. Хэрэг үүссэн өдрөөс хойш хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Д.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 сарын 24-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож... гэж тус тус заасны дагуу хариуцагч Д.Н ыг зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
3. Хэргийн 4-р талд С.Т , Д.Н нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 04 сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээгээр С.Т нь 20,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай Д.Н д хүүгүйгээр зээлдүүлэх, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх гэрээний 2.2-т Зээлийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн гэж дурдсаныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал зээлдүүлэгч С.Т нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Н ын өмчлөлд шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Д.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө гэрээгээр тохирсон алдангийн хамтаар хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Зээлдэгч Д.Н аас зээлдүүлэгч С.Т т зээлийн эргэн төлөлтөд мөнгө төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчаас үндсэн зээл 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Түүнчлэн, хууль болон гэрээнд заасны дагуу 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход нэхэмжлэгчийн алданги гэж шаардсан 10,000,000 төгрөгөөс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөгийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 04 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааны тов гэх баримтыг хүсэлтдээ хавсаргасан боловч уг баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүгдэгч Г.Б д холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх түүнийг байлцуулахгүйгээр иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад харшлахгүй.
Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянголдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР