Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/459

 

2026           04            17                                                                            2026/ДШМ/459

 

                                                 Б.П-т холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нарантуяа,  

хохирогч Б.Б-,

шүүгдэгч Б.П-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.П-т холбогдох эрүүгийн 2509 02545 1169 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Н- овогт Б-ийн П-, 1969 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй,  “Б-” харуул хамгаалалтын газарт ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ....... тоотод оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД:ОБ-/.

Шүүгдэгч Б.П- нь “Б-” нэртэй хамгаалалтын компанийн шуурхай бүлгийн ахлах ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” эмнэлгийн хажуу талд баригдаж буй барилгын ажлын талбайн харуулын байранд хохирогч Б.Б-ыг “ажлын байрандаа архи уусан” гэх шалтгаанаар түүний биед халдаж зодсоны улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд ахар сүүлний 3 дугаар нугаламын далд хугарал, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, уруулын цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.П- үүдэн шүд цөм цохиж ахар сүүл хуга цохиж хүнд гэмтэл учруулсан. Тухайн өдөр Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан. Түүнээс хойш 2 сар гаруй ямар ч холбоо бариагүй орхисон. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүх эмнэлэгт хандаж 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариу дүгнэлт гарсан. 2 сарын дараа П- гэрт ирж “байцаагч, чи бид хоёрыг тохиролц гэж байна, би чамд 6.000.000 төгрөгөөр шүд хийлгэж өгнө” гэсэн. Маргааш өглөө нь байцаагч дуудаад “та хоёр тохирсон бол гомдолгүй гэж бич” гэсэн. Б.П- нь надад хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг өгсөн. Б.П-аас болж өдий хүртэл биеэ эмчлүүлж чадахгүй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй амьдрал хэцүү хүнд байна.”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Учир нь, шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч Б.П- нь хохирогч Б.Б-од учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй...” гэж дүгнэсэн байна. Гэтэл Б.П- нь хохиролд 9.500.000 төгрөгийг Б.Б- надад төлөхөөр харилцан тохирсон. Гэвч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 1.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж зааж өгсөн билээ. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд"-ын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Мөн “Шүүх шинжилгээний тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг заавал шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар хууль тогтоогчийн зүгээс эргэлзээгүй тогтоож өгсөн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад миний хууль зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж мөрдөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж бичүүлж авсан. Гэтэл дээр дурдсан хууль, журмуудаас үзэхэд зайлшгүй шинжээч томилж сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шаардлагатай байсан байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, тухайн хохирол хор уршиг төлөгдсөн эсэхийг харгалзан үзэж шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд хуульчилжээ. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нягт хамааралтай юм. Нэгтгэн дүгнэхэд хохирогч Б.Б- миний хувьд гэмт хэргийн улмаас бодит болон сэтгэл санааны асар их хохиролтой үлдэж байна. Иймд гомдлыг хүлээн авч “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч Б.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-од 1.500.000 төгрөгийн хохирлыг өгөхдөө эхнэртэй нь холбоо барьж, эхнэртэй нь тохиролцож өгсөн. Тэрээр өөрөө надтай уулзахгүй байсан. Манай хүүхдийн эрүүл мэндийн байдал муу байсан учраас би хүүхдээ сахиж 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтээд ажил хийгээгүй учраас ойрын хугацаанд Б-од учруулсан хохирлыг төлөх боломжгүй байсан. Гэхдээ цаашдаа ажлаа хийгээд хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Прокурор М.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичгээр хүсэлт гаргасан. Тэрээр хүсэлтдээ “хохирол төлбөрт 1.500.000 төгрөг авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгыг тусгасан. Мөн шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул прокуророос шүүгдэгч хүсэлт, болон хохирогчийн байр суурь, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчийг цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг хэлэх зүйтэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.П- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- эмнэлгийн хажуу талд баригдаж буй барилгын ажлын талбайн харуулын байранд хохирогч Б.Б-ыг “ажлын байрандаа архи уусан” гэх шалтгаанаар түүний биед халдаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ын “... манай ажлын цалин орохоор нь дэлгүүр орж 200 грамм архи авч уусан юм. Тэгээд ажлын байран дээрээ байж байх үед манай ээлжийн ахлах П- нэг хүний хамт орж ирээд “чи яахаараа ажлын байран дээр архи уудаг юм бэ” гээд намайг зодсон. Тэгээд “оронд чинь ээлжийн хүнийг чинь авчирсан, одоо чи яв” гэж хэлэхээр нь гэртээ хариад унтсан. Эхнэртээ “өнөөдөр харуулын даргадаа зодуулаад” гээд хартал зүүн талын дээд 2 шүд уначихсан, зүүн хацар болон чихний ар талд хавдсан, хамар баруун тийш далийсан байдалтай байсан.” /хх 18/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/7853 дугаартай “Б.Б-ын биед ахар сүүлний 3-р нугалмын далд хугарал, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 21-22/ гэх дүгнэлт,

дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 23-24/,

хохирогч Б.Б-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй.” гэсэн хүсэлт /хх 51/,

Б.П-ын “1.500.000 төгрөг төлсөн, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” тухай хүсэлт /хх 55/,

хохирол төлсөн талаарх Хаан банкны дансны хуулга /хх 57/,

мөрдөгчийн “хохирогч Б.Б- нь 2025 онд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ аваагүй эсэх талаар бүртгэгдээгүй” гэх тэмдэглэл /хх 39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.П-ын хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан шууд санаатайгаар, бие махбодод нь хүч хэрэглэн халдвал гэмтэл учирна гэдэг үр дагаврыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн байдал, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр учирсан шүдний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% алдагдуулна гэх хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн ажил хөдөлмөр тогтмол эрхэлдэг хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Б-ын хамгаалалтын компанийн шуурхай бүлгийн ахлах ажил үүргээ гүйцэтгэж гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Хохирогч Б.Б-оос “...сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг заавал шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар хууль тогтоогчийн зүгээс эргэлзээгүй тогтоосон байхад ... мөрдөн шалгах ажиллагааны явцад миний хууль зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж мөрдөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж бичүүлж авсан нь бодит болон сэтгэл санааны асар их хохиролтой үлдэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тусгайлан хуульчилсан.

Мөрдөн байцаалтын шатанд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоос цагдаагийн байгууллагад бичгээр “надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, мөн сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх 51/, шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/-ийг тус тус гаргаж, мөрдөгч тогтоол /хх 50/ үйлдэн хүсэлтийг хангаж хэрэгт хавсаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн явуулсан ажиллагаанууд нь хуульд нийцсэн байх ба мөрдөгч нь хохирогчоор хүсэлт албадан бичүүлж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

Мөрдөгчийн явуулсан үйл ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг үндэслэн прокуророос оролцогчдын санал хүсэлтийг дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн холбогдох ажиллагааг явуулсан нь зөв болжээ.

Хохирогч, шүүгдэгч нар нь хохирол өгч авахаар хоорондоо тохиролцсон талаараа мөрдөгч, прокурор, шүүхэд ер мэдэгдээгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Тэд хоорондоо тохиролцсон нь өөрсдийнх нь хүсэл зориг болно. Харин тохиролцсоноо хэрэгжүүлээгүй үр дагавар нь хуульд заасан журмаар явагдсан үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нөгөөтээгүүр хохирогч Б.Б- нь шүүх хуралдааны явцад даргалагчаас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулах нөхцөл байдлыг шалгахад ямар нэгэн санал өгүүлэмж гаргалгүйгээр оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Хохирогчоос өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон дээрх хүсэлтийг гаргасан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилж, Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын бие махбодод” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар тусгайлан тодорхой зохицуулсан.

Анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд заасан сэтгэл санааны хохирлыг дээрх хуулийн заалтыг баримтлан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч нь хохирогчид тохиролцсоны дагуу үлдсэн төлбөрийг өгөхгүй гэж маргаагүй бөгөөд тэрээр төлнө гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох болон хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа болно.

Аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлэхийн зэрэгцээ өөрсдөө шүүхээр шударгаар шүүлгэх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

 

                                          ШҮҮГЧ                                         Ц.МӨНХТУЛГА

 

 

                                          ШҮҮГЧ                                         Н.БААСАНБАТ