| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05036/И |
| Дугаар | 191/ШШ2025/10474 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10474
| 2025 11 25 | 191/ШШ2025/10474 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ө тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЕТТ-2020/697 гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЕТТ-2020/697 гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Манай компани нь 2020 оны 11 сарын 30-ны өдөр ******* компанитай 500,000 тонн нүүрс худалдах, худалдан авах 697 дугаартай гэрээ байгуулж ажиллаж байсан. Манай зүгээс гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэхүү гэрээ нь 2021 оны 09 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулаад удаа дараа өөрчлөлт орж сунгасан. Өнөөдрийн байдлаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон бөгөөд энэхүү гэрээний 8.2-т заасны дагуу манай компани барьцаа төлбөр болох 500,000 ам.долларыг өнөөдрийг хүртэл буцааж авч чадаагүй байгаа. Бидний хувьд энэхүү гэрээний 12.1-д заасанчлан гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгээгүй асуудал байхгүй учраас барьцаа хөрөнгийг маань буцаан олгож өгөөч гэж шаардлага гаргаж байна.
1.2. ******* компаниас нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2020 онд байгуулсан. Энэ үед ковид цар тахлын үе байсан учраас гэрээнд заагдсан нүүрсээ бүхэлд нь авч чадаагүй асуудал байдаг. Энэ гэрээ байгуулах үед гэрээний 12.3 гээд одоо хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа заалтын дагуу нүүрс худалдан авагч тал маань үүргээ биелүүлэхгүй барьцааны 500,000 ам.долларыг нь хурааж авна, өгөхгүй гэдэг заалт байсан байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдлууд байсан. Хилийн хязгаарлалтын асуудлаас болоод нүүрсээ хугацаандаа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор манай талаас хавтаст хэрэгт байгаа Цагаан хад хилийн боомт дээр түгжрэл үүсээд байна нүүрсээ татаж авч чадахгүй байна, мөнгөө бол төлчихсөн. Гэтэл нөгөө талаас хүч түрэмгийлж буюу компанийн захирал гэрээнийхээ дагуу манайх нүүрсээ татаагүй учраас барьцаа мөнгийг чинь өгөхгүй шүү гэдэг мэдэгдлийг өгсөн байдаг. Гэхдээ үүний дагуу гэрээгээ сунгаад явдаг. Үүнтэй холбоотойгоор хамгийн сүүлд 2022 оны 04 сарын 01-ний өдөр 3 дахь гэрээгээр нэмэлт өөрчлөлт байгуулахдаа хариуцагч талын санаачилгаар 500,000 ам.долларыг өгөхгүй, гэхдээ үргэлжлүүлээд нүүрсээ аваарай гэдэг нэмэлт орсон байдаг юм байна.
Тэгвэл энэ 2 гэрээний нэмэлт бол хууль зөрчсөн байсан байгаа юм. Хууль зөрчсөн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа. Учир нь нэгдүгээрт барьцаа гэдэг зүйл үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байдаг. Тэгвэл энэ гэрээ тийм байгаагүй. Энэ гэрээг уншихаар нүүрснийхээ мөнгийг түрүүлж авна, мөн барьцаатай мөнгөө өгөхгүй бол барьцааг өгдөггүй. Энд огт барьцааг шаардах ёсгүй юм.
Хоёрдугаарт Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль гэж байгаа. Үүнд барьцаа гэдэг зүйл юу вэ гэдгийг заагаад өгчихсөн. Барьцааны гэрээг бичгээр байгуулна, мөн барьцааны гэрээнд заавал тусгагдах зүйл гээд 10 гаруй зүйл заагаад, ингэж байж барьцааны гэрээ мөн гээд заасан. Гэтэл энд худалдах, худалдан авах гэрээ явагдсан. Худалдах, худалдан авах гэрээний дотор барьцааны гэрээ гэсэн ойлголт байхгүй нэг л заалт байдаг. Тэгвэл энэ заалт яагаад хүчингүй болох вэ гэхээр Иргэний хуулийн 189.4-д заасан байна. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгай байгаа этгээд энэ үйл ажиллагааны хүрээнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл чулуу тавих ёсгүй гээд заачихсан байгаа. Монгол Улсад нүүрс зарж байгаа ганцхан аж ахуйн нэгж байгаа. Энэ компани үйл ажиллагаа хамтран явуулж байгаа байгууллагатай гэрээ байгуулахдаа тэгш бус нөхцөл тавих ёсгүй. Өөрөөр хэлбэл барьцааны тухай асуудлыг тулган тавьчихсан асуудал байгаа. Яагаад гэвэл барьцаа гэж энэ дээр байхгүй. Зээлээр өгсөн тохиолдолд төлбөрийг нь төлөөгүй, өгсөн тохиолдолд барьцаа байгаад тэндээс үүргийн гүйцэтгэл хангуулах л үндэслэл байсан. Түүнээс төлбөрийг нь авчхаад барьцаа авна гэдэг бол байж болохгүй зүйл байсан. Байлгая гэж үзэх юм бол барьцаат гэрээ гэж байх ёстой, тусдаа барьцааны гэрээ байгуулах ёстой байсан. Тулган шаардлага явуулаад байна гээд 3 удаагийн мэдэгдэл өгөхөд хариу тайлбарт нь танай тал нүүрсээ татаж авах үүргээ биелүүлэхгүй байгаа учраас барьцааг чинь авна л гэж бичээд байдаг, нөгөө талд нь мөн 3 тайлбар албан бичиг байгаа, нотлох баримтаар өгчихсөн байгаа. Цагаан хад дээр бөөгнөрөл үүсээд нүүрс гаргаж чадахгүй байна. Тийм учраас манай гэрээг сунгаж өгөөч гэдэг нүүрсээ үргэлжлүүлж авна л гэдэг. Аргагүй байдлаар хамгийн сүүлд 2022 оны 04 сард сунгалт хийхдээ тулгалт хийсэн барьцаа хөрөнгийг ******* д үлдэнэ гэдэг заалтыг нэмэлт гэрээнд орчихсон байдаг юм.
Ийм учраас энэ асуудлыг тулгалт хийсэн гэрээ байна, харин хариуцагч талын тайлбарлаад байгаа хүч хэрэглэсэн гэрээ биш. Үүнд ******* компани буюу Монгол Улс ямар ч хохироогүй нүүрсээ заръя гэсэн нүүрсийг нь авсан гэрээ хийсэн. Тэр 500,000 тоннд нь хүрээгүй бага л авсан байсан. Монгол Улсын хил цар тахалтай холбоотойгоор 2022 оны 03 сарын 25-ны өдөр нээгдсэн. Үүнийг бид бүгдээрээ мэднэ, нээлттэй мэдээлэл байгаа.
Монгол Улс хохироогүй, мөн барьцаа нь өөрөө хууль зөрчсөн. Иргэний хууль зөрчсөн, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийг зөрчиж хийсэн заалт. Иргэний хуулийн 61.1-д гэрээний зарим заалт нь хүчин төгөлдөр бус байж болно, тооцож болно бусад нь шаардлага хангаж байвал гэрээ хүчинтэй.
Энэ маш олон зүйлтэй гэрээ, энэ зүйлээс зөвхөн 500,000 ам.долларын барьцааг чинь авна гэдэг заалт нь хүчин төгөлдөр бусд шүүхэд тооцуулах ийм нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.
Иймд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, ЕТТ-2020/697 гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч компани болон Ханган нийлүүлэлтийн сүлжээ девелопмент компаниудтай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 12.1-д худалдан авагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж заасан. ЕТТ 2020/697 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 1.1-д энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй гэж заасан, мөн 697 дугаартай үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний хүчинтэй хугацааг сунгасан, худалдан авагч талаас ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн гэрээний хүчин төгөлдөр олгогдох хугацааг сунгасан өөрчлөлт байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авагчаас ирүүлсэн хүсэлтүүд шалтгааныг хүлээн авч нүүрсийг татан авах боломжоор нь ханган ЕТТ 2020/697 дугаартай гэрээний хүчин төгөлдөр хугацаа сунгасан.
Нэхэмжлэгч компани болон Ханган нийлүүлэлтийн сүлжээ девелопмент компаниуд нь 697 дугаартай гэрээний дагуу 500,000 тонн нүүрсийг худалдан авах үүрэгтэй байснаас гэрээнд заасан нүүрсийг бүрэн татаж авна гэх үүргийг биелүүлээгүй. Гэрээнд заасан нүүрс татан авах үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор ******* таван толгой компанийн зүгээс 3 удаагийн мэдэгдлийг явуулсан байдаг. Манай компанийн зүгээс 2021 оны 12 сарын 30-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай 01/2822 дугаар албан бичиг, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 01/249 дугаар албан бичиг, 2023 оны 3 сарын 11-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/436 албан бичгүүдээр гэрээг дуусгавар болсон тохиолдолд төлбөрийн болон ачилтын үүрэг биелэгдэхгүй байх тул гэрээний дагуу барьцаалбарыг буцаан олгохгүй байх нөхцөл, өртгийн талаар удаа дараа анхааруулж мэдэгдэл хүргүүлж байсан.
Энэ мэдэгдэл хүргүүлэхээс өмнө манай компанийн зүгээс 4 удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийж, нүүрс татан авах буюу гэрээний үүрэгтэй холбоотой үүргийг биелүүлэх эрхийг нь удаа дараа хангаж байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч компани болоод Ханган нийлүүлэлтийн сүлжээ девелопмент гээд хамтарсан компаниуд нь биелүүлээгүй тул 500,000 ам.долларыг буцаан олгоогүй.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь зөвхөн нүүрсний төлбөр төлөх үүргээс гадна гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй байхад нүүрс ачилттай холбоотой үүрэг хүлээсэн. Энэ үүргийн биелэгдэх, биелэгдээгүй тохиолдолд ч үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар гэрээний 12.1 хийгдсэн. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг хүч хэрэглэж тулган шаардаж хийсэн гэх ямар ч боломжгүй. Нүүрс авах сонгон шалгаруулалт зарлаад зарласныхаа дараа энэ компаниуд шаардлага хангаж байна, Монгол Улсын төрийн өмчийн компанитай яаж гэрээ байгуулдаг талаар гэрээнийхээ нөхцөлийг танилцуулж байгаа. Танилцуулсны үндсэн дээр хэлцэл хийгдэж гэрээ байгуулагдсан. Тэгэхэд гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үндэслэж гэрээгээ хийсний дараа, өөрсдөө холбоотой ачилтаа гүйцэтгээгүйнхээ дараа, байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан, та нар тулган шаардсан гэдэг үндэслэлийг 3 жилийн дараа 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй буюу бид нар Иргэний хуулийн 189-н дагуу, талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд өөрсдөө харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.
Түүнчлэн худалдан авах гэрээний 12 дугаар зүйлд заасан тохиролцоо нь худалдагчаас үл хамаарах шалтгаан нь худалдан авагч нүүрс ачилт хийхгүй байх буюу үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзахгүй байх үүргээ биелээгүй буруутай тал хариуцлага хүлээх үүргийн биелэлтийг хангах зорилготой талуудын хийсэн тохиролцоо юм. Талууд гэрээгээ тохиролцоод нэмэлт гэрээ байгуулагдсан. Хил гаалийн асуудал буюу ковидын улмаас бид нар нүүрсээ татаж аваагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Гэхдээ ковидын хугацаа дууссан, дууссанаас хойш бид хэд гэрээний нэмэлт өөрчлөлтийг 3 удаа сунгаж тэр боломжийг хангасан. Бусад компаниуд нь татан авах үүргээ биелүүлээд байхад тус хамтарсан компани татан авах үүргээ биелүүлээгүйн улмаас уг 500,000 ам.долларыг бид нар гэрээнийхээ 12 дугаар зүйлд заасны дагуу олгоогүй. Энэ нь ******* компанийн зүгээс хууль зөрчсөн гэрээ, тулган шаардаж хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч хуулийн үндэслэлгүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээнийхээ дагуу эрхээ эдэлж, үүргээ хүлээж байгаа. Тус компани нь одоо ч манай компани дээр өөр гэрээнүүдтэй байгаа хэр нь 2020 оны гэрээ нь ийм байна гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо буруу тодорхойлоод байгаа юм. Иймд нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 219/,
3.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /хх 4/,
3.3. Итгэмжлэл /хх 5-7/,
3.4. Нүүр худалдах худалдан авах тухай ЕТТ-2020/697 дугаар гэрээ /хх 8-19/,
3.5. ******* ******* ************** *******ны ХХК-н дүрэм /хх 31-35/,
3.6. Монголбанкнаас зарласан валютын ханш /хх 36-37/.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 40, 56/,
4.2. Итгэмжлэл /хх 42, 162, 188/,
4.3. Хариу тайлбар /хх 54-55, 220/
4.4. Нүүр худалдах худалдан авах тухай ЕТТ-2020/697 дугаар гэрээ /хх 57-78/
4.5. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №1 /хх 79-80/
4.6. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №2 /хх 81-83/
4.7. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №3 /хх 84-85/
4.8. Тооцоо нийлсэн акт /хх 86-87, 216-2187/
4.9. ******* ******* ХК-н 2021.12.30-ны өдрийн 01/2822 дугаар албан бичиг /хх 88/
4.10. ******* ******* ХК-н 2022.02.10-ны өдрийн 01/249 дугаар албан бичиг /хх 89/
4.11. ******* ******* ХК-н 2022.03.11-ний өдрийн 01/436 дугаар албан бичиг /хх 90/
4.12. ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 2021.09.20-ны өдөр ******* ******* ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх 210/
4.13. ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 2021.12.12-ны өдрийн албан бичиг /хх 211/
4.14. ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 2021.12.01-ний өдрийн албан бичиг /хх 212/
Хэрэгт цугларсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь анх хариуцагч ******* ******* ХК-иас 500,000 ам доллар буюу 1,424,830 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЕТТ-2020/697 гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1, мөн гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтууд нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн, гэрээний агуулгаас үзвэл үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа хэрэглэгдэхгүй байтал хариуцагч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т заасныг зөрчиж, тэгш бус нөхцөлийг гэрээ болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд тусгасан тул дээрх заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500,000 ам доллар буюу 1,424,830,000 төгрөгийг ******* ******* ХК-иас буцаан шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж мэтгэлцсэн. Үүнд: Талууд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах тухай ЭТТ-2020/697 дугаар гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдийг гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан учир гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 500,000 тонн нүүрсийг худалдан авах, худалдан авахдаа нүүрийг уурхайн амнаас хүлээн авах үүрэгтэй. Гэрээнд 500,000 тонн нүүрсийг 50,000 тонноор төлбөрийг урьдчилан төлж, хүлээн авахаар хуваарь гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 64,000 тонн нүүрс худалдан авсан. Үлдэх 440,000 тонн нүүрсийг худалдан авах үүргээ биелүүлээгүй учир барьцаа төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* ******* ХК /худалдагч тал/ болон ******* ******* ******* ХХК, Ханган Нийлүүлэлтийн Сүлжээ Девелопмент ХХК /худалдан авагч тал/ нар нь 2020.11.30-ны өдөр ЕТТ-2020/697 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулжээ. /хх 9-19/
Тус гэрээгээр ******* ******* ХК нь Таван Толгойн ордоос олборлосон нүүрсийг худалдан авагч буюу ******* ******* ******* ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь нүүрсний үнийг төлөх, нүүрсийг уурхайн амнаас хүлээн авахаар тохиролцож, нийт нийлүүлэх нүүрсний хэмжээ 500,000 тонн байхаар заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
4.2. Гэрээний 1.1-т зааснаар талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2021.09.30-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байна.
Мөн гэрээний 1.2-т гэрээний хэрэгжилтийн хугацаанд хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багассан, авто замын ачаалал нэмэгдсэн, гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдлуудад гэрээний хугацааг сунгаж болохоор тохиролцсон байх бөгөөд энэхүү нөхцөл бүрдсэн гэж үзэж талууд гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байна. Үүнд:
1. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №1 гэрээгээр гэрээний хугацааг худалдан авагчаас ирүүлсэн хүсэлт, худалдан авагч нь 4,857,170 ам доллар төлсөн ба худалдагч нь 64,49.20 тонн коксжих нүүрс нийлүүлснийг, хил гаалийн нэвтрэх хүчин чадал буурч, нүүрс тээврийн Цагаанхад Гашуунсухайт чиглэлийн зам дээр үүсээд буй тээврийн хэрэгслийн дараалал болон Covid-19 цар тахалтай холбоотойгоор давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнийг тус тус харгалзан 2021.12.31-ний өдрийг хүртэл сунгасан байна. /хх 79-80, 210/
2. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №2 гэрээгээр худалдан авагчаас ирүүлсэн хүсэлт, худалдагч нь 2021.12.27-ны өдрийн байдлаар 64,49.20 тонн коксжих нүүрс нийлүүлснийг, худалдан авагчийн уурхайн амнаас татан авсан нүүрс нь Цагаанхад, Чойр болон Мааньт дахь гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж байгааг тус тус харгалзан гэрээний хугацааг 2022.04.01-ний өдөр хүртэл сунгаж, тус нэмэлт гэрээний хугацаанд зөвхөн Цагаанхад, Чойр болон Мааньт дахь гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж байгаа нүүрсийг экспортлох ба гэрээний дагуу 2021.12.31-ний өдрийн байдлаар төлсөн төлбөрийн үлдэгдэлд ногдох нүүрсийг уурхайн амнаас ачиж тээвэрлэж болно. Гэвч худалдан авагч нь энэхүү нэмэлт гэрээний хүчинтэй хугацаанд нийт 50,000 тонн нүүрсэнд хамаарах төлбөрийг нэмж төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээг цаашил сунгахгүй болно гэж заасан байна. /хх 81-83/
3. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №3 гэрээгээр худалдагч нь 64,49.20 тонн коксжих нүүрс нийлүүлснийг харгалзан гэрээний хугацааг 2022.09.30-ны өдөр хүртэл сунгаж, энэхүү нэмэлт өөрчлөлт нь худалдан авагч талын Цагаанхад, Чойр дахь талбайгаас экспортлоогүй үлдэгдэл нүүрсэнд хамаарах ба нийлүүлэгч нь уурхайн амнаас дахин нүүрс шинээр нийлүүлэхгүй болно. Худалдан авагч нь гэрээний дагуу нүүрс татан авахтай холбоотой үүргээ биелүүлээгүй тул барьцаа төлбөр болох 500,000 ам долларыг буцаан олгохгүй бөгөөд нийлүүлэгч талд хэвээр үлдэнэ гэжээ. /хх 84-85/
4. ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №4 гэрээгээр худалдан авагчаас ирүүлсэн хүсэлт, худалдагч нь 2022.09.22-ны өдрийн байдлаар 64,49.20 тонн коксжих нүүрс нийлүүлснийг харгалзан гэрээний хугацааг 2022.12.31-ний өдөр хүртэл сунгаж, энэхүү нэмэлт өөрчлөлт нь худалдан авагч талын Цагаанхад дахь талбайгаас экспортлоогүй үлдэгдэл нүүрсэнд хамаарна гэжээ. /хх27-28/
Зохигч гэрээ байгуулсан болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгчээс барьцаа төлбөр 500,000 ам долларыг хариуцагчид төлсөн, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж, ам нөхцөлөөр буюу нүүрсийг уурхайн амнаас шууд нийлүүлэх боломжгүй болсон тул 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон талаар талууд тайлбарлаж, маргаагүй.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүрэггүй болох нь талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. /хх 86-87, 216-217/
5. Талуудын маргааны зүйл нь гэрээнд тусгагдсан барьцаа төлбөр нь хуульд нийцсэн эсэх, үүнээс улбаалж барьцаа төлбөр болох 500,000 ам долларыг хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй эсэх асуудал байна.
5.1. Нэхэмжлэгчийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 гэрээний нэмэлт өөрчлөлт №3-ийн 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан шаардлага нь ЕТТ-2020/697 гэрээний барьцаа төлбөр болох 500,000 доллар буюу 1,424,830,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.
5.2. Талуудын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаар гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Барьцаа төлбөр: Худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээний барьцаа болох 500,000 ам доллар төлнө гэж,
12 дугаар зүйлийн 12.1-т Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ
13 дугаар зүйлийн 13.3-т Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх, нүүрс татан авах, болон гэрээнд заасан бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдан авагчаас худалдагчид төлсөн гэрээний барьцааг худалдагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тохирох, байгуулах этгээдээ чөлөөтэй сонгох замаар гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилнэ.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг нэрлэн тодорхойлсноос гадна хуульд заасан бол бусад аргыг хэрэглэж болно гэжээ.
Хариуцагчаас гэрээний чөлөөт байдлын хүрээнд талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар тохиролцсон гэж мэтгэлцсэн.
Талуудын гэрээний 8.3-т Худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор гэрээний урьдчилгаа төлбөрт 2,764,000 ам долларыг төлнө. Цаашид үлдэгдэл төлбөрийг 50,000 тонн тутамд урьдчилан бэлнээр эсхүл LC, SBLC /аккредитив/-ийг нээж худалдагч талын нэхэмжлэлийн дүнгээр төлнө. Мөн банкны аливаа үйлчилгээний хураамжийг худалдан авагч хариуцна гэж заасан байна.
Тодруулбал худалдан авагч нүүрсний үнийг урьдчилан төлсний дараагаар худалдагч нүүрсийг нийлүүлэхээр тохиролцсон энэ нөхцөлд худалдан авагчийн төлбөр төлөх үүргийг хангуулахаар барьцааны аргыг тохирох нь шударга бус юм.
Учир нь худалдан авагч нүүрсний үнийг урьдчилан төлөөгүй тохиолдолд худалдагч нүүрс нийлүүлэхгүй буюу гэрээ хэрэгжих боломжгүй, энэ талаар ч талууд гэрээний 13.4-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 8.2 болон 8.3-т заасан урьдчилгаа болон барьцаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөлөөгүй тохиолдолд худалдагч нэг талын саналаар энэхүү гэрээг цуцална гэж заасан байна.
Улмаар үнийг урьдчилан төлөх үүргийг барьцааны зүйлээр хангуулахаар зохицуулах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасантай нийцэхгүй.
Энэ тохиолдолд барьцаагаар хангагдах үүрэг, түүний хэмжээ юу болох зэрэг тодорхойгүй байдал үүсэж байна.
Мөн хариуцагчаас худалдан авагч нүүрсний үнийг төлөх, нүүрсийг хүлээн авах буюу ачих үүрэгтэй гэж тайлбарласан.
Талуудын гэрээний 3.2-т ... гэрээний дагуу нүүрс нийлүүлэх цэг нь уурхайн ам байна. Худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд нүүрсийг Уурхайн амнаас ачиж өгснөөр нүүрсний өмчлөх эрх, холбогдох бүхий л зардал, үр ашиг болон эрсдэл Худалдан авагчид бүрэн шилжинэ гэж заасан болон гэрээний 6.4, 12.3 зэрэг заалтууд болон гэрээний агуулгаас үзвэл нүүрс ачилттай холбоотойгоор үүсэх аливаа эрсдэлийг худалдан авагч хариуцахаар тусгасан нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлд нийцэж байна.
Худалдан авагч худалдан авсан хөрөнгөө хүлээн аваагүйн улмаас эрсдэл хаашаа шилжих асуудал бөгөөд үүргийн гүйцэтгэлтэй хамааралгүй юм.
Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т баталгаажилт гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг,
4.1.4-т худалдагчийн барьцааны эрх гэж эд хөрөнгийг зээлээр худалдсан худалдагч, эсхүл худалдан авагчид эд хөрөнгийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тухайн худалдсан эд зүйлийг барьцаанд авахыг ойлгоно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл барьцааны эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгох, тэргүүн ээлжид барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн ойлголт бөгөөд эд хөрөнгийг зээлээр худалдсан тохиолдолд худалдагчид барьцааны эрх үүсэж болох талаар хуульчилсан байна.
Иймд зохигчийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2020/697 дугаар гэрээний 8.2-т Барьцаа төлбөр: Худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээний барьцаа болох 500,000 ам доллар төлнө гэж, 12.1-т Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 500,000 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж,
13.3-т Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх, нүүрс татан авах, болон гэрээнд заасан бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдан авагчаас худалдагчид төлсөн гэрээний барьцааг худалдагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэсэн заалтууд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Хүчин төгөлдөр бус заалтын үндсэн дээр хийсэн ЕТТ-2020/697 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №3 гэрээний 3-т Худалдан авагч нь гэрээний дагуу нүүрс татан авахтай холбоотой үүргээ биелүүлээгүй тул барьцаа төлбөр болох 500,000 ам долларыг буцаан олгохгүй бөгөөд нийлүүлэгч талд хэвээр үлдэнэ гэсэн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна гэж үзсэн тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтуудыг нэгтгэн дүгнэсэн болно.
6. Хэдий гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус байх боловч, зохигчдын хооронд байгуулагдсан ЕТТ-2020/697 тоот гэрээний хугацаа 2022.12.31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул хариуцагчийг барьцаа төлбөр болох 500,000 ам доллараар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үеийн буюу 2020.11.30-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам доллар 2,849.66 төгрөгийн ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч ******* ******* ХК-иас 1,424,830,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,282,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,282,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.11.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг тус хэрэгт хамааралтай гэж үзэх баримтгүй байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-иас 1,424,830,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 7,282,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,282,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА