Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01411

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01267 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Г ын нэхэмжлэлтэй, хариуцагч И.О д холбогдох 2,900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Миний бие И.О тэй 2017 онд уулзаж, ... газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, газрын мөнгийг И.О ийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэтэл уг газар И.О ийн эзэмшилд байгаагүй ба зээлийн барьцаанд тавигдсан, газар эзэмших эрх дууссан, гэрчилгээ нь хүчингүй болсон байсан. И.О 2018 оны 09 сард уг газрыг өөр хүнд худалдахаар боллоо, 10,000,000 төгрөгийг чинь удахгүй өгнө гэсэн боловч буцаан өгөлгүй намайг хохироосоор ирсэн. 2019 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Бидний хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл, баримт гэх зүйл байхгүй. И.О тэй 2020 оны 07 сарын 31-ний өдөр уулзаж мөнгөө авья гэхэд 9,000,000 төгрөг өгч чадахгүй, 6,100,000 төгрөг л төлнө, чи намайг цагдаад өгч дарамтлуулсан учраас 2,900,000 төгрөгийг чинь өгөхгүй, суутгаж авна, дахиж мөнгө нэхэмжлэхгүй гэсэн бичиг хийж өгвөл 6,100,000 төгрөгийг чинь одоо өгье гэсэн тул би арга буюу хууль бус баримтад гарын үсэг зурж өгсөн. 10,000,000 төгрөг авчихаад 7,100,000 төгрөгийг 3 жил гаруй хугацааны дараа өчнөөн чирэгдүүлж байж өгчихөөд 2,900,000 төгрөг дутуу өгч, хуулийн байгууллагад өгсөнд өширхөж, дарамталж, үндэслэлгүй хөрөнгөжиж, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул И.О ээс 2,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Талууд хоорондоо тохиролцож, газар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. Тухайн үед Ш.Г тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэж тайлбарлаж, газарт хашаа барьчих гэж хэлсэн. И.О өөрийн хөрөнгөөр уг газарт хашаа барьсан. Хашаа барьсны дараа Ш.Г тус газарт худаг барих зорилгоор газрыг хөндсөн. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан гэж ямар ч нотлох баримтгүй худал зүйл тайлбарлаж байна. Ш.Г тухайн газар дээр усны үйлдвэр байгуулна гээд шинжилгээ хийлгэсэн. Гэтэл шинжээч усны үйлдвэр байгуулах боломжгүй, бохирдолтой газар байна гэж дүгнэлт гаргасан. Үүний үр дүнд гэрээнээс татгалзах тухай хариуг ирүүлсэн. Мөн урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 10,000,000 төгрөг нь 4 айлын газрын хоёр газрынх нь урьдчилгаа байсан. Тохиролцсон өдрөө 1,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 9,000,000 төгрөгийг бүтэн жилийн хугацаанд цувуулж өгсөн. Гэтэл гэнэт 2019 онд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ш.Г нь хариуцагч И.О д уг газрыг авахаа болилоо хурдан мөнгө буцааж өг гэж хэлсэн байдаг. Гэрээ байгуулах үед газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй, 2019 онд буюу хоёр жилийн дараа дуусах байсан. Харин одоо И.О газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр сунгуулсан. Ш.Г ын бичиж өгсөн бичиг нь түүний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм, 2,900,000 төгрөгийн зардал нь хашаа барьсан болон газар хөндсөнөөс үүссэн зардал юм. Мөн тус газрыг Ш.Г худалдан авна гэсэн учраас өөрийн хөрөнгөө царцаасан буюу энэ нь олж болох орлогоо царцаасан гэсэн үг юм. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно гэж заасан. Энэхүү заалтын нөхцөлийг Иргэний хуулийн тайлбар дээр өрийг дуусгавар болгосон хэлцэл байгуулна гэсэн агуулгаар тайлбарласан. Тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Мөн хэрэв үүргийн харилцааг хэвээр байгааг мэдэж байсан эсхүл мэдэх боломжтой байсан үед үүргийн харилцаа дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн бол хожим эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр маргаж болохгүй, үүний эрх зүйн шалтгаан мөн хуулийн 276 дугаар зүйл гэсэн тайлбар байдаг. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн асуудлаар шаардах эрх дуусгавар болсон гэх тайлбар үүснэ. Түүний гараар бичсэн бичиг нь ерөнхийдөө хэлцэл гэсэн агуулгаар ойлгогдох боломжтой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэнд тооцно гэж заасан. Учир нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж өрийг дуусгавар болгоё гэж бичиг хийж өгсөн. Мөн тухайн баримтыг хариуцагчийн дарамт шахалтын улмаас гарцаагүй байдалд орсон учраас бичсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд дарамт шахалт үзүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.О ээс 2,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Г ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.О ээс 61,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Г ад олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учир шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Худалдах, худалдан авах гэрээ буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулна хэмээн заасан байгаа ч шүүх талуудын тайлбар, мэдүүлэг дээрээс үндэслэж, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн. Мөн Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасан өрийг хүчингүй болгохдоо гэрээ заавал гэрээ байгуулсан байх ёстой хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд худалдах-худалдан авахтай холбоотой хэлцэл дээр гэрээ байгуулагдахад хэлбэрийн шаардлага хангаагүй байхад гэрээ байгуулагдсанд тооцсон хэдий ч өрийг хүчингүй болгохтой холбоотой асуудал дээр зайлшгүй гэрээ байгуулагдсан байх ёстой гэж зөрүүтэй байдлаар тайлбарласан байна.

4.б. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт ...талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно гэж заасан. Энэ заалтын нөхцөлийг Иргэний хуулийн тайлбар дээр өрийг дуусгавар болгосон хэлцэл байгуулна гэсэн агуулгаар тайлбарласан байдаг. Тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т "...Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэнд тооцно гэж заасан. Учир нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тухайн өрийг дуусгавар болгоё гэж бичиг хийж өгсөн. Уг баримтыг хариуцагчийн дарамт шахалтын улмаас гарцаагүй байдалд орсны улмаас бичсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд түүнийг нотолсон баримт байхгүй. Мөн И.О нь хүнд дарамт, шахалт үзүүлэх албан тушаал эрхэлдэггүй одоогоор хувийн байгууллагад ажиллаж байгаа энгийн ажилчин иргэн. Ш.Г нь шүүх хурлын явцад үүргийн харилцаа дуусгавар болсон гэх утгатайгаар уг баримтыг үйлдэхдээ өөрийн бүрэн хүсэл зоригийн хүрээнд дарамт шахалтад оролгүй үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

4.в. Тухайн өр төлбөргүй гэх баримтыг Ш.Г нь өөрийн хүсэл зоригийн үүднээс үйлдэн хариуцагч И.О д өгсөн бөгөөд тухайн баримтны арын хэсэгт И.О нь хүлээн авахдаа өөрийн гарын үсгийг зурсан. Энэ тохиолдолд зөвхөн нэг талын хүсэл зориг гэж харах үндэслэлгүй байна. Уг баримтыг хүлээж авсан үйлдэл болон өөрийн гарын үсгээ зурсан үйлдэл нь И.О ийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсгийн тавигдах шаардлага хэсэгт Өрийг хүчингүй болгох тухай гэрээний хувьд заавал мөрдөх хэлбэр гэж байдаггүй. Өрийг хүчингүй болгох тухай гэрээний саналыг нөгөө тал нь хүлээн авсан байна. Үүрэг гүйцэтгүүлэгч хариу төлбөр нэхэлгүй ийм санал гаргасан бол зарчмын хувьд дуугүй байсныг хүлээн авсанд тооцдог хэмээн тайлбарласан. Ш.Г ын гаргасан тухайн өр төлбөргүй гэсэн баримт, гэрээний саналыг И.О хүлээн авсан нь тухайн өр төлбөргүй гэх гэрээ хүчин төгөлдөр болсоныг илтгэж байна.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарын агуулга: Шүүх маргааныг үнэн бодит эргэлзээгүй талаас нь дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэн шийдвэрлэсэн. Хариуцагч И.О нь надаас хуурч мэхлэн авсан мөнгөө өгөхгүй элдэв арга хэрэглэж, намайг цаг хугацаа, эд материалаар хохироох үүднээс хугацаа хожих байдлаар хуулийн үндэслэлгүй худал тайлбараар давж заалдах гомдол гаргасан байна. Миний зүгээс хариуцагч И.О ээс газар худалдан авах зорилгоор өгсөн мөнгөө буцаан авахгүй гэсэн тохиролцоо хийгээгүй ба өрийг хүчингүй болгосон хүсэл зорилго огт байгаагүй. Харин түүнд өгсөн мөнгийг хууль ёсны дагуу буцаан гаргуулахаар шүүхэд хандсан. Иймд хариуцагч И.О ийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ш.Г хариуцагч И.О д холбогдуулан 2,900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...хариуцагчаас газар худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцож 10,000,000 төгрөг өгсөн, эрхийн доголдолтой байсан учир уг хэлцлээс татгалзсан, 7,100,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 2,900,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэх агуулгаар тайлбарлажээ.

Дээрх шаардлагыг хариуцагч И.О бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авахаар тохиролцсон газар эрхийн доголдолтой байгаагүй, нэхэмжлэгчид 7,100,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 2,900,000 төгрөгийг хашаа барьсан, газар хөндсөн зардалд суутган авсан, нэхэмжлэгч нь хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар өрийг хүчингүй болгосон учир үүрэг дуусгавар болсон... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигч, тэдгээоийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдохоор, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор тус тус зохицуулжээ.

Иймд Ш.Г , И.О нар 2017 онд зуслангийн газар худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, Ш.Г ааас И.О д нийт 10,000,000 төгрөгийг өгсөн, улмаар талууд худалдах, худалдан авах хэлцлийг дуусгавар болгож, И.О ээс Ш.Г ад 7,100,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тус тус зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрх буюу газрын эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх учиртай.

Ш.Г , И.О нар газар худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулсан учир тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх-аар зохицуулсны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй гэж заасны дагуу арилгах үүргийг хүлээнэ.

 

6. Хариуцагч И.О нь нэхэмжлэгч Ш.Г аас хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу 10,000,000 төгрөгийг хүлээн авч, 7,100,000 төгрөгийг буцаан өгсөн учир үлдэх 2,900,000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь өмнө дурдсан хуулийн зохицуулалтад нийцнэ.

Аливаа хүчин төгөлдөр бус хэлцэл нь хэлцлийн талуудад эрх, үүргийг бий болгохгүй учир 2020 оны 07 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ш.Г ын үйлдсэн ...Бид нарын хооронд тооцоо төлбөр дууссан... гэсэн агуулга бүхий баримтыг үндэслэн 2,900,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх боломжгүй. Энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 61,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР