| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0177/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 184
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Лхагваагийн Гансүхэд холбогдох 1831001040135 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сант суманд 1979 оны 06 дугаар сарын 06-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, тракторчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2-р баг, Мөнхтолгой, орхон 2-р гудамж, 210 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржгон овогт Лхагвын Гансүх, РД:/МЛ-79060611/
Шүүгдэгч Л.Гансүх нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Орхоны 2-10 тоот хашаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн хийх үедэ иргэн О.Пунцагийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Л.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 26-нд яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 04 дугаар сарын 03 ны орой манай найз Пунцаг, ах Ганбаатар хоёрын хамт хашаандаа тракторт засвар хийж дуусаад 23 цагийн үед унтах гээд хэвтэж байтал манай хажуу айлын найз болох Буриад нэг шил архитай орж ирээд Пунцаг бид хоёр тэр архинаас нь ууж байгаад Буриад “манай гэр лүү орж ууя” гэхээр нь бид хоёр тал шил архиа аваад Буриадын гэрт ууж дуусгаад Буриад бид хоёр баар луу явж дахиж нэг шил аваад Буриадын гэрт ирэхэд Пунцагыг Буриад утсаар дуудаж ирүүлээд хамт ууж дуусах үед 02 цагийн үед Пунцаг бид хоёр Буриадын гэрээс гараад хашааны гадаа байсан машинд суугаад би машинаа хашаа руу оруулаад зогсоход машинаас Пунцаг буугаад явсан. Би машинаа байшингийн урд тал руу байрлуулах санаатай ухрахад машины ард хүн орлох чимээ гарахаар нь би зогсоод машинаас буугаад ирсэн чинь машины ард тал Пунцаг “миний хөлийг дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай ах Ганбаатар Буриадын эхнэрийн дуудаж эмнэлэгт дуудлага өгсөн. Пунцаг бид 2 багын найз нөхөд хүмүүс. Найзлаад 20 гаруй жил болж байна. Бид 2-н дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Тэр үед үнэхээр санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж би найзынхаа хөлийг дайрчихсан юм. “Тоёота Спринтер” маркийн тээврийн хэрэгслийг би 2016 онд манай эгчийн хүүхэд Ууганбаяраас 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг машин нь Хас банкны эзэмшилд байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 83-р ху/,
2. Шүүгдэгч Л.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 16-нд яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 04 дугаар сарын 03-ны орой манай найз Пунцаг, ах Ганбаатар хоёрын хамт хашаандаа тракторт засвар хийж дуусаад 23 цагийн үед унтах гээд хэвтэж байтал манай хажуу айлын найз болох Буриад нэг шил архитай орж ирээд Пунцаг бид хоёр тэр архинаас нь ууж байгаад Буриад “манай гэр лүү орж ууя” гэхээр нь бид хоёр тал шил архиа аваад Буриадын гэрт ууж дуусгаад Буриад бид хоёр баар луу явж дахиж нэг шил аваад Буриадын гэрт ирээд Пунцагийг Буриад утсаар дуудаж ирүүлээд хамт ууж дуусах үед 02 цагийн үед Пунцаг бид хоёр Буриадын гэрээс гараад хашааны гадаа байсан машинд суугаад би машинаанаа хашаа руу оруулаад зогсоход машинаас Пунцаг буугаад явсан. Би машинаа байшингийн урд тал руу байрлуулах санаатай ухархад машины ард хүн орлох чимээ гархаар нь би зогсоод машинаас буугаад ирсэн чинь машины ард тал Пунцаг “миний хөлийг дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай ах Ганбаатар Буриадын эхнэрийн дуудаж эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр үед үнэхээр санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж би найзынхаа хөлийг дайрчихсан юм. “Тоёота Спринтер” маркийн тээврийн хэрэгслийг би 2016 онд манай эгчийн хүүхэд Ууганбаяраас 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг машин нь Хас банкны эзэмшилд байдаг. Учирсан хохирлоо бүрэн барагдуулаагүй байгаа. Одоогоор Пунцагт 1,300,000 төгрөг өгсөн. Одоо 900,000 төгрөг өгөөд бүрэн дуусна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 90-р ху/,
3.Шүүгдэгч Л.Гансүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийг 3-4 сарын дотор төлж барагдуулна. Учруулсан хохиролоосоо 1.300.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 912.450 төгрөгийг 11 дүгээр сард төлж дуусгана төлнө. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч О.Пунцагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Буриад гэх нэртэй залуугийнд архи ууж байсан. Тэгээд байж байтал Сүхээ гэх залууг Буриад гэх залуу “архинд хамт аваад ирье” гээд дагуулаад гарч байсан. ...Гансүх гэх найз маань согтуу машинаа барьж байгаад намайг дайрсан байсан. Зүүн хөл 3 удаа хугарсан. Маш их гомдолтой байна, хөлгүй болчихлоо. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/
5. Хохирогч О.Пунцагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: ... Биеийн байдал сайн эмчилгээ дууссан, зүүн хөлөндөө хагалгаа хийлээд хадуулсан, одоо суг таягтай явж байна. Эмчилгээний зардал нийт 2.212.450 төгрөгний хохирол учирсан. Л.Гансүх надад 800,000 төгрөгний хохирол төлсөн. Үлдэгдэл хохиролыг төлөөгүй байгаа. Надад учируулсан хохирлоос 800,000 төгрөг өгсөн одоо 1,412,450 төгрөгний хохиролыг бүрэн барагдуулчихвал гомдолгүй болно. гэх мэдүүлэг,/хх-ийн 15–р ху/,
6. Хохирогч О.Пунцагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 03 наас 20-ныг хүртэл Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвийн мэс заслын тасагт хэвтэж зүүн хөлөндөө хагалгаа хийлгэж хадуулсан юм. Эмнэлгээс гараад хэсэг хугацаанд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад хагалгаа хийлгэсэн хөлөнд бохир орж идээлж өвдөөд байхаар нь 2018 оны 05 дугаар сарын 21 нээс 25-ныг хүртэл дахиж эмчилгээ хийлгэж хэвтсэн. Эхлээд хагалгаа хийлгэж 17 хоног эмчлүүлэхэд 763,767 төгрөгний зардал гарсан.Үүнээс хойш хагалгаа хийлгэсэн хөлд бохир орж 4 хоног хэвтэхэд 194,140 төгрөг болсон, нийт эмчилгээний зардал 957,907 төгрөгний зардал гарсан. Үүнээс гадна гаднаас авсан эм, тариа, боолт, шинжилгээний зардал, замын зардал 1,254,543 төгрөг гарсан, нийт бодит зардал 2,212,450 төгрөгний зардал гарсан. Биеийн байдал сайн эмчилгээ дууссан, одоо суга таягтай явж байна. Эмчилгээний зардал нийт 2.212.450 төгрөгний хохирол учирсан Үүнээс Л.Гансүх надад хохирол барагдуулах зорилгоор 1,300,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 912,450 төгрөг өгөөгүй байгаа. Үлдсэн хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,
7.Иргэний нэхэмжлэгч М.Туяагийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...05-33 УБТ улсын дугаартай “Тоёота Спринтер” тээврийн хэрэгслийг Б.Чинзориг 8,000,000 сая төгрөгийн барьцаанд тавьсан байна. Б.Чинзориг нь манай банкинд тавьсан зээлээ 2017 оны 08 дугаар сарын 19-нд бүрэн хааж дууссан. Уг тээврийн хэрэгслийг манай банкнаас шилжүүлж аваагүй байгаа. Тээврийн хэрэгслийн зээл бүрэн дууссан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,
8. Гэрч Г.Очирын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай том хүү Алтангэрэл 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө надад хэлсэн. “Пунцаг урд шөнө доод хорооллын Гансүхийн хашаанд маншинд дайруулаад хөл нь хугарч Дархан явсан” гэж хэлсэн. Зүүн хөл нь өвдөгнөөс доогуур 3 хугарсан байна гэсэн. ...гэх мэдүүлэг, /хх 31-р ху/,
9. Гэрч С.Ганбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Би унтаж байтал шөнө 02 цагийн үед гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал Гансүх машинтайгаа хашаанд ороод ирчихсэн, жолооныхоо ард сууж байсан. Пунцаг машинаас нь газар уначихсан орилоод байсан. Пунцагаас “яасан бэ” гэхэд “Гансүх машинаараа ухраад мөргөчихлөө” гээд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р хуудас/,
10.Гэрч Ц.Буриадын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Гансүх бид хоёр 21 цагийн үед баар орж 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авч гэрт нь ирээд авсан архиа задлаад Ганбаа ах, Пунцаг хоёрт архинаасаа нэг нэг хийж өгөөд, Гансүх бид хоёр манай гэрт ирж уусан. Бид хоёр баарнаас дахин нэг шил архи авч Пунцагийг дуудсан. Удалгүй Пунцаг ирж хамт архи уусан. Тэгээд би гэртээ үлдсэн. Гансүх, Пунцаг хоёр гараад явсан. Өглөө Гансүх орж ирээд “урьд шөнө би Пунцагийн хөлийг дайрчихлаа, хоёулаа Пунцагийн араас Дархан явъя” гэсэн. Гансүх 05-33 УБТ улсын дугаартай жижиг машинтай явж байсан. Машиныг Гансүх жолоодож байсан. Гансүх Пунцагийг гэрийнхээ хашаанд машинаа ухрааж тавих гэж байгаад дайрсан гэж хэлсэн. Тэр шөнө унаж явсан машинаараа дайрсан гэж хэлсэн. Бид хэн, хэнтэйгээ маргалдсан асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/,
11.Гэрч Ц.Наранцацралын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой манай нөхөр Буриад хөдөө айлд ямаа самнаж байгаад 20 цагийн үед ирээд хоол цайгаа уучихаад Гансүхийнх рүү орсон. 20 минутын дараа Буриад Гансүхийг дагуулчихсан 1 шил архи барьчихсан орж ирээд тэр хоёр уусан. Архи уучихаад тэр хоёр хамт гараад удалгүй дахиад нэг шил архи авчираад манай нөхөр Пунцагийг утсаар дуудсан. Удалгүй Пунцаг ах ороод ирсэн. Тэгээд нэг шил архиа тэр гурав хувааж уусан. Шөнө 00 цаг 30 минутын үед Гансүх Пунцаг “хоёр явлаа” гээд гарсан. Манай нөхөр гэртээ үлдсэн. Шөнө унтаж байтал 02 цагийн үед манай гэрийн хаалгыг Гансүхийн ах, Ганбаа ах цохиод, би хаалгаа онгойлгож өгсөн чинь Ганбаа ах сандарчихсан “Гансүх Пунцагийг дайрчихсан байна” гэхээр нь би Гансүхийн хашаа руу ороход Пунцагийг байшингийн урд хэвтүүлчихсэн байхаар нь “яасан бэ” гэхэд Пунцаг “Гансүх машинаараа ухарч байгаад намайг мөргөчихлөө” гэж байсан. Тэгэхээр нь Пунцагийн цээжнээс өргөөд босгох гэтэл “миний хөл өвдөөд байна” гэсэн. Тэгээд би сумын эмнэлэг дуудсан. Гансүхийн жижиг саарал машин нь байшингийн урд ухарсан байдалтай зогсож байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/,
12.Гэрч Г.Мөнх-Эрдэнийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Л.Гансүх нь даруу зантай, үг дуу цөөтэй, биеэ зөв авч явдаг, машин тэрэг сайн засварладаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р хуудас/,
13.Гэрч Ч.Энхжаргалын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Гансүхийг сайн танина, хүүхэд байхын мэднэ. Гансүхийн ээж аавтай нь олон жил айл аймаг явсан юм. Л.Гансүх нь хүнтэй мэндтэй явдаг, хүнлэг зантай, хүнд тусархаг залуу байдаг. Хаяа нэг уудаг байх, гэхдээ архи уучихаад хэрүүл маргаан, зодоон цохион хийж байна гэж би сонсоогүй хараагүй. Л.Гансүх Хушаат суманд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Оюун- Эрдэнэ ажилгүй хүүхдүүдээ хардаг, Л.Гансүх ганцаараа ажил хийдэг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,
14. Гэрч Д.Дангаасүрэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Л.Гансүхийг хүүхэд байхын мэднэ, би ээж аавтай нь хамт ажилладаг байсан, Л.Гансүх машин техник сайн засварлаж янзалдаг даруухан залуу байдаг. Л.Гансүх нь хүнд их тусархуу залуу байдаг, үг дуу цөөтэй залуу. Хаяаа нэг уучихсан явж байдаг, гэхдээ хүнтэй хэрүүл маргаан гаргаад байдаггүй, даруу талдаа хүн. Л.Гансүх Хушаат суманд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Оюун- Эрдэнэ ажилгүй хүүхдүүдээ хардаг, Л.Гансүх ганцаараа ажилладаг. Одоо Зүүнхараад газар тариалангийн кампанид ажилладаг гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/,
15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн № 186 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.О.Пунцагийн биед шилбэний шаант, тахилзуур ясны хоёрлосон хавсарсан хугарал бүхий цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 47-р ху/,
2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.”Зам тээврийн осол”-зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэх, гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Уг болсон асуудал нь айлын хашаанд дотор үйлдэгдсэн байх тул “Замын хөдөлгөөн” нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааны үед үйлдэгдээгүй байх тул зам тээврийн осол биш. ...гэх дүгнэлт /хх-ийн 69-р ху/,
Шүүгдэгч Л.Гансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 94-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11-р ху/, хохиролын талаархи баримт, /хх-ийн 17-20-р ху/, шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 44-р ху/,өвчний түүх, /хх-ийн 50-64–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 88-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 80-81-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 82-83, 89-90-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66, 72, 76-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65, 71, 75-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 97–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 96–р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 101-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол, /хх-ийн 103–р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Гансүх нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Орхоны 2-10 тоот хашаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн хийх үедэ иргэн О.Пунцагийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудар батлагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гансүхийг дээрхи гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хэргээ хүлээн зөвшөөрсөн болон прокуророос шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх гаргасан саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос үлдсэн 912,450 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржгон овогт Лхагвын Гансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 -р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Лхагвын Гансүхийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Гансүхийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Гансүхэд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Л.Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН