| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2502 00240 0243 |
| Дугаар | 2026/ДШМ/460 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/460
Я.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Чанцалдулам,
шүүгдэгч Я.С-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Анхзаяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.С-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Анхзаяа, О.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Я.С-д холбогдох эрүүгийн 2502 00240 0243 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт Я-ын С-, 1980 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөгч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:ЧЯ-/.
Шүүгдэгч Я.С- нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6, 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4 дэх заалтад заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нарыг Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажилд томилж, Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нар нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, цагийн бүртгэл хийгдээгүй байхад тэдгээрт тус төрийн байгууллага, албан газраас нийт 69,831,818 төгрөгийн цалин олгуулсан, улмаар дээрх мөнгийг Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нараас бэлнээр болон өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан авч өөртөө 69.831.818 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосны улмаас төрийн байгууллага, албан газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Я.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Я.С-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С-г нийтийн албанд ажиллах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С-д оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөрдөн шалгалтын явцад Б.М-оос 9.360.000 төгрөг, Ц.У-гоос 8.852.530 төгрөг, Д.У-гоос 751.168 төгрөг, нийт 18.963.698 төгрөгийг АТГ-ын төрийн сангийн 100900033401 дансанд байршуулсныг гаргуулж хохирогч "20 минутын хот хөгжлийн төв”-д шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Я.С-гийн өмгөөлөгч О.Батхүү давж заалдах гомдолдоо: “... Гомдлын үндэслэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хуулийн пропорциональ зарчимд суурилсан бөгөөд, гэмт хэрэгт ногдуулах шийтгэл нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын зэрэг, учруулсан хохирлын хэмжээтэй шууд хамааралтай байх ёстой гэж үздэг. Хуулийн энэ шаардлагыг хангахын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн, тэр дундаа учруулсан хохирлын хэмжээг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой. Ялангуяа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт хохирлын хэмжээ хэрхэн тогтоогдох нь гэм буруутай этгээдэд ногдуулах санкцад шууд нөлөөлдөг. Анхан шатны шүүх Ц.У-, Б.М- нарт олгосон ажлын хөлс буюу цалинг Я.С-г хувьдаа авч ашигласан гэж дүгнэж, энэ дүнг учруулсан хохирлын хэмжээнд нэгтгэж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд энэ нөхцөл нь ялын хэмжээг хүндрүүлэх нөхцөл болжээ. Өөрөөр хэлбэл, Ц.У-гийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 8.852.530 төгрөг, Б.М-д цалин байдлаар олгосон 9.360.000 төгрөг, эдгээр хүмүүсийн Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 4.260.178 буюу нийлбэр дүнгээр 21.334.160 төгрөгийг Я.С-г хувьдаа авч ашигласан гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар маргахгүй. Харин Я.С-гийн хувьдаа авч ашигласан мөнгө буюу улсад учруулсан хохирлыг бодитоор тогтоох, улмаар хохирлын хэмжээнээс хамааруулан ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд Я.С-гийн учруулсан хохирлыг хэмжээг тогтоохдоо Ц.У-, Б.М- нарын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн дүн болох 21.334.160 төгрөгийг 69.831.818 төгрөгийн хохирлоос хасаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Я.С-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндэслэл: Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Молон, Ц.У- нар Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд зайнаас ажилласан учраас цалин авсан, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлөгдсөн нийт 44.141.816.13 төгрөгийг хохирол төлбөрөөс хасуулах, зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хэлэлцүүлэгт оролцсон боловч шүүх хүлээн аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэж гараагүй учраас давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно.
1. Анхан шатны шүүх Ц.У-гийн нэр дээр ажлын тайлан бүрдсэн боловч уг тайлангуудыг Я.С- өөрөө санаачлан бэлтгэж өгсөн болох нь Ж.Отгонсувдын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон бөгөөд эдгээр нь бодит гүйцэтгэлд суурилаагүй атлаа цалин олгох үндэслэл болохоор зохиомлоор бүрдүүлсэн баримт болох нь нотлогдож байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.У- нь Я-н бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргаанд 3D анимэйшн, график дизайнерын албан тушаалд томилогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн олон төрөлт хэрэглээг бий болгох нийтийн тээврийн тусгай замын автобус төслийн зураглал, видео дүрс, 3D модель бэлдэх, танилцуулга зэрэг холбогдох өөрчлөлт саналыг боловсруулж ажилласан талаарх тайлан /3xx 241/ авагдсан. Энэ тайланг өөрөө хийсэн, энэ тайланд дурдагдаад байгаа ажлыг өөрийн биеэр хийж гүйцэтгэсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж гэрчээр мэдүүлэхдээ “... BRT гэх 4 замын уулзварын төсөлд барилгын модель болон Улаанбаатар хотод баригдсан байгаа байгууламжийн урьдчилсан моделийн зургийг хөрвүүлж өгсөн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон ч тухайн оффис нь ажиллах ямар ч нөхцөлгүй байсан учраас онлайнаар ажиллахаар тохиролцож зайнаас ажиллах байсан. ...“ гэж яагаад онлайнаар ажиллах болсноо тодорхой мэдүүлсээр байхад анхан шатны шүүх бодит тайлан нь гүйцэтгэлд суурилагдаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Ц.У- онлайнаар ажиллаж байсан талаарх бусад гэрчийн мэдүүлгүүд байхад огт ажил хийгээгүй гэж дүгнэж байгаа нь хэргийг бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Ж.О- мэдүүлгийн тухайд, уг гэрч нь “Авлигатай тэмцэх газарт Ц.У-г Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажил эрхэлдэг талаар тайлбартаа /1xx 11, 3xx 72/, С- захирал дээрх хүмүүсийн ажлын тайлан гээд надад баримтууд гаргаж өгсөн., тус баримтууд нь надад байгаа” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэгт С-г өөрийн санаачилгаар Ц.У-, Б.М- нарын тайлан бэлдэж өгсөн гэдэг агуулга байдаггүй, зөвхөн тайланг С- өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Я.С- өөрөө санаачлан бэлтгэж өгсөн болох нь Ж.О-ын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй.
2. Гэрч Б.М- /3xx 70/ “тэднийг ажилд авах тушаал, хөдөлмөрийн гэрээний төслийг Я.С-гийн өгсөн анкетын дагуу боловсруулж, сонгон шалгаруулалт явуулаагүй, хөдөлмөрийн гэрээг тэд шууд Я.С-тэй байгуулсан, мөн ажлын байранд ирдэггүй, цагийн бүртгэлд огт бүртгэгддэггүй байсан” гэж мэдүүлснээр хөдөлмөрийн харилцаа бодитоор хэрэгжээгүй байхад захиргааны даргын шийдвэрээр баримт бүрдүүлж, цалин олгосон явдлыг шууд илчилж байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.У-, Б.М- нар зайнаас ажил эрхэлдэг байсан талаар /1xx 10-11/ Ж.О- /1xx 12/, Б.Б- /3xx 68, 1хх 19/ Ц.М- /1xx 21/, Б.М- /4xx 134/, Б.М- /1xx 23/ нарын тайлбар зэргээр нотлогддог. Мөн Ц.У-, Б.М- нар нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд зайнаас ажил эрхэлдэг байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт Б.М- “... С- даргатай Трасын дагуу замын нөлөөлөлд саад болсон шугамуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зураг төслийн ажилд хамтарч ажиллахаар болсон. Ингээд ажлын хүрээнд газар дээр нь ямар шугам байгаа талаар тоо хэмжээ гаргаж, хүчин чадал болон хүчдэлийг тогтоож хамгаалах арга хэмжээг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Түүний дараагаар хэр хэмжээний өртөг гаргах болсон талаар судалгаа хийж байсан” гэж хийсэн ажлынхаа талаар тодорхой мэдүүлснээр хөдөлмөрийн харилцаа бодитоор хэрэгжиж цалин хөлс авсан болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад “ажил хийсэн” гэх эсрэг агуулгатай мэдүүлэг өгсөн нь хэрэгт цугларсан банкны гүйлгээний баримт, цагийн бүртгэлийн материал, ажлын тайланг хэн, ямар нөхцөлд бүрдүүлсэн талаарх гэрч нарын мэдүүлэг мөн бусад холбогдох баримтаар няцаагдаж байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.У-, Б.М- нар нь зайнаас ажил эрхэлдэг байсан учраас цагийн бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй, энэ талаар бусад ажилчид нь зайнаас ажиллаж байсныг гэрчийн мэдүүлгээр хэлдэг. Цагийн бүртгэлд бүртгүүлээгүй нь байгууллагын дүрэм, журам зөрчигдөөгүй, дансны хуулганы тухайд мөнгө хоорондоо шилжүүлж байсныг нотлох баримт болохоос зайнаас ажил эрхэлж байсныг үгүйсгэх нотлох баримт биш байхад шүүх ажил эрхлээгүйг нотолж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3. Гэрч С.Б- /3xx 68/ нь нэр дурдсан хүмүүсийг Я.С- өөрөө сонгон томилсон, ажлын байрны зар, хүний нөөцийн урьдчилсан судалгаа огт хийгээгүй. Тухайн үед байгууллагад байсан хүний нөөцийн ажилтнууд төслийн ажлыг гүйцэтгэх боломжтой байсан атал тэдний ажлын тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөө, жилийн эцсийн үнэлгээний материал нэг ч байгаагүй тухай мэдүүлсэн нь тэднийг бодит хэрэгцээ, гүйцэтгэлгүйгээр зөвхөн Я.С-гийн санаачилгаар томилж, хяналтгүйгээр цалин олгосон болохыг нотолж байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь /1xx 32/ Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны бүтэц авагдсан энэ бүтцийн хүрээнд Ц.У-, Б.М- нар нь томилогдсон бөгөөд Я.С-гийн мэдүүлгээр эдгээр хүмүүс нь тухайн ажлыг явуулахад зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүс байхад бодит хэрэгцээгүй дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зүгээс Д.У-, М.О-ын цалин авсан үйлдэлд маргахгүй. Харин Ц.У-, Б.М- нарын зайнаас ажиллаж байсан нь өөрсдийн мэдүүлэг, тайлан, бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх ажил гүйцэтгээгүй этгээдүүдийн нэр дээр цагийн бүртгэл бүрдүүлж, түүнийг захиргааны удирдлагын түвшинд баталгаажуулан төсвийн мөнгө гаргуулж байсан үйл явцыг нотолж байна гэж дүгнэж тэдгээрийн цалин хөлс, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн дүнгээр бүх хохирол төлбөрт тооцож байгаад гомдолтой байна. Иймд Ц.У- цалинд авсан 8.852.530 төгрөг, Б.М-ын цалинд авсан 9.360.000 төгрөг, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 4.740.492, нийт 23.704.622 төгрөгийн дүнгээр хохирлыг анхан шатны шүүхээс тогтоосон. 69.831.818 төгрөгийн хохирлоос хасаж бодит хохирлыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэл хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү.”,
“Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирол, төлбөрийн асуудал дээр маргаж шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан байгаа дүнгээр тооцож шийдвэрлэсэн. Прокурор яллах дүгнэлтдээ Я.С-г Ц.У-, Б.М- нарыг ажил хийж гүйцэтгээгүй байхад тэдгээрийг ажил хийсэн мэтээр цалин гэж мөнгө олгож, улмаар өөрийн дансанд мөнгийг шилжүүлж авсан гэж дүгнэсэн. Гэтэл дээрх 2 этгээд нь тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо “...анхан шатны шүүхээс Ч.С-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос Ц.У-, Б.М- нараас авсан гэх хэсгийг хасаж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж өгнө үү...” гэх агуулгаар гаргасан. Ч.С-гийн зүгээс Д.У-, О- нарын цалинг авсан асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Харин Ц.У-, Б.М- нар ажлаа хийгээд цалин хөлсөө авсан байхад прокуророос Ц.У-, Б.М- нарыг ажлаа хийгээгүй мэтээр дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Ц.У-, Б.М- нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг хоёр этгээд мэдүүлэгтээ ажлаа хэрхэн, ямар байдлаар гүйцэтгэсэн талаараа тодорхой мэдүүлсэн. Мөн хэргийн материалд цугларсан нотлох баримтуудад Ц.У-, Б.М- нарын хийсэн ажлын тайлан авагдсан. Гэтэл шүүхээс тухайн тайланг “бодит гүйцэтгэлд үндэслэгдээгүй” байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн тайлантай холбоо ямар ч ажиллагаа хийгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх “бодит гүйцэтгэлд үндэслэгдээгүй” гэж дүгнэснийг өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна. Ц.У-, Б.М- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өөрсдийгөө ажил гүйцэтгэж байсан талаараа мэдүүлсэн. Мөн гэрч О-, Б-, Ж-, Б-, А-, М- нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ Ц.У-, Б.М- нарыг ажил хийсэн талаар мэдүүлсэн. Тухайн мэдүүлгүүд нь хэргийн материалд хавсаргагдсан. Харин анхан шатны шүүхээс дээрх 2 этгээдийг ажил хийгээгүй байхад Я.С- нь ажил хийсэн мэтээр цалин олгож байгаа нь өөртөө давуу байдал олгосон үйлдэл гэж үзсэн. Хавтаст хэргийн материалд Ц.У-, Б.М- нарыг ажил хийж гүйцэтгэсэн талаар хангалттай баримт авагдсан байгаа тул тэдгээрийн хийсэн ажлынхан хөлсийг шүүгдэгч Я.С-гийн төлөх ёстой хохирлоос хасаж, гэрч Ц.У-, Б.М- нарт олгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналтай байна. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрч нарын мэдүүлэг, ажлын тайлан, Ц.У-, Б.М- нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Ц.У-, Б.М- нар нь тухайн цаг хугацаанд ажил хийж байсан болох нь хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч Б.М-ын Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Ажил хийсэн хүмүүсийн цалин, хөлсийг хохиролд тооцож байгаа нь үндэслэлгүй байгаа тул тухайн ажлын хөлсийг хохирлоос хасаж, Я.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Я.С-гийн өмгөөлөгч Б.Анхзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын үндэслэл: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийж үзэхэд шүүх дараах үндсэн агуулгуудад тулгуурлан Я.С-г гэм буруутай гэж үзсэн байдаг. Үүнд: 1. Ц.У- болон Б.М-ыг “бодит ажил эрхлээгүй атлаа цалин мөнгө авсан, авсан цалингаа өөртөө зарцуулж үр шимийг нь хүртэх байтал бусдад хуваарилж, шилжүүлсэн нь буруу” гэх дүгнэлт; 2. "Я.С- өөрөө сонгон томилсон, ажлын байрны зар, хүний нөөцийн урьдчилсан судалгааг огт хийгээгүй, тухайн байгууллагын ажилтнууд энэ ажлыг гүйцэтгэх боломжтой, ажлын тайлан... байгаагүй” гэх Б-ийн мэдүүлгээс улбаалсан дүгнэлт; 3. Гэрч М-гийн мэдүүлгээр “Хөдөлмөрийн харилцаа бодитоор хэрэгжээгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй, ажлын байранд ирдэггүй, цагийн бүртгэлгүй” гэх дүгнэлт, 4. "Гэрч О- ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээр ажлын тайланг Я.С- өөрөө гаргаж өгсөн гэдгийг нотолсон” гэх шүүгчийн дүгнэлт; 5. "Энэхүү ажлыг дангаараа хийж чадахгүй, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласан гэдэг нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн үр шим буюу цалин бусадтай хуваалцах боломжгүй” гэх дүгнэлтүүд багтсан. Я.С- нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргын албан тушаалд 2024 оны 10 дугаар сарын 02-нд томилогдсоны дараахан буюу тус сарын 24-нд “20 минутын хот Үндэсний хороо”-ны хурал зарлагдсан тул уг хурлаар Я.С-д Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах болон бусад нийтийн тээвэр, үйлчилгээг сайжруулахтай холбоотой анализ судалгаа, зураг төсөл боловсруулах, түүнийгээ танилцуулах 3D видео контент бүтээх зэрэг ажлуудыг 21 хоногт багтаан гүйцэтгэж танилцуулах үүргийг өгсөн. /2024 оны 10 дугаар сарын 27-нд болсон Үндэсний хорооны хурлын тогтоолоос нотлогдоно/. Уг даалгаврыг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр чадвартай мэргэжилтнүүд, төлөвлөгч, график дизайнер зайлшгүй шаардлагатайгаас гадна тэднийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах асуудал тулгарсан. Гэвч тухай захиргаанд 11 хүн (дан захиргааны үндсэн ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий) ажиллаж байснаас энэ чиглэлийн, ур чадвар, туршлагатай мэргэжилтэн байгаагүйгээс гадна шаардлагатай техник тоног төхөөрөмж, сандал ширээ ч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Энэхүү нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд дээр дурдсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа агуулга тус бүрийн үндэслэлийг дор тайлбарлая.
1. Ц.У- болон Б.М- нарыг бодит ажил эрхлээгүй атлаа цалин мөнгө авсантай.... холбоотой асуудлаар хийсэн шүүгчийн дүгнэлтийн тухайд: Ц.У- болон Б.М- нар нь Я.С-тэй уулзаж мэргэжлийн ажлуудыг богино хугацаанд хийхээр тохиролцож, мөн авсан цалингаасаа хүмүүсээр урьдчилан хийлгүүлсэн ажлын хөлсөнд тодорхой хувь хэмжээгээр өгөх талаарх Я.С-гийн гаргасан саналыг зөвшөөрч гэрээ байгуулсан талаараа хэд хэдэн удаагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Мөн тэдний хийсэн ажлын тайлан хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо яг ямар ажлуудыг хариуцаж гүйцэтгэсэн талаараа нэг бүрчилсэн, тодорхой хариултуудыг өгсөн. Гэвч шүүх үзэхдээ зөрүүтэй өгөгдсөн хэд хэдэн мэдүүлгүүдээс тухайн хүмүүсийн өгсөн нэг удаагийн мэдүүлэгт үндэслэж шийдвэрээ гаргасан байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч яагаад ийнхүү зөрүүтэй мэдүүлсэн талаар эдгээр хүмүүсээс тодруулахад өөрсдийг нь дарамталж, удаа дараа дуудах нь хэцүү байсан тул ийнхүү мэдүүлсэн гэх тайлбар гаргасан байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Я.С- хорин нэгхэн хоногийн хугацаанд оногдсон ажил үүргийг хурдан шуурхай, найдвартай, чанартай гүйцэтгэхийн тулд өндөр чадвартай мэргэжилтэн Ц.У-, Б.М- нартай зайнаас ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдаг. Я.С-гийн бусдаар хийлгүүлэхээр тохирсон ажил нь хэн бүр гүйцэтгэж чадахааргүй төвөгшил ихтэй, өндөр хүчин чадлын техник тоног төхөөрөмж шаардахаас гадна оногдсон богино хугацаанд ганцхан тооны мэргэжилтний гүйцэтгэж чадах ажил биш, харин багаараа тал талаас нь өөрийн хариуцсан хэсэг бүрийг зэрэг зэрэг гүйцэтгэж байж дуусгах онцлогтой, зах зээлийн үнэлгээ ч өндөртэй ажил байв. Үүнийг гэрчүүд мэдүүлдэг ба ижил төстэй ажил эрхэлдэг ААН-ээс авсан үнийн санал нотлох бөгөөд мөрдөн байцаалтын шатанд энэ талын үнэлгээ огт хийгдээгүй. Зарим нэг гэрчийн мэдүүлснээр хэн ч, хэзээ ч хийж чадахаар ажил хэмээсэн нь бодит үнэнтэй огт нийцэхгүй байна.
2. Я.С- өөрөө сонгон томилсон, ажлын байрны зар, хүний нөөцийн урьдчилсан судалгааг огт хийгээгүй. Тухайн байгууллагын ажилтнууд энэ ажлыг гүйцэтгэх боломжтой, ажлын тайлан... байгаагүй гэх Б-ийн мэдүүлэгт хийсэн дүгнэлтийн тухайд: Шүүх Б-ийн өгсөн мэдүүлэгт хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Б-ийн “Я.С- өөрөө ажилчдыг сонгон томилсон энэ байдал нь буруу” гэх агуулга бүхий мэдүүлэг байгаа ч нөгөө талаас сул орон тоо зарласан, мэргэжлийн хүмүүс ирээгүй гэх хариултыг ч мөн өгсөн байгаа болно. Энэ нь Я.С- нь захиргааны даргын хувьд байгууллагын дүрэм, журам, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд цаг хугацаатай ажлуудыг хурдан шуурхай хийхийн тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч, урд өмнө хамтран ажиллаж байсан хүмүүсээ дуудан ирүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсэн байдлыг шууд буруутгах аргагүй гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны үеэр байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн асуусан “С-г ажиллаж байх хугацаандаа танай байгууллага сул орон тоог хэрхэн нөхөж ажиллах талаарх тодорхой дүрэм, журамтай байсан уу, хэрвээ байгаагүй бол танай байгууллага улсаас баталсан дүрэм, журмын хүрээнд сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан уу" гэх асуултад хариулахдаа “Манай байгууллага сонгон шалгаруулалтын журамтай байгаагүй, саяхнаас тодорхой дүрэм, журамтай болсон, мөн манай байгууллагын статус тодорхойгүй тул улсаас баталсан нэгдсэн журмыг хэрэглэх боломжгүй” гэх хариултыг өгдөг. Эдгээр гэрч болон төлөөлөгчийн мэдүүлгийг эерэг буюу цагаатгах талаас дүгнэлт хийж үзвэл Я.С- нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд, яаралтайгаар зохион байгуулалтын арга хэмжээ авч тодорхой ажил үүргүүдийг гүйцэтгүүлсэн нь аливаа хууль, дүрэм, журам зөрчсөн шинжгүй байна. Я.С- уг асуудлыг шийдвэрлэхээр ажлын байрны зар тавьсан боловч богино хугацаанд тохирох ажилтан олдоогүй нь зар тавьж, ажлын ярилцлага хийсэн талаараа мэдүүлсэн өөрийнх нь мэдүүлгээр мөн нотлогддог. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан Б-ийн яллах агуулгатай мэдүүлэгт хийсэн шүүхийн дүгнэлтийг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3. Гэрч М-, 4. Гэрч О- нарын мэдүүлгийг ч мөн хэт нэг талыг барьсан байдлаар дүгнэж үзсэнд гомдолтой байна. Эдгээр гэрчүүд нь тухайн үед явагдсан үйл явдал, процессыг бодитоор мэдүүлсэн байдаг. Тухайлбал, О-ын мэдүүлгийн хувьд С- даргын ажилд авсан хүмүүсээс хөдөлмөрийн гэрээ дуусахад ажлын тайлангуудыг нь хүлээн авч архивласан талаараа мэдүүлсэн байхад шүүх тухайн мэдүүлгийг гуйвуулан С-гийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар буюу ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээрх ажлын тайланг С- өөрөө гаргаж өгсөн, уг баримтууд нь одоо ч өөр дээр нь байгаа гэх мэтээр дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн М-гийн мэдүүлэг ч агуулгын хувьд Я.С-гийн ажлаа хийж байсан процессыг тайлбарласан болохоос биш шууд хөдөлмөрийн харилцаа бодитоор хэрэгжээгүй байхад захиргааны даргын шийдвэрээр баримт бүрдүүлж цалин олгосон байна гэж дүгнэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь Я.С- анхнаасаа М-гийн мэдүүлсэнчлэн өөрийн хамтран ажиллаж байсан хүмүүсээр ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахдаа байгууллагынхаа нөхцөл байдалд тохируулан (сандал ширээгүй, өндөр хүчин чадлын тусгай техник тоног төхөөрөмжгүй) зайнаас ажиллуулахаар тухайн хүмүүстэй тохиролцсон байсан болно. Иймд эдгээр хүмүүсийн мэдүүлгийг хэргийн бусад материалтай харьцуулсан байдлаар буруутгах өнцгөөс дүгнэхгүйгээр шууд утгаар хүлээн авч тайлбарлавал Я.С-г ажлаа бусдаар зайнаас гүйцэтгүүлсэн Ц.У-, Б.М- нар тайлангаа гэрээ дуусахад хүргэсэн болохыг нотолж байгаа болно (Ажлын тайлан хавтаст хэрэгт авагдсан болно).
5. “Энэхүү ажлыг дангаараа хийж чадахгүй, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласан гэдэг нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн үр шим буюу цалин бусадтай хуваалцах боломжгүй” гэх дүгнэлтийн тухайд: Ц.У-, Б.М- нар нь Я.С-гээс гаргасан ажлын хөлсөнд өгөх мөнгөн дүн буюу цалингаас зарим хэсгийг өөр бусад хүмүүсээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд өгөх талаарх саналыг Ц.У-, Б.М- нар хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь нээлттэй байсан. Гэтэл эдгээр хүмүүс энэ саналыг хүлээн зөвшөөрч өөрсдийн цаг хугацаа, мэргэжил мэдлэгийг зориулан ажил гүйцэтгэсэн байдлаас улмаар энэ талаар ямар нэгэн гомдол саналыг эрх бүхий байгууллагад гараагүй зэргээс үзэхэд анхнаасаа тэд зайнаас ажиллах нь, өөрсдийн өндөр хүчин чадал бүхий техник хэрэгслийг ашиглаж ажил үүргээ гүйцэтгэх нь, цалингаасаа зарим хэсгийг нь өөр хүнд өгөх нь гэдгээ хүлээн зөвшөөрч тохиролцсон болохыг харуулж байна. Тиймээс шүүхийн тогтоолын 19 дэх хуудаст “... учир нь хөдөлмөрийн үр шим буюу цалин нь тухайн ажилтанд олгогдох ёстой бөгөөд бусдад шилжүүлэх, хуваарилах боломжгүй ...", мөн эдгээр хүмүүс ажил бодитоор хийгээгүй, цалин мөнгө авах эрхгүй байсан гэх шүүгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хөдөлмөрийн харилцааг зайнаас үйлдэхийг шинэ хуулиар зөвшөөрсөн цаад зорилго нь хоёр тал тохиролцоод цалин хөлсийг өдөр тутмын биеэр бүртгүүлэх горимгүйгээр харин ажлын гүйцэтгэл дээр суурилан цалин хөлсийг олгох тогтолцоог нэвтрүүлэх байсан. Энэ нөхцөлийг хоёр тал зөвшөөрсөн байна. Хүн авсан цалингаа анхнаасаа өөр хүнтэй хуваана гэж тохироод сайн дураараа хувааж байгаа нь хууль зөрчсөн шинжгүй буюу сайн дурын үйлдэл гэж тооцох учиртай. Байгууллагын Удирдлагын хувьд нэгэнт ажлын байран дээр ажиллуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөх боломжгүй учир зайнаас өөрийн хувийн тоног төхөөрөмж дээр нь ажиллуулах шийдвэрийг гаргасан нь тухайн нөхцөл байдал дахь хамгийн зөв сонголт хийсэн гэж үзэж байна. Түүгээр зогсохгүй “20 минутын хот Үндэсний хороо”-ны хурал 2024 оны 11 дүгээр сарын 29-нд болж, гүйцэтгэсэн ажлаа амжилттай танилцуулж, улмаар тухайн хурлаар Тусгай замын автобус төсөл, олон замын уулзваруудын төслүүдийг хэрэгжүүлэх тогтоол гарч, 2025 оны сүүлээр төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах ажил хийгдэж, 2026 онд барилга угсралтын ажил эхлээд байгаа бодит үр дүн билээ. Улаанбаатар хотын иргэд энэ төслийн үр шимийг удахгүй хүртэж, түгжрэлд алтан цагаа алдахгүй байх цаг ойрхон ирлээ. Гүйцэтгэсэн ажлын нотолгоог үүнээс илүү хэрхэн гаргах билээ. Я.С-г томилохдоо хот төлөвлөлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр мэргэжлийн хүнийг томилж, маш богино хугацаанд хүнд ажлыг даалгаж гүйцэтгэлийг нь шаардсан нөхцөл байдал нь манай улс орны эрх бүхий албан тушаалтнуудын хангалтгүй ажиллаж байгаа үйл явдалтай салшгүй холбоотой болохыг шүүхийг анхаарч үзээсэй гэж өмгөөлөгч миний бие хүсэж байна. Мэргэжлийн баг бүрдээгүй, ажлын байр нь тоног төхөөрөмж, ширээ сандалгүй нөхцөлд хүнийг томилоод ажил гүйцэтгүүлэх үүргийг өгсөн байдал нь Я.С-г энэ хэргийг үйлдэх нөхцөл байдал руу оруулсан байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа билээ. Үүнээс үүдэн нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн өндөр мэргэжилтэй, ур чадвартай, сэтгэл зүрхтэй мэргэжилтнүүдийн нэг Я.С-г ийнхүү яллаж байгаа нь салбарын хөгжилд хор уршиг ихтэй гэж харж байна. Ийнхүү Я.С- нь төрийн ажлыг хийхэд ажлын туршлага, хуулийн мэдлэг дутаж үйл ажиллагаандаа хууль дүрмийг баримтлаагүйгээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж, Я.С-д холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар хэрэглэж өгөхийг шүүхээс хүсэж байна.”,
“Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ шүүгдэгч Я.С-д ач холбогдолтой байх баримтуудад дүгнэлт хийгээгүй байна. Шүүхийн хийсэн дүгнэлтүүдийн зарим нь агуулгын хувьд “буруу” байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх гэрч О-ын мэдүүлэгт үндэслэж дүгнэлт хийсэн. Тодруулбал, шийтгэх тогтоолын 16 дугаар хуудаст авагдсан шүүхийн дүгнэлтэд “...гэрч О- нь мэдүүлэгтээ “бодитой ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээрх ажлын тайланг Я.С- өөрөө гаргаж өгсөн. Уг баримтууд нь одоо хүртэл Я.С-д хадгалагдаж байгаа” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээс дүгнэхэд тухайн тайлангууд нь бодит гүйцэтгэлийг тусгаагүй, харин цалин бодох үндэслэл болгохоор зориуд зохиомлоор бүрдүүлсэн байна...” гэж дүгнэсэн. Гэтэл гэрч О-ын мэдүүлэгт анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тусгасан шиг агуулгатай мэдүүлэг, түүний мэдүүлгээс харагддаггүй. Энэ нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс “шүүх нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхдөө бодитойгоор дүгнэнэ” гэх хуульд заасан зарчмыг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Гэрч Ц.У-, Б.М- нар нь ажил хийсэн эсэх нь хэргийн материалд авагдсан үндэсний хорооны тодорхойлолтуудаар тогтоогддог. 1 дүгээр хавтаст хэрэгт үндэсний хорооноос Я.С-д буюу тухайн байгууллагад өгсөн үүрэг даалгавар авагдсан. Тухайн үүрэг даалгаврын талаар тодруулбал, “...1 сарын дотор олон замын уулзвар болон “BRT” гэх хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой 2 том арга хэмжээний судалгааг хийж танилцуул...” гэх үүрэг даалгаврыг өгсөн. Уг үүрэг даалгаврыг Я.С- нь тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж Үндэсний хороонд тайлагнасан. Я.С-гийн хийсэн ажил нь Үндэсний хороонд таалагдаж, цааш нь хэрэгжүүлж болох ажил байна гэж үзэж тухайн тайланг, хийгдэх ажлуудыг баталсан. Үүнээс дүгнэхэд тухайн хийсэн ажлын үр дүнг гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, тухайн ажлыг хийж, гүйцэтгэсний үр дүнд ажилтнууддаа өгсөн цалин хөлсийг улсад учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Улсад учирсан хохирол гэж үзэх гэхээр тухайн ажил нь аль хэдийн батлагдаж, төсөв мөнгө нь суутгагдаж, 2026 он гараад ажил нь эхэлж, одоо хийгдэж байгаа учир улсад учирсан хохирол гэж үзэх боломжгүй болж байгаа юм. Үндэсний хорооноос өгч байгаа үүрэг даалгавар болон тухайн үүрэг даалгаврыг хянаж үзээд баталж байгаа тогтоолуудаар Ц.У-, Б.М- нар нь ажил хийсэн болох нь нотлогддог. Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой 16 дугаар тогтоолын 1.15-т “...мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна...” гэж заасан. Хэргийг шийдвэрлэх явцад эргэлзээтэй байдал үүсвэл яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Энэ хэргийн тухайд эргэлзээтэй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гарсан. Гэтэл мэдүүлгийн зөрүүг арилгах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгдээгүй. Анхан шатны шүүх дээрх зөрүүтэй байдлыг хэрхэн үнэлсэн талаараа шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэж Ч.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Я.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдон тухайн үед ажлын байрны нөхцөл бүрэн хангагдаагүй буюу тоног төхөөрөмж хангалтгүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавилга авах боломжгүй байсан тул нэр бүхий хүмүүсийг зайнаас өөрсдийн тоног төхөөрөмж дээр ажиллуулахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төслүүд санаачлан, тухайн төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргуулснаар 2025 онд ажлын зураг төслийг гүйцэтгэн, 2026 онд барилга угсралтын ажил эхлэхээр болж байгаад хувьдаа баяртай байна. Тухайн төслүүдийн урьдчилсан судалгаа буюу ажлын тоо хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа шаардлагатай хөрөнгө оруулалт, төслүүдийн 3D видео танилцуулгын тулд өндөр ур чадвар бүхий өмнө ажил хийлгэж байсан мэргэжилтнүүдэд хандсан. Өгөгдсөн үүрэг даалгавар, төрийн ажлын богино хугацаанд өндөр үр бүтээмжтэй гүйцэтгэх ганцхан зорилго санаа сэдлээр гагцхүү ажлын үр дүнг чухалчлан тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулан ажилласан. Ингэхдээ алдаа гаргаж хууль дүрмийг бүрэн баримтлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч энэ тухай мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхэд тодорхой мэдүүлсэн. 3D рендер, видео танилцуулга нь олон хүний оролцоотой бүтдэг, хамгийн гол нь маш өндөр хүчин чадал бүхий компьютер шаардагддаг. Гэвч байгууллагын батлагдсан бүтцэд тухайн мэргэжлийн буюу график дизайнерын орон тоо ганц байсан тул сул орон тоон дээр хүмүүс авч цалинг тухайн танилцуулга видеог гүйцэтгэсэн хүмүүст өгсөн. Мөн байгууллагын үндсэн ажилчдыг нийтийн тээврийн “Тусгай замын автобус” төслийг нэгэнт хэрэгжүүлэхээр болсон тул БНХАУ-д туршлага судлах томилолтод зарцуулсан. Тухайн томилолтоор явсан мэргэжилтнүүд одоо ч ажил үүргээ гүйцэтгэсээр байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. Гэвч хууль зөрчсөн анхны үйлдэл, хэргийн санаа сэдлийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос бусад шийтгэл оногдуулж өгнө үү.”,
“Давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тухайн цаг хугацаанд дээрх боломжийг ашиглахаас өөр арга зам байгаагүй. Мөн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго миний үйлдэлд анхнаасаа байгаагүй. Тэр үед авсан байсан ажлын үр дүн гарсан. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын тухайд зарим ач холбогдолтой баримтууд авагдаагүй байдаг. Миний зүгээс өмгөөлөгч нартаа ач холбогдолтой гэх баримтуудыг өгсөн боловч өмгөөлөгч нар маань хэрэгт хавсаргуулаагүй байсан тул тухайн өмгөөлөгч нараасаа татгалзаж шинэ өмгөөлөгч нар авсан байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч нарыг асуулгахыг хүссэн боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Миний зүгээс өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх бүрэлдэхүүнийг юуг анхаарч хараасай гэж хүсэж байна вэ гэвэл тухайн нэр бүхий хүмүүст өгсөн цалин мөнгө юунд зарцуулагдсан болохыг харгалзан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Миний гомдлын үндсэн агуулга нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байгаа” гэв.
Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хуульчилсан. Шүүгдэгч Я.С-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргаанд нэр бүхий хүмүүсийг ажилласан мэтээр тушаал гаргаж, тухайн хүмүүсийн нэр дээр цалин бодож олгож, төсвөөс 69.831.818 төгрөгийг гаргуулж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Уг гэмт хэргийн улмаас улсад учирсан бодит хохирол нь 69.831.818 төгрөг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гомдолдоо “нийгмийн даатгалд төлсөн мөнгөн дүн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.У-, Б.М- нарын төлсөн мөнгийг хохирол болох 69.831.818 төгрөгөөс хасуулъя” гэх агуулгыг тусгасан байна. Өмгөөлөгч нарын гомдолдоо дурдсан дээрх агуулгаар хохирлоос нийгмийн даатгалд төлсөн дүнг хасах боломжгүй. Нийгмийн даатгал болон бусад даатгалын үнийн дүнг хохирлоос хасаж тооцох нь хууль зүйн үндэслэл байхгүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 69.831.818 төгрөг гэж үзэж, уг мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны” зарчимд нийцсэн шийдвэр гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ц.У- болон Б.М- нарыг тухайн байгууллагад ажиллаж байсан гэх баримтууд хэргийн материалд хавсаргадсан байгаа гэх тайлбарыг гаргаж байна. Гэвч тухайн байгууллагад ажиллаж байсан гэрч Э-, Б-, М-, О- болон мөнгө дамжуулсан этгээдүүд болох Б-, С-, С-, О- нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүгдэгч Я.С- нь “Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий этгээдүүдийг томилж, нэр бүхий хүмүүсийн цалинг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар авч, өөртөө давуу байдал олгосон үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Я.С- нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6, 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4 дэх заалтад заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нарыг Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажилд томилж, Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нар нь Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, цагийн бүртгэл хийгдээгүй байхад тэдгээрт тус төрийн байгууллага, албан газраас нийт 69,831,818 төгрөгийн цалин олгуулсан, улмаар дээрх мөнгийг Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нараас бэлнээр болон өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан авч өөртөө 69.831.818 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосны улмаас төрийн байгууллага, албан газарт их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай дотоод албан бичиг, түүний хавсралт /1xx 04-34/,
“Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны дүрэм Я-н бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/34 дугаартай “Ц.У-г 3D анимэйшн, график дизайнерын албан тушаалд томилсон” тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай “Ц.У-г ажлаас чөлөөлсөн” тухай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Я.С-, Ц.У- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ц.У-гийн ажлын байрны тодорхойлолт /1хх 34-45/,
“Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/35 дугаартай “Б.М-ыг ахлах инженерийн албан тушаалд томилсон” тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Б.М-ыг ажлаас чөлөөлсөн” тухай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Я.С-, Б.М- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б.М-ын ажлын байрны тодорхойлолт /1хх 46-56/,
“Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/47 дугаартай “М.О-ыг инженерийн албан тушаалд томилсон” тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай “М.О-ыг ажлаас чөлөөлсөн” тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Я.С-, М.О- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М.О-ын ажлын байрны тодорхойлолт /1хх 49-96/,
“Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/62 дугаартай “Д.У-г төслийн менежерийн албан тушаалд томилсон” тухай тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Д.У-г ажлаас чөлөөлсөн” тухай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Я.С-, Д.У- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д.У-гийн ажлын байрны тодорхойлолт, цагийн бүртгэл /1хх 126-142/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 9/5997 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн "20 минутын хот хөгжлийн төв” ТБАГ-ын хувийн хэрэг /2хх 52-108/,
"Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргаа" ТБАГ-ын нягтлан бодогч Б.Э-гаас гаргаж өгсөн цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдийн тэмдэглэл /2xx 109-126, 127-138/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-гийн “...Хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлын асуудлыг шүүх хуулийн дагуу шийдэж өгнө үү." /4хх 130/ гэсэн хүсэлт,
гэрч Б.М-ы “...Б.М- гэх хүн ахлах инженерээр томилогдож байгаа гэж сонссон. Тэгэхдээ энэ хүн надтай хамт байгууллага дээр огт ажиллаж байгаагүй. Хамт ажиллаж байгаагүй учраас ямар ажил хариуцаж байсан болох талаар мэдэхгүй..." /4хх 132/,
гэрч Б.Э-гийн “...Би цагийн бүртгэлийг үндэслэж ажилласан цаг дээр тооцоолол хийж цалинг боддог. 2025 оны 01 дүгээр сараас хойш О- цагийн бүртгэлийг гаргаж Б- дарга хянаж захиргааны дарга С- баталгаажуулж байгаа. Тэмүүлэн нь намайг ажилд 11 дүгээр сард ороход л ажиллаж байсан. Харин бусад 9 (Б.Х-, Ц.У-, Ц.М-, Ж.Х-, М.О-, Д.У-, Б.БатЖ-, Б.М-, 3.А-) хүнийг би огт танихгүй бөгөөд харж байгаагүй. Цагийн бүртгэл дээр энэ хүмүүс ажилласан гэдгээр орж ирдэг бөгөөд түүнийг нь үндэслээд цалин олгосон. Тэгэхдээ энэ 9 хүн одоо манай байгууллагад ажилладаггүй.” /3хх 66/,
гэрч С.Б-ийн "... хүмүүсийг тухайн үед захиргааны даргаар ажиллаж байсан С- томилсон. Тэгэхдээ дээрх нэр дурдсан хүмүүс зарын дагуу ирж ажилласан хүмүүс биш. С- захирлын олж ирсэн хүмүүс байгаа юм. Тус хүмүүсийг хүний нөөцөөс судалж авч байгаагүй. Тухайн үед ажиллаж байсан хүний нөөц нь ямар ч төсөл хөтөлбөр дээр ажил гүйцэтгэх боломжтой байсан. Надад лав энэ хүмүүсийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт байхгүй. Уг нь жилийн эцсээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт гаргасан бөгөөд дээрх хүмүүсээс өгсөн зүйл байхгүй. 2024 оны 10 дугаар сард анх томилогдсон боловч ажилдаа ирдэггүй буюу тухайн үед томилогдсон Б.М-, Б.Х-, Ц.У- нарын цалинг олгохгүй гэдгээр цагийн бүртгэл дээр нь хасаж зураад нягтлан А- цалингаа батлуулах гээд С- захирал руу цахимаар илгээхэд “наад хассан хүмүүсийн чинь цалинг өгөхгүй бол бусад хүмүүсийн цалинг чинь өгөх боломжгүй” гэж А-д хэлсэн. Би тэр үед нь А-гийн хажууд байсан. Ингээд М- тус хүмүүсийг ажилласан болгож цагийн бүртгэлийг нь өөрчилж гарын үсэг зуруулж байсан. С- хэлэхдээ “Тушаал гаргах эрхтэй, миний гаргасан шийдвэрийг өөрчлөх эрхтэй хүн байхгүй биз дээ” гэдэг байсан. Эхлээд 3, 4 хүн томилсон боловч сүүлдээ 10 гаруй хүн томилсон байсан..." /3хх 68/,
гэрч Б.М-гийн "... миний бие ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээг боловсруулж байсан. Тус хүмүүсийг ажилд авахад ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлаагүй. Дээрх хүмүүс зарын дагуу ирээгүй. Тус хүмүүсийн анкетыг С- дарга надад өгч ажилд томилох тушаалын төсөл болон хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулахыг даалгасан. Энэ хүмүүстэй хөдөлмөрийн гэрээг би байгуулж байгаагүй бөгөөд шууд С- даргатай гэрээ байгуулж байсан. Тус хүмүүс нь ажилдаа ирдэггүй буюу цагийн бүртгэлд бүртгүүлдэггүй байсан. ...Тухайн үед томилогдсон хүмүүсийн нэрсийг гаргаад захиргааны даргад танилцуулсан. Захиргааны дарга Б- ажиллаагүй учраас нэрийг нь хас гэсний дагуу хасаад нягтлан бодогч А-д өгсөн. ...Тэр хүмүүсээ оруулахыг надад даалгасны дагуу ажилласан гэдгээр цагийн бүртгэлийг гаргасан. С- дарга надад “наад хүмүүст чинь ажил даалгаж хийлгэж байгаа болохоор цалинг нь өгөх ёстой” гэж хэлсэн.” /3хх 70/,
гэрч Ж.О-ын “... Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Я-н бүтээн байгуулалтын захиргаанд хуульчаар анх ажилд ороод 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс гэрээ, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байна. С- захирал дээрх хүмүүсийн ажлын тайлан гээд баримтуудыг надад гаргаж өгсөн. Тус баримтууд нь надад байгаа..." /3хх 72/,
гэрч Ц.У-гийн "... Намайг 2024 оны 10 дугаар сарын үед С- захирал дуудаад Төв шуудангийн замын эсрэг талд байрлах "А-"-ын 14 давхарт албаны өрөөнд нь уулзсан. С- захирал надад “BRT (тусгай замын төсөл сүүлд LRT болсон), уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах нүхэн гарцын төсөл зэрэг ажлыг хийх шаардлагатай байна, уг ажлыг өөрийн найз М- гэх хүнээр хийлгэх шаардлагатай байна, М- нь давхар ажилтай учраас ажиллаж цалин авч болохгүй байна, чамайг ажилд томилсон тушаал гаргаад, цалинг нь М-т өгөх хэрэгтэй, хэрэв туслалцах ажил гарвал М-т туслаад яваарай” гэхээр нь би "ажил ихтэй, бие өвдөөд байгаа учраас ойр зуурын ажилд нь М-т туслаад явах боломжтой” гэж хэлсэн. Би тус байгууллага дээр очиж ямар нэгэн ажил хийж байгаагүй. М- нь үндсэн ажлыг хийж, би ганц нэг моделийг хувиараа хийж өгч тусалсан. Би тус байгууллагад очиж биечлэн ажилласан болон цагийн бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй. С- захирал надад “онлайнаар ажиллаж болно” гэж хэлсэн. Гэхдээ би онлайнаар цаг бүртгүүлсэн зүйл байхгүй. Би тус байгууллагад ажилласан цалинг Төрийн банк дахь өөрийнхөө дансаар авч байсан. Миний данс руу орсон цалинг С- захирал “М- үндсэн ажил хийж байгаа юм чинь М-т өгнө” гэж хэлээд дансны дугаар өгдөг байсан. Тэр данс руу нь би интернэт банкаар шилжүүлдэг байсан. Би Ю- овогтой Ц- гэх хүнийг огт танихгүй. Уг хүнтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. ... Би дундаас нь мөнгө авч үлдсэн зүйл байхгүй. С- захирлын хэлсэн данс руу шилжүүлснээс гадна С- захирлын явуулсан залууд 7.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгөөд явуулсан. ... М- бид хоёрын хооронд өр, авлага байхгүй... 2023 оноос хойш М- бид хоёр бие биедээ мөнгө зээлж авч, өгч байсан удаагүй. Надад М-оос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг шилжүүлж өгсөн нь миний мөнгө биш. С- захирал надтай утсаар ярихдаа “М-оос чам руу мөнгө шилжүүлнэ, тэрийг чи өөр дээрээ байлгаж байгаарай, би чам руу данс өгнө, тэр данс руу шилжүүлээрэй” гэсэн. Тэр мөнгийг нь би М-оос авч, С- захирлын өгсөн данс руу шилжүүлсэн. ... Би С-гийн хэлсний дагуу дараах гүйлгээнүүдийг цалин орсны дараа хийсэн. Би “Төрийн банк”-ны данснаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ц-гийн данс руу 2.014.835 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М-ын данс руу 2.027.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр М-ын данс руу 1.680.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр П-гийн данс руу 1.000.000 төгрөг, “Голомт” банкны 160П-8 дугаар данснаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт 7.600.000 төгрөг авснаас 3.100.000 төгрөгийг нь бэлнээр С-гийн явуулсан хүнд өгсөн. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө 7.100.000 төгрөг бүгдийг нь өгсөн гээд айгаад хэлчихсэн юм аа. Би нийт орсон цалингаас С-д 9.821.835 төгрөг өгсөн байна. Үлдэгдэл 6.852.530 төгрөгийг өгөөгүй. С- бол надаас энэ мөнгийг нэхэж яриагүй. Би тухайн үед эмчилгээ хийлгээд тухайн мөнгийг нь хэрэглэсэн юм. Энэ талаараа С-д “би эмчилгээ хийлгээд мөнгө хэрэгтэй болчихлоо” гэдгээ хэлсэн. Энэ мөнгийг яаралтай буцааж төлнө..." /3xx 74-82/,
гэрч Д.У-гийн: “...Миний нийгмийн даатгал тус байгууллагаар төлөгдсөн. Тэгэхдээ би тус байгууллагад ямар нэгэн байдлаар ажилласан зүйл байхгүй. ... С- ах над руу залгаад "Бие чинь ямар байна вэ, ажиллах боломж байгаа юу” гэж асууж байсан. Би 2021 онд хорт хавдраар оношлогдоод одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгсэн 2024 оны 12 сарын эхээр ахиад С- ах над руу залгаад дахин асуухаар нь ажил хийх боломжгүй талаараа хэлсэн. Тэгсэн ах нь “Чиний нэр дээр нийгмийн даатгал төлчихье, цалин 4-5 сая төгрөгийн хооронд орно” гэж хэлсэн. Тэгээд миний дансны дугаарыг авсан. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Я-н бүтээн байгуулалтын захиргаанаас эхний цалин орсон. Тус цалин орсны дараа viber билүү telegram-р С- над руу чат бичээд ийшээ шилжүүлчих гээд дансны дугаар өгсөн. Тус данс руу тухайн өдөр нь 4.300.000 төгрөг шилжүүлсэн. Харин дараа нь орж ирсэн цалинг С-гийн хэлсэн данс руу шилжүүлсэн бөгөөд би өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны данснаас 2025 оны 02 сарын 08-ны өдөр 5П-5 дугаар данс руу 1.827.672 төгрөг, 2025 оны 02 сарын 14-ний өдөр 5П-0 дугаар данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 4П-9 дугаар данснаас 2025 оны 02 сарын 14-ний өдөр 2П-7 дугаартай Бурмаагийн Г- гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Надад Я-н бүтээн байгуулалтын захиргаанаас 9.178.840 төгрөгийн цалин орсноос дээрх дурдсан мөнгийг шилжүүлээд 751.168 төгрөг үлдсэн. Энэ мөнгө бол надад үлдээсэн мөнгө. Би эхний цалин орж ирснийх нь дараа С- ахад “ахиж цалин гэж авмааргүй байна” гэж хэлсэн. Яг энэ мөнгөө юунд ашиглаж байсныг мэдэхгүй. С-гийн хэлсэн данс руу шилжүүлж байсан...” /3xx 84/,
гэрч М.О-ын “...би тус байгууллагад ажилд ороод, буцаад гарсан. Миний нэр дээр нийгмийн даатгал төлөгдсөн талаар мэдсэн. Тэгэхдээ тус байгууллага дээр очиж сууж ажилласан зүйл байхгүй. Анх 2024 оны 11 билүү 12 дугаар сард “Г-” ХХК-д хуучин хамт ажиллаж байсан А- надад тус байгууллагад ажилд орох санал тавьсан. А- “зайнаас ажиллах боломжтой” гэж ярьж байсан болохоор би зөвшөөрөөд хувийн мэдээллээ явуулж байсан санагдаж байна. Ингээд удахгүй томилно гэсэн бөгөөд ажилд томилох тушаалтай танилцаагүй. Уг нь А- хийх ажлын талаар танилцуулаад ажлаа эхлэх гэж байсан боловч миний өөрийн ажлын ачаалал их байсан учраас ажиллах боломжгүй болсон. Ажиллах боломжгүй болсон талаараа А-т хэлсэн боловч надад удалгүй цалин гэж дансанд мөнгө орж ирсэн. Тэгээд А-ээс цалин орсон талаар хэлээд асуухад “ажилд томилсон тушаал нь гарсан боловч халагдах тушаал чинь гараагүй юм байлгүй дээ” гэхээр нь би “энэ мөнгийг би ажил хийгээгүй байж авалтай нь биш, буцаагаад шилжүүлье” гэж хэлсэн. Ингээд А-ийн хэлсэн данс руу орж ирсэн мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд ахиад мөнгө орж ирэхээр нь А-т “намайг халсан тушаалаа гаргаач ээ, надад мөнгө орж ирээд байна” гэдгийг хэлээд А-ийн өөрийнх нь данс руу орсон цалинг нь шилжүүлсэн.” /3хх 86/,
гэрч Б.М-ын “... Би 2024 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хөдөөнөөс хотод орж ирээд С-тэй холбогдож Я-н бүтээн байгуулалтын захиргаан дээр очиж, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахад С- захирал бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед техник хэрэгсэл байхгүй байсан ба байгаа нэг компьютерыг нь шалгаж үзээд “энэ дээр ажиллах боломжгүй юм байна, гэрээрээ ажиллах боломжтой юм байна” гэдгийг хэлсэн. Тэгээд би гэрээрээ болон одоо байгаа оффис дээрээ сууж ажиллаж байсан. Миний “Хаан” банкны 5Г-4 дугаар дансанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я-н бүтээн байгуулалтын захиргаанаас эхний цалин 2.232.062 төгрөг орсон. Тухайн 2.232.062 төгрөгийг би Ц- гэх хүний данс руу шилжүүлж өгсөн. Ц- гэх хүний дансны дугаарыг С- дарга надад өгсөн. Би Ц- гэх хүнтэй уулзаагүй, харьцаж байгаагүй, хараагүй, танихгүй хүн байна. Энэ ямар учиртай вэ гэхээр С- дарга надад хэлэхдээ “би ажилд томилогдоод удаагүй байхдаа энэ төслийн ажил руу орохоос өмнө нь авто замын ажлуудын судалгаа зэрэг ажлуудыг хийсэн юм. Надад ажиллах хүн олдохгүй эхний шатны чиний хийх хэдэн ажилд өөр хүн ажиллуулаад, цалинг нь өгч чадаагүй байгаа, чи эхний орсон цалингаа тийш нь шилжүүлж өгөөрэй, дараа дараагийн ажлууд дээр цалин мөнгө чинь болно байх” гэж хэлсэн.”, “... би үнэн зөвөөр мэдүүлье. С- ах над руу утсаар яриад “Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Тодорхой хэмжээний ажил хийгдсэн, чам дээр нийгмийн даатгал явагдаж байгаа учраас чамаас мэдүүлэг авахаар дуудна. Чи 2 түвшний уулзвар, эрчим, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төслийг хийсэн гэж мэдүүлээрэй” гэж чиглэл өгсөн. Ингээд хэлснийх нь дагуу худлаа мэдүүлэг өгсөн юм аа. Я-гөөс надтай ямар хамааралтай гэвэл нийгмийн даатгал нь миний нэр дээр төлөгдсөн... Хамгийн сүүлд орсон цалинг бол манай эхнэр хагалгаанд ороод мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн. Тэгэхдээ тэр үед С-д “тус мөнгийг түр хэрэглэчихье” гэдгээ хэлсэн. Тэгсэн С- “Я-н бүтээн байгуулалтын захиргаан дээр ажил байна, тэгэхдээ энэ ажил удаан үргэлжлэхгүй, би хүнээр ажил хийлгэх гэхээр мөнгийг нь шууд гаргаж өгч чадахгүй, тэгэхээр чиний нийгмийн даатгалыг төлөөд цалинг нь чамаас аваад ажил хийх хүнд нь өгөөд байж болох уу” гэж ярихаар нь нийгмийн даатгалаа таслахгүйн тулд зөвшөөрсөн." /3хх 92-95/,
гэрч Г.Б-ий “...С- ах надаас Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хороолол Б- дугаар байрны Б- давхрын 32 тоот авто зогсоолыг сарын 300-400 мянган төгрөгөөр бодож, 6 сарын хугацаатай түрээсэлсэн. Мөн хурдан удамтай 1 адууг 5.000.000 төгрөгөөр бодож авсан. Түүний төлбөрийг надад явуулсан мөнгө нь 1.000.000 төгрөг надаас асуугаад байгаа орлого юм. Тухайн мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр бэлэн мөнгөний машинаас бэлнээр гаргаж аваад С- ахад 6.000.000 орчим төгрөгийг өгсөн. ... Ихэнхийг нь С- ахад бэлнээр өгсөн. С- ах “бэлэн мөнгө хэрэгтэй байна, данснаасаа гаргаад өгчих” гэсэн. Нарийн зүйлийг би мэдэхгүй.” /3хх 99/,
гэрч Б.С-ын “... Энэ мөнгө орж ирэхээс 7 билүү 10 гаруй хоногийн өмнө надаас С- ах 4.000.000 төгрөг зээлсэн юм. С- ах над руу “яриад мөнгөний хэрэг байна, чамд мөнгө байна у”у гэж асуухаар нь өөртөө бэлэн хадгалж байсан 4.000.000 төгрөг байгаа талаар хэлсэн. Ингээд зээлэхээр болоод 4.000.000 төгрөгөө С- ахад би өөрөө хүргэж өгсөн. Буянгийн зам дагуу С- ах явж байсан санаж байна. Ингээд дээр дурдсанчлан 7-10 хоногийн дараа С- ах над руу яриад “мөнгийг чинь өгье, дансаа өгчих” гэж хэлэхээр нь өөрийн 5С-3 дугаартай дансаа өгсөн. Данс өгсний дараа дээрх С-гээс болон Я- гэсэн утгаар 3.960.000 орчим төгрөг орж ирсэн. Ингээд 40.000 төгрөг дутсан байсан тул “дутуу байна” гэж хэлсэн. Зөрүү 40.000 орчим төгрөгийг шилжүүлсэн. Би зээлсэн мөнгөө л буцааж авч байна гэж бодсон.” /3xx 101/,
Гэрч 3. А-ийн “...Анх С- надтай ярихдаа “2 инженерийн орон тоо байгаа, чи туршлагатай юм чинь өөрөө ажиллаад явчих, харин ахиад 1 инженер олоод тэрүүгээр тусламж авах ажлуудаа хийлгэж болно шүү” гэсэн. Тэгээд би О-ыг С-д санал болгосон. Бид хоёрын ажилд томилогдсон тушаал гараад ажлаа хийгээд явж байхад С- “судалгааны ажил юм чинь чи ганцаараа хийж болохоор байна уу, өмнө нь хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөр өгөх хэрэгтэй байна, тэрийг О-ын цалингаар өгчихье” гэж хэлсэн. Ингээд О-т энэ талаар хэлэхэд О- уг нь дургүй байсан бөгөөд нийгмийн даатгал нь төлөгдөх болохоор зөвшөөрсөн. Ингээд О-ын авсан цалин миний данс руу ордог байсан бөгөөд тус мөнгийг С-гийн хэлсэн хүмүүст шилжүүлдэг байсан. Гүйлгээг би хийсэн. Тухайн үед С- надтай утсаар яриад энэ 2 дансны дугаарыг өгсөн. Ер нь цалин орсны дараа С- яриад хаашаа шилжүүлэхийг хэлдэг байсан. Би эхний С- руу шилжүүлсэн мөнгийг С- надад хэлж шилжүүлсэн учраас “С-” гэсэн утгаар хийсэн. Харин дараагийн гүйлгээнүүдийг бол утга бичээгүй учраа “А-ээс” гэж орсон байх. Харин сүүлд 2025 оны 02 дугаар сард С- над руу хүн явуулахаар нь би О-аас орж ирсэн мөнгийг бэлнээр бэлэн мөнгөний машинаас 3.600.000 орчим төгрөг аваад С-гийн явуулсан хүнд өгсөн. О- бол ямар нэгэн цалин аваагүй. Харин нийгмийн даатгал нь төлөгдсөн байх ёстой.” /3xx 111-114/,
гэрч Ю.Ц-гийн “...Би “Хаан” банкны 5С-9 дугаарын дансыг 2008 оноос өөрөө эзэмшиж байгаа. Энэ цаг хугацаанд орон нутгийн сонгууль болж байсан. Миний дансанд гэнэт “Я-” гэсэн гүйлгээний утга бүхий хоёр удаагийн гүйлгээгээр дээрх мөнгө шилжин орж ирсэн. Тэгээд би ямар учиртай мөнгө болох талаар өөр лүү нь залгахад утсаа авахгүй байсан. Энэ одоо юун хүний цалин гэж ордог юм болоо гэж бодоод өнгөрсөн. Миний өөрийн мөнгө гэж бодоод хувьдаа хэрэглэсэн. С- манай эгч Х-ийн том хүү нь бөгөөд манай зээ гэсэн үг, ... дээрх цалин гэж шилжүүлсэн мөнгийг би бодохдоо надаас авсан мөнгөндөө өгч байгаа юм байхдаа гэж бодсон.” /3xx 133-135/,
гэрч С.А-гийн “...Би У- гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд байгууллага дээр ирж миний удирдлага доор сууж ажиллаж байгаагүй. Тийм болохоор энэ хүнд ямар ажил даалгаж байсан талаар мэдэхгүй.” /4хх 136/,
гэрч Д.Ж-ын “... Би энэ М- гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. ...Тийм болохоор энэ хүнд би ямар ч ажил даалгаж байгаагүй, ...би бол тус тайланг харж байгаагүй юм байна..." /4хх 138/,
"Хаан банк"-ны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 29/4354 дугаар албан бичиг /2хх 169/, "Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 29/5592 дугаар албан бичиг /2хх 184/, "Хаан банк"-ны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29/4128 дугаар албан бичиг /2хх 196/, "Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 29/5594 дугаартай албан бичиг /2хх 198/, “Хаан банк”-ны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 29/6212 дугаар албан бичиг /2хх 233/, "Хаан банк"-ны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29/6425 дугаар албан бичиг /2хх 236/,
"Худалдаа хөгжлийн банк”-ны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/6620 дугаар албан бичиг, түүний хавсралт /2хх 171, 172-180/, "Голомт банк”-ны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14/xx/03-1664 дугаар албан бичиг /2хх 182/, “Төрийн банк”-ны 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02в/1959 дугаар албан бичиг, түүний хавсралт /2xx 186-189/, "Голомт банк”-ны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14/ХХ/03-1655 дугаар албан бичиг, түүний хавсралт /2хх 191-194/, “Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны цалингийн карт /2хх 110-111/,
банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 01-18/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 9/5175 дугаар албан бичиг, түүний хавсралт /3хх 38, 47/,
гэрч Д.У-гоос гарган өгсөн баримт бичиг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл /3хх 191-193/, гэрч Ц.У-гийн гарган өгсөн баримт бичиг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /3xx 219-222/,
гэрч Б.М-ын гарган өгсөн баримт бичиг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /3xx 215-217/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Нийслэлийн прокуророос Я.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Я.С-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Я.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Я.С-гээс “хувийн байдлыг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.”,
өмгөөлөгч О.Батхүүгээс “нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 69.831.818 төгрөгийн хохирлын дүнгээс Ц.У-, Б.М- нарын цалин хөлсний дүнгээс 21.334.160 төгрөгийг хасах, ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү”,
өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “Ажил хийсэн хүмүүсийн цалин, хөлсийг хохирлоос хасаж, Я.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү”,
өмгөөлөгч Б.Анхзаяагаас “, Я.С-д холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Ц.У-гийн “... Би тус байгууллагад очиж биечлэн очиж ажилласан болон цагийн бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй. ... Би онлайнаар цаг бүртгүүлсэн зүйл байхгүй. ... Би тус байгууллагад ажилласан цалинг Төрийн банк дахь өөрийнхөө дансаар авч байсан. ... Я.С- захирал уг дансны дугаарыг өгөөд М-ын цалинг шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд тухайн мөнгийг бүгдийг нь тус данс руу шилжүүлсэн. ... . Би Я.С-гийн хэлсний дагуу дараах гүйлгээнүүдийг цалин орсны дараа хийсэн байгаа. Би Төрийн банкны данснаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ю.Ц-гийн данс руу 2.014.835 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.М-ын данс руу 2.027.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.М-ын данс руу 1.680.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ө.П-гийн данс руу 1.000.000 төгрөг. Би Голомт банкны 160П-8 дугаартай данснаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт 7.600.000 төгрөг авснаас 3.100.000 төгрөгийг нь бэлнээр С-гийн явуулсан хүнд өгсөн” /3хх 74-82/ гэсэн, гэрч Б.М-ын “... Миний Хаан банкны 5Г-4 дугаартай дансанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Я-н бүтээн байгуулалт”-ын захиргаанаас эхний цалин 2.232.062 төгрөгийн цалин орсон. Тухайн 2.232.062 төгрөгийг би Ю.Ц- гэх хүний данс руу шилжүүлж өгсөн. Ю.Ц- гэх хүний дансны дугаарыг С- дарга надад өгсөн. ... Би үнэн зөвөөр мэдүүлье. С- ах над руу утсаар яриад Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Тодорхой хэмжээний ажил хийгдсэн, чам дээр нийгмийн даатгал явагдаж байгаа учраас чамаас мэдүүлэг авахаар дуудна. Чи 2 түвшний уулзвар, эрчим, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төслийг хийсэн гэж мэдүүлээрэй гэж чиглэл өгсөн.” /3хх 92-95/ гэсэн мэдүүлгүүдээр Ц.У-, Б.М- нар нь тухайн байгууллагад ажиллагаагүй, Я.С-гийн өөрт байгаа давуу байдлыг ашиглаж Ц.У-, Б.М- нарыг тушаал гаргаж ажилд авч, тэдгээрийг ажил хөдөлмөр эрхлээгүй байхад цалин хөлс олгож, өөрийн болон хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар цалин хөлсийг буцаан авч байгаа үйлдэл нь өөрөө хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж ойлгоно.
Шүүгдэгч Я.С-гийн хувьд “Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нарыг Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргаанд ажилд томилж, Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нар нь “Я-н бүтээн байгуулалт”-ын асуудал хариуцсан захиргаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, цагийн бүртгэл хийгдээгүй байхад тэдгээрт тус төрийн байгууллага, албан газраас нийт 69.831.818 төгрөгийн цалин олгуулсан, улмаар дээрх мөнгийг Ц.У-, Б.М-, М.О-, Д.У- нараас бэлнээр болон өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан авч өөртөө 69.831.818 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосны улмаас төрийн байгууллага, албан газарт их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх ба Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.С-гийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас 69.831.818 төгрөгийн хохирол учирсныг их хэмжээний хохиролд тооцох хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Я.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.С-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Анхзаяа, О.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Я.С-гийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 94 /ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.С-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Анхзаяа, О.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С-гийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ