Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,            

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч Г.Б-,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 1838003470271 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотоос бусдын эд зүйлийг хулгайлан 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотоос бусдын эд зүйлийг хулгайлан 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би “АНУ” худалдаа үйлчилгээний төвөөс урдаас такси бариад Мөрөн сумын 10 дугаар багт байрлах гэртээ харьсан. Тухайн үед манай ээж Г.Б- нь Улаанбаатар хот руу явчихсан. Манай эмэгтэй дүүгийн хүүхэд Мөнх-Оргил бид хоёр гэрээ сахиад үлдсэн. …Намайг гэртээ очиход манай гэрийн түлхүүр хашаан дотор нуудаг газартаа байсан. Тэгээд гэрээ түлхүүрээр нь онгойлгож ороод хананд байсан 3х4 хэмжээтэй хивсийг аваад буцаад таксигаараа төв рүү ороод цагдаагийн урд талын үсчин гоо сайхны салоны урд зогсож байсан чинь тэндээс үл таних эмэгтэй хүн гарч ирээд наад хивсээ зарах юм уу гэхээр нь 100.000 төгрөгөөр зарчихсан. Би Шаазгай, Пүүжээ гэх хүний утсыг алга болгочхоод тэр хүний хүүхэд нь аавын утсыг төлж өгөхгүй бол цагдаад мэдэгдлээ гээд байхаар нь гэрээсээ очиж хивсээ аваад 100.000 төгрөгөөр зараад тамхи аваад нэг шил архи авч уучхаад Баясаа гэх айлд хоносон... Тэгээд манай гэрийн гадаа очоод би Г.Б-г хулгай хийдэг гэдгийг мэддэг болохоор гэртээ оруулахгүй, чи таксиндаа сууж байгаарай гээд үлдээсэн. Тэгээд би хашаа руугаа явж ороод түлхүүр хийдэг газартаа түлхүүрээ үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд би хашаан дотор байсан малтуураар байшингийнхаа цонхыг хагалаад дотор нь орж цай уучхаад гэрт байсан жижиг хөргөгчийг цонхоор гараад таксины багаж руу хийгээд зах руу очсон. Тэгээд зарах гэсэн чинь хүн олдохгүй таксины жолооч нэг хүнээс асуугаад өгье гээд нэг хүн рүү утсаар залгасан чинь удалгүй ирээд надаас хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхээр нь 50.000 төгрөгөөр гэсэн чинь надад 40.000 төгрөг байна гэхээр нь тэр мөнгөнд нь зарчихсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Би 3 сард элэгний хавдар оношлуулахаар хот явсан. Би байхгүй байсан. Хотод байх хугацаанд ийм зүйл болсон байсан. Дүү нь цагдаа дуудсан байсан. Би ирээд мэдүүлэг өгсөн. Би одоо гомдол саналгүй. Б.Б- хотод ажил хийж байсан. Цалин 600.000 төгрөгийг нь би авч хэрэглэсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хамт байдаг байсан зээ хүү маань энэ жил оюутан болоод явчихсан. Би нас өндөр олон хагалгаанд орсон. Энэ хүүгээс минь өөр намайг асрах хүн байхгүй ялыг нь хөнгөлж өгнө үү гэв.

Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 24-нд хойморт хананд хадаастай байсан 3х4 метрийн хэмжээтэй улаан цоохор Эрдэнэт хивсээ алдсан. Хулгайч орохдоо түлхүүр тааруулан орсон байсан. 2018 оны 04 дүгээр сарын 25-нд мөн баруун урд талын цонх хагалан орж БНХАУ-д үйлдвэрлэсэн жижигхэн хөргөгч алдсан. Хоёуланг нь хэрэглэж байсан эд байсан... Би 1 ширхэг 3х4 Эрдэнэт хивсээ 2013 онд 239.000 бодож авсан тэгж үнэлнэ. Дээр нь алга болсон хөргөгч 2011 онд шинээр авч байсан 360.000 төгрөгт үнэлнэ. Нийт хохирол 599.000 төгрөг болж байгаа юм. Гэм буруутай хүнийг олж түргэн шуурхай хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 25 минутын орчимд Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Хөх толгойн 1-0... тоотод байрлах гэрээсээ гараад Гурван-Эрдэнэ сургууль орж сонгондоо суучхаад тарж байхад манай ээж Түмэнжав надруу залгаад цонхыг чинь хагалаад хөргөгчийг чинь хулгайч аваад явсан байсан гэнэ. Дүү чинь над руу залгаад байсан гэнэ. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд ... өөрийн танил хүн болох Б.Б-той таарсан. Тэгээд Б.Б- намайг такси авчих хоёулаа манай гэрт оччихоод ирье гээд бид хоёр такси аваад Мөрөн сумын 10 дугаар хороо луу явсан. Ингээд 10 дугаар хороо явж байх замдаа би Б.Б-оос яах гэж байгаа юм бэ гэсэн чинь гэрээсээ хөлдөөгч авчирч зарна гэсэн... тэгээд бид хоёр Б.Б-ын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан бөгөөд би Б.Б-од гэр чинь цоожтой байна ш дээ гэсэн чинь дүү гэрийнхээ түлхүүрийг аваад сургууль руугаа явсан байна гээд гэрийнхээ цонхыг хагалаад гэр рүүгээ орсон тэгээд гэрээсээ хөлдөөгчөө аваад цонхоор гаргах гэсэн чинь шилний хагархайнууд тээглээд намайг авчих гэхээр нь би шилний хагархайнуудыг авч хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай аав Пүрэвдорж нь өөрийн хэрэглэж байсан гар утсыг Б.Б- гэх хүн хэсэг барьж байгаад өгөөрэй гэж хэлээд өгсөн байсан. Тэгсэн тэр хүн аавд утсыг чинь хаячихсан гээд өгөхгүй байна гэхээр нь би тэр хүнтэй уулзаад та аавыг гар утсыг төлж өг өгөхгүй юм бол би таныг цагдаад өглөө гэсэн чинь тэр хүн за ахын дүү чи намайг дагаж яваад манайд гэрт очоод авчих гээд тэр хүн такси бариад бид хоёр Б.Б- гэх хүний гэрт нь очсон. Тэгээд тэр хүн байшингаа тойрч очоод нэг газраас гэрийнхээ түлхүүрийг аваад гэрээ онгойлгоод гэртээ ороод байшингийнхаа хананд байсан хивсийг аваад буцаж машиндаа суугаад цагдаагийн урд талд очоод нэг үл таних хүнд 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 51, 68 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 1-... тоотод байршилтай Г.Б-, Т.Мө-нарын өмчлөлийн хувийн сууцнаас хивс, хөргөгч зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч, Шүүгдэгч Б.Б-, хохирогч Г.Б- нар нь гэр бүлийн хамаарал бүхий эх, хүүхдийн харилцаатай, хамт амьдардаг талаар хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгчийг өөрийн хуваарьт хөрөнгөнд хамаарахгүй буюу хохирогч Г.Б-гийн өмчлөлийн хивс, хөргөгч болох 480.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-од холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгчийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван зуун ерэн зургаан цагийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн 1838003470271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэргээс Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хохирогч Г.Б-, шүүгдэгч Б.Б- нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хаяг зэргийг үндэслэн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2018.08.10-ны өдрийн 14/71 дугаартай, Жилчиг багийн Засаг даргын 2018.058.10-ны өдрийн 14/89 дугаартай тодорхойлолтыг эргэлзээтэй гэж үзэн нотлох баримтад тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,

36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13-т заасныг тус тус удирдлага

болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.Б-ын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт

хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б.Б-ыг долоон зуун /700 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх

ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч

Б.Б-ын цагдан хоригдсон 38 / гучин найм / хоногийн хугацааг ялтны эдлэх

ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагаар тооцож, шүүгдэгчийн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг

гурван зуун ерэн зургаан цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар

шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн 1838003470271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ын урьд авсан цагдан хорих

таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль

ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР