2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10485

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 25

191/ШШ2025/10485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: С тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь Л.*******д холбогдуулан С тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М.******* нь 2025 оны 05 сарын 08-ны өдөр тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С тоот 2 өрөө орон сууцыг 140,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод гэрээ хийгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж гэрчилгээ авсан. Тус байрыг худалдан авах үед худалдагч ах болох Л.******* нь тус орон сууцанд амьдарч байсан бөгөөд гэрээ хийгээд төлбөрөө төлсний дараа байрыг чөлөөлж өгнө гэдэг байдлаар тайлбар гаргаж байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа байраа чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан боловч Л.******* нь би дүүгээсээ худалдаж авах ёстой байсан байр гээд чөлөөлж өгөөгүй учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 106.2-т заасан нөхцөл байдал бүрдсэн буюу өмчлөх эрх зөрчигдөж байна гэж үзээд зөрчлийг арилгуулахаар буюу хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа байдлыг таслан зогсоохоор өөрийн өмчлөлийн орон сууцыг өөрөө ашиглахаар орон сууцыг албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаад явж байгаа.

Л.******* энэ байрыг эзэмшиж ашиглах үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэ талаар нотолсон баримтаа шүүхэд гаргаагүй, дүү тэй маргаантай байрны төлбөрийг би төлсөн гэж тайлбарладаг боловч бол 2014 онд энэ байрны өмчлөгч болсон байдаг. Өөрийн хууль ёсны эзэмшлээ М.*******т шилжүүлсэн. Тэгэхээр Л.******* бол тухайн байранд маргаан байдаг бол 2014 оноос хойш шийдвэрлүүлэх боломжтой байсан. Өнөөдөр М.*******ын өмчлөлтэй холбогдуулаад маргаантай байгаа гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Л.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзлаа нотлох баримтаар гаргаж өгнө.

2.2. Хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг бий болгосон мөнгийг өөрөө гаргасан, зөвхөн захиалгын гэрээг дүү нь өөрийнхөө нэр дээр хийсэн юм. Энэ талаар баримт байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/

3.2. Итгэмжлэл /хх 3/

3.3. 2025.05.08-ны өдрийн 1192 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ /хх 4/

3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 5/,

3.5. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 6/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

4.1. Хариу тайлбар /хх 16/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний өмчлөлийн С тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байх тул албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч буйг илэрхийлнэ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. нь М.*******тай 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь маргаан бүхий орон сууцыг худалдан авагч М.*******т 140,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /хх 4/

Улмаар маргаан бүхий С тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2025.05.09-ний өдөр М.******* бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна. /хх 5/

 

5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар М.******* нь Л.*******ы хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Л.*******д нэхэмжлэлийн хувийг 2025.08.11-ний өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 2025.08.25-ны өдрөөр хариу тайлбар гаргах хугацаа тогтоосон.

 

Хариуцагчаас 2025.08.26-ны өдөр Л.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзлаа нотлох баримтаар гаргаж өгнө гэх тайлбарыг бичгээр гаргасан боловч татгалзал, түүний үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг бий болгосон мөнгийг өөрөө гаргасан, зөвхөн захиалгын гэрээг дүү нь өөрийнхөө нэр дээр хийсэн юм. Энэ талаар баримт байхгүй гэх тайлбарыг гаргасан боловч нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан. Улмаар хуралдааныг завсарлуулж дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч нь шүүгчийг татгалзах тухай хүсэлт гаргасан. Гэвч хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэснээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл үүсэхгүй бөгөөд нэгэнт шүүхээр хэргийг хэлэлцэж эхэлсэн тул тухайн хүсэлтийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Л.*******ы хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн С тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА