Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч П.Итгэл

Иргэдийн төлөөлөгч Б.Баянжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-,

Иргэний нэхэмжлэгч Б.Ч-

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Р.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ж-т холбогдох эрүүгийн 1838000000084 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Р.Ж-,

Шүүгдэгч Р.Ж- нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Чимэдийн толгой гэх газарт калибрь маркийн буугаар иргэн Д.Б-гийн зүүн мөрөн тус газар 1 удаа буудаж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Ж- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Чимэдийн толгой гэх газарт калибрь маркийн буугаар иргэн Д.Б-г зүүн мөрөн тус газар 1 удаа буудаж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Р.Ж-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би уг нь санаатай алаагүй юм. Тэр өдөр нэг шил архи бариад хувааж уух гээд орсон чинь намайг түлхэж унагасан. Би согтуу байсан болохоор гэр лүүгээ ороод буугаа аваад гараад ирсэн хүүхэд, багачууд байсан бол би буу авч гарч ирэхгүй байсан. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болоод 3 дугаар сарын 17-ны өдөр дахиад архи уусан байсан” гэв.

Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... намайг манай хамар хашааны Р.Ж- гэх хүн согтуу орж ирээд муусайн баячуул гээд байхаар нь түлхээд унагаасан чинь гэр лүү буцаж ороод гэрээсээ буу гаргаж ирээд намайг буудаж тухайн үед нь би машинаа янзлаад машиныхаа ард зогсож байсан юм. Намайг буудах ямар нэгэн шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-38-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би нөхөр Д.Б-, охин Цэнгэл болон 3 ачынхаа хамтаар өөрийн гэртээ байсан. Орой 18 цагийн үед нөхөр Д.Б- маань хашаандаа машинаа засаад байж байсан юм. Тэгээд би хэсэг байж байгаад байшингийнхаа таамбарын цонхоор харахад манай хажуу хашааны өвгөн Р.Ж- буу барьчихсан явж байсан. Тэр үед би охин Цэнгэлдээ Р.Ж- өвгөн буу барьчихсан явж байна, аавыг чинь буудчихаагүй байгаа гэж хэлээд охиныгоо дагуулаад гарсан. Тухайн үед надаас түрүүлээд миний охин Цэнгэл гарсан. Гадаа гарахад нөхөр Д.Б- маань харагдахгүй байсан. Харин Р.Ж- болохоор гэрийнхээ тийшээ явж байгаад буцаж эргээд нөхөр дээр маань очсоноо гүйцээгээд хаячихъя гээд буугаа толгой руу нь тулгаад барьсан зогсож байсан. Тэр үед би бууг нь булааж аваад гэр рүүгзэ оруулаад орныхоо доор хийгээд нуучихсан. Тэгээд би гэрээсээ гарч ирээд Р.Ж- өвгөнийг түлхэж унагаасан. Түлхэж унагаасныхаа дараа бүсээр нь Р.Ж- өвгөнийг хүлэх гэсэн боловч бүс нь суларчихаад хүлэгдэхгүй байсан. Тэгээд би Р.Ж- өвгөнийг бариад сууж байхад миний хүү болон цагдаагийн хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Ч-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэртээ байж байсан эгч маань утасдаад аавыг чинь хүн буудчихлаа гэсэн. Би цагдаа нартаа очсон. Аав маань газар уначихсан ээж маань Р.Ж- гуайг барьчихсан зогсож байсан. Тэгээд аав маань хот руу эмчилгээнд яваад өнгөрсөн. …Одоо сэтгэл санааны хохирол 35 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 30 минутаас 19 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай ээж нөгөө өвгөн чинь буу барьчихсан явна гэхээр нь би байшингийнхаа цонхоор хартал манай аав Д.Б- нь байшингийн урд талын сараалжин хашааны урд машиныхаа ар талд газарт уначихсан хэвтэж байсан. Тэгээд ээж бид хоёрыг гүйгээд гэрээс гарсан чинь нөгөө өвгөн буу барьчихсан гэр лүүгээ явж байснаа буцаж аав дээр ирээд гүйцээчихье гээд бууныхаа хошууг аавын толгой дээр барьчихсан аав бууных нь хошууны тэр хавиас гараараа барьчихсан өөрөөсөө холдуулах гэж түлхэж байсан. Тэгээд ээж түрүүлж очоод Р.Ж- гэх өвгөний буутай нь ноцолдож байгаад бууг нь булааж авсан. Тэгээд би тэр өвгөнийг газарт түлхэж унагаагаад босоогүй. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед аав миний цээж даагдахгүй байна гээд байсан бөгөөд түргэн дуудаад түргэний эмч ирээд хувцасыг нь тайлах үед аавыг тэр хүн буудсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48-р хуудас/,

Гэрч Б.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд Д.Б- ахыг Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэгдэж очсон байх үед нь эмнэлэг дээр очиж уулзсан. Намайг эмнэлэг дээр очиход Д.Б- ах ухаантай байсан. Тухайн үед надад хэлэхдээ Р.Ж-ыг арай ч ахыг нь буудчихна гэж бодсонгүй гэж хэлж байсан. Тэр үед амьсгаа нь давхцаад олигтой ярьж чадахгүй зүүн мөрөндөө буудуулсан шархтай өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Тэгээд Д.Б- ахыг рентгенд харуулсан. Рентгэнд харуулсаны дараа би эмчтэй нь уулзаад Д.Б- ахыг яаж байгааг нь асуухад нурууны ясан дээр сум очсон байх магадлалтай байна, нэлээн хүнд гэмтэл авсан байна. Бууны сум нь мөрний ясан дээр таараад хоёр хэсэг задарсан юм шиг байна гэж хэлээд Д.Б- ахыг шууд сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Д.Б- ах маань Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотоос хүн зөөвөрлөх тусгай тоноглолтой зориулалтын машин дуудаж Улаанбаатар хот руу зөөвөрлөж гэмтлийн эмнэлэгт шилжин эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр 18 цаг 15 минутад эмнэлэгтээ нас барсан гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч М.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 18-19 цагийн орчимд жижүүрийн утаснаас Мөрөн сумын 10 дугаар баг Чимэдийн толгой гэх газарт хүн буудуулсан байна гэх дуудлага ирлээ. Бүрэлдэхүүнийг цугларахаас өмнө хэргийн газарт очоод шалгаад хамгаалалт аваад байж бай гэж хэлсэн. …Намайг хэргийн газарт очиход буудсан гэх хөгшин ахын хажууд буудуулсан залуугийн хүүхэд нь ирээд зогсчихсон. …Тухайн үед би буудуулсан хүний охиноос юу болсон талаар асуухад миний аавын цээжин тус газарт нь наад согтуу хүн чинь нэг буудчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, /хх-ийн 63-64-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай: 1. Шүүх химийн шинжилгээгээр иргэн П.Д.Б-гийн биеэс авсан цусанд спиртийн агууламж илэрсэнгүй 2. Р.Ж-ын биеэс авсан гэх цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрсэн байна гэх дүгнэлт, /хх-ийн 69-р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаартай “1. Д.Б-н биед сээрний 3-р нугалмын түвшин дэх нугасны гэмтэл, зүүн уушигны дээд дэлбэнгийн нэвт шарх, баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хошуут сумны үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4, 3.1.17, 3.1.11, 4.2.10.1-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 73-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2427 дугаартай: “… Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь шинжилж буй ТОЗ-8 загварын галт зэвсгээр буудагдсан...” гэх дүгнэлт, /хх-ийн 78-79-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 3848 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Р.Ж-ын баруун зүүн гарнаас авсан арчдсанд дарь тортогийн зүйл илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 загварын гол төмрийн ... дугаартай, замагны ... дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 загварын гол төмрийн ... дугаартай, замагны ... дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгээр гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 1 удаа буудлага үйлдсэн байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 80-81-р хуудас/

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай: 1. Р.Ж- нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. 2 Р.Ж- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. 3. Р.Ж- нь хэргийн улмаас шалтгаалан сэтгэлзүйн хямралтай. 4. Р.Ж- нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт, /хх-ийн 86-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 872 дугаартай: Талийгаачийн цогцост зүүн бугалганы дээд хэсгээр орж, зүүн уушгийг дайрч сээрний 2, 3, 4, нугаламын их биед хүрсэн хошуут сумны нэвтрээгүй шарх: зүүн бугалганы урд дээд хэсэгт хагас дугуй хэлбэрийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн уушгины ар гадаргуу хальсан доор цус хуралт, няцрал, сээрний 2, 3, 4-р нугаламын их биеийн цөмөрсөн хугарал, нугасны хатуу хальс урагдал ба нугасны эд няцрал, цус хуралт, ууц, нуруу, ахар сүүл, өсгий холголт цооролтын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь галт зэвсгийн хошуут сумны үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаач галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүүн уушигны дээд дэлбэнгийн эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, няцрал, сээрний 2, 3, 4-р нугаламын их биеийн цөмөрсөн хугарал, нугасны хатуу хальс урагдал ба нугасны эд няцрал, цус хуралтын улмаас уушигны зогсонгишилын хатгалгаар хүндэрч амьсгалын хурц дутагдлын улмаас нас баржээ... гэх дүгнэлт, /хх-ийн 90-92-р хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Р.Ж- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Чимэдийн толгой гэх газарт өөрийг нь түлхэж унагаасан гэх шалтгаанаар калибрь маркийн буугаар иргэн Д.Б-гийн зүүн мөрөн тус газар 1 удаа буудсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Р.Ж-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Р.Ж- нь иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний зардал, оршуулгын зардал болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү бүгд 11.914.000 төгрөгийг төлсөн талаарх баримт шүүхэд гаргаж өгсөнийг дурдах нь зүйтэй.

Харин сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрхэн хохирлыг гаргаж байгаа талаар нотлох баримтгүй, тодорхой тооцоог гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь 78 настай, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 18380000000084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн Тоз-8 маркийн буу 1 ширхэг, хонгио 1 ширхэг, сум 1 ширхэгийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг хар өнгийн 1 ширхэг хүрэм /куртик/, 1 ширхэг богино ханцуйтай цагаан өнгий цамц /подволка/, хар өнгийн цахилгаантай 1 ширхэг хантааз /жилетка/, 1 ширхэг саарал өнгийн бэлтгэлийн өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-, иргэний нэхэмжлэгч Б.Ч- нарт олгохыг, дууны дүрс бичлэг бүхий 2 ширхэг СД-г хавтаст хэрэг хадгалах хугацаанд үлдээхийг, шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгаж, 0.5 литрийн хэмжээтэй “Хар чингис” нэртэй тал шил архи 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, шүүгдэгч Р.Ж-ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж-ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж-ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 18380000000084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тоз-8 маркийн буу 1 ширхэг, хонгио 1 ширхэг, сум 1 ширхэгийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг, хар өнгийн 1 ширхэг хүрэм /куртик/, 1 ширхэг богино ханцуйтай цагаан өнгий цамц /подволка/, хар өнгийн цахилгаантай 1 ширхэг хантааз /жилетка/, 1 ширхэг саарал өнгийн бэлтгэлийн өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-, иргэний нэхэмжлэгч Б.Ч- нарт олгохыг, дууны дүрс бичлэг бүхий 2 ширхэг СД-г хавтаст хэрэг хадгалах хугацаанд үлдээхийг, шүүгчийн туслах Э.Ууганбаярт, 0.5 литрийн хэмжээтэй “Хар чингис” нэртэй тал шил архи 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд, зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-, иргэний нэхэмжлэгч Б.Ч- нар нь сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ж-ын урьд авсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, төрийн сангийн 100170005350 тоот данснаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Р.Ж-т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР

ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН

М.ЭРДЭНЭ-ОЧИР