Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01440

 

 

 

 

 

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э , Б.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 75,665,983 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Э.Э , Б.Т нар И ХК-тай 2019 оны 09 сарын 06-ны өдөр 000000000000 тоот Зээлийн гэрээ, 000000000000 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 0-000000000 дугаартай 371 м.кв талбай бүхий автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай 441 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 34,999,999 төгрөг, зээлийн хүү 37,307,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,358,433 төгрөг, нийт 75,665,983 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: И ХК-тай 2019 оны 09 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Сарын үндсэн хүүг 3.4 хувиар харилцан тохиролцож тогтоосон боловч зээлдэгчийг цаг хугацаандаа зээлийн үндсэн хүүг төлүүлэх баталгаа гэх тайлбарыг гаргаж гэрээний 3.1.3-д сарын үндсэн хүүг 4.4 хувь гэж тусгасан. Хариуцагч нар нэхэмжлэгчээс олгосон зээлийг бизнесийн зориулалтаар буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тахианы махан хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж 2020 оны 02 сар хүртэл буюу 6 сарын турш зээлийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлсөн. Гэвч 2020 онд дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын удаа дараагийн тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон байдлын улмаас хоол хүргэлтийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн. Хариуцагч нар 2020 оны 06 сард зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, давагдашгүй хүчин зүйл үүссэн байдлыг харгалзан зээлийн гэрээний 3.5-д заасан зээлийн 1 хувийн хөнгөлөлтөөс дахин 1 хувийг буруулж 2.4 хувийн үндсэн хүүтэй болгох хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгчтэй 2020 оны 10 сард дахин уулзаж зээлийн үндсэн хүү бууруулах, зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан боловч хүлээн аваагүй. Харин 2019 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оны 11 сараас дахин хатуу хөл хорио тогтоосон. 2021 оны 02 сард Улсын онцгой комиссын зүгээс онцгой байдлын зэрэглэл бууруулж хатуу хөл хориог цуцалсан даруй нэхэмжлэгчийн зээл хариуцсан ажилтантай дахин уулзахад зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 03 сарын дотор шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2021 оны 07 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Э , Б.Т нараас 63,548,850.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,117,132.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э , Б.Т нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Э.Э ын өмчлөлийн ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 000000000 тоот гэрчилгээний дугаартай 371 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000000000 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 0000000000 нэгж талбарын дугаартай 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 674,403 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Э , Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 545,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,117,132.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

4.б. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасны дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан бөгөөд бусад бүх төрлийн зээлийн хүүг зогсоох, хөнгөлөх талаар хууль болон тогтоол, шийдвэр гараагүй.

Иймд нэхэмжпэгч И ХК-ийн нэхэмжлэлийн дүнг бууруулан шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Э , Б.Т нараас 12,117,132.43 төгрөг гаргуулахаар өөрчилж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Цар тахлын нөхцөл байдал үүссэнээс шалтгаалж 2020 оны 10 сард нэхэмжлэгч талтай уулзаж зээлийн гэрээг цуцлах талаар тохиролцсон боловч 2020 оны 11 сараас эхэлж 2021 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хэрэгжиж чадаагүй. 2021 оны 03 сард дахин уулзаж зээлийн гэрээг цуцлах талаар тохиролцсон боловч нэхэмжлэгч тал 2021 оны 07 сарын 22-ны өдөр 63,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлээс татгалзсан гэж үзэж байна. Татгалзсан гэрээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Талуудын байгуулсан 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 000000000000 тоот "Зээлийн гэрээ-ний 3.1.2-д зээлийн хүү сарын 4.4 хувь, 3.5-д зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлөлтийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдрийн дотор багтааж төлсөн тохиолдолд дараа сарын хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй байна" гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээг байгуулах үедээ сарын үндсэн хүүг 3.4 хувиар харилцан тохиролцож тогтоосон болох нь нотлогддог.

6.б. Хариуцагч нар нэхэмжлэгчээс олгосон зээлийг бизнесийн зориулалтаар буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тахианы махан хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж 2020 оны 02 сар хүртэл буюу 6 сарын турш зээлийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлсөн боловч зарим нэг төлбөрийн баримтыг үрэгдүүлсэн тул хэрэгт авагдсан баримтаар 3,788,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нарын эрхэлж байсан хоол хүргэлтийн бизнесийн үйл ажиллагаа 2020 онд дэлхий нийтэд шувууны ханиад тархсантай холбоотойгоор тахианы мах импортоор Монгол улсад нэвтрүүлэхийг хориглосон мөн цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын удаа дараагийн тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон байдлын улмаас зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн болно. Хариуцагч нар 2020 оны 06 сард зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, давагдашгүй хүчин зүйл үүссэн байдлыг харгалзан зээлийн гэрээний 3.5-д заасан зээлийн 1 хувийн хөнгөлөлтөөс дахин 1 хувийг буруулж 2.4 хувийн үндсэн хүүтэй болгох хүсэлтийг гаргасныг нэхэмжлэгч тал зээлийн хорооны хурлаар шийдвэрлэнэ гэсэн боловч ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөөгүй.

6.в. Нэхэмжлэгч "И ' ХК-тай 2020 оны 10 сард дахин уулзаж зээлийн үндсэн хүү бууруулах, зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг дахин гаргахад нэхэмжлэгч хүлээн аваагүй бөгөөд харин 2019 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оны 11 сараас дахин хатуу хөл хорио тогтоосон. 2021 оны 02 сард Улсын онцгой комиссын зүгээс онцгой байдлын зэрэглэл бууруулж хатуу хөл хориог цуцалсан даруй нэхэмжлэгчийн зээл хариуцсан ажилтантай дахин уулзахад зээлийн гэрээг цуцалж 2021 оны 03 сарын дотор шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

6.г. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу нэг сарын зээлийн хүүг 3.4 хувиар тооцвол нэг өдрийн хүү 40,460 төгрөг байх бөгөөд хариуцагч нар 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл буюу нийт 683 хоногийн хүүнд 27,634,180 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчид төлсөн 3,788,000 төгрөгийг хасч тооцвол үндсэн зээл 34,999,999 төгрөг, зээлийн хүү 23,846,180 төгрөг, нийт 58,846,179 төгрөгийг төлөх үүрэгтэй байтал анхан шатны шүүх зээлийн гэрээний 3.5-д заасан заалтыг үнэлж дүгнэлгүйгээр хариуцагч нараас 63,548,850.57 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 4,702,671 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарь байдаг. Тус хуваарийн дагуу төлсөн тохиолдолд 3.4 хувийн хүүтэйгээр тооцож зээлийг төлүүлнэ. Гэвч хариуцагч нар зээл авсан өдрөөс хойш хоцрогдолтой төлж байсан. Манай зүгээс 2022 оны 03 сарын 25-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасантай холбогдуулж дансны хуулга баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас 2020 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш бүх хүүг хөнгөлөлттэй үнээр тооцож нэхэмжлэл гаргасан. Тус баримтаас хэзээ хүртэл үндсэн хүүгээр тооцсон, хэзээнээс хэзээ хүртэл хөнгөлөлттэй хүүгээр тооцсон нь тодорхой харагдана. 2021 оны 01 сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй. Хариуцагч талд цар тахалтай холбогдуулж хангалттай хөнгөлөлтийг үзүүлж байсан. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2.   Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Э.Э , Б.Т нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,999,999 төгрөг, зээлийн хүү 37,307,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,358,433 төгрөг, нийт 75,665,983 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч нар үндсэн зээл 34,999,999 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...шувууны ханиад болон Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа тасалдсан, зээлийн хүүгээ буруулах, зогсоох талаар зээлдэгч талтай удаа дараа уулзсан боловч хариу өгөөгүй, зээлийн гэрээнд зээлийн хүүг 3.4 хувиар харилцан тохиролцсон байтал 4.4 хувиар тооцож нэхэмжилсэн, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж анх 2021 оны 09 сард шүүхэд хандсан тул зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ... гэх агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Э.Э , Б.Т нар 2019 оны 09 сарын 06-ны өдөр И ХК-тай №000000000000 тоот Зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдэн авах, харилцан тохиролцсон хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-11/

 

Мөн Э.Э нь 2019 оны 09 сарын 06-ны өдөр И ХХК-тай 00000000000000 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй ... тоот хаягт байршилтай 371 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 441 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна. /хх 12-14/

 

Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ тус тус байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.   Зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин зээлийн гэрээний хүүг талууд хэрхэн тохиролцсон, зээлийн гэрээ цуцлагдсанаар зээлдэгч нарын хүлээх зээлийн эргэн төлөлтийн үүрэг зогсох эсэх, зээлдэгч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. №000000000000 тоот Зээлийн гэрээ-ний 3.1.3-т Зээлийн хүү: Сарын 4.4 хувь гэж, 3.1.8-д ...Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлтийг ... хуваарьт өдрийн дотор багтааж төлсөн тохиолдолд дараа сарын хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй байна. Хэрэв тухайн сарын хуваарьт төлбөрийг 1-ээс дээш хоногоор хоцроосон тохиолдолд дараа сарын хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.3-т заасан хүүгээр төлнө гэж заажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлд Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал талуудын харилцан тохиролцсон хүү 4.4 хувь, хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийсэн тохиолдолд 1.0 хувийн хүүгийн хөнгөлөлт эдлэхээр талууд харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээний хүүг 3.4 хувиар харилцан тохиролцсон гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хэргийн 15-р талд авагдсан Зээлийн дансны хуулга гэх баримтаас үзвэл нэхэмжлэгч тал 2020 оны 12 сараас хойшхи хугацаанд 3.4 хувь буюу хөнгөлөлттэй хүүгээр үүргийг тооцоолсон, мөн 2021 оны 01 сараас 2021 оны 06 сар хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 1, 3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /2021 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт тус тус зааснаас дүгнэвэл банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан эсэхээс үл хамаараад гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан нөхцөл байдал нь зээлдэгчийг гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байх агуулгыг хууль тогтоогч хуульчилсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл ...шувууны ханиад, Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдсан, зээлдүүлэгч 2019 оны 07 сард шүүхэд анх хандсан... зэрэг нөхцөл байдал нь зээлдэгч Э.Э , Б.Т нарын зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул 2021 оны 07 сарын 21-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний үүргийг тооцож хариуцагч нараас гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 75,665,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7.   Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар Банк, бус санхүүгийн байгууллагад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулахыг үүрэг болгоогүй тул ...зээлийн хүүг бууруулах, зогсоох тухай хүсэлтэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй.. гэж зээлдүүлэгчийг буруутгах боломжгүй.

 

8.   Өмнө дурдсанчлан Зээлийн барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар шийдвэрлэсэн нь оновчгүй байх тул газар эзэмших эрхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах өөрчлөлтийг оруулна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ...63,548,850.57 төгрөгийг... гэснийг ...75,665,983 төгрөгийг... гэж, ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,117,132.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг ...олгосугай. гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...зориулалттай газрыг... гэснийг зориулалттай газар эзэмших эрхийг... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт... гэж, ...545,894 төгрөгийг... гэснийг ...606,480 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа 2022 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлс ошьөн 208,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа 2022 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 90,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР