Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/483

 

  2026           04             22                                                                     2026/ДШМ/483

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох эрүүгийн 2305 04251 1594 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч- овогт Т-ийн Э-, 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт .......тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:НТ-/;

Шүүгдэгч Т.Э- нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хороонд хохирогч А.Н-ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “...өөрийн эзэмшлийн “Лексус Ар Экс 450” загварын Н- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 33.000.000 төгрөгийг “Хаан” банкин дахь өөрийн эзэмшлийн 5Н-8 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гаас 20.915.000 төгрөг гаргуулж хохирогч А.Н-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь “хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх” ёстой ба шүүхээс гарч буй аливаа шийдвэр нь шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан тухай баримтуудад шүүхээс дүгнэлт өгсөн байх, тэрхүү дүгнэлтдээ хэрхэн хүрсэн талаар тайлбарлаагүй. Товчхондоо шийтгэх тогтоолоор илэрч буй шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн тайлбар, өмгөөлөгчийн саналын дүгнэлт маргаж буй үндэслэл болгосон үйл баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой дурдаж дүгнээгүй байна.

Шийтгэх тогтоолд Т.Э-г “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, энэ зүйлийн 2.1 дэх заалтад заасан “ гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл,” болон мөн зүйлийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”, түүнчлэн тухайн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...”-ийг тус тус тусгаагүй байна.

Тодруулбал, нотлох баримтын агуулга гэдгийг нотолгооны ач холбогдол бүхий байдал буюу нотолгооны хамаарал бүхий шинжийг онцлон тэмдэглэсэн зүйл гэж ойлгож байх бөгөөд мөн хууль зүйн дүгнэлт хийхтэй холбоотой аргачлалыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.1.1-д “...шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсаныг эсхүл нотлох баримтын агуулгыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичих байдлаар бус харин тэдгээрийг түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих ёстой...”, 2.1.2-т “Хэргийн үйл баримтыг тогтоон дүгнэхдээ яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн байдлаа буюу дээр дурдсан байдлаар явагдсан танин мэдэхүйн процессыг завсрын дүгнэлтүүдийн хамт бичиж шүүгч хэрхэн эцсийн дүгнэлтэд хүрснээ дэлгэрэнгүй, эргэлзээгүй энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж бичнэ”. Энэ нь өөрийн итгэж үнэмшсэнийг батлан тогтоох дотогшоо чиглэсэн, бусдыг итгүүлэн үнэмшүүлэх гадаад үйлчлэлийн хүрээнд хоёр талт шинж чанартай байна. Бусдаар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтын агуулга бүхий нотлох баримтуудаас анализ дүгнэлт хийхгүйгээр шууд үйл баримтыг тодорхойлох нь нотлох баримт болон тогтоогдож буй үйл баримтын үр дүн хоёрын хамааралт холбоог тайлбарлахаас татгалзаж алгасаж буй улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд ноцтойгоор нөлөөлнө.

Шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлсэн, үнэлээгүй үндэслэлийг, шаардлага хангасан, хангахгүй байгаа, эсхүл нотлох чадвартай, чадваргүй, хэрэгт хамааралтай, хамааралгүй болон үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, мөн нөгөө талууд тухайн баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг шүүх зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ.

Нотлох баримт нь нэгдүгээрт, хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргааны талаар нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, хоёрдугаарт, хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, гуравдугаарт, үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх, эцэст нь буюу дөрөвдүгээрт, тухайн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан эсэхийг нягтлан үзэх ёстой. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэхдээ эргэлзээ бүхий үйл баримтыг нотлогдоогүйд тооцохоос бус өөр аль нэгэн нотлогдоогүй үйл баримтыг тогтоогдсон тооцох үндэслэл болгож болохгүй...” гэсэнтэй зөрчилдсөн байна.

Гэтэл шүүхээс шийдвэртээ яллах дүгнэлтэд хавсаргасан баримтуудыг хуулбарлан тоочсоноос бусдаар тэдгээр баримтуудаар ямар нөхцөл байдал тогтоогдож, тэрхүү тогтоогдож буй нөхцөл байдлууд нь иргэний эрх зүй дэх гэрээний эрх зүйн харилцаанаас ялгагдаж гэмт хэргийн шинжүүдийг бүрдүүлж байгаа буюу өмгөөлөгчийн маргасан үндэслэлүүдийг хэрхэн ямар баримтууд нь няцааж байгаа талаар тайлбарлаагүй буюу өмгөөлөгчийн зүгээс гаргаж маргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар огтоос дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал, гомдол гаргагчийн зүгээс Т.Э-, А.Н- нарын хооронд үүссэн мөнгөн хөрөнгө шилжсэн харилцаа нь хэрхэн гэмт хэргийн шинжтэй болж байгаа буюу иргэний эрх зүй дэх гэрээний эрх зүйн харилцаа, тэр тусмаа зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа гэж дүгнэгдэхгүй болсон үндэслэл нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа талаар тогтоолд огт тэмдэглээгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч тал хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдаас ойлгож ухамсарлаж түүний хэрэгжүүлэн биелүүлэх хүсэл сонирхолтой байдаг буюу тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь өөрөө бодит үйлдэл эсхүл эс үйлдлээр илэрдэг бол гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэргийн тухайд гэрээний үүргийг биелүүлэх байх буюу урьдаас анхнаасаа эсхүл гэрээний явцад энэхүү үүргээ биелүүлэхгүй байх санаа зорилготой байдаг буюу субьектив талын шинжээрээ ялгагдаж байна. Энэ нь ч тодорхой үйлдэл, үйл баримтаар нотлогдоно. Түүнчлэн гэрээгээр халхавчлан залилж буй үйлдлийн тухайд гэрээгээр хүлээсэн үүрэг буюу гэрээнд тусгагдсан тохиролцоо нь анхнаасаа биелэгдэх бодит хийгээд хууль зүйн боломжгүй байдаг.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөлийн тухайд тодорхой үндэслэл бүхий шалтгаан нөхцөл байгаад тэр нь нотлогдож байвал залилах гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Тухайлбал, иргэний эрх зүй дэх гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэх мэт гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болох буюу үүрэг хүлээгч нь үүргээ биелүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг өөрийн хүсэл зоригоор даван туулах боломжгүй байгаа нь гэрээний эрх зүйн харилцаа гэж зүйлчлэгдэх үндэслэл болно.

Тодруулбал, нэн түрүүнд гэрээний эрх зүйн харилцаа болон эрүүгийн эрх зүй дэх залилах гэмт хэргийн ялгагдаж үндсэн шинж бол тухайн харилцаанд оролцогчдын субьектив санаа зорилго байна. Аливаа гэрээгээр үүрэг хүлээж буй аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ анхнаасаа буюу гэрээ байгуулагдахаас өмнөх үе шатанд биелүүлэх ёстой, түүний хариуд нь би бусдаар гэрээнд заасан үүрэг гүйцэтгүүлэхийг шаардах бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль буюу гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээх талаар ойлгож ухамсарласан байдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх чин хүү хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ нь ч тодорхой үйлдэл, үйл баримтаар нотлогдож байж зүйлчлэлийн асуудал нэг мөр шийдэгдэх учиртай.

Харин гэрээгээр халхавчилж үйлдсэн залилах гэмт хэргийн тухайд хохирогчид итгэл үнэмшүүлэх үүднээс бичгээр гэрээ хийж гарын үсэг зураг зэрэг албан ажил хэргийн харилцаанд оролцож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж, хохирогчийг хуурч мэхлэх замаар хариу төлбөргүйгээр хөрөнгө буюу хөрөнгийн эрхийг нь өөртөө хууль бусаар авах хүсэл зоригтой байдаг. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан хэдий ч биелүүлэх гэсэн ямарваа нэгэн үйлдэл, оролдлого хийгдэлгүй гэрээнд заасан хугацаа аливаа хэлбэрээр өнгөрсөн байх үйл баримтаар тайлбарлагдана.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор тайлбарласан тайлбар болон эрүүгийн эрх зүйн онолын үүднээс хийгдэх тайлбарын дагуу анхандаа гэрээний эрх зүйн харилцаа өрнөж эхэлсэн боловч гэрээ ямар нэгэн байдлаар хэрэгжиж эхлээд тодорхой нэг хугацаа өнгөрсний ар дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах тухай бодол бий болсон үеэс залилах гэмт хэргийн субьектив талын шинж буюу гэмт санаа зорилго төрснөөс гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж хувирна.

Тэгтэл талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд өөрсдөө үүргээ зохих ёсоор хүлээн гэрээний эрх зүйн харилцааг хууль болон гэрээ, буюу бусад үндэслэлээр зөвшөөрч дуусгавар болгосон асуудлыг шүүхээс зүгээс гэмт хэргийн шинжтэй гэж үзэхийн тулд иргэний эрх зүйн харилцаа биш гэж үзэх болсон үндэслэлийг гаргаж ирэх ёстой бөгөөд тэр нь нотлох баримтаар тогтоогдож байх учиртай.

Т.Э- нь олон нийтийн сүлжээний фейсбүүк цахим платформд “Н- Н-” хэрэглэгчийн бүртгэлтэй аккаунт эзэмшдэг бөгөөд тухайн хаягаас Б- гэгчтэй түүний мөн платформ дахь “Э- Э-”, мөн хохирогч гэх Н-тэй дээрх платформ дахь “С- Н-” хэрэглэгчийн бүртгэлтэй хаяг руу уг платформын мессенжерээр зурвас цахимаар бичиж харилцсан байна. Уг харилцаанаас талууд тухай үед оролцож буй харилцаандаа ямар хандлагатай байсан, хэн нь хэндээ ямар санал тавьж байсан, хэнээс юу хүсэж шаардаж байсан зэргээр тэдний хооронд үүссэн харилцаан дахь субьектив санаа зорилго хийгээд хүсэл зоригийн илэрхийлэл тайлбарлан тогтоох замаар үйл баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн эсхүл иргэний эрх зүй дэх гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд талууд гэрээнээс татгалзсан буюу цуцалсан эсэхийг зайлшгүй нотлох шаардлагатай.

Т.Э-гаас эрүүгийн дугаар хэрэгт авсан мэдүүлгүүдээр дэлгэрэнгүй нөхцөл байдлыг тогтоох хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр огт мэдүүлэг аваагүй байна. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл хэсэг /§16.3, §16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын:

1.2 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт Б-ог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь энэ хуулийн Арван долдугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох тул прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын болон албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг заавал тодруулна.”,

1.4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа ш үүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.” гэж тус тус заасан байх бөгөөд харин тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсгийн:

5.1.3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон боломж тул үүрэг, хариуцлага бус эрхийн хэрэгжилт болохыг удирдлага болгон хуулийн 5.2, 5.3, 7.3, 7.4, 7.5, 7.6, 16.3, 25.1, 25.2, 25.3, 31.8, 31.11, 35.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авна”,

5.1.4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэгт биечлэн оролцсоны улмаас хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлт, хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт, няцаалтыг хэлэх, мөн бусад яллагдагч, шүүгдэгч нарын хэргийн оролцоог илчлэх боломжтой тул гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлж буй тохиолдолд гэрчийн мэдүүлгээс илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой.” гэсэн байх ба тайлбарын хэрэгцээ шаардлагыг:

2.5 дахь хэсэгт “Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн “Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа”-нд дурдсанаар хяналтын шатны шүүхээс 2019-2022 онд авлигын 12 хэргийг доод шатны шүүх болон прокурорт буцааснаас 5 хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй гэж дүгнэхдээ зарим баримт сэлтийг нотлох баримтаар тооцох, агуулгыг дахин үнэлэх, гэрчийн мэдүүлгийн зөрүүг гаргах зэрэг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэхээр заасан нь нотлох баримтын эх сурвалжуудыг шалгах, үнэлэхдээ тухайн эх сурвалжийн төрөл онцлогт нотлох ажиллагаа тулгуурлаагүй, харгалзан үзээгүйтэй холбоотой байна. Тухайлбал, гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий хүнийг гэрчээр байцааж, улмаар мэдүүлгийг яллах баримтаар үнэлэх, хоорондоо зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авахгүйгээр шүүхэд шилжүүлэх, тендер шалгаруулалт, техникийн аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөн, нягтлан бодох бүртгэлийн зэрэг эрх зүйн бус, мэргэжлийн дүрмээр зохицуулагдах харилцааг зөрчсөн асуудлаар шинжилгээ хийлгэхийн оронд мөрдөн шалгах ажиллагаагаар нотлохыг оролдох зэргээр тухайн тохиолдолд авч үзэж буй нотлох баримтын эх сурвалж хамаарч буй төрлийн онцлогт нийцүүлж шалгах, үнэлэх, дүгнэх ажиллагааг хийгээгүйгээс нотолгоо тал бүрээс бүрэн гүйцэт биш болж, дахин шалгах хэмжээнд хүргэж байна.” гэж тодорхойлон тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Т.Э-гаас хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авч түүний мэдүүлэгт дурдсан үйл баримтуудыг мухарлан шалгах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйл, 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтуудын хэрэгжилт хангагдах учиртай байсан. Т.Э- “Н-” ББСБ-тай байгуулсан фидуци болон зээлийн гэрээний эрх үүргийг анхнаасаа гэж бичсэнээс үзэхэд тэрээр А.Н-тэй анхлан уулзаж нартай амаар хэлцэл байгуулсан ба гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг Э-гийн зүгээс А.Н- нарт мэдэгдсэн. Харин А.Н- үүссэн нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийлгүй эс үйлдлээрээ гэрээг цуцалсан буюу татгалзсан байна.

Т.Э-гийн мэдүүлж буйгаар тэрээр дээрх чатад дурдсан 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийг үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж графикийн зөрчилгүй болсны дараагаар ББСБ-ын эдийн засагч үлдэгдэл төлбөрөө бүтэн төлөхгүй бол машинаа эзэмшилдээ авах боломжгүйг мэдсэний дараагаар Б- гэгч болон хохирогч С.Н- нартай утсаар холбогдож зээлээ шилжүүлэн авах буюу үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж дуусгаад машинаа аваарай гэж, мөн анхнаасаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар зээлийн гэрээнээс өөрөө гарч Б-, Н- нарын хүмүүсийг ББСБ-тай байгуулсан гэрээний нэг тал болж үүссэн харилцаагаа зохицуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан байх бөгөөд эдийн засагчид хандаж С.Н- болон Б- нарын утасны дугаарыг өгч тэдгээр хүмүүс зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар тэд машиныг эзэмшил өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцоотой байсан гэдгийг хэлж байсан гэдэг тул тухайн эдийн засагчийг эхний ээлжид дуудаж мэдүүлэг авах шаардлагатай. Учир нь, гэрч болох ББСБ-ын эдийн засаг нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, харин хохирогч С.Н- нь Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоол буюу тайлбарын тайлбарын дэлгэрэнгүй үндэслэлийн 5.1.6 дахь заалтад дурдсанчлан бодит байдлаас тодорхой хэмжээнд зөрүүтэй мэдүүлэг өгөхийг үгүйсгэхгүй.

Хэрэв Т.Э- дээрх мэдээллийг ББСБ-ын эдийн засагчид өгсөн бөгөөд түүний дагуу эдийн засагч н.Б- болон хохирогч С.Н- нартай утсаар ярьсан бол тэд эдийн засагчид юу гэсэн хариулт өгч байсныг тодруулсны дараагаар Б- болон Н- нарыг асуух нь илүү бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж мөрдөн шалгах ажиллагааны тактикийн хувьд үзэж байна.

Дараагийн дугаарт, дээр дурдсан бодит хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох үүргийн хүрээнд дор дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзнэ. Гэрчүүд болон хохирогч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэнээр ЭнхБ- болон Н- нарт Т.Э- нь зээлээ шилжүүлэх талаар мэдэгдэж санал хүсэлт гаргаж байсан эсэх, үлдэгдэл зээлийн төлөлтийг хийж дуусгаад машинаа шилжүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байсан эсэх буюу н.ЭнхБ-, А.Н- нар мэдсээр байж төлөлтөө хийгээгүй байсан эсэх, ББСБ-аас ЭнхБ- нартай холбогдож зээлээ төлж дуусгаад машиныг авах боломж байгаа талаар хэлж байсан эсэх нь тодорхой болох нотолгооны ач холбогдолтой.

Хэрэв н.ЭнхБ- болон А.Э- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцааны шинжтэй харилцаа үүсэж Э- ямар нэгэн үүрэг амлалтыг ЭнхБ-ын өмнө хүлээсэн, ЭнхБ-од өөрт нь эсхүл Н-ээр дамжуулж болон А.Н-т өөрт нь үлдэгдэл төлбөрөө төлж дуусгаад машинаа биетээр болон нэр дээрээ шилжүүлэн авах боломжтой гэдгийг Т.Э-гийн зүгээс, мөн ББСБ-аас хэлж мэдэгдэж байсан боловч тэд ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй бол тэдний хувьд Т.Э-тай ярилцаж тохиролцсоны дагуу зээлийг төлөхөөс татгалзаж байх буюу үүнтэй холбоотойгоор Т.Э- нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заасанчлан Т.Э- нь ердөө гэрээнээс татгалзсан үйл баримт гэж үзэж дүгнэх хангалттай үндэслэл бүрдэнэ. Учир нь, н.ЭнхБ- эсхүл А.Н- нарын хувьд үлдэгдэл зээлийг нь төлж дуусгаад машиныг авах ёстой байсан буюу тийнхүү тохиролцоо хийсэн болох нь н.ЭнхБ-ын хүсэлтээр А.Н-, эсхүл Н- өөрөө зээлээ төл гэж сарын төлөлт хийж байснаар нотлогдож байна.

Харин тэрхүү төлөлтөө хийхгүй байгаа эс үйлдэл нь өөрөө тэдний хүсэл зоригийн илэрхийллийг үлдэгдэл төлбөрөөр төлөхгүй байх сонирхолтой байгааг харуулна. Мөн анхнаасаа Т.Э- зээлээ н.ЭнхБ-ын эсхүл өөр бусдын нэр дээр шилжүүлэх санал тавьж үлдэгдэл төлбөрөө төлөөд машинаа авах боломжтой гэдгийг хэлж байсан нь түүнд бусдыг мөнгөн хөрөнгийг залилж авах санаа зорилго байгаагүй болохыг харуулж байх буюу Т.Э-д холбогдох гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”, 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байх бөгөөд тэрхүү субьектив санаа зорилго өөрөө хөдөлбөргүй нэг мөр тогтогдсон түүнийг нь нотолсон баримт хэрэгт зайлшгүй авагдсан байх ёстой. Хэрэгт одоогоор тийм баримт авагдаагүй байна. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Т.Э-г гэм буруутайд тооцохдоо тэдний үйлдлийн хүрээнд субьектив талын шинжийг хэрхэн тодорхойлж тогтоосон гэж үзсэн талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт мөн няцааж чадаагүй гэж үзэж байгаа болно.

Энэхүү үйл баримтыг тогтоох нь өөрөө мөрдөгч прокурорын үүрэг байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлд тус тус хуульчилсан байна. Цаашлаад энэ талаар Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоол, мөн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг /§16.3, §16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт дэлгэрүүлэн тодорхой тайлбарласан байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар:

Т.Э- нь А.Н-ийн 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй буюу цагаатгах талын нотлох баримт цуглуулах ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, мөн хэрэгт нотолбол зохих байдал хийгээд хэргийн бодит байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй гэж үзэх хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл бусдад шилжсэний дараа гомдол гаргасан. Шүүгдэгч Т.Э- Н- ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний 1.2-т зааснаар эрхийг зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн төлөөлөгч рүү шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, нийт 38.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний төлбөрийг төлөх боломжгүй, чадваргүй болсон учраас тээврийн хэрэгслийг худалдан борлуулах зорилгоор бусдад хандсан. Үүний дагуу хохирогч А.Н- холбогдож, тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар ярилцаж, мөнгө шилжүүлж эхэлсэн. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “зээлийн гэрээний төлөлт” гэж, мөн тээврийн хэрэгслийн дугаар бичсэн байсан. Т.Э- банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн мөнгийг төлөөгүйн улмаас тээврийн хэрэгслийг хураан авсан. Т.Э- тээврийн хэрэгслийг дахин зарсан асуудал байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Т.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч тус гэмт хэргийн бүх шинжийг хангасан гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт хүрэлцээтэй, хэргийн үйл баримт бүрэн сэргээн тогтоогдсон, нотолбол зохих байдлыг тогтоосон, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.Э- нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хороонд хохирогч А.Н-ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “...өөрийн эзэмшлийн “Лексус Ар Экс 450” загварын Н- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 33.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5Н-8 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

шүүгдэгч Т.Э-гийн “...Би анх Н- гэдэг хүнийг таньдаггүй байсан ЭнхБ- гэдэг хүнээс 2018 онд RХ450 гэдэг машиныг худалдан авч танилцаж байсан. Түүнээс хойш дотно харилцаатай болоод уулздаг болсон, тэр хооронд надаас бас мөнгө, төгрөг зээлдэг байсан. Машин зарах, ах дүү хамаатан садны байр зарах зэрэг ажил төрлийн холбоотой байдаг байсан. Сүүлд бас RХ450 гэдэг машин аваад, зээлээ төлж чадахгүй байсан. Тэгэхээр нь “ахаа та машиныг зараад өгөөч, дүү нь төлж чадахаа байлаа гэсэн. Тэгсэн намайг зураг, мэдээллүүдээ явуулчих гэхээр нь “Н-” ББСБ-д байгаа гэдгээ хэлсэн. Үлдэгдэл нь 30 гаран сая төгрөг байгаа гэж хэлсэн. Урьдчилгаанд 16.000.000 төгрөг өгсөн. Тэрийгээ гаргаж аваад та үлдэгдлийг нь зохицуулаад банк бусаас худалдаад авчих гэсэн. Тэгсэн ах нь тэгье, 1, 2 сарын дотор суллаад авчихъя гэж хэлсэн. Би Н- гэдэг хүнийг машин авсан талаар мэдээгүй. Б-оо ахад өгсөн, Б-оо ахын туслах гэдэг залуу ирээд миний машиныг Алтай хотхоны автобусны буудал дээрээс ирээд авсан. Би зээлээ төлөөч ээ ахаа, хоцроод байна гээд хэлдэг байсан. Ах нь удахгүй төлөөд авчина, байж бай гэдэг, сарын төлөлтийг нь хийгээд явдаг байсан. Тэгээд байж байсан чинь Н- гэдэг хүн фейсбүүкээр холбогдсон “манай ээж машиныг чинь унаж явж байгаад осолд орчлоо, банк бусаас бичиг гаргуулаад өгөөч” гэсэн. Тэгээд би Н- гэдэг хүнийг анх мэддэг болсон. Н- би машины чинь төлөлтийг хийгээд явах юм аа гэсэн, авто ослын мөнгө миний данс руу орж ирэхээр нь би буцаагаад шилжүүлсэн. Н- гэдэг хүн рүү би байнга төлөлтөө хийгээч гэж бичдэг байсан, дандаа төлөлтөө хоцроодог байсан. Утсаа авахгүй байдаг байсан. Мөнгийг нь аваад шууд банк бус руу шилжүүлдэг байсан. Сүүлийн хоёр сарын мөнгийг 7 хоног хоцроосон, үнэхээр мөнгөгүй болсон, уналтын үе байсан. Аргаа бараад Б-оо ах руу залгаад машин зараад өгөөч гэж гуйсан. Банк бусыг би Н-, Б-оо гэдэг хоёр хүнийг холбож өгсөн. Сүүлд төлбөрөө төлөөгүй гээд машиныг банк бусаас хураасан байсан. Би төлөлтийг нь арай гэж төлж дуусгаад, машиныг нь бүтэн төлж дууссаны дараа өгнө гэж хэлсэн. Н- зээлээ төлөөгүй 3 сарын дараа банк бусааС машиныг чинь яах вэ гэж залгасан. Би энэ хоёр хүнд хэлсэн, машин хураагдах гээд байгаа юм байна аваач гэсэн. Тухайн үед уналтын үе байсан, нөхрөөсөө салсан, 4 хүүхэдтэй үлдсэн байсан. Н-ийн хохирлыг өгөх нь зөв гэж бодоод, хүүхдийн тэтгэмж нөхөр өгөөгүй байсан. Тэгээд шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмжид Альфард машин авсан. Машин аваад шууд Н- рүү залгаад энэ машиныг аваач ээ гэхэд 13.000.000 төгрөгт бодож авсан, сүүлд 1.000.000 төгрөг бэлэн шилжүүлсэн. Би үнэхээр төлөх боломжгүй байсан, миний дансны хуулгыг харж болно. Ар гэрийн зүгээс тусламж авах боломж байгаагүй. Үнэхээр мөнгийг нь өгч чадаагүй...” /2 хх 73/,

хохирогч А.Н-ийн “...Би 2022 оны 02 дугаар сард манай компанийн барилгын даамал О-ын танил Э- гэх эмэгтэйгээс О- УБЕ гэх улсын дугаартай RХ450 загварын автомашиныг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд уг автомашин нь “Н-” ББСБ-ын барьцаанд байсан учраас урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөгийг Э- гэх эмэгтэй шилжүүлчих гэж хэлсэн Хаан банкны 5О-0 тоот дансанд шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг нь сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр серийн Хаан банкны 5О-3 тоот данснаас Э-гийн 5Н-810 тоот данс руу 3.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Э-гийн Хаан банкны 5Н-8 тоот данс руу 2.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Э-гийн хаан банкны 5Н-810 тоот данс руу 2.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5Н-8 тоот данс руу 2.000.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5Н-8 тоот дансанд 1.500.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5Н-8 тоот дансанд 500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5Н-8 тоот дансанд 2.000.000 төгрөг, ингээд нийт 33.000.000 төгрөг шилжүүлж өгсөн боловч 2023 оны 03 дугаар сард “Н-” ББСБ-аас уг автомашиныг барьцаалж зээл авсан эзэмшигч Э-г зээлээ төлөхгүй байгаа учраас хурааж авч хохирлоо барагдуулна гээд миний худалдаж авахаар тохирч мөнгийг нь шилжүүлж байсан О--УНЭ улсын дугаартай автомашиныг хураагаад аваад явсан бөгөөд миний банк бусынхаа зээлийг төлөөрэй гэж шилжүүлж байсан мөнгийг төлөөгүй өөртөө ашиглаж байсан бөгөөд уг автомашинаа өөрөө банк бусаас чөлөөлж аваад өөр хүнд зарсан байсныг сүүлд мэдсэн. Иймд намайг залилж 33.000.000 төгрөгөөр хохироож машинаа хүнд зарсан байсан тул хуулийн дагуу шалгаж Э- гэх эмэгтэйгээс надад учруулсан хохирлыг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандсан. Би Э- гэх эмэгтэйтэй гэрээ байгуулаагүй амаараа тохиролцсон бөгөөд уг автомашиныг анх Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын авто баазын хажууд баригдаж буй барилгын талбайд хүлээж авч худалдан авч байсан юм. Би гомдолтой байна. Э- гэх эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ авч, надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” /хх 42-43/,

гэрч Ү.З-тын “...Би зээлийн менежер албан тушаалд ажилладаг. Т- овогтой Э- нь О- УБЕ улсын дугаартай уг автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 38.500.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө зээлж авч байсан. Т.Э- нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусган өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Т.Э- нь зээлийн эргэн төлөлтөө ер нь сар болгон хоцроодог, гэрээ зөрчдөг байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд зээлээ эргэн төлөлгүй хэтрүүлээд уг автомашиныг гэрээний дагуу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хурааж авч зогсоолд байршуулж байсан. ...Манай байгууллага зээлдэгч нараасаа Хаан банкны байгууллагын нэр дээрх 5034977242 тоот дансаар эргэн төлөлтийг хүлээн авдаг. Өөр дансаар авдаггүй нэг л дансаар эргэн төлөлтийг хүлээн авдаг...” /хх 50-53/,

гэрч Д.Н-гийн “...Би О- УБЕ улсын дугаартай автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр автомашины ченж Г- гэх хүнээр дамжуулан Э- эмэгтэйтэй уулзаад Э- нь “Н-” ББСБ-д барьцаанд тавьсан байсныг барьцаанаас нь чөлөөлөөд “Н-” ББСБ-ын Хаан банкны 5Г-2 тоот данс руу 31.550.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5Г-22 тоот данснаас шилжүүлж өгөөд Э- гэх эмэгтэйн Хаан банкны 5Н-8 тоот данс руу 5.450.000 төгрөг шилжүүлж өгч худалдан авч байсан. Би Э- гэх эмэгтэйг юу гэж хэлж байсныг санахгүй байна. Намайг Э- гэх эмэгтэйтэй холбож өгсөн Г- Э- гэх эмэгтэйг зээлээ төлж чадахгүй байна тэгээд машинаа зарах гэж байгаа гэж ярьж байсан санагдаж байна...” /хх 56-57/ гэх мэдүүлгүүд,

хохирогчийн өргөдөл /хх 22/, хохирогчийн шүүгдэгч рүү автомашины төлбөр гэж мөнгө шилжүүлсэн жагсаалт, шилжүүлгийн баримт /хх 24-37/,

“Н- Финанс” ББСБ-аас гаргуулан авсан “Лексус Ар Экс 450” загварын Н- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн барьцааны гэрээ болон бусад холбогдох баримтууд /хх 67-101/,

шүүгдэгч Т.Э-гийн хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 105-134/, эд зүйлийн үнэлгээ /хх 204-210/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 141-142, 187-197/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 164-169/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Э-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Э-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа Б-ог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч А.Н-ийн “...Би 2022 оны 02 дугаар сард ...Э- гэх эмэгтэйгээс О- УБЕ гэх улсын дугаартай RХ450 загварын автомашиныг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд уг автомашин нь “Н-” ББСБ-ын барьцаанд байсан учраас урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөгийг Э- гэх эмэгтэй шилжүүлчих гэж хэлсэн Хаан банкны 5О-0 тоот дансанд шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг нь сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан байсан. ...нийт 33.000.000 төгрөг шилжүүлж өгсөн боловч 2023 оны 03 дугаар сард “Н-” ББСБ-аас уг автомашиныг барьцаалж зээл авсан эзэмшигч Э-г зээлээ төлөхгүй байгаа учраас хурааж авч хохирлоо барагдуулна гээд миний худалдаж авахаар тохирч мөнгийг нь шилжүүлж байсан О--УНЭ улсын дугаартай автомашиныг хураагаад аваад явсан бөгөөд миний банк бусынхаа зээлийг төлөөрэй гэж шилжүүлж байсан мөнгийг төлөөгүй өөртөө ашиглаж байсан бөгөөд уг автомашинаа өөрөө банк бусаас чөлөөлж аваад өөр хүнд зарсан байсныг сүүлд мэдсэн...” /хх 42-43/, гэрч Ү.З-тын “...Т.Э- нь О- УБЕ улсын дугаартай уг автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 38.500.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө зээлж авч байсан. Т.Э- нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусган өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Т.Э- нь зээлийн эргэн төлөлтөө ер нь сар болгон хоцроодог, гэрээ зөрчдөг байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд зээлээ эргэн төлөлгүй хэтрүүлээд уг автомашиныг гэрээний дагуу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хурааж авч зогсоолд байршуулж байсан...” /хх 50-53/, гэрч Д.Н-гийн “...Би О- УБЕ улсын дугаартай автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр автомашины ченж Г- гэх хүнээр дамжуулан Э- эмэгтэйтэй уулзаад Э- нь “Н-” ББСБ-д барьцаанд тавьсан байсныг барьцаанаас нь чөлөөлөөд “Н-” ББСБ-ын Хаан банкны 5Г-2 тоот данс руу 31.550.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5Г-22 тоот данснаас шилжүүлж өгөөд Э- гэх эмэгтэйн Хаан банкны 5Н-8 тоот данс руу 5.450.000 төгрөг шилжүүлж өгч худалдан авч байсан. Би Э- гэх эмэгтэйг юу гэж хэлж байсныг санахгүй байна. Намайг Э- гэх эмэгтэйтэй холбож өгсөн Г- Э- гэх эмэгтэйг зээлээ төлж чадахгүй байна тэгээд машинаа зарах гэж байгаа гэж ярьж байсан санагдаж байна...” /хх 56-57/ гэх мэдүүлгүүд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 105-134/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 164-169/ болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгчийн Т.Э-гийн дээрх үйлдэл нотлогдон тогтоогдож байх бөгөөд “шүүгдэгч нь хохирогчийг залилаагүй, субьектив санаа зорилго байгаагүй” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, холбогдох бичгийн нотлох баримт болон бусад баримтууд нь ач холбогдолтой, харилцан уялдаа холбоотой, нэгнээ нотолсон, тухайн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоох боломжийг бүрдүүлсэн, хэргийг дутуу шалгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч болон хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээний харилцаа байсан талаар маргаж байх хэдий ч 38.500.000 төгрөгийн барьцаанд “Н- Финанс” ББСБ-д барьцаалсан байгаа тээврийн хэрэгслийг худалдана гэж шүүгдэгч нь нийт 33.000.000 төгрөгийг хохирогчоос шилжүүлэн авч, 15.389.000 төгрөгийг тус “Н- Финанс” ББСБ-д өгсөн үйл баримт тогтоогдсон ба улмаар төлбөр төлөгдөөгүйн улмаас уг тээврийн хэрэгслийг хураан авч, зогсоолд байршуулсан боловч тэрээр 1 сарын дараа иргэн Д.Н-д 37.000.000 төгрөгөөр уг тээврийн хэрэгслийг худалдаж, Д.Н- нь 31.550.000 төгрөгийг “Н- Финанс” ББСБ-д шилжүүлж, шүүгдэгч Т.Э-д 5.450.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Э-гийн дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.АЛТАНТУЯА

 

 

                                   ШҮҮГЧ                                 Л.ГАЛБАДАР

 

 

                                  ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ