Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0530

 

2018 оны 10 сарын 03 өдөр   

  Дугаар 221/МА2018/0530

Улаанбаатар хот

 

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэртэй, “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 1 дэхь хэсэгт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгчийн ”В” ХХК-ийн “газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдад даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богд-хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-04/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-08/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богд-хан уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд “М” ХХК-ийн “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “...өөрийн ашиглах эрх бүхий талбайд үйл ажиллагаа явуулах гэхээр “М” ХХК нь хууль журмын дагуу хамгаалалтын талбай гэх 131.8 га газрыг ашигладаггүй атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хууль журмын дагуу олгогдсон хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу ашиглаж буй газартаа үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хааж, хөрөнгө оруулагчдыг манай ашиглалтын газраас хөөж, удаа дараагийн үйлдлээр орц, гарцны маргаан үүсгэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор “М” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох арга хэмжээ авах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсээр ирсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт хууль журмын дагуу цаг хугацааны хувьд анх газар ашиглах эрхтэй болсон нь тодорхой харагддаг. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн 2007 оны гэрээ нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “...газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглах нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй...” гэж заасныг үндэслэсэн байдаг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шуурхай ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлах журамтай атал гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн газартай давхцал үүссэн хамгаалалтын талбай гэх 131.8 га талбайд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан газрын төлбөрийг зохих ёсоор төлдөггүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. “В” ХХК нь газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас өнөөдөр ч гэсэн газрын төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа бодит байдал бий. Хоёр аж, ахуйн нэгжид газрын харилцаанд тэгш байдал, шударга ёс үйлчлэх бус харин ч хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол бүрнээ үйлчилж байгаа нь илэрхий харагдаж байх бөгөөд 131.8 га талбайд газрын төлбөр төлөхгүй атлаа хамгаалалтын талбай гэх нэрийдлээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, цаашлаад газрын төлбөр төлөхгүйгээр улсын төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсаар 10 гаруй жилийн нүүрийг үзсэн байна. Иргэдэд газар ашиглах эрхтэй эсэхийг нь нотлохын тулд газар ашиглах эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагаас олгодог бөгөөд иргэд, хуулийн этгээдийн хувьд газар ашиглах эрхтэй гэх итгэл үнэмшил нь газар ашиглах эрхийн гэрчилгээ юм. Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосноос хойш 2012 онд 5 жилээр сунгахдаа газар ашиглах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг цаг хугацаанд нь нэхэн авсаар байна. Өөрөөс шалтгаалах бүхий л хууль ёсны баримт бичгийг шүүхэд гарган өгсөөр байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмын зохицуулалтыг анхаараагүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах Зуун модны ам гэх газарт 2.0 га газрыг нэхэмжлэгч “В” ХХК-д аялал, жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар зөвшөөрч улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 401 дүгээр гэрчилгээг 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгож, уг гэрчилгээний хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5 жилээр сунгасан байна.

Нэхэмжлэгч тухайн газрыг ашиглах эрхтэй байсан гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгчээс “...манай компани хууль журмын дагуу газраа ашиглаж байсан бөгөөд хугацаа дуусахаас 3 сарын өмнө уг газрыг ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчаас хууль бусаар татгалзсан” гэж, хариуцагчаас “...”В” ХХК нь газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч 2007 оны 401 дүгээр гэрчилгээг олгосон тушаал байхгүй учраас сунгах боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасны дагуу дархан цаазат газарт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргахаар байх бөгөөд нэхэмжлэгчид анх газар ашиглуулахаар шийдвэрлэсэн тушаал байхгүй гэх үндэслэлээр “В” ХХК-ийг Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах Зуун модны ам гэх газарт 2.0 га газрыг ашиглах эрхгүй гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “В” ХХК-д 2007 онд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 401 дүгээр гэрчилгээг олгон улмаар 2012 онд уг газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, газар ашиглах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөрийг жил бүр төлж байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэгчид тухайн газрыг ашиглах эрхтэй гэх итгэл, үнэмшлийг төрүүлсэн атлаа “анх олгосон тушаал байхгүй” гэх үндэслэлээр “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчихөд хүргэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасан ба Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа анх газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хавсаргахыг хуулиар шаардаагүй байхад хариуцагчаас өөрийн архивт байх буюу хадгалагдах баримтыг нэхэмжлэгчээс шаардан хууль бус шаардлага тавьсан байна.  

Дээрх хууль бус шаардлагын улмаас нэхэмжлэгч “В” ХХК-ийн гаргасан “...ашиглах тухай гэрээний хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг хариуцагч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан байхад анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу юм.  

Гуравдагч этгээд “М” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан  уулын  дархан цаазат тусгай хамгаалалттай Хүрхрээгийн ам нэртэй газарт 13.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 662 дугаар гэрчилгээг 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгож, 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд БО-08/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг, 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр газар ашиглах тухай гэрээг тус тус 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-иуд Богдхан уулын дархан цаазат газрын хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20 жилийн хугацаатайгаар тус тус байгуулсан байна.

Байгаль орчны сайдын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалаар “М” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хүрхрээгийн ам гэх нэртэй газарт 25 га газрыг аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах зориулалтаар олгож, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах тухай гэрээг байгуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БО-04/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй газрууд нь ашиглалтын хувьд давхцалгүй ч нэхэмжлэгчийн ашиглаж байсан 2.0 га газар нь гуравдагч этгээдийн хамгаалалтын талбайтай бүрэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/254 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон бөгөөд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан байна.

Уг журмын 4.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэж заасны дагуу гуравдагч этгээд “М” ХХК-тай хариуцагч урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “гуравдагч этгээд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон хэмээх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй.

Учир нь дээрх журмын 4.1 болон бусад зохицуулалтаар урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээр хамгаалалтын талбайг тогтоож болох талаар зохицуулаагүй бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалтын талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн дээрх урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд “...5 жил тутам энэхүү гэрээ болон газар ашиглах гэрээг дүгнүүлнэ...” гэж тусгасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд 2007 оноос хойш урт хугацааны хөрөнгө оруулалтын болон газар ашиглах гэрээг дүгнүүлж байгаагүй ба 131.8 га газар буюу хамгаалалтын талбайн хувьд газрын төлбөрийг төлж байгаагүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/254 дүгээр албан бичгээр ирүүлсэн агаарын зургаас үзвэл “М” ХХК нь тухайн хамгаалалтын гэх газартаа орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж, ашиглаж байгаа болох нь нотлогдож байна.

Гуравдагч этгээд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг буцааж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан ба шүүх итгэмжлэлийн хугацаа дууссан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-д шүүхийн шийдвэрийг гардуулсан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 221/ШЗ2018/1261 дүгээр захирамжаар гомдлыг буцааж, “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-д 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардуулж, тухайн өдөр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч шүүхэд ирүүлснийг буруутгах боломжгүй тул уг хүсэлтийг хангах үндэсгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М” ХХК-д улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29, 2008 оны 7 дугаар сарын 04, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан БО-04/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БО-08/А-09 дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнүүдийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

         ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА