Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1077

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эм ******* *******г” ХХК

Хариуцагч: Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөл

Гуравдагч этгээд: “Оюу ” ХХК

Гуравдагч этгээд: “И” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээд “Оюу ” ХХК-ийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эм ******* *******г” ХХК-ийн захирал С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...”Т ” ХХК-ийн захирал Д.Ө нь манай компанитай 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр манай бэлтгэсэн 133 тонн сибирь хуш модны самрын идээг “Т ” ХХК нь бүтээгдэхүүн эскпортлох зөвшөөрлийнхөө дагуу гаалийн бүрдүүлэлт хийж гаргахаар тохиролцсон билээ.

Д.Ө нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 133 тонн сибирь хуш модны самрын идээг холбогдох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлснийхээ дагуу гаалийн бүрдүүлэлт хийснийг бид мэдээгүй ба тийнхүү Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол гарган, эд мөрийн баримтаар хураагдсан 133 тонн сибирь хуш модны самрын идээг битүүмжилсэн ба уг самрын идээ нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах "Х ” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа юм.

Гэтэл манай компаний хуулийн дагуу бэлтгэж, боловсруулсан, хууль ёсны өмч болох 133 тонн самрыг нийслэлийн прокурор 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 тоот тогтоолоороо анхны битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх Хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар, самрын идээг буюу битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам руу зарж борлуулахаар шилжүүлсэн.

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, “Байраль орчны эсрэг гэм хэрэг зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлсийг үнэлэх, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-ийн 2016 оны 2, 3 дугаар хурлаар тус тус хэлэлцэж 02/02, 02/03 тоот шийдвэрүүдийн дагуу самрыг зарж борлуулахаар сонгон шалгаруулалт зарлан “Оюу ” ХХК, “И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн

Нийслэлийн прокурорын газар, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд шилжүүлэхдээ тус яамны сайдын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/438 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлсийг үнэлэх, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”- ыг үндэслэл болгож шилжүүлсэн байдаг. Тийнхүү Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам уг А/438 тоот тушаалаар батлагдсан журмаа үндэслэн Орон тооны бус зөвлөлийг хуралдуулан хаалттай дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, хаалттай дуудлага худалдаагаар самрыг зарж борлуулахаар дээрх 02/02, 02/03 тоот шийдвэрүүдийг гарган дээрх хоёр компаниудад олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Бид эрүүгийн 2016 дугаартай хэргийн хохирогч мөн атал, түүнчлэн эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, гэм буруутай нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад бидний хууль ёсны өмчийг зарахаар шийдвэрлэж буй Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Орон тооны бус зөвлөлийн дээрх шийдвэр нь бидний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Бид дээрх Орон тооны бус зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагааны талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цд гомдол гаргасан ба “бидний гомдлыг хүлээн авахгүй, самрын идээг нэй даруй худалдан борлуулна” гэсэн хариуг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/3689 тоотоороо өгсөн.

Иймд тус Орон тооны бус зөвлөлийн энэхүү сонгон шалгаруулалт болон энэхүү сонгон шалгаруулалт явуулах талаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02, 03дугаар хурлаас гаргасан “Эд мөрийн баримтаар шилжүүлэн ирүүлсэн 133 тонн сибирь хуш модны самрын идээг худалдан борлуулах тухай” 02/02, 02/03 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөл-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төмөр замын цагдаагийн хэлтэс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 8424794, 703421 дугаартай вагоноор “133 тонн сибирь хуш модны самрын идээ”-г Монгол Улсын хилээр хуурамч бичиг баримт ашиглан гаргахыг завдсан үйлдэлд 2016 ны 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.3, 233.2-д зааснаар 2016 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Тээврийн прокурор, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс хураагдсан нарсны овгийн сибирь хушны самрын идээг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 87.3-т заасны дагуу түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн тул яаралтай шийдвэрлүүлэхээр манайд албан бичиг ирүүлсэн. Төмөр замын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад П.М 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах тээвэр экспедицсэн механикжсан ангийн талбай дээр хадгалж байгаа 133 тонн бүхий сибирь хуш модны самрын идээ болох 2 вагоныг лац тавин хүлээлгэн өгсөн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/438 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн ажиллах журам“-ын дагуу тус зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02 дугаар, 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого”-ыг Байгаль хамгаалах санд /улсын төсвийн орлого/-д 2 тэрбум төгрөг төвлөрүүлж, шалгарсан Оюу , И ХХК-тай гэрээ байгуулсан.

Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А*******, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.М нарын “Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол”-оор манай лацыг хөндөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрөх үеэр АБТЭМА гаалийн хяналтын талбайд саатуулагдсан 2 вагон 133 тонн сибирь хуш модны самрын идээг Толгойт өртөөнд хүргэж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2 вагоноос самрын идээг буулган машинаар тээвэрлэж хэрэгт сэжигтэнээр шалгагдаж байгаа Эм ди *******г ХХК-ийн түрээсийн “Х ” ХХК-ийн агуулахад буулгасан байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабраторийн 2016 оны 04 дүгээр 28-ны өдрийн сорилын дүнгээр МNS 5693:2006 стандартын мөөгөнцөрийн хэмжээ 1х102 байхаас 2.3х102 байснаа 06 дугаар сарын 06-ны Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр 2.5х102 болж нэмэгдсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч стандартын шаардлага хангахгүй дүгнэлт гаргасан. Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “сибирь хуш модны самрын идээ” нь Хуш модны самрын идээ Техникийн шаардлага МNS 5693:2006, МNS 5789:2007 стандартын 4.3-т заасан үзүүлэлтэд тэнцсэн ба одоогийн хадгалж байгаа нөхцөл нь түргэн муудаж, чанар байдлаа алдах нөхцөл бүрдсэн, хүнсний хэрэгцээ хангахгүй муудах нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн.

Хадгалалтын норм 1 жил бөгөөд уг самрын идээ нь өмнөх оны 8, 9 сарын ургац тул шаардлагыг бас хангахгүй, муудаж, чанар байдлаа алдсан тохиолдолд хохирлыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам хариуцах боломжгүй юм.

Учир нь яамны орон тооны бус зөвлөлийн зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар тэнцсэн Оюу , И ХХК-иудад самрын идээг хүлээлгэн өгөх ажиллагаанд саад учруулж, агуулахын хаалгыг таглан хүнд даацын машин байрлуулж, улсын төсөвт төлсөн 2 тэрбум төгрөг болон юань төгрөгийн ханшны зөрүүний алдагдал хүлээсэн зардлыг Эм ******* ******* *******г ХХК төлөх

ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлэн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Оюу ” ХХК-ийн захирал Ц.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/438 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас болон захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах, шилжүүлэх шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу тус зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас хэлэлцэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04-р сарын 27-ний зийн 02/2472 тоот албан бичгээр “Ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй, гадаад улсад самрын идээг экспортоор гаргах зөвшөөрөл авч, хилээр гаргаж байсан, ямар нэг хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж, харьцуулсан үнийн саналаар яаралтай худалдан борлуулж, орлогыг Байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн.

Иймд танай компани дээрх шаардпагыг хангаж байх тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14.00 цагт яамны “Хаан” танхимд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөл, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа авч ирнэ үү. Уулзалтын дараа хураагдсан нарсны төрлийн хуш модны самрын идээг газар дээр нь очиж танилцана. Үнийн саналыг битүүмжлэн албан хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10.00-12.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны 100 тоотод мэргэжилтэн М.Мд өгнө” гэсэн албан бичиг ирүүлсэн.

Энэ албан бичгийн дагуу манай компани дуудлага худалдаанд оролцох үнийн саналаар тэргүүлж Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот гэрээг байгуулж 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг тушааж 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуш модны самрын идээг авах гэтэл мөрдөн байцаагч н.Б******* 2 вагоныг битүүмжилсэн байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар цаашид хэрхэх талаар шийдвэрлэж хариу мэдэгдье гэсэн. Яагаад дуудлага худалдаанд орсон самрын идээг битүүмжилдэг юм бэ? гэж асуухад манайд ямарч юм мэдэгдээгүй, бид нар ч ойлгохгүй гайхаад байна. Ямартаа ч та нарын гэрээ хүчин төгөлдөр байгаа, мөнгөө бэлэн байлгаж бай бид хариу өгнө гэсэн. Мөн өдөр 2 вагон самраа авах гээд очтол гаалийн баталгаат талбайд байсан 2 вагон самар байхгүй, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Х ” ХХК-ийн

агуулахыг “Эм ******* ******* *******г” ХХК нь түрээслэн шөнийн 01 цагийн үед буулгасан байсан. Ингээд энэ тухай асуухад Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам ч уг асуудлыг мэдэхгүй байсан. Гаалийн баталгаат талбайд байсан самрыг ямар албан тушаалтан, эрх мэдэлтний зөвшөөрлөөр ямар албан бичиг, эрх бүхий актаар улсад их хэмжээний хохирол учруулж хуурамчаар хил давуулах гэж байгаад хураагдсан компанийн агуулах руу хийгдсэнийг ойлгохгүй байна. Энд албан тушаал, эрх мэдлийн зөрчил байгаа гэж үзэж байна.

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мөнгөө тушаа гэсний дагуу 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Байгаль хамгаалах сангийн 900013040 тоот дансанд тушаасан.

Манай компани нь энэ үйлдлээс үүдэн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Авилгатай тэмцэх газарт удаа дараа гомдлын өргөдөл гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх талаар хөөцөлдсөн боловч энэ асуудал шийдэгдээгүй 6 сар болж байгаа бөгөөд бид хувь хүн, банкны байгууллага, Банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлсэн, Банк бус санхүүгийн байгууллагатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж мөнгө зээлсэн, Бүгд Найрамдах Хятад ард улсаас худалдан авах хөрөнгө оруулагчийг ирүүлсэн, их хэмжээний юаныг солиулсан, одоо самрын

байгаа газарт харуул хамгаалалтын 4 ажилтан ажиллуулан цалинжуулж байгаа зэргээс манай компанид 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн хохирол учраад байна.

Иймд манай компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хийсэн гэрээний дагуу самрын идээг авч экспортлох, энэ зөрчлөөс болж манай компанид учирсан 500 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлж компанийг хохиролгүй болгох хүсэлттэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХК-ийн захирал Д.Батхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/438 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас болон захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах, шилжүүлэх шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу тус зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас хэлэлцэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04-р сарын 27-ний зийн 02/2472 тоот албан бичгээр “Ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй, гадаад улсад самрын идээг экспортоор гаргах зөвшөөрөл авч, хилээр гаргаж байсан, ямар нэг хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж, харьцуулсан үнийн саналаар яаралтай худалдан борлуулж, орлогыг Байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн.

Иймд танай компани дээрх шаардпагыг хангаж байх тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14.00 цагт яамны “Хаан” танхимд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөл, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа авч ирнэ үү. Уулзалтын дараа хураагдсан нарсны төрлийн хуш модны самрын идээг газар дээр нь очиж танилцана. Үнийн саналыг битүүмжлэн албан хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10.00-12.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны 100 тоотод мэргэжилтэн М.Мд өгнө” гэсэн албан бичиг ирүүлсэн.

Энэ албан бичгийн дагуу манай компани дуудлага худалдаанд оролцох үнийн саналаар тэргүүлж Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот гэрээг байгуулж 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг тушааж 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуш модны самрын идээг авах гэтэл мөрдөн байцаагч н.Б******* 2 вагоныг битүүмжилсэн байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар цаашид хэрхэх талаар шийдвэрлэж хариу мэдэгдье гэсэн. Яагаад дуудлага худалдаанд орсон самрын идээг битүүмжилдэг юм бэ? гэж асуухад манайд ямарч юм мэдэгдээгүй, бид нар ч ойлгохгүй гайхаад байна. Ямартаа ч та нарын гэрээ хүчин төгөлдөр байгаа, мөнгөө бэлэн байлгаж бай бид хариу өгнө гэсэн. Мөн өдөр 2 вагон самраа авах гээд очтол гаалийн баталгаат талбайд байсан 2 вагон самар байхгүй, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Х ” ХХК-ийн агуулахыг “Эм ******* ******* *******г” ХХК нь түрээслэн шөнийн 01 цагийн үед буулгасан байсан. Ингээд энэ тухай асуухад Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам ч уг асуудлыг мэдэхгүй байсан. Гаалийн баталгаат талбайд байсан самрыг ямар албан тушаалтан, эрх мэдэлтний зөвшөөрлөөр ямар албан бичиг, эрх бүхий актаар улсад их хэмжээний хохирол учруулж хуурамчаар хил давуулах гэж байгаад хураагдсан компанийн агуулах руу хийгдсэнийг ойлгохгүй байна. Энд албан тушаал, эрх мэдлийн зөрчил байгаа гэж үзэж байна.

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мөнгөө тушаа гэсний дагуу 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Байгаль хамгаалах сангийн 900013040 тоот дансанд тушаасан.

Манай компани нь энэ үйлдлээс үүдэн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Авилгатай тэмцэх газарт удаа дараа гомдлын өргөдөл гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх талаар хөөцөлдсөн боловч энэ асуудал шийдэгдээгүй 6 сар болж байгаа бөгөөд бид хувь хүн, банкны байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлсэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдан авах хөрөнгө оруулагчийг ирүүлж их хэмжээний юаныг солиулахад тухайн үөд Найман шарга ченжийн зах дээр 1 юаныг 301 төгрөгөөр бодож сольсон, одоо юаны ханш 348 төгрөг болж өссөн байгаа нь юаны зөрүүнээс 150.000.000 төгрөгийн зөрүү тооцогдохоор болж байна. Самар байгаа газарт харуул

хамгаалалтын 2 ажилтан ажиллуулан цалинжуулж байгаа зэргээс манай компанид 450.000.000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөгийн хохирол учраад байна.

Иймд манай компани Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамтай хийсэн гэрээний дагуу самрын идээг авч экспортлох, энэ зөрчлөөс болж манай компанид учирсан 450 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлж компанийг хохиролгүй болгох хүсэлттэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөлийн /цаашид Орон тооны бус зөвлөл гэх/ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 02, 03 дугаар хурлын Эд мөрийн баримтаар шилжүүлэн ирүүлсэн 133 тнн сибирь хуш модны самрын идээг худалдан борлуулах тухай 02/02, 02/03 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөлийн /цаашид Орон тооны бус зөвлөл гэх/ 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна. 

Нэхэмжлэгч “Эм ******* *******г” ХХК нь “А******* *******” ХХК-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 150 тонн хуш модны самрын идээг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож улмаар “Т” ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 35/9 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр “Т*******” ХХК-ийн бичиг баримтыг ашиглан нарсны овгийн сибирь хушны самрын идээг экспортлохтой холбоотой ажлыг гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байна. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор 133 тонн сибирь хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр хуурамч бичиг баримт ашиглан гаргахыг завдсан үйлдэлд Төмөр замын цагдаагийн хэлтсээс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дээрх самрын идээг эд мөрийн баримтаар тооцож, эрүүгийн хэрэгт хавсаргажээ.

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс дээрх самрын идээ нь одоогийн хадгалж байгаа нөхцөлд түргэн муудаж, чанар байдлаа алдах нөхцөл бүрдсэн тул эд мөрийн баримтыг шийдвэрлүүлэхээр Тээврийн прокурорын газарт хандаж, Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 133 тонн самрын идээг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276/527 дугаар албан бичгээр “...самрын идээг Баянгол дүүргийн 4-р хороо, Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах Тээвэр Экспедицсэн Механикжсан ангийн талбайд хадгалагдаж байгаа...одоогийн хадгалж байгаа нөхцөл нь түргэн муудаж, чанар байдлаа алдах нөхцөл бүрдсэн...хадгалалтын тусгай горим, нөхцөл шаардсан зориулалтын газар хадгалах шаардлагатай, самрыг буцаан олгох боломжгүй” гэж эд мөрийн баримтыг шийдвэрлүүлэхээр хандсан байна.

Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Орон тооны бус зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан мөн өдрийн 02/02 дугаар шийдвэрийн 5, 6 дахь заалтаар болон 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар 133 тонн сибирь хушны самрын идээг яаралтай худалдан борлуулах арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02/2472 дугаар албан бичгээр хаалттай дуудлага худалдаанд оролцуулахаар, 11 компанид санал хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй нөхцөлд хэрэгцээний нь дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх ба эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох буюу эсхүл үнийг төлнө” гэж заасан бөгөөд эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байдлаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан зүйлийг худалдан борлуулахаар дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол захиргааны актыг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж дээрх Орон тооны бус зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

Тодруулбал, 133 тонн хуш модны самрын идээг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, түргэн хугацаанд муудаж чанар байдлаа алдах нөхцөл үүссэн, самрын идээнд агуулагдах мөөгөнцөрийн хэмжээ стандартын шаардлага хангахгүйд хүрч байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторын сорилын дүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан байхад Орон тооны бус зөвлөлийн 02/02 дугаар шийдвэрийн 5, 6 дахь заалт болон 02/03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаараа худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Б*******гийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан 133 тонн самрын идээг битүүмжилснийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон боловч Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн. 5/24 дүгээр тогтоолоор “...эд зүйлийн эзэмшил, өмчлөлийн талаар гарсан маргаан шийдвэрлэгдээгүй тул эд мөрийн баримтаар хураагдсан хуш модны самрын идээг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэж үндэслэлээр 17 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор самрын идээг анх битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол хүчинтэй болсон байна. Анх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эд мөрийн баримтыг битүүмжилсэн байх бөгөөд Орон тооны бус зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гуравдугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд “...Нийслэлийн прокурорын газрын прокурор н.А******* Эм ди *******г ХХК-иас гомдол гаргасан, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж байгаа, худалдан борлуулах ажиллагааг түр хойшлуулах” талаар мэдэгдсээр байхад 02/03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар самрын идээг яаралтай худалдан борлуулахаар шийдвэрлэж хаалттай дуудлага худалдааг зохион байгуулан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Худалдах худалдан авах гэрээг цаг хугацааны хувьд дээрх эд мөрийн баримтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол гарсны дараа байгуулагдсан байгаагаас үзвэл хууль бус болсон байна.

 Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/438 дугаар тушаалаар Засгийн газрын 1995 оны 131 дүгээр “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ыг үндэслэн Орон тооны бус зөвлөлийн ажиллах журамыг баталсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь захиргааны журмаар эд зүйлийг хураах эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан байхад тус яамны сайдын дээрх тушаалаар Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх харилцааг зохицуулсан журам баталж байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр болжээ. Мөн хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр албан бичгээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/438 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий актуудаар 133 тонн нарсны овгийн сибирь хушны самрын идээг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй журамд үндэслэн гэмт хэргийн улмаас хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан, уг журам нь зөвхөн захиргааны журмаар хураагдсан эд зүйлд холбогдох харилцааг зохицуулсан, эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг битүүмжлэгдсэн байхад худалдан борлуулсан зэрэг нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Орон тооны бус зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02 дугаар шийдвэрийн 5, 6 дахь заалт, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Харин хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнтэй байгуулсан зээлийн болон хөрөнгө оруулалтын гэрээ, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс үзэхэд Орон тооны бус зөвлөлийн самрын идээг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдэд зээлийн хүү, юанийн ханшийн зөрүү зэргээс хохирол учирсан байх тул энэхүү хохирлын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.10, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эм ди *******г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөлийн2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/03 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ