Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/482

 

                 

 

                                              

 

    2026            04            22                                                                   2026/ДШМ/482

 

Б.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Оргилбат,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Д-т холбогдох 2510000000967 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

М- овгийн Б-ийн Д-, /РД: ЧБ-/, 1969 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Б- хороолол Б- тоотод амь хохирогч Д.Б-той “ахыгаа хүндэлсэнгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохих, өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Д-т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Б-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 200 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-оос нийт 118,800,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаса тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Д- нь анхнаасаа тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болно. Хувийн байдлын хувьд Б.Д- нь хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүн, биеийн байдлын хувьд даралт өндөртэй, тархи нь томографын зургаар нэвчдэс бага зэргийн цусан хураатай гэж гардаг. Даралт нь ихсэж харвах магадлалтай гэж эмч нар хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруу дээрээ маргадаггүй, гэмшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй зэргийг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оноосон 9 жилийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 8 жилийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь гэм буруугийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэрч П.О-ийн: “...айж сандраад буруу мэдүүлэг өгчихсөн...”, мөн “...би уг нь талийгаач Д.Б-ийг Б.Д-, Б.Д-. Б.Д- нар нийлж зодож алсан гэж хэлээгүй юм. Мэдүүлгийг буруу биччихсэн юм болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-154/, мөн гэрч Б.Л-ын “би төрсөн ах Б-ийн том охин Б-ээс юу болсон талаар асуухад энэ хашааны 00-н ойролцоо 2 хүн зодолдоод байх шиг байсан, нэгнийгээ алчих шиг боллоо” гэсэн утгатай зүйл хэлсэн гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн: “...тухайн үед би Б.Л- эгчид тэгж хэлсэн байхаа, одоо би санахгүй байна...” гэсэн мэдүүлэгээр /1-р хх-ийн 179/ л дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйчлэлээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Учир нь:

1. Гэрч П.О- нь яагаад хоёр өөрөөр мэдүүлэг өгөв?

2. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн тухайн үед би тэгж хэлсэн байхаа гэсэн тодорхой бус, хөтлөөд асуухаар хариулсан мэт мэдүүлэг нь өөрөө нотлох баримт болгохоор биш эргэлзээтэй, өөрөө ч ярьсан хэлсэн зүйлдээ эзэн болохгүй байхад шүүх үнэлэлт өгсөн нь буруу.

3. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээс шүүгдэгч Б.Д- байсан эсэхийг шинжээр нь тодорхойлсон юм байхгүй, хэн ч байсан байж мэдэхээр байтал мөрдөн шалгалтыг эргэлзээгүй болгож чадаагүй.

4. Шүүгдэгч Б.Д-ийн шүүх хурал дээр мэдүүлгээ эхлэхдээ л миний 2 дүү энэ хэрэгт хамааралгүй гэж эхлэж байгаагаас мөн заримдаа юу ч санахгүй байсан гэсэн мөртлөө дүү нарыгаа хэрэгт хамааралгүй, буруугүй гэдгийг яаж мэдээд байгаа нь эргэлзээтэй юм.

5. “...дух, зулай, баруун зовхи, чамархай, шанаа, хоёр хацар, хамар, эрүү, баруун чихний урд хэсэг, баруун хэсэг, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт” нь хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдэл биш, хамтарч хийсэн гэж үзэж байгаа юм. Иймээс бид хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, нотолбол зохих байдал буюу хэргийг хэн үйлдсэнийг тогтоож чадаагүй, хэргийг хоёроос дээш хүн бүлэглэн үйлдсэн гэх хэргийг мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгуулж өгнө үү. Иймээс гомдлыг хүлээн авч 2026 оны 01 дугээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/93 дугаар шийтгэх тоггоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-гийн өмгөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Тахир дутуу хүнээс яаж авах вэ гээд сэтгэл санааны хохирлыг төлөхгүй байгаад гомдолтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулаагүй, гэм буруугаа хүлээсэн шалдан мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Иймд хэргийг гүйцэд шалгуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуралд орж ирэхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүнээс юугаа авах вэ гэж өмгөөлөгч нь хэлсэнд тайван биш байна. Өмгөөлөгчийн тайлбар, гомдлоо дэмжиж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Оргилбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Д.Д- тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн тогтвортой өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлон тогтоогддог. Мөн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй. Учир нь, хамт байсан гэрч нар өмнө өгсөн мэдүүлгээ дахин өгнө. Өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Хэргийн үйл баримтын хувьд тогтоогдсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Д-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.               

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн аваад, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Б- хороолол Б- тоот хаяг бүхий айлд очин хэргийн газарт үзлэг хийхэд, хашааны зүүн урд буланд байх модон жорлонгоос баруун тийш 3 метр зайд баруун чихнээс цус мэт зүйл урсаж хатсан эрэгтэй хүний доошоо харсан цогцос, цогцосны толгойн урд хэсэгт байх хаалганы зүүн талд өргөн төмөр шонгоос дээш 40см зайд цус мэт улаан өнгийн зүйл байгаад үзлэг хийж, бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлсэн тэмдэглэл,хэргийн газарт авсан гэрэл зургууд /1-р хх-ийн 25, 26-33/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 206-209/,

амь хохирогч Д.Б-ийн бие, нүүр царайнд 2025.06.19-ний өдрийн 10:00 цагт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан болохыг нотолж буй амь хохирогч Д.Б-, Д.Д-, Д.Д-, Д.Д- нарын архи авсан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Б-” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг /1-р хх-ийн 34-38, хэрэгт хавсаргасан СД/,

2025.06.19-ний өдрийн өглөө амь хохирогч Д.Б-ийг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Б- хороолол Б- тоотод хүргэж өгсөн Д.О-ын гэрчээр мэдүүлсэн: “...Би өглөө эхнэрийн хамаатан Б- энэ хавийн дэлгүүр онгойгоогүй байна, та 1 дүгээр буудал яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Б-ийн 1 дүгээр буудлын Хан-Өлзий нэртэй дэлгүүрийн гадаа очиход дүү Б- дэлгүүр ороод 200 граммын Хараа архи, нэг ундаа аваад машинд суусан. Тэгээд Б- нэртэй дэлгүүрийн хойш яваад доголтой үзүүрийн хашаанд хүргэж өгсөн. Машинаас буухдаа авсан архинаас 2 балгаад үлдэгдлийг нь аваад айл руу орсон. Надтай уулзахад нүүр нь зүгээр ямар нэгэн шарх сорви учраагүй байсан. Архи уусан шарталтын байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 137/,

2025.06.19-ний өдөр амь хохирогч Д.Б-ийг шүүгдэгч Б.Д- зодсон, улмаар зодуулсан газраасаа хөдлөлгүй нас барсан болохыг мэдүүлсэн гэрч П.О-ийн: “...Б.Д- ах, манай нөхөр Б.Д-, дүү Б.Д-, талийгаач Д.Б- бид 5 нийлж Б.Д- ахын гэрийн урд байдаг хар өнгөтэй амбаарын сүүдэрт сууж дэлгүүрээс авсан архийг ууж эхэлсэн ба архи ууж байхдаа талийгаач Д.Б- “Би компанийн захирлаар ажилладаг. Гарын үсэг зурдаг ажилтай” гэж яриад байсан. Энэ үед Б.Д- ах “Чи ямар овоо муу гөлөг вэ? Чи намайг хүндлэхгүй байна, энэ муу хүн боолчлоод сурчихсан, гарын үсэг зураад зүгээр суудаг хүн байна” гэж яриад байсан. ...дүү Б.Д- сууж байсан газрынхаа хажууд бөөлжөөд бие нь өвдөөд байгаа бололтой байсан, “Миний бие өвдөөд байна, би гэрт орлоо” гэж хэлээд Б.Д- ахын гэр рүү орсон. ...нөхөр Б.Д-тэй хамт гэртээ ороод орон дээрээ хэвтсэн. Хүмүүс орилолдоод байх шиг болохоор нь би сэрээд харахад, манай нөхөр Б.Д- миний хажуугаар унтаж байсан. Би гэрийн хаалгаар гараад харахад Б.Д- ах муухай чанга дуугаар “П... минь чамайг ингээд алчихъя, намайг хүндэлдэггүй” гэж хашхираад баруун гарынхаа тохойгоор толгой руу хүчтэй цохиод байсан. Би тухайн үед Б.Д- ахад “Та одоо болиочээ, хүн амьтан аллаа шүү дээ, эсхүл эндээс зайл, охиныхоо гэр рүү яв” гэж хэлэхэд тэрээр намайг тоохгүй “Хуцаад бай муу п... минь, чи өөрөө гэртээ ор, зайл” гэж хэлэхээр нь би гэртээ орсон, хэсэг унтаж байгаад нөхөр бид хоёр сэрээд жорлонгийн хажууд хүн хэвтэж байхаар нь очоод харахад талийгаач Д.Б- доошоо хараад хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-154/,

тухайн хэрэг болох өдөр Б- тоот хашааны жорлонгийн ойролцоо 2 тооны хүн зодолдож байсан болохыг мэдүүлсэн гэрч Б.Л-ын: “...Манай хашаанаас тэдний хашаа шууд харагддаг ...2025 оны 06 сард хот руу явчихаад буцаж гэртээ иртэл цагдаагийн машин ирчихсэн байхаар нь би төрсөн ах Б-ийн том охин Б-ээс юу болсон талаар асуухад “энэ хашааны 00-н ойролцоо 2 хүн зодолдоод байх шиг байсан, нэгнийгээ алчих шиг боллоо” гэсэн утгатай зүйл хэлсэн. ...” /1-р хх-ийн 172-174/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн: “...манай гэрээс баруун урд зүгт байдаг хашаандаа 2 гэртэй айлын хашааны гадаа эмнэлэг, цагдаагийн машинууд ирчихсэн, цогцос хийдэг хар ууттай зүйлийг өргөдөг тавцан дээр тавьчихсан, 2 талаас нь хүн өргөөд бүхээгтэй машины арын хэсэг рүү хийж байхыг харсан. Тэгээд манай аавын дүү Б.Л- эгч хотын төв рүү явчихаад ирэхээр нь уулзаж “манай хажуу талын айлын хашаанд хүн үхчих шиг боллоо, эмнэлгийн бололтой машин ирээд цогцос хийдэг уутанд хүн хийгээд аваад явсан” гэж хэлсэн. ...Тухайн үед би Б.Л- эгчид тэгж хэлсэн байхаа, ...” /1-р хх-ийн 179/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч Д.Б-ын биед гадны хүчний үйлчлэлтэйгээр хүзүүний 6-р нугалмын их бие хэсгээр салсан, арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дух, зулай, баруун зовхи, чамархай, шанаа, хоёр хацар, хамар, эрүү, баруун чихний урд хэсэг, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт, баруун хацарт шарх гэмтлүүд үүссэн байгааг, Д.Б- нь хүзүүний нугалмын сэртэнгийн хугарлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост хийж гаргасан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0625/2077 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 184-189/, тус шинжилгээг хийсэн шинжээч Б.Г-ийн: “...Амь хохирогч Д.Б-ийн тухайн хэсэг газарт мохоо зүйлээр хүч үйлчлэх болон толгойн хүзүүний хэсгээр бөхийх тонгойх, гэдийх эсхүл механизмаар үүсгэгдэнэ. Амь хохирогчийг тонгойсон байдалтай сууж байхад нь тухайн этгээд толгойн ар хэсэгт нь тохойгоор цохих үед хүзүүний 6 дугаар нугалмын их бие хэсгээр салсан, арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал үүсэх боломжтой. Дээрх тодорхойлж бичсэн бөхийх, тонгойх хүч үйлчлэлийн механизмаар толгойн ар хэсэгт хүчтэй цохих үед хүзүүний хугарал арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал үүсэх боломжтой. Амь хохирогчид үүссэн хүзүүний салсан, арын сэртэнгийн сэтэрсэн гэмтлийн улмаас алхах гишгэх, хөдөлгөөн хийх боломж багатай. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл юм. Ямар хугацаанд амьд байх боломжтойг тодорхойлох боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 190-192/,

шүүгдэгч Б.Д-ын биед хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой баруун шуунд цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуу, бугуйнд зулгаралт гэмтэл байгааг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/8432 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 212-213/,

хэргийн газрын үзлэг хийхдээ, амь хохирогчийн толгойн урд хэсэгт байх хаалганы зүүн талд өргөн төмөр шон дээрээс бэхжүүлэн авсан цус мэт улаан өнгийн зүйл нь амь хохирогч Д.Б-ийн цус болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0325/4661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 88-89/,

Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “...манай дүү Б.Д-, түүний эхнэр П.О- нар босоод гэр рүүгээ явж орсон. Талийгаач Д- бид хоёр тал шил архитай хоёулаа үлдээд маргалдаж байхад тэрээр миний нүүр рүү эхэлж цохиж авсан, миний хамар хавьцаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүнтэй барьцалдаж авсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. ...Д- бид хоёрыг маргалдаад ноцолдож байхад манай хоёр дүү байгаагүй. Би талийгаач Д-той ноцолдож байх үед энэ гэмтлүүд надад үүссэн. Энэ гэмтлүүдийг талийгаач Д- үүсгэсэн. ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 88-91, 112/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Б- хороолол Б- тоотод амь хохирогч Д.Б-той маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хүзүүний 6-р нугалмын их бие хэсгээр салсан, арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дух, зулай, баруун зовхи, чамархай, шанаа, хоёр хацар, хамар, эрүү, баруун чихний урд хэсэг, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт, баруун хацарт шарх гэмтлүүдийг учруулж, хохирогч Д.Б- нь хүзүүний нугалмын сэртэнгийн хугарлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан үйл баримт тогтоогдож байна.   

2. Шүүгдэгч Б.Д-ын хохирогч Д.Б-той маргалдаж, түүнийг цохиж зодсон үйлдэл нь шууд хүний эрүүл мэндэд хүч хэрэглэсэн санаатай үйлдэл байх ба тус санаатай үйлдлийн улмаас учирсан хүзүүний нугалмын сэртэнгийн хугарлын шалтгаантайгаар Д.Б-ийн амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн шинжийг хангаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Б- хороолол Б- тоотод болсон  хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Д-ын иргэн Д.Б-ийг зодож алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нар нь хамтран “...хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх ёстой...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэрч П.О- 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анх гэрчээр мэдүүлэхдээ амь хохирогчийн Б.Д-, Б.Д-, Б.Д- нар хамт зодож байсан гэж “...гараад хартал Д-, Д-, Д- гурав нийлээд газар унагаачихсан цохиж, өшиглөөд зодож байсан. Өшиглөөд, гараараа цохиж байх шиг байсан. Би тэр гуравыг болиоч гэхэд миний үгийг тоохгүй зодоод байсан. Тэгээд Б- дахин босож ирээгүй. Би унтаж байгаа юм байх гэж бодсон чинь хөдлөхгүй байсан. ...” /1-р хх-ийн 147-148/ гэж мэдүүлсэн байх боловч энэхүү мэдүүлгийг нотлосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.  

Харин гэрч П.О-ийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...гараад харахад Б.Д- ах муухай чанга дуугаар “Пязда минь чамайг ингээд алчихъя, намайг хүндэлдэггүй” гэж хашхираад баруун гарынхаа тохойгоор толгой руу хүчтэй цохиод байсан. Би тухайн үед Б.Д- ахад “Та одоо болиочээ, хүн амьтан аллаа шүү дээ, эсхүл эндээс зайл, охиныхоо гэр рүү яв” гэж хэлэхэд тэрээр намайг тоохгүй “Хуцаад бай муу пязда минь, чи өөрөө гэртээ ор, зайл” гэж хэлэхээр нь би гэртээ орсон, хэсэг унтаж байгаад нөхөр бид хоёр сэрээд жорлонгийн хажууд хүн хэвтэж байхаар нь очоод харахад талийгаач Д.Б- доошоо хараад хэвтэж байсан. ...” /1-р хх-ийн 150-154/ гэсэн мэдүүлэг нь хэрэгт бэхжүүлсэн гэрч Б.Л-ын “...би төрсөн ах Б-ийн том охин Б-ээс юу болсон талаар асуухад “энэ хашааны 00-н ойролцоо 2 хүн зодолдоод байх шиг байсан, нэгнийгээ алчих шиг боллоо” гэсэн утгатай зүйл хэлсэн. ...” /1-р хх-ийн 172-174/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн: “...Б.Л- эгч хотын төв рүү явчихаад ирэхээр нь уулзаж “манай хажуу талын айлын хашаанд хүн үхчих шиг боллоо, эмнэлгийн бололтой машин ирээд цогцос хийдэг уутанд хүн хийгээд аваад явсан” гэж хэлсэн. Тухайн үед би Б.Л- эгчид тэгж хэлсэн байхаа, одоо би санахгүй байна. ...” /1-р хх-ийн 179/ гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Гэрч П.О-ийн хоёр дахь удаагаа өгсөн “Б.Д- амь хохирогчийг зодсон, тэр зодуулсан газраа амь хохирогч нас барсан” талаарх мэдүүлэг нь гэрч Б.Л-, Б.Б- нарын “жорлонгийн хажууд хоёр хүн зодолдож байсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан.  

Шүүгдэгч Б.Д- нь яллагдагчаар /3-р хх-ийн 88-91, 112/ өгсөн мэдүүлгүүддээ “...Д.Б-той маргалдаад түүнийг зодсон, Д.Б- өөрийг нь мөн зодсон, уг зодоон болоход Б.Д-, Б.Д- нар байгаагүй...” талаар мэдүүлдэг. Түүний энэ мэдүүлэг нь мөн дээрх гэрч нарын мэдүүлгээр нотлогдсоноос гадна, Б.Д-ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ч “баруун шуунд цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуу, бугуйнд зулгаралт гэмтэл” учирсан нь тогтоогджээ.

Иймд хэргийн үйл баримтад эргэлзээ үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийснээр тогтоогдох өөр нөхцөл байдал байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хамтран гаргасан “...дух, зулай, баруун зовхи, чамархай, шанаа, хоёр хацар, хамар, эрүү, баруун чихний урд хэсэг, баруун хэсэг, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт” нь хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдэл биш, хамтарч хийсэн гэж үзэж байгаа юм. ...” гэсэн давж заалдах гомдол нь таамаглалд үндэслэсэн, хийсвэр сэтгэлгээнд тулгуурласан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. Шүүгдэгч Б.Д-ын хоёр гарын хуруунууд байхгүй байдал нь амь хохирогч Б.Б-той зодолдож чадахгүй, бусдыг цохих, түлхэх зэрэг хүчний үйлчлэлийг хийж чадахгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүх, Б.Д-т 9 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний маргалдааныг хүч хэрэглэн хүнийг зодож алах шалтгаан болгосон сэдэлт,  санаанд тохирсон төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

5. Шүүгдэгч Б.Д-ын шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 4 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                               

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                 Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ