2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/10932

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 28

191/ШШ2025/10932

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 61,847,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, нийт 79,847,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,847,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, нийт 79,847,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2022 оны 12-р сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 122.2, 189.1, 123.1 дүгээр зүйлд заасны дагуу Шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-д 2022 оны 09-р сарын 07-ны өдрийн болон Г.******* нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүү буюу нийт 42,000,000 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлж авсан.

Үүний дараа 2022 оны 12-р сарын 08-ны өдөр Г.******* болон Д ******* нар харилцан тохиролцож 42.000.000 төгрөг дээр нэмж 18.000.000 төгрөгийг зээлэх нөхцөлтэйгөөр шинээр зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээг 2022 оны 12 сарын 08-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч баталж, Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус хэлцлүүд нь хүчин төгөлдөр гэрээ болно.

Энэ зээлийн гэрээний 3.1-д 2022 оны 12-р сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, 3.2-т Зээлийн хэмжээ: 60.000.000 төгрөг, 3.3-т Зээлийн хүү сарын 5 хувийн хүүтэй, 3.4-т Зээл олгох хэлбэр, хугацаа: Бэлнээр, Хаан банкны тоот дансаар болон 18 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэхийг талууд тохиролцоно, гэрээний 3.5-д Барьцаа: Барьцаатай, 3.6-д Үндсэн зээлийг зээлийн хүүг сар бүрийн 08-ны дотор зээлийн хугацааны эцэст үндсэн зээлийг төлөхөөр талууд тохиролцов гэж тусгасан. Мөн тус өдрөө нэмж, 1.847.000 төгрөгийг зээлсэн.

Энэ зээлийн гэрээний барьцаанд Зээлдэгч Г.*******ийн өмчлөлийн орон сууц болох , тоот гэрчилгээний дугаартай, Х тоот хөрөнгийг барьцаалж, хуульд заасан журмын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Гэтэл зээлдэгч нь зээлийн хүү болон үндсэн зээлийг огт төлөхгүй байсан учир 2023 оны 06 сарын 19-ний өдөр талуудын хооронд барьцаа хөрөнгө дээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр зээлийн хүү, үндсэн зээл 100.000.000 төгрөгт тооцож, зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дараа, 2023 оны 12-р сарын 28-ны өдөр талууд дахин худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Учир нь зээлдэгч нь хүү, үндсэн зээлийг огт төлөхгүй байсан тул зээлийн хүү, үндсэн зээл, алдангидаа тооцож, барьцаа хөрөнгийг шилжүүлэх үүднээс дээрх гэрээг байгуулсан. Үүний хүрээнд, тус өдөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох гэрээг байгуулсан юм. Улмаар тухайн барьцаа хөрөнгө нь зээлдүүлэгчийн нэр дээр шилжсэн. Нэхэмжлэгч тухайн үед нэгэнт байрыг шилжүүлж, төлбөр тооцоо дууссан, гэрээний үүрэгт тооцсон гэж үзэж зээлийн төлбөрийг дахин нэхэмжлээгүй.

Гэтэл Г.******* 2024 оны 09 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.*******д холбогдуулан 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 4351 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, түүнчлэн хуулийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05124 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 210/MA2025/00268 тоот магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болсон. Нэгэнт энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагч талаас 2025 оны 06 сарын 04-ний өдөр зээлийн харилцааг цуцалж, зээл, зээлийн хүүг 6 сарын 08-ны дотор төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгөөгүй.

Иймээс хариуцагч Г.*******өөс 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл 61.847.000 төгрөг, зээлийн 6 сарын хүү болох 18.000.000 төгрөг буюу нийт 79.847.000 төгрөгийг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

1.2. Хариуцагчийн хувьд зарим шаардлагыг зөвшөөрөөд зарим шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас зөвшөөрөхгүй шаардлагатай холбоотой тайлбар хэлье. Хэргийн материалд хавсаргаж өгсөн баримтаас харвал 2022 онд хариуцагч болон гуравдагч этгээдтэй хамт бид нар албан бичиг үйлдсэн байгаа. Энэ нь зээл шилжүүлж тооцоо нийлсэн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн баримт дээр энэ зээлийг Г.******* өөрөө руу шилжүүлээч гэсэн болохыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 211.1, 211.2-т заасан гуравдагч этгээд рүү өөрөө шилжүүлэхийг нь зөвшөөрсөн хэлцэл хүсэл зоригийн илэрхийлэл байгаа гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. Тэгэхээр энэ 18,000,000 төгрөгийг надад өгөөгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг үндэслэж байна.

Зээлийн хүүг өндрөөр тогтоосон гэж хариуцагч маргадаг ч нэхэмжлэгчийн хувьд харин ч өндрөөр тогтоогоогүй, иргэд хоорондын зээл учраас зээлийн гэрээнд заасан 6 сарын хүүгээр л тооцож байгаа юм. Хариуцагчийн ярьж байгаа шиг жилийн хүүгээр тооцож хариуцагчийг зээлийн өр дарамтад оруулж, мөнгө хүүлж байгаа зүйл байхгүй, мөн 5 хувь гэж байгаа нь талуудын харилцан тохиролцсон хэлцлийн хувь дүн, энэ дүн өндөр дүн биш юм. Өөрөөр хэлбэл сарын 10 хувь, 20 хувиар тохирсон зүйл биш 5 хувь гээд талууд харилцан тохиролцсон дээр нь яг зээлийн гэрээний хүчинтэй хугацаа 6 сарын хугацаанд нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй.

Энэ зээлийн хүүг багасгах хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар баримт байхгүй байна гэж харж байгаа. Хариуцагчийн хариуцлагын асуудлуудаас шалтгаалаад нэхэмжлэгч хохирч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Г.******* нь иргэн гаас 40,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцоод 2022 оны 09 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг 2 өдрийн зайтай хүлээж авсан. нь гадаад улс руу явах болсон шалтгааны улмаас 2022 оны 12 сарын 08-ны өдөр тооцоо нийлж хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актыг үйлдэж Д.******* нь шаардах эрхийг шилжүүлж авсан. Энэ шаардах эрх шилжүүлэх гэрээгээр анх авсан зээл 40,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 2,000,000 төгрөгөөр талууд тохиролцоод энэ гэрээ нь дээр нэмж Д.******* нь 18,000,000 төгрөгийг нэмж зээл олгох тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь сая нэхэмжлэгчийн ярьснаар 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд Г.******* буцааж Д.*******ид төлөхөөр тохиролцсон байдаг боловч Д.******* энэ гэрээгээр тохирсон 18,000,000 төгрөгийг Г.*******д хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Г.*******ийн харилцах дансанд 1,847,000 төгрөг шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл бодитоор Г.******* нь 43,847,000 төгрөгийн зээл хэлбэрээр авсан. Д.******* нь энэ 18,000,000 төгрөгийг гэх эрх шилжүүлж байгаа этгээдийн тоот харилцах дансанд шилжүүлсэн тул энэ мөнгийг гаас нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа.

Иргэний хуулийн 281, 282.4-д тус тус зохицуулснаар Г.******* нь өөрийн дансаар хүлээж авсан гэрээний үүргийг хариуцах ёстой юм.

Зээл хүүгийн тооцооллыг тооцож гаргахад нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6 сарын хугацаанд 43,847,000 төгрөгийн хүү нь сар болгоны 2,170,000 төгрөг, 2,265,000 гэх мэтээр нэмэгдээд нийт 13,204,828 төгрөгийн хүү хуримтлагдсан байгаа бөгөөд 43,847,000 төгрөгийн үндсэн зээл 13,204,802 төгрөгийн хүү, мөн нэхэмжлэгч гэрээгээр өөр янз бүрийн байдлаар алданги буюу торгуулийн хүү тооцоогүй тул нийт 57,051,828 төгрөг болж байгаа.

Яагаад өнгөрсөн хугацаанд төлөөгүй вэ гэвэл энэ маргаан өөрөө урт хугацаанд үргэлжилсэн. Д.******* нь зээлийн гэрээгээ худалдах худалдан авах гэрээ болгож өөрчилсөн байдаг. 6 сар тутамд 50,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгөөр нэхэх журмаар сүүлдээ авлагаа 140,000,000 төгрөг болгож худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь шүүхэд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож өмчлөх эрх буцаад Г.*******д шилжиж анхны зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж сэргэсэн юм. Энэ хугацаанд маргаантай байх үед ямар нэгэн төлбөр төлөх нь эрсдэлтэй байсан учраас төлбөр төлөөгүй байгаа.

Иргэний хуулийн 282.2-т зээлдэгчийн эрхийг зааж өгсөн байгаа. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Сарын 5 хувь буюу жилийн 60 хувийн хүү гэдэг бол яг өнөөдрийн нөхцөлд асар өндөр хэмжээний хүү юм. Үүнийг бол дундаж хүү буюу сарын 3 хувийн хүүгээр зээлийн хүүг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлт, хариу тайлбар гаргасан. Үүнийг мөн шийдүүлэх хүсэлтэй байна. Хэрэв ийм байдлаар шийдвэрлүүлсэн тохиолдолд төлбөр маань 51,769,897 төгрөг болж буурна. Үүнээс үндсэн зээл нь 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүү нь 7,922,897 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт үндсэн зээл болох 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүү нь 7,922,897 төгрөг, нийт 51,769,897 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 28,077,103 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4 хуудас шийдвэр байгаа. Энэ 4 хуудас шийдвэрийн 3 дугаар нүүр дээр Д.*******ээс шүүхэд гаргасан хариу тайлбарт яг энэ үйл явдлын талаар детальчилан дурдсан байдаг, юу гэж дурдсан бэ гэхээр хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа нартай гуравласан гэрээ байгуулан тооцоо нийлсэн гийн Г.*******өөс шаардах эрх шилжүүлж авсан. Уг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 42,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэн авч Г.*******ийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн баримт хүсэлтийн дагуу гийн Хаан банкны тоот данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэмж мөнгө хэрэг болсон тул 2,000,000 төгрөг өгчих гэж гуйсан тул Г.******* ахад итгэж бүх нотариатын төлбөрүүдийг бүгдийг нь өмнөөс нь төлөөд үлдсэн 1,847,000 төгрөгийг Г.*******ийн данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгийг болон бусад нотлох баримтуудыг үндэслээд худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байдаг. Үүнд барьцааны гэрээ гэж яриад байгаа боловч барьцааны гэрээ байгаагүй анхнаасаа зээлийн гэрээг баталгаажуулах зорилгоор худалдах худалдан авах гэрээ тухай тухайн үедээ үнийн дүнгээр хийгдээд байсан гэрээнүүдийг шүүх дүгнэж хүчин төгөлдөр бусд тооцсон байдаг гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Итгэмжлэл /хх 4/,

3.3. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 5/,

3.4. Төрийн банкны гүйлгээний баримт /хх 6-9/

3.5. 2023.06.19-ний өдрийн 1340 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх 10-11/

3.6. 2022.12.08-ны өдрийн 2258 дугаар зээлийн гэрээ /хх 12/

3.7. 2022.12.08-ны өдрийн 2257 дугаар Барьцааны гэрээ /хх 13-14/

3.8. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 15/

3.9. 2023.12.28-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ /хх 16/

3.10. 2023.12.28-ны өдрийн 4351 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх 17-18/

3.11. 2022.12.08-ны өдрийн 2255 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх 19-20/

3.12. 2022.12.08-ны өдрийн Зээл шилжүүлж тооцоо нийлсэн тухай баримт /хх 21/

3.13. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн 05124 дугаар шийдвэр /хх 23-26/

3.14. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.03-ны өдрийн 00268 дугаар магадлал /хх 27-29/

3.15. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын тодорхойлолт /хх 30/

3.16. 2025.06.04-ны өдрийн зээлдэгч Г.*******д мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг /хх 31/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Итгэмжлэл /хх 37/

4.2. Хариу тайлбар /хх 42-43/

4.3. Г.*******ийн Хаан банкны дансны хуулга /хх 44-46/

4.4. 2022.12.08-ны өдрийн Зээл шилжүүлж тооцоо нийлсэн тухай баримт /хх 47/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022.12.08-ны өдөр 2258 дугаартай зээлийн гэрээг Г.*******тэй байгуулж, түүнд 60,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд зээлдүүлсэн. Мөн өдөр нэмж 1,847,000 төгрөгийг зээлсэн. Г.******* нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 61,847,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулсан хэдий ч 18,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй учир үндсэн зээлээс 18,000,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй. Зээлийн хүүг 5 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул зээлийн хүүг багасгаж 3 хувиар тооцох үндэслэлтэй гэнэ.

 

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

 

4.1. болон Д.******* нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нь 2022.09.27-ны өдөр Г.*******тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг Д.*******д шилжүүлсэн байна. /хх 19-20/

 

Иргэний хуулийн 123.1 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.

 

Хариуцагчаас болон Д.******* нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан үйл баримтад буюу нэхэмжлэгч 42,000,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх асуудалд маргаагүй.

 

Иймд шаардах эрхийг шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон буюу гийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байна.

 

4.2. Шаардах эрхийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.******* нарын хооронд 2022.12.08-ны өдөр 2258 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч буюу Д.******* нь зээлдэгч буюу Г.*******д 60,000,0000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 12/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.

 

Ийнхүү зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хариуцагч Г.******* нь 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

4.3. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т заасан. Зээлийн

гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээл олгох хэлбэр, хугацааг Хаан банкны тоот дансаар болон 18,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэхийг талууд тохиролцоно. Өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж,

3.7-д 42,000,000 төгрөгийн эрхийг шаардах эрхээр шилжүүлж гэрээ байгуулснаар, 18,000,000 төгрөгийг нэмж зээл олгож байгаа гэж тус тус заасан байна.

 

Түүнчлэн 2022.12.08-ны өдөр Д.*******, Г.*******, нар нь Зээл шилжүүлж тооцоо нийлсэн тухай баримт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд тус баримтад 1. 2022.09.27 өдөр Бүртгэлийн дугаар 1831 тоот зээлийн гэрээ, БД1832 тоот барьцааны гэрээ байгуулж Х тоот 70 м2 орон сууц // барьцаалан зээлдүүлэгч овогтой // зээлдэгч овогтой ******* нар /*******/ 40 сая төгрөгийн зээлийг авч өнөөдрийн байдлаар 42 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2. Уг зээлийг ******* овогтой ******* /УД86011809/ өөрийн нэр дээр шилжүүлэн авч байгаа болно. 3. Дээр дурдсан байран дээр нэмж 18 сая төгрөг зээлэн нийт 60 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулна. Уг 18 сая төгрөгийн нэмэлт зээлийг гийн Хаан банк тоот дансаар шилжүүлнэ. 4. Иймд иргэн хийсэн зээл, зээлийн барьцааны гэрээг цуцалж, иргэн Д.*******тэй шинээр 60 сая төгрөгийн зээл, барьцааны гэрээг хийнэ гэжээ. /хх 21/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

 

Дээрх тооцоо нийлсэн баримт болон зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 18,000,000 төгрөгийн зээлийг иргэн гийн Хаан банк дахь тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр zeel olgov гэх утгатайгаар шилжүүлсэн байна. /хх 6-9/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь гэрээгээр хүлээсэн 18,000,000 төгрөгийн зээлийг олгох үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийн 18,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс 2022.12.08-ны өдөр хариуцагчийн Хаан банкны тоот дансанд 1,847,000 төгрөгийг zeel olgov uldegdel гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 5/

 

Мөн хариуцагчаас 1,847,000 төгрөгийг нэмж зээлсэн үйл баримтад маргаагүй.

 

4.5. Талуудын зээлийн гэрээгээр хариуцагч Г.******* нь 2022.12.08-ны өдрөөс 2023.06.08-ны өдөр хүртэл сар бүрийн 08-ны өдөр зээлийн хүүнд 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Мөн нэмж зээлсэн 1,847,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон.

 

4.6. Хариуцагчаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг үндэслэн зээлийн хүүг багасгаж, 3 хувиар тооцуулах талаар хүсэлт гаргасан.

 

Хэргийн баримтаар зээлдүүлэгч нь зээлдэгчид эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Мөн зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Г.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 79,847,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 557,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******өөс 79,847,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 557,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.АЗЗАЯА