Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1738000080274 дүгээр хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Б-,

Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 1- ... тоот хашаанд байх байшингийн амбаараас иргэн Б.С-ийн 2 ширхэг автомашины дугуй хулгайлан 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 1- ... тоот хашаанд байх Б.С-ийн орон сууцнаас хоёр ширхэг автомашины дугуй хулгайлан 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байсан санагдана. …Би Б.Ж-тай уулзахаасаа өмнө машины дугай хулгай хийдэг айл руу ороод үзчихсэн байсан. Тэгээд Б.Ж- такси аваад ирэхээр нь хулгай хийсэн 2 дугуйгаа таксины арын багажинд хийсэн. Тэгээд Мөрөн сумын 5 дугаар хороонд айлд очиж 1 дугуйг нь 15.000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 01-ний орой 21:00 цагийн үед манай ахын хүүхэд болох М.Ц- утсаар хүн такси бариад явсан чинь танай хашаанаас 2 хүн машины дугуй аваад миний машинд суугаад явахаар нь нэг хүнийг нь алдаад нөгөө хүнийг нь цагдаа дээр авчирч өглөө гэж ярьсан юм. Тэгээд хашаандаа очоод үзтэл 5 ширхэг машины дугуй байснаас 3 ширхэг дугуй үлдсэн байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн юм. …Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан 2 ширхэг дугуйгаа хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нэг хүн гар өргөөд миний машинд суугаад 1-... тоотод байрлах манай ахын хашааны үүдэнд очиж машинаас буугаад манай ахын хашаа руу орохоор нь би гайхаад хашааны завсраар харсан чинь хоёр хүн болоод манай ахын байшингийн тамбар луу орсон. Тэгээд удалгүй машины дугуй гаргаж ирээд миний машины хойд багаж руу хийсэн санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35,37 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2017 оны 07 сарын 01-ний өдөр гэр рүүгээ явж байтал 1-р хорооны 33-р гудамжинд Т.Б-тэй таарсан. Тэгээд Т.Б- намайг такси бариад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь ахын машины дугуйг аваад 4-р хорооны арын дугуй засвар дээр аваачиж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 1-р хорооны зам дээрээс Тарган нуур дэлгүүрийн орчмоос такси бариад 1-... тоот хашааны гадаа очиход Т.Б- хашаан дотор машины 1 обудтай дугуй гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хашааны гадаа өнхрүүлж гаргаж ирээд таксины арын багажинд хийгээд бид хоёр хамт такситай хөдөлсөн. Таксины жолоочид 4-р хорооны дугуй засвар орно гээд хөдөлсөн ба 4-р хорооны төв засмал зам дээр гарч ирж байхад таксины жолооч яагаад манай ахынхаас дугуй аваад байна гэхээр нь би энэ Т.Б- л ахын дугуйг аваачиж өгнө такси бариад өгөөч гэхээр нь барьж өгсөн шүү. Тэгвэл би буулаа гээд такси зогсонгуут би буугаад шууд яваад өгсөн. Т.Б- такситайгаа хөдлөөд явсан. Тэрнээс хойш би Т.Б-тэй дахин уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.О-й мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т.Б- манай хашаанд 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр том дугуй /Ланд-80 маркийн машины обудтай дугуй/ нэг ширхгийг аваачиж тавьсан. Яг 6 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Манай гэрт Т.Б- ирэхдээ цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирсэн. Тэр машины улсын дугаарыг харж амжаагүй, машины маркийг нь мэдэхгүй юм байна лээ. Тэгээд Т.Б- машинаас нөгөө том дугуйгаа авч гаргаж ирээд гаднаас таксины мөнгө болох 15.000 төгрөг нэхэж аваад нөгөө дугуйгаа гэрт орхиод ирсэн машинтайгаа яваад өгсөн. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 20-21 дүгээр хуудас /,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 1- ... тоот хашаанд байх Б.С-ийн орон сууцнаас хоёр ширхэг автомашины дугуй хулгайлан 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.С-, гэрч М.Ц-, Б.Ж-, Б.О- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Т.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.С- нь нэхэмжлэх зүйлгүй хохирол төлбөрөө барагдуулсан гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 49 хоногийг хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Т.Б-д 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1738000080274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-гийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ЭРДЭНЭ-ОЧИР